Сэтгэлзүй, сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэнгийн зөвлөх, сэтгэл зүйч Б.Жавзантай ажил мэргэжлээс шалтгаалсан сэтгэл зүйн асуудлаар ярилцлаа.
-Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Сүүлийн үед ажлаас халшрах хам шинж, ажлын байрны стресс гэх нэр томьёо их яригдах болжээ. Ажилчдад ялангуяа төмөр замчдад мэргэжлийн хувьд та юу зөвлөх вэ?
- Аливаа хүний үнэ цэнэтэй зэрэгцэн ажил мэргэжлийн үнэ цэн гэж бий. Хүн хийж буй ажил хөдөлмөрөө хүндэтгэж ойлгох хэрэгтэй. Төмөр зам, уул уурхай, цэрэг, цагдаа гэхчлэн байгууллагууд соёлын хувьд safety буюу аюулгүй байдлыг нэн тэргүүнд чухалчилдаг. Бусад худалдааны ч юмуу энтертайнмент салбарын байгууллагын соёл арай өөр, маркетинг руу чиглэсэн байдаг.Бүтээн байгуулалтын том байгууллагууд аюулгүй байдлыг байнга эхэнд тавьдаг. Аюулгүй байдал л алдагдвал тээвэрлэж байгаа тээвэр, улмаар хэдэн мянган хүний амь нас гээд үнэлж баршгүй их хохирол учирна. Уурхайд аюулгүй байдал алдагдахад дэлбэрч нурахаас эхлээд бас л эдийн засаг, хүний амь яригдана.Цагдаа цэргийн байгууллага ч ялгаагүй. Эрдэнэт хүний амь нас, улс орны аюулгүй байдал хөндөгдөнө. Ингээд харахаар байгууллага бүр онцлогоосоо шалтгаалж удирдлагын онцлог, харилцааны шатлал, дүрэм журам нь өөр байна. Бүтээн байгуулалтын том байгуулагуудыг хараад байхад дүрэм журмыг ягштал баримтлаагүйгээс л осол аваар, алдаа эндэгдэл гарч байгаа нь тодорхой байдаг. Жишээ нь, өнгөрсөн хавар Өмнөговьд цахилгаан станц дэлбэрсэн хэрэг гарлаа. Тэнд нөгөө л аюулгүй байдал, сахилга бат дутуу байгаагаас үүдсэн байна. Аливаа салбарт ажиллах боловсон хүчин нь ямар онцлогтой байгууллагад ажиллаж байгаагаа маш сайн ухамсарлаж, тэнд ажиллах сэтгэл зүйгээр сайтар бэлтгэгдсэн байх ёстой. Оюутолгой Тавантолгой, Эрдэнэт гэхчлэн том уурхайн ажилтнууд цэрэгжилтийн байдлаар ажилладаг, төвөгтэй олон журамтай гэдэг. Үгүй л дээ. Ингэж цэрэгжилтийн байдалтай ажиллах нь зөв шүү дээ. Өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаагаа ухамсарлах ёстой. Энгийн манай байгууллагын оффисд ямар safety аюулгүй байдал яригдах вэ дээ. Бидний аюулгүй байдлыг энэ обьектыг эзэмшигч, ус, цахилгаан, дулааныг хянаж байгаа хүмүүс л хариуцна.Тэгэхээр аливаа ажилтан тухайн байгууллагынхаа онцлогийг маш сайн ойлгох нь өөрийгөө болоод өрөөлийг тав тухтай ажиллахад нөлөөдөг. Үүнийгээ ойлгоогүйгээс л “Миний ажил хүнд байна, би ажлаасаа халширч байна, хөдөө хөхөрч гадаа гандаж байна, хөдөө амьдрах хэцүү” гэхчлэн өөрийгөө ойлгоогүй асуудлуудаар их ханддаг. “ Ганц мод гал болох уу, ганц хүн айл болох уу” гэж эдгээр хүмүүсээс би асууж байсан. Болохгүй шүү дээ. Бүтээн байгуулалт гэдэг бол олон хүмүүсийн нэгдлээс бүрдэнэ. Яагаад гэхээр жижигхэн байгууллагад хүртэл наад зах нь үүднээсээ угтагч, үдэгч, нягтлан бодогч, цаашлаад удирдан чиглүүлэх, цэвэрлэгээ хийх хүн гээд олуулаа. Нэг ёсондоо нэг хүний чадахгүйг нөгөө нь чадаж байгаа учраас ажил гэдэг бидний амьдрал. Бид үр хүүхдийнхээ төлөө, сайхан амьдрах гэж ажил хөдөлмөр эрхэлж байна.
