ЭХУХ-ийн II ангийн дарга Ц.Алтансүхтэй ярилцлаа.
-Говь бүсэд ажиллаж, амьдарч буй төмөр замчдын усан хангамж, хэрэглээ өнөөдрийн байдлаар хэр түвшинд явна вэ?
-Манай ангийн хувьд Наран-Элгэн зөрлөгөөс Замын-Үүд өртөө хүртэл, мөн Бор-Өндөр, Зүүнбаянгийн салбар зам дагуу нийт 652 км, таван зангилаа, 24 өртөө, зөрлөг, замын хэсгийг эрчим хүч, ундны усаар хангадаг. Айраг, Чойр, Сайншанд Улаан-Уул, Замын-Үүд гэсэн таван хэсэгтэй.
Өнгөрсөн онд цахилгааны аж ахуйгаар 40945 мянган кВт/ц цахилгаан эрчим хүч худалдан авч, 38438 мян кВт/ц –ийн борлуулалт хийсэн. Усны аж ахуйгаар 281156 шоо метр цэвэр ус олборлож, 270160 шоометр цэвэр ус борлуулсан.
УБТЗ-ын 16 салбар нэгжийн 523 тооцооны цэг, гадны үйлдвэр аж ахуйн байгууллага, уул уурхай компани зэрэг 631 аж ахуйн нэгж, 4826 айл өрх, нийт 5473 хэрэглэгчийг цахилгаан эрчим хүч, 136 хэрэглэгчийг ундны цэвэр усаар хангадаг.
Гүний өрөмдмөл 34 худаг, ус шахуургын долоон станц, 52544м усны шугам, есөн усан сан (нийт 1908 шоо метрийн багтаамжтай), усны 10 цистерн вагонтойгоор ажиллаж байна.
-Төмөр замын бус гадны хэрэглэгчид олон байдаг уу?
-Дорноговь аймгийн Эрдэнэ сумын цахилгаан, усан хангамж, мөн Өргөн сум, хилийн цэргийн отрядуудыг манайх эрчим хүчээр хангахаас гадна 597 аж ахуйн нэгж, 5198 айл өрхийг хангаж байна.
Ер нь, дээр үед Дорноговь аймаг тэр чигтээ төмөр замын эрчим хүчний системээр хангагдаж байсан түүхтэй. Манай ангийн үүсэл хөгжил Татах хэсгийн нэг цехээс эхлэлтэй. Улаанбаатар төмөр зам ашиглалтад орсноор паравоз буюу уурын тэргийг усаар зэхэх цех байгуулагдаж л дээ. Уурын тэргийг усаар зэхэхэд насос хэрэгтэй. Насосыг ажиллуулах жижиг оврын цахилгаан станц ажиллаж таарна. Төмөр зам дагуу өртөө, зөрлөгүүд баригдаж, орон сууц, худалдаа үйлчилгээ гээд суурин газрууд бий болж эхэлсэн. Тэднийг цахилгаан эрчим хүчээр хангах шаардлага бий болсон байгаа юм. Тухайн үед дэд бүтэц хөгжөөгүй байсан учир сум суурингуудыг цахилгаан эрчим хүчээр хангаж эхэлсэн тул депогоос 1968 онд салгаад Эрчим хүчний нэгдсэн анги байгуулсан байдаг. 1977 онд манай анги бие дааснаар ЭХУХ-ийн II анги байгуулагдсан түүхтэй юм.
-Говь нутаг хангайг бодвол хү амын нягтаршил бага, хэрэглээ хязгаарлагдмал, зардал өндөр байдаг байх?
- Тиймээ, говь, хангай их ялгаатай шигээ, хүн амьын суурьшлын хувьд ч өөр, өөр. . Жишээ нь, манай харьяаллын бүс дэх төмөр замын өртөө зөрлөгүүдийн хувьд 30-40 км явж байж 2-3 байшин байх жишээтэй. Ер нь, хүн амын нягтрал сийрэг учир хэрэглэгч цөөн гэсэн үг. Манай байгууллагын хувьд ГТХАБ-ыг найдвартай хангах, өртөө зөрлөгүүдийн холбоо дохиоллын байгууламжийг эрчим хүчээр хангах, төмөр замчдынхаа ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь гол үүрэг. Тиймээс манай ангийн хэмжээнд алдагдалтай, Замаас татаастай ажилладаг.
