Хаврын тэргүүн сар хаяанд ирсэн ч өглөө оройдоо хүйтэн жавар тасхийтэл ороолгосон хэвээр...

Энэ өвөл цас их унасан тул Улаанбаатар өртөөний зам парк цав цагаан хэвнэгтэй, түүн дээр хэдэн арваар сүлжилдсэн зам дээгүүр нааш цааш сэлгээ хийгдэж, илчит тэрэгний дуу нүргэлж, дуут дохио хангинаж, ажил буцалж байна. Хоногийн 24 цагт хөдөлгөөн тасардаггүй энэ том өртөөний зам паркийг арчилдаг замчидтай уулзахаар зорилоо.

Вокзалаас баруун тийш Замын II ангийн долдугаар хэсгийг зүглэх замдаа хэдэн замчин засвар хийж байхтай таарлаа. Цаана замчин бүсгүйчүүд улаан дарцаг хатгачихаад сумын цас мөс цэвэрлэж, тэднээс баруунтаа хэдэн замчин замын эрэг боолт чангалж яваа үзэгдэв. Ажилдаа шамдах замчид хөдлөх бүрэлдэхүүн ирж яваа дохиогоор замаас гарч, ажлаа түр завсарлана. Төдөлгүй дахин ажлаа үргэлжлүүлэх ажээ.

Замын долдугаар хэсгийн мастер Н.Ууганбаяр, бригадын дарга Б.Уламбаяр нарыг олж уулзвал, тус хэсгийнхэн тухайн өдөр (энэ сарын 25-ны Пүрэв гарагт) “цонх” авч сумын шор солихоор гарч байхтай нь таарлаа. Бэлтгэлээ өглөөнөөс хойш базааж, “цонх”-ны ажил эхлэхэд бэлэн болсон гэнэ. Би ч тэдэнтэй хамт өртөөний зүүн тал руу явлаа. Улаанбаатар өртөөний зам сумын засварыг хийхэд хөдөлгөөнийг удаан хугацаанд зогсоох боломжгүй тул энэ удаад тэд ердөө 30 минутад төлөвлөсөн ажлаа хийж дуусах ёстой гэлээ. Бид явсаар сум № 23 дээр ирэхэд замчид, холбоочид “цонх”-ны бүх бэлтгэл хангагдсаныг илтгэн ажлаа эхлүүлэв. Сард хоёр удаа явдаг сэв шалгах тэргэнцрээр уг сумын зүүн шулуун шоронд 30г зургийн гэмтэл илэрсэн тул ийнхүү яаралтай сольж, ГТХАБ-ыг хангах шаардлага тулгарсныг хэсгийн мастер тайлбарлалаа. Уг цонхны ажилд Дохиолол холбооны II ангийн гурван холбоочин ч өөрсдийн хариуцсан ажлаа хийхээр иржээ. Замчин залуус хуучин шорыг салгаж, шинийг сэлгүүлэн тавих ажлыг хэсгийн мастер, бригадын дарга хоёрын удирдлага дор сурмаг гэгч амжууллаа. Гэхдээ  долоон метр урттай, 600 орчим кг жинтэй шорыг тийм ч амар гарын үзүүрээр хийчихгүй нь ойлгомжтой. Дээр нь хөлдөж бэхэжсэн замын металл эд ангийг салгаж, шинийг тавина гэдэг зөвхөн хүч чадлаар бус эв дүй, мэргэжлийн ур чадвараас ихээхэн хамаардгийг тэр богинохон хугацаанд анзаарч зогслоо.

Цонхны ажил амжилттай өндөрлөсний дараа мастер Н.Ууганбаяраас хэсгийнх нь ажлын талаар зарим зүйлсийг тодруулсан юм.

Тус хэсэг гол замын 402-410 дугаар км хоорондын есөн км, Улаанбаатар-1 өртөөний нийт 18 зам, салбар зам болох 15 салаа, мөн зүтгүүрийн депогийн 25 замыг арчилдаг байна. Энэ хэсгийн хариуцдаг замыг дэлгэмэл уртаар нь авч үзвэл нийт 31 км болдог гэнэ. Үүнээс гадна цахилгаан төвлөрүүлэлттэй 74, зүтгүүрийн депогийн болон өртөөний 44 гар суман шилжүүлэг буюу нийт 118 суман шилжүүлгийг арчилж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилладаг юм байна. Мөн тус хэсэгт 407 дугаар км-ийн тавдугаар зуутад автомат хориглолтой УЗП хаалтаар тоноглосон зохицуулалттай нэг гарам, 404 дүгээр км-ийн долдугаар зуутад хагас автомат хаалттай нэг гарам, зохицуулалтгүй 31 гарам ашиглагдаж байгаа гэнэ. Энэ бүгдийг тус хэсгийн 48 ажилтан хариуцдаг ажээ.