-Ажлаа таатай, тайван хийхийн тулд хүн ямар ойлголттой байвал зохих вэ?
-Ажил эрхлэх нь өөрийгөө хөгжүүлэх гол үндэс суурь болохоос гадна бидний хоёрдох гэр бүл юм. Бидний гэр бүл сэтгэл зүйн таатай уур амьсгалтай байдагтай адил ажил ч таатай уур амьсгалтай байх ёстой. Нөгөөтэйгүүр ажил болгонд асуудал байдаг. Асуудалгүй ажил гэж хаана ч байхгүй. Хөдөлмөрийн онцлог, ажил үүргийн хуваариас шалтгаалсан бэрхшээл бий. Жишээлбэл, нэг хэсэг нь гадаа дуу чимээнд, халуун хүйтэн дөрвөн улирлын турш үүргээ гүйцэтгэж байхад, нөгөө хэсэг нь дулаан оффиссд сууж ажилладаг. Гэхдээ тэд оюуны асар их ачаалал авч, өдөржин хөдөлгөөнгүй ажиллаж байгаа. Тэгэхээр хэнийг нь ч хялбар ажилтай гэж хэлэхэд амаргүй. Харахад амархан ч нурууны мурийлт, хүзүүний шохойжилт гээд сөрөг зүйлс байгаа. Ажлыг бэрхшээл гэж хараад байвал ажлаа хийх сонирхолгүй болдог. Тэгээд л ажилдаа гомдоллоод байна. Ажлыг бэрхшээл ядаргаа гээд бодохоор ажилдаа, хамт олондоо, удирдлагадаа гомдоллоод эхэлнэ. Дургүй юмаа өдөр бүр хийгээд байхаар улам л ажилдаа түүртэж, дургүй болсоор байна. Энэ олон хам шинжүүд нэгдсээр ажлын стрессийн түвшингээ нэмэгдүүлдэг. Ажлын стрессийн түвшин нэмэгдэхэд хамгийн түрүүнд таны гэр бүл өртдөг. Ууртай бухимдалтай, харилцаа хандлага өөрчлөгдөхөд хамтран ажиллагсад ч нөлөөнд автана. Хүний сэтгэл хөдлөл нүдэнд харагдахгүйгээр халдварладаг. Бид ковидын үеэр нойлын цаас дууслаа гэхээр сандарч очоод хуу хамж байсан шүү дээ. Энэ бол ердөө л сэтгэл зүй. Ажлынхаа онцлогийг ойлгоогүй, сэтгэл зүйгээ бэлдээгүйгээс үүдэлтэй олон талт зөрчилдөөнийг үүсгэдэг. Ажлынхан болон удирдлагадаа сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж зөрчил үүснэ.
-Үүнийг шийдвэрлэх арга зам нь юу вэ?
-Бидний зүгээс “Ажил уу, хөдөлмөр үү?” гээд сургалт явуулдаг. Энэ үгсийг холбоо үг болго гэхээр ямар үгтэй холбож болох вэ? “Ажил мэргэжил, ажил хөдөлмөр, ажил үйлс”, гэтэл хөдөлмөрийг, “хөдөлмөр аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал, хөдөлмөр сэтгэл зүтгэл, хөдөлмөр хөлс, хөдөлмөр цалин орлого” гээд ярьдаг. Тэгэхээр бид ажил хийж байгаа тохиолдолд ажлынхаа үр шимийг хүртэж байна. Холбоо үгс ч тийм утгыг илтгэж байна. Араас нь холбож байгаа үгс ч үр шимийг нь хүртэж байгаа утгатай байна, тийм үү? Орчин үед бид өөрсдийгөө ажил хийхгүй байгаагаар төсөөлөх аргагүй. Байнгын орлого хэрэгтэй. Орлого дээр тулгуурласан үйл ажиллагаа хийж байгаа. Зорилгоо тодорхойлох юм бол угаасаа бид ажил хөдөлмөр хийж байж үр хүүхдээ өсгөх, сургах, гэр бүлээ сайн сайхан авч явах гэхчлэн эдийн засгийнхаа суурь хэрэгцээгээ хангана. Ажилдаа дургүй болж эхэлж байгаа л бол байгууллагаа эхэлж харахаасаа өмнө өөрийгөө эхэлж хар. Өөрийгөө сонс.