Нөгөө талаар, манай ангийн хувьд хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх нь хүчин чадлаас хамаараад хязгаарлагдмал байсан.
Манайх эрчим хүчний 6 кВ-ын шугам сүлжээ Чойр, Сайншанд зангилаанд байдаг. Бид Сайншандын 6 кВ шугам сүлжээг 10 кВ-ын шугам руу шилжүүлж байгаа. Сайншандын Баруун тойргийн энэ ажлыг чадвал долдугаар сардаа дуусгахыг зорьж байна. Уг ажлын үр дүнд эрчим хүчний чанар дээшилнэ. Мөн хэрэглэгчдийг холбох чадал нэмэгдэнэ гэсэн үг. Дорноговь аймаг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Шинээр барилга байшин, орон сууцны хорооллууд баригдаж байна. Тэгэхээр манайх 6 кВ-ынхоо чадлын хязгаарлалтад орчихоод хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлж чаддаггүй байсан. 10 кВ-д шилжснээрээ борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх боломж бас бүрдэнэ гэж харж байна. Ангийн хэмжээнд шугам сүлжээний найдвартай ажиллагаа, ГТХАБ-ыг найдвартай хангахад ч том дэвшил гарна.
-Үүнээс гадна энэ онд хийх их барилга, их засвар, хөрөнгө оруулалтын өөр ажлууд бий юу?
-Хөрөнгө оруулалтаар 100 сая төгрөгийн төлөвлөгөө батлагдсан. Төлөвлөгөөний 55 хувь нь биелсэн, 45 хувь нь биелэх шатандаа явна.
Их засварын 340 гаруй сая төгрөгийн ажил хийх ёстой. Төлөвлөсөн ажлуудын гүйцэтгэл ерөнхийдөө гайгүй явна. Их барилгын он дамжсан хоёр ажил байсан. Үүнд, Цомог зөрлөгийн гэрэлтүүлгийг хийж дуусаад хүлээлгэж өгсөн. Айраг хэсгийн конторын барилгын ажил 90 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. БАҮ-ний ангийнхан маань ажил ихтэй амжихгүй байсан учраас энэ барилгыг бид өөрсдийн хүчээр барьж байгаа гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, манай ажилчид мэргэжлийн ганц нэг хүний тусламжтайгаар барьж байгаа.
Мөн энэ жил “Говийн төмөр замчин” хөтөлбөртэй холбогдуулаад замын хоёр хэсэгт гүний худаг гаргана. Усны хайгуул, иж бүрэн шинжилгээ нь хийгдсэн байгаа. Одоо тендерийн шатандаа яваа.
-Эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах чиглэлээр ямар ажлууд хийх вэ?
-Эрчим хүчний шугамын модон тулгуурыг төмөр бетон тулгуураар солих ажлыг Чойр талаасаа эхлээд жил бүр бага багаар сүүлийн таван жилд 100 км орчим (жилд 20 км) тулгуур солиод байна. Ер нь, төмөр бетон тулгуураар бүрэн шинэчилчихвэл гарч буй гэмтэл саатал эрс буурна. Модон тулгуур байгалийн болон бусад нөлөөлөлд өртөх магадлал өндөр байдаг. Тэгэхээр найдвартай ажиллагааг дээшлүүлэх ажлын нэг нь тулгуур шинэчлэх ажил юм.