Хэсгийн замчид өглөө 07.40-д цуглаж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч, тухайн өдрийнхөө ажлын төлөвлөгөөтэй танилцан дөрвөн бригад нь ажлын талбар руугаа гардаг гэв. Өндөр ачаалалтай өртөөний зам паркад ажилладгийн хувьд ГТХАБ болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгийн өндөр түвшинд авч үздэгийг хэсгийн мастер, бригадын дарга хоёр аль аль нь онцлон дурдаж байв.

Учир нь, Улаанбаатар өртөөнд таван сэлгээний тэрэг тасралтгүй сүлжилдэж, дээр нь дов дээр ачааг ангилан ялгана. Мөн Улаанбаатар Зүтгүүрийн депогоос илчит тэрэгнүүд гарч сэлгээ хийх гээд хөдөлгөөний нягтрал маш өндөр. Ийм нөхцөлд ажилладаг замчдад зам дээр ажиллах цаг хугацаа бол алт шиг үнэтэй. Тиймээс маш богино хугацаанд замчид засварын ажлыг гүйцэтгэх шаардлагатай болдог тул ажлын өндөр зохион байгуулалт, аюулгүй байдлыг бүрэн хангах дүрэмч ажиллагаа шаардагдаж таарна. Өртөөний аль ч зам дээр ажилласан замчдын амь нас, аюулгүй байдлын баталгаа дохиочдын команд, тетра станц гэхэд болно.

Замууд дээр хөдөлгөөн зэрэг явж байгаа үед дуу чимээнээс шалтгаалаад зам чөлөөлөх дохиог сонсохгүй байх, мөн үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг эрсдэл өндөртэй тул хамгийн хариуцлагатай, туршлагатай замчдаар дохиочинг сонгодог юм билээ.

Замын хэсгийнхэн сарын ажлын төлөвлөгөөгөө Замын ангийн даргаар батлуулахаас гадна томоохон засварын ажил төлөвлөсөн бол урьдчилан “цонх”-ны захиалга өгдөг журамтай юм байна.

Н.Ууганбаяр мастераас хэсгийнх нь замын техникийн нөхцөл байдал ямар байгааг тодруулахад “Гол замд 2021 онд их засвар орсон. Харин өртөөний замууд металл хэсгийн хувьд ядралд орсон. Р50 зам төмөртэй хэвээр байгаа. Өртөөний замуудын  дэрийг 3/1-ийн схемтэй болгосон байгаа. Өөрөөр хэлбэл, гурван модон дэр, нэг бетон дэр, гурван модон дэр, нэг бетон дэр байгаа гэсэн үг. Гэвч энэ бол өнөөгийн хөдөлгөөний өндөр эрчимтэй, ихээхэн ачаалалтай том өртөөний хувьд ГТХАБ-ыг найдвартай хангаж ажиллахад хангалттай үзүүлэлт биш. Тиймээс бид дараагийн шатанд 1/1 гэсэн схемтэй болгох зорилттой байна. Товчхондоо одоогийн байдлаар тулгамдсан асуудлын нэг бол суман шилжүүлгийн болон замын металл хэсгийн ядрал болоод байна. Тийм ч учраас 2024 онд өртөөний замын Р50 зам төмрүүдийг Р65 зам төмрөөр хүчжүүлэн солих, дэрийг 1/1-ийн схемтэй болгох, хамгийн их ачаалалтай гол замын суман шилжүүлгүүдийг төмөр бетон дэртэй болгочих юмсан. Анги, албаны хэмжээнд ч бид хүсэлтээ тавьж байгаа. Биелчихвэл их сайн байна.