- Монгол Улсад боловсон хүчний дутагдал их байна.Төмөр замын салбар ч мөн адил байна. Хүнийг тогтвортой ажиллуулах хөшүүргийг сэтгэл зүйн үүднээс та юу гэж тайлбарлах вэ?
- Ажиллах хүчний хомсдол гэдэг дэлхий нийтийн асуудал болж байна. Монголд төмөр зам гэлтгүй энгийн нөхцөлтэй оффиссын ажилд ч боловсон хүчин дутагдалтай болсон. Ингэхээр сүүлийн үед байгууллагууд хүмүүсээ авч үлдэхийн тулд маш их хүчин чармайлт гаргах болсон. Тэд менежментийг дээд давхаргаас эхлээд, ажилчдаа хөгжүүлэх, тогтоон барих, тав тухтай ажиллах нөхцлийг нь бүрдүүлэх гэж чармайж байна. Удирдлага нь өөрчлөлт хийж байгаа шүү гэдгээ нөгөө хүмүүстээ харуулж мэдрүүлэхийн тулд сэтгэл зүйгээр нөлөөлөөд байгаа юм. Дэлхий нийтэд IA өндөр хөгжиж байна. Элон Маск “IA хөгжих тусам ажиллах хүч улам л багасна” гэсэн. Аливаа байгууллага энэ үед тогтолцоогоо, технологио өөрчлөхгүй бол удаан тогтвортой оршин тогтноход хэцүү болно. Улс төрөөс, ямар нэгэн хүчин зүйлээс хамааралтай байх тусмаа техник технологийн шинэчлэл удааширна.Тогтвортой ажил гэдэг байнгын тогтвортой орлогыг шаардана. Нэг хүн ажлаа хийж байгаад нөгөө ажил руу шилжих хугацаанд орлого алдагдана, хамт олон, орчноо солино, хийж дадсан ажил хөдөлмөрийн онцлог солигдоно. Шинэ ажилд дасан зохицох гэж хугацаа их орно. Тэр хугацаанд ашиг орлого алдагдана. Байгууллагынхаа хүмүүст ажил чинь чухал шүү гэдгээ маш сайн ойлгуулах хэрэгтэй. Би томоохон компаниуд болох “ЭмСиЭс”, Мобиком зэрэг байгуулагад очиж лекц уншихдаа залуучуудад ялангуяа хэлдэг. Хүн нийгэмд тэргүүлэх чиглэлтэй, үйл ажиллагаа явуулдаг томоохон компани байгуулага дотор боломжийн цалинтай ажил хийгээд, тухайн байгууллагаа хөгжүүлэх тусам таны карьер, тогтмол орлого, нэр хүнд чинь байгууллагатайгаа хамт өснө өө гэдгийг хэлдэг. Нэр хүнд өндөр байх тусам ажиллаж байгаа байгууллагаараа бахархах сэтгэл төрнө. Хүн бүр бизнес эрхлэх боломж байхгүй, нэг том байгууллагын төлөө хамтран зүтгэсэн хүмүүс илүү их үр өгөөжтэй байдаг.
Хамгийн их өөрчлөгдөөгүй шинэчлэлт явагдаагүй газар бол УБТЗ гэж би хардаг. Замчид өмнөх нийгмийн үед өнөөдрийнх шиг л хэдэн км алхаад л ажлаа хийдэг байсан. Одоо ч хэвээрээ. Энэ бол бодит нөхцөл байдал. Өнөөдөр дэлхий даяар технологи хөгжөөд байна. 1960,70-аад оны технологиор яваад байгаа газрууд байгаа нь төмөр замынх байна. Өөрчлөлтийн менежмент явуулах хэрэгтэй гэж хувьдаа боддог. Удирдлагын хувьд change management буюу өөрчлөлтийг зоригтойгоор хийх хэрэгтэй. Ингэхгүй бол ажиллах хүчний хомсдол улам л ихэснэ. Аливаа байгууллагад өөрчлөлтийн менежмент хийхэд саад болдог зүйл бол хүн. Технологийг, менежментийг өөрчилж болж байна. Хүн бол хуучин арга барилтайгаа эвлэрсэн байдаг, эсвэл шинэ уур амьсгалыг хүлээн авахад зөвшөөрдөггүй нөхцөл байдал үүсдэг.