Хоёрдугаарт, өртөө зөрлөгүүдийн замчид, хөдөлгөөнчдийн сууцуудын гаднах хуучин модон тулгууруудыг халж, бүгдийг кабель шугам болгосон. Цахилгааны тоолууруудыг нэг хайрцагт нэгтгэх ажлыг хийсэн. Энэ ажил ангийн хэмжээнд дууссан. Ингэснээр айлуудын цахилгаан тасрах байдал эрс багассан. Өмнө нь нэг зөрлөгийн нэг айлын тог тасарсан ч шөнө орой гэлтгүй хүн явж засах шаардлага үүсдэг байсан. Ийм асуудал гарахаа больсон. Мөн тоолуурын бичилт хийхэд хялбар болсон. Өөрөөр хэлбэл, айлууд эзэнтэй, эзэнгүй байхаас үл хамаараад байцаагч тоолуурын заалтаа аваад бичилтээ хийгээд явчихдаг болсон.
Иймэрхүү найдвартай ажиллагааг хангах ажлыг алхам алхмаар хийж байгаа.
Дээр нь, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг төмөр замынхаа хэмжээнд хийж л байна. Гэхдээ, бид улсын эрчим хүчний хөгжлөөс бол хоцорч яваа. Одоо хүртэл насжилт өндөртэй Оросын тоног төхөөрөмжүүд манайд ашиглагдаж байгаа. Зарим тоног төхөөрөмжийн сэлбэг материал олдохоо больсон. Ер нь, бага багаар шинэчлээд явж байгаа ч орчин цагтай хөл нийлүүлэх хэмжээнд хөрөнгө оруулалт хийгдэхгүй л байна.
-Усан хангамжийг сайжруулж, зөөврийн усны хэрэглээг шийдэх боломж хэр байдаг вэ?
-Говийн бүсэд усны чанарт л хамаг асуудал нь байдаг. Зарим газарт худаг гаргаад хүний ундны хэрэгцээнд тэнцдэггүй. Тэр байтугай Цагаан хаданд жуулчны бааз байгуулах гээд худаг гаргатал хүний ундны ус байтугай тэмээ уухгүй ус гарсан бодит жишээ байна. Хүмүүс дуртай газраа өрөмдөөд худаг гаргаад устай болно гэж ойлгодог. Унданд тохирохгүй бол өдий төдий зардлаар худаг гаргах шаардлагагүй. Тиймээс л маш их зардал гаргаж усны галт тэрэг явуулж, 37 усан санд ундны ус зэхэж өртөө зөрлөгийг усаар хангаж байна.
Сүүлийн жилүүдэд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаатай холбоотой усны хэрэглээ нэмэгдсэн. Гэтэл ачаа тээврийн хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж, галт тэрэгний хөдөлгөөн улам нягтарч байгаа үед усны галт тэрэгний аяллыг нэмэгдүүлэх боломжгүй. Өртөө зөрлөгүүд дэх усны нөөцийн сав хэмжээтэй гээд асуудлууд тулгарч байна. Гэнэт л “Ус дууслаа” гэдэг... Тэгэхээр зөөврийн усаар хангадаг газруудын нөөцийн савыг нэмэх үү гээд асуудлууд тулгамдаж байна.
-Замын урд чиглэлд болоьсон хүчний хомсдол их байх юм. Танай ангид энэ асуудал хэр хүндрэл учруулж байна вэ?
-Манайх 144 ажилтантай. Одоогоор есөн хүн дутуу, дээр нь гурван хүн ажлаас гарах өргөдлөө өгчихсөн байна. Говийн бүсэд шинэ төмөр замууд ашиглалтад орж байгаатай холбогдуулаад ажилтнуудын шилжилт хөдөлгөөн их нэмэгдсэн. Үүнд нөлөөлдөг хүчин зүйлс цалин хөлс, орон сууцны хангамж голлодог гэж харж байгаа. Говьд хамгийн гол нь хүн тогтоох л хэрэгтэй. Үүний тулд нэгдүгээрт ажиллах болон амьдрах орчинг бүрдүүлэх чухал.