Мөн төмөр замын аюултай бүсийн хүрээнд 402-410 дугаар км хоорондын замд өндөр шонтой, сетикэн тортой хориг хашаа хийх шаардлагатай байгаа. Өнгөрсөн онд хоёр км-т бид хашааг шинэчлэн хийсэн. Энэ онд мөн эрсдэлтэй цэгүүдийн хашааг шинэчлэхээр төлөвлөж байна. Энэ онд ядаж хоёр км торон хашааг шинэчилбэл аюултай бүсийн эрсдэл буурах боломжтой болно” гэв.

Ялгах довын хэсгийн хариуцдаг бригадын дарга Б.Уламбаяр “Улаанбаатар өртөөнд орж ирж байгаа бүх ачаа энд задардаг. Ялгалтын 10 зам бий. Ачаатай вагонуудыг ангилан тараан байрлуулахад ачаатай вагонууд гурав орчим км/цагийн хурдтай өнхрөөд явж байгаа шүү дээ. Ялгалтын довын суман шилжүүлгүүд маш хурдтай гуйвж байгаа. Ийм онцгой нөхцөлд манай бригадынхан ажилладаг. Сэлгээний илчит тэрэгнүүд салбар замууд руу вагон татахаар явсан үед л бид ажлаа амжуулахыг хичээдэг. Ер нь, цагийн зүүтэй уралдаж ажилладаг гэхэд болно” гэж тун товчхон танилцуулсан юм.

Хөдөлгөөний эрчим өндөртэй хамгийн халуун цэгт Замын ангийн зүгээс хамгийн хариуцлагатай шилдэг ажилтнуудаа томилдог болов уу гэж бодогдсон. Учир нь, миний уулзсан хэсгийн мастер Н.Ууганбаяр, бригадын дарга Б.Уламбаяр нар аль аль нь гурав дахь үеийн төмөр замчид аж.

Хэсгийн мастер Н.Ууганбаярын хувьд УБТЗ-д 20 дахь жилдээ, үүнээс тус хэсгийн мастераар тав дахь жилдээ ажиллаж байна. Түүний өвөө В.Дангаасүрэн, аав Д.Намнансүрэн нар Агуйт, Хангай зөрлөгт замын мастераар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.

Б.Уламбаяр бригадын даргын хувьд өвөө н.Цэгмэд нь замчин, бригадын даргаар ажиллаж байсан бол аав Ц.Болдбаатар нь Замын I ангид замын мастераар ажиллаж байгаад гавьяаны амралтаа авчээ. Тэрбээр, гаалийн эдийн засагч мэргэжлээр сургууль дүүргэсэн ч өвөө, аав хоёрынхоо ажил үйлсийг үргэлжлүүлэх замыг сонгоод 10 дахь хавартайгаа золгож байгаа юм байна.

Ийнхүү УБТЗ-ын “зүрх”-ний цохилт, судасны лугшилтыг тоолж болохуйц хамгийн том өртөөний зам паркийг гурав дахь үеийн замчид авч яваа нь бахархалтай байна.

Түүнээс гадна УБТЗ-ын замын аж ахуйгаас төрсөн цорын ганц Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ш.Түгж агсан гэдгийг төмөр замчид андахгүй. Харин Замын II ангийн долдугаар хэсэг бол тэрхүү Хөдөлмөрийн баатрыг төрүүлсэн гэдгээрээ бахархалтай юм. Хэсгийн мастерын өрөөнд Ш.Түгж баатрын дурсгалын самбар өлгөөтэй байхаас гадна дурсгалын тэмдгийг хадгалж явдгаа үзүүлэв.

Н.Ууганбаяр мастер “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ш.Түгжийн хойчийг залгамжилж яваа гэдэг нь манай хамт олны хамгийн том бахархал. Би энэ хэсэгт замчин, бригадын дарга, мастераар 20 дахь жилдээ ажиллаж байна. Би Ж.Галбаяр, Х.Мөнхболд гээд хоёр мундаг мастертай ажиллаж байсан. Тэр гайхалтай хүмүүс бидэнд олон зүйлийг зааж сургасан. Одоо бидэнд ирсэн итгэлийг алдахгүй юмсан гэж дор бүрдээ хичээн ажилладаг” хэмээсэн юм.

Ийнхүү өртөөний зам парк дээр ГТХАБ-ыг ханган ажилладаг эгэлхэн замчдын хөдөлмөрөөс дуслын төдийг чадан ядан сийрүүлэхэд ийм байна.

 

Б.Гүнжинлхам