- Байгууллагад сэтгэл зүйч зайлшгүй байх ёстой гэж үздэг болжээ. Танай төвөөс сэтгэл зүйн зөвлөгөө авдаг газрууд их байх.
- Бид албан байгууллагуудад ажлын стрессийн үнэлгээг хийдэг. Ажлын стрессийн үнэлгээ бодит байдал дээр өндөр байдаггүй, хувь хүний стрессийн түвшин л өндөр байдаг. Хувь хүний стрессийн түвшинг бууруулах нь сэтгэл зүйчийн зорилго. Өнөө үед гэр, сургууль, ажил, түгжрэл гэсэн циклээс болоод хүмүүс хоорондын бодит харилцаа багассан. Тиймээс албан байгууллага сэтгэл зүйчтэй болж, хувь хүний стрессийн түвшинг бууруулж, тэдний асуудал зовлонг сонсож, зөвлөж, туслах дэмжих чиглүүлэх тал дээр анхаардаг болсон. Давхар байгууллагын удирдлагаас ажилчдадаа гаргаж байгаа хичээл зүтгэлээ хэнээр дамжуулж хэлбэл зохимжтой вэ. Удирдлага ярьж тайлбарлахаас илүү сэтгэл зүйчээр дамжуулбал илүү ойлгогдоно ч гэдэг юмуу хүний сэтгэл зүйн дотоодтой харьцаж, эерэг уур амьсгалыг бүрдүүлэхэд сэтгэл зүйч чухал үүрэгтэй. Хүмүүс нэг хэсэг дарга болохыг их хүсдэг байсан. Даргын ажил амаргүй. Цаг нар, хувийн амьдрал байхгүй шахам, тэр олон хүний цалин хангамж, ахуй амьдрал гэхчлэн олон асуудлыг зохицуулдаг. Байнгын гомдол, шийдэл бүгдэд оролцож байдаг сэтгэлийн хат тэнхээ, оюуны потенциал өндөр хэмжээгээр шаарддаг ажил. Тэгэхээр үүнийг хийж үзсэн хүн маш сайн ойлгоно. Гэтэл эсрэгээрээ бүтцийн хувьд данхайсан, удирдлагын хувьд босоо тогтолцоотой газар энэ байдал урвуу байдаг. Төрийн байгуулагад ялангуяа, дарга болохоор зүгээр гарын үсэг зураад, захиран тушаагаад, амар ажиллаж болно гэсэн ойлголт амь бөхтэй байсаар байна. Сүүлийн үед компаниудад ажилтан захирал гэдэг ойлголт бий болсон. Чиглүүлэх уриалах шийдвэрлэхээс эхлээд цэвэрлэгээ үйлчилгээ гээд бүхий л юмаа хийчихдэг. Удирдлага хариуцлага үүрч чадахгүй бол доороосоо шүүмжлэл гарсаар л байх болно. Улс төрийн томилгоогоор томилогддог тохиолдолд энэ байдал байсаар л байна.
-Байгууллага мэргэжлийн хүнээ алдах нь хэр хор хохиролтой вэ? Үнэт капиталаа алдахгүйн тулд компани хэрхэн ажиллах ёстой вэ?