Би төмөр замд 33 дахь жилдээ ажиллаж байна. Манай хамт олон бүгд шижигнэсэн залуучууд байдаг. Бидний үеэс цаг үе шал өөр болсон. Орчин үеийн залуусын аливааг харах өнцөг, сэтгэлгээ тэс ондоо. Байгууллага удирдаж байгаа хүн энэ бүгдийг мэдэрч, залуустай хөл нийлж л ажиллахыг хичээхгүй бол “Миний үед ийм байсан. Ийм л байх ёстой” гээд суугаад байвал энд тогтох хүн үлдэхгүй болсон цаг.
Миний хувьд ажлын байрны орчин нөхцөлийг боломжоороо сайжруулаад, залуусын хүсэл зорилгыг сонсож ажиллахыг зорьдог. Үнэхээр хүн бүрийн хүслийг биелүүлэх боломжгүй ч асуудал байвал ямар арга замаар шийдэх вэ гэдгийг залуустайгаа нээлттэй ярилцдаг. Хамтраад гарц шийдэл олохыг л зорино доо.
Манай ангид ажиллаж байгаад гарсан хүмүүсийн зарим нь буцаж ирэх тухай ч цухуйлгаж байна. Амьдрал хөөгөөд явсан хүмүүс буцаад ажилдаа оръё гэвэл би ажилд авна гэж боддог. Бие нь явсан ч сэтгэл нь хамт олондоо үлдэж дээ гэж ойлгодог. Хамт олны уур амьсгал, байгууллагын соёл бол ажилтнуудын тогтвор суурьшилд ч нөлөөлөх нэг хүчин зүйл гэж хардаг. Манайхаас гарсан хүмүүс “Хамт олноо санаж байна. Мөн сайхан байжээ” гэж ярихад энэ байгууллагад эерэг дулаан уур амьсгал, байгууллагын соёл байгаа юм байна гэх боддог шүү.
-Сургууль төгссөн залуусын суурьшил хэр байдаг вэ?
-Энэ жил төмөр замын коллеж төгссөн дөрвөн хүүхэд хуваарилагдсан нь бүгд эмэгтэй. Цахилгааны ангид эмэгтэй хүүхдүүд элсүүлээд байгааг шүүмжлэх гээд байна л даа, би. Энэ ангид хүйс зааж, элсэлт авч болдоггүй юм болов уу. Нөгөө талаар, орон нутгаас элсэлт түлхүү авч баймаар санагддаг. Эрчим хүчний аж ахуйд эмэгтэй хүүхэд ирээд ажиллана гэдэг хүнд. Бид эмэгтэй хүүхдийг мод руу авируулалтай биш. Манайд бүсгүйчүүд бий. Гэхдээ ангийн хэмжээнд эмэгтэй хүн ажиллах ажлын байр тун хязгаарлагдмал шүү дээ.
Нөгөө талаар төгсөөд ирж байгаа залууст орон сууцны асуудал хүнд тусдаг. “Говийн төмөр замчин” хөтөлбөрт орон сууцны түрээсийг хөнгөлөх заалт бий. Гэхдээ одоогоор хэрэгжиж эхлээгүй байна.
Замын-Үүдэд л гэхэд орон сууцны түрээс 400-700 мянган төгрөг байна. Тэгэхээр дөнгөж сургууль төгсөөд ажилд орж байгаа II зэрэгтэй хүн сар бүр байрны түрээсэнд 700 мянган төгрөг төлөөд амьдрах үнэхээр хэцүү. Гол шантардаг асуудал энэ. Уг нь, “Говийн төмөр замчин” хөтөлбөрт нүдээ олсон шийдлүүд тусгагдсан. Үүнийгээ л бүрэн дүүрэн хэрэгжүүлж эхэлбэл говьд залуус ирж ажиллахад нөлөөлнө гэж харж байна.
Жишээ нь, Дорноговь аймагт гэр бүлээрээ ирж ажиллах залуусыг хөнгөлөлттэй зээлээр орон сууцтай болгох зэрэг нөхцөлүүдийг санал болгоод эхэлчихлээ шүү дээ. Мэргэжил, мэдлэгтэй залуус хамгийн таатай нөхцөл санал болгосон газарт л ажиллахыг хүснэ. Яг үнэндээ хүний нөөцийг татах өрсөлдөөнд бид ялагдаад л байна гэсэн үг.
