Сайншанд ТҮГ-ын дарга Б.Хишигжаргалтай ярилцлаа.

 

-Танайх хүний нөөцийн тогтвор суурьшил ямар байна. Орон нутгаас вагоны мэргэжил эзэмшээд ажилд орох залуус хэр олон байдаг вэ?

 

-Манайх 50 хүнтэй, орон тоо бүрэн. Сайншандын Политехникийн коллежийг төгссөн гурван вагон үзэгч шинээр ажилд орсон. Тус сургуулийн вагоны мэргэжлийн багш нь манай ТҮГ-т олон жил ажилласан Б.Чулуунчингис гэж залуу бий. Тиймээс би хүний нөөцөө бүрдүүлэх талд хамтран ажилладаг. Ер нь, залуучууд тогтвортой ажиллахад “Говийн төмөр замчин” хөтөлбөр тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Би ч энэ хөтөлбөрийн хүрээнд ТЗДС-д инженерээр суралцаж байгаа. Төмөр замчдаа мэргэжлээ дээшлүүлэхийг нь дэмжиж, төлбөрийг 100 хүртэл хувиар хөнгөлдөг болсон. Харин цаашид тухайн орон нутгаас нь сургаж хүний нөөцөө бүрдүүлэхэд илүү анхаараасай гэж боддог. Өөрөөр хэлбэл, Өргөнд ажиллах хүнийг Өргөнөөс нь, Зүүнбаянд ажиллах хүнийг мөн тэндээс нь бодлогоор бэлтгэх үүднээс тухайн орон нутгийн сургуулийн хүүхдүүдэд мэргэжлээ илүү сурталчлах хэрэгтэй. Заавал төмөр замын ажилтан гэхгүйгээр хүүхдээ сургах сонирхолтой ч төлбөрийн чадамжгүй айл байдаг даа. Тийм айлын хүүхдийг төлбөрөөс нь чөлөөлөн сургамаар санагддаг.

 

-Тогтвортой хүний нөөц бэлтгэх үүднээс тэдгээр газарт сурах сонирхолтой ч боломжгүй байгаа хүүхдүүдийн судалгааг гаргаж үзэв үү?

 

-Есдүгээр сард Өргөн, Зүүнбаянгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай уулзсан. Тэгэхэд төмөр замчдын хүүхдүүд голдуу төмөр замчин болно гэсэн бодолтой байдаг юм байна. Мөн малчдын хүүхдүүд ч төмөр замын мэргэжил сонирхож буйгаа хэлсэн. Харин тэдэнд дэмжлэг л хэрэгтэй.

 

-Таны хувьд төмөр замд хэдэн жил ажиллаж байна вэ?

 

-Вагоны мэргэжил эзэмшээд 24 дэх жилдээ орох гэж байна. 2001 оны долдугаар сарын 2-ны өдөр тухайн үеийн Төмөр замын коллежийг техникчээр төгссөн. Тэр үед ээж маань Айраг ТҮГ-ын даргаар ажиллаж байсан Н.Нямсүрэн гэж хүн бий. Би Айраг ТҮГ-т вагон үзэгчээр ажлын гараагаа эхэлсэн. 2004 оны наймдугаар сараас Сайншанд ТҮГ-т ирж ажиллаад өнөөг хүрлээ. Энэ хугацаанд дагалдангаас вагон үзэгч, шурган үзэгч, ахлах үзэгч, ТҮГ-ын дарга гээд бүхий л шатыг дамжиж байна. Тэр дундаа ахлах үзэгчээр тасралтгүй 18 жил ажилласан. Удам залгасан вагончин гэдгээрээ бахархдаг. Одоо нэг охин маань вагон үзэгч болохоор төгсөөд ирсэн. Дүү Б.Хишигтогтох маань Чойр ТҮГ-ын нярав-вагон үзэгчээр ажиллаж байгаа.

 

-Ажлын талбарт анх гараад ээжээсээ гадна ямар хүмүүсээр заалгаж байв?

 

-Би хүүхэд байхаасаа л вагоны талын ойлголтыг олон хүнээс авчээ гэж боддог. Ээжийг вагон үзэгч байхад багш нь ТҮГ-ын дарга Лувсандагва гэж хүн байлаа. Дүү бид хоёр тэр даргын өрөөнд нь тоглож өссөн гэхэд болно. Ажил дээр гараад олон сайхан хүнээс суралцсан. Тэр дундаа Вагоны аж ахуйн албаны ахлах байцаагч А.Пүрэвбаатар, урд хэсгийн байцаагч асан Ж.Өлзийбаатар нарын хатуу бодлого, залууст зөв хүмүүжил олгох дэг сургуулиар хүмүүжсэндээ баяртай байдаг. Нөгөө талаар, хүн өөрөө л хичээхгүй бол мянган сайн багш байлаа ч амжилтад хүрэхгүй гэдэг дээ. Тиймээс би өөрөө ч их хичээсэн.

 

-50 ажилтны чинь хэдэн хувь нь залуус вэ?

 

-90 хувь нь 35 хүртэлх насны залуус байна. Сүүлийн хоёр жилд өөр төмөр зам руу явсан хоёр, өөрийн хүсэлтээр гарсан нэг, нийт гурван л хүн бий. Манайх харьцангуй тогтвортой байдаг. Үүнд төв суурин газар нөлөөлөхөөс гадна хамт олны халуун дулаан харилцаа, өмнөх удирдлагын зөв арга барилтай холбоотой гэж боддог.