-Аливаа байгууллага хүний нөөц буюу капиталаа сонгон шалгаруулж авах, тогтвортой ажиллуулах, тогтоон барих, зөв хүнийг удирдлагаараа чиглүүлж залах нь орчин үед хамгийн чухал асуудал болсон. Тиймээс том жижиг ялгаагүй хүний нөөцийн сонгон шалгаруулалт гэдэг бол тухайн үйл ажиллагаа явуулж байгаа газар хамгийн гол амжилтын түлхүүр байдаг учраас бүх байгуулагууд хүний нөөц дээрээ анхаардаг. Ингэхгүйгээр хүний нөөцийг томилно гэдэг бол өөрөө тэр байгууллага унахын л цондон. Дээрээс томилогдоод ч юмуу буруу хүнээр удирдуулах аваас тэр байгууллага уруудна. Орчин үед бизнесийн байгууллага head hunting буюу олон сая хүнээс хайж, өчнөөн мянган доллар амалж, үнэт капиталыг олж ажиллуулж байна шүү дээ. Тэгж зөв хүнээ хайж сонгоод компаниа удирдуулж байна. Манай төв нэлээд том байгууллагын хүний нөөцийн сонгон шалгаруулалтад үнэлгээ хийж байна. Гэтэл наад захын цахилгаанчин сонгон шалгаруулахдаа сэтгэл зүйн тестийн үнэлгээ хийлгүүлж байх жишээтэй.
- Хэн нэгнээс хараат, ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй, сэтгэл зүйн тусламж зөвлөгөө авахаар ирж байгаа хүмүүс ихэвчлэн ямар салбарт байна вэ?
- Янз бүр байдаг. Төрийн байгууллага, цагдаа прокурор,цаашлаад Эрдэнэт үйлдвэр гэхчлэн манай төвд ханддаг. Эцэст нь хүн өөрийн сэтгэл зүйгээ маш сайн хамгаалж, сэтгэл зүйн дархлаатай байх нь чухал. Сул сэтгэл зүйтэйгээр хичнээн өндөр цалинтай, сайн нөхцөлтэй байсан ч ажлаасаа таашаал авч чадахгүй. Мэргэжлийн ажилтнууд мэргэшсэн ажлаа хийсээр л байдаг. Ялангуяа давтамжтай ажилладаг ажлын байруудад ажиллаж байгаа хүний ажил гарт нь орсон байдаг. Албан байгууллага тухайн ажлыг хийж чадах хүнийг сонгон шалгаруулж авах хэрэгтэй. Чадахгүй хүнийг авчихаад зааж сургах гэсээр удирдлагын зардал өндөр гарч, үр ашиггүй болно. Сургасаар байтал ажлаас гарчих ч тохиолдол бий. 2018 оны судалгаагаар Монголын нэг том банкин дээр судалгаа хийгээд үзэхэд нэг хүнийг сургаад хөгжүүлээд тухайн ажилд мэргэшүүлэх гэхэд бүхий л зардал нь нийлээд сарын гурван сая төгрөгийн алдагдал гарч байсан. Одоо мэдээж энэ зардал өссөн. Тэгэхээр аливаа байгууллага өөрийн үйл ажиллгаанд хамааралтай тухайн ажил мэргэжилд тохирох хүмүүсийг дандаа сонгон шалгаруулж авдаг. Нэг хүн сургаж байтал тэр нь суралгүй ажлаасаа гарахад дахиад зургаан сар, жил тэр байгууллага нөгөө ажлаа гүйцэтгэж чадахгүй. Тэр хэмжээгээр алдагдал хүлээнэ. Ийм учраас анхнаасаа эхлээд чадахгүй хүн ажилд авч байна гэдэг нь сонгон шалгаруулалтын том алдаа юм.
-Манай төмөр замчид гадаа ажилладаг хүмүүс их бий. Тэдний ажлыг сэтгэл зүйгээр хэрхэн хөнгөвчлөх вэ?
-Бүх ажил мэргэжил хүнд хүчрээ тулбал хүнд хүчир. Газар дор, уурхайн гүнд ажиллаж байгаа уурхайчин, тасралтгүй дуу чимээнд, халуун галд ажиллах ажил мэргэжил одоо ч дэлхий дээр байна. Тэр ажлыг хэн нэгэн хийх л болно. Төмөр замчны мэргэжил бол сайхан ажил мэргэжилдээ л орно. Ажлаа давуу тал болгоод, хийж байгаа ажил мэргэжлийнхээ онцлогийг ойлгож ухаараад, ажлаасаа сөрөг талыг нь биш эерэгийг нь олж харж чадвал таны хийж байгаа ажил сайхан. Мэргэжлийн бахархал гэдэг хүнд асар их хүч өгдөг.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.
А.Энхсайхан