-Таны хувьд дутагдаж байгаа хүний нөөцийг бүрдүүлэх өөр арга зам хайж үзэв үү?
-Сум, аймаг орон нутгийнхантай очиж уулзаад мэргэжилгүй ч гэсэн үнэхээр ажил хийж амьдаръя гэсэн чин хүсэлтэй залуус байвал сургаад авъя гээд явж үзсэн. Ийм арга замаар хүн олж, 45 хоногийн сургалтад суулгаад төгсөөд ирэхээр нь сургаж дадлагажуулаад ажилд авсан хэд хэдэн хүн бий.
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Залуу гэр бүлийг дэмжих” хөтөлбөрийнх нь хүрээнд Засаг даргатай нь уулзаж, хамтарч ажиллаж байна. Орон нутгийн зүгээс энэ саналыг дуртайяа хүлээж авсан. Гэвч ийм замаар мэргэжилгүй хүнийг сургаж, ажилд авахад манай ИТА-чдын ачаалал хэт нэмэгддэг тал байна. Нөгөө талаар, цахилгаан гэдэг тоглоом биш. Нэг л алдаа гаргавал хүний амь насаар яригдах эрсдэлтэй. Тиймээс аюулгүй байдлыг хангуулж ажиллана гэдэг хамгийн чухал байна. Тиймээс би залуустаа “Толгойгоо ажиллуулж байж гар чинь хөдөлнө шүү” гэж захьдаг. Эрч хүчтэй сайхан залуус байна. “Энийг хийчих, тэрийг хийчих” гэвэл “За” гээд л юу юугүй гарч давхичих гээд байдаг. Гэтэл аюулгүй байдлыг хангана гэдэг хамгийн чухал. Олон жил хүнтэй ажиллаад ирэхээр өгч байгаа зааварчилгааг ойлгосон эсэх нь андашгүй. Ам нь “За ойлголоо” гээд байгаа хэрнэ ойлгоогүй нь нүднээс нь харагдана шүү дээ.
Би энэ байгууллагын даргаар зургаа дахь жилдээ ажиллаж байна. Түүнээс өмнө 13 жил ерөнхий инженерээр ажилласан. Тэгэхээр хөдөлмөрийн аюулгүй байдал, сургалтын чанарт би нэлээд үглэнэ шүү. Залуучууд маань намайг энэ талаар шүүмжилдэг л юм. Гэхдээ аюулгүй байдал ямагт нэгд яригдах учраас чимээгүй суух аргагүй.
-Сургалт гэснээс танай ангийн сургалтын талбайг Замын даргын үзлэгийн комиссынхон үзэж сонирхсон. Сургалтын бааз суурь боломжийн бүрдсэн юмуу даа гэж харсан.
-Байгууллагынхаа 40 жилийн ойгоор манайх сургалтын бааз суурьтай болъё гээд зорилт тавиад хийсэн.
Үүнийг Замын захиргаанаас дэмжээд стандарт гаргаад ажиллаж байна. ЭХУХ-ийн I анги дээр мөн ийм сургалтын талбай байгуулсан. Цаашлаад хэсгүүдэд сургалтын бааз бий болгох талаар яригдаж байгаа. Мөн төв болон ангийн хэмжээнд зохион байгуулах сургалтын хөтөлбөрүүд ч гарч байгаа.
Манай сургалтын талбайн дэргэд усны галт тэрэг байдаг. Тэгэхээр төмөр замд анх ажилд орж байгаа хүнд төмөр замынхаа талаар анхан шатны цогц мэдлэгийг олгох нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байгаа. Цахилгааны шонд авирахаас эхлээд практик дадлагыг хийлгэж сургах нь илүү үр дүнтэй байдаг. Тэр утгаараа сургалтын талбайгаа олон талаас нь бодолцож хийсэн байгаа.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
Б.Гүнжинлхам