Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаны дарга Б.Ууганбаяртай ярилцлаа.

 

- Танай албанаас төмөр замын хэрэгцээт бараа материал, сэлбэг хэрэгслийн худалдан авах ажиллагааг зохион байгуулахад тендертэй холбоотой бэрхшээлүүд гардаг бололтой?

 

- Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Нэг талаас УБТЗ маань Монгол-Оросын хамтарсан ХНН төдийгүй өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг байгууллага учраас энэ хуулийг шууд авч хэрэглэхэд өөрийн онцлогтой байсан тул нэлээд хугацаа шаардлагатай болсон. Гэсэн ч хууль батлагдсан 2017 оноос эхлэн анхны тендерийг зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг бага багаар ахиулж мөрдөж явсаар 2020 он гэхэд 100 хувь бүрэн хэрэгжүүлдэг болсон. Өнгөрсөн хугацаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд хэд хэдэн удаа өөрчлөлт орсон. Хамгийн сүүлд 2023 онд шинэчилсэн найруулга хийгдэж, энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн.

 

- Төмөр замын онцлогоос шалтгаалан энэ хуулийг 100 хувь хэрэгжүүлэхэд ямар хүндрэлүүд гарч байна вэ?

 

- Энэ хууль нь нэгдүгээрт, нээлттэй зарлаж, олон хүнийг оролцуулах, хоёрдугаарт хамгийн хямд үнийн саналыг сонгох зорилготой. Гэтэл манайх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлээд оросын техник технологийг хэрэглэж ирсэн. Тийм ч учраас ОХУ-д үйлдвэрлэсэн техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл шаардлагатай байдаг. Гэтэл нийлүүлэгч тал болох ОХУ-д хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнийг та бүхэн мэдэж байгаа. Дайны нөхцөл байдал, олон улсын хоригоос болоод нийлүүлэгч тал болох ОХУ-ын компаниуд манайд техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг нийлүүлж чадахгүйд хүрээд байна. Ялангуяа, технологийн болон хөдөлгөөнтэй холбоотой албадын захиалгын тендерт өрсөлдөгч олдохгүй болох гээд байна.

 

- Уг нь аюулгүй, найдвартай байдлаа бодоход төмөр замд хамгийн чанартай бараа, тоног төхөөрөмж хэрэгтэй баймаар. Гэтэл тендерийн хуулиар хамгийн бага үнийн дүнг сонгоно гээд байдаг. Ийм үнээр чанартай зүйл худалдан авч чадах уу?

 

- Тийм ээ. Гэхдээ худалдан авах ажиллагааг чанартай болгохын тулд манай зүгээс тавих техникийн нөхцөлд тавих шаардлагыг өндөрсгөж өгч байгаа. УБТЗ-ын ерөнхий захиалагч бол Замын дарга байдаг. Захиалагчийг төлөөлж худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа нь манай алба юм. Манай албаар дамжуулж бараа материал захиалан хэрэглэж байгаа албад манай албаны захиалагчид юм. Захиалагч албадаас ирүүлж байгаа хүсэлтэд сайн чанартай бараа материал нийлүүлэхийн тулд тухайн бараа, үйлчилгээнд тавих стандарт, техникийн тодорхойлолт, шаардлагыг маш сайн тавьж өгөх хэрэгтэй.

 

- Худалдан авах ажиллагааны үнэлгээний хороог яаж бүрдүүлдэг вэ?

 

- Худалдан авах ажиллагааны үнэлгээний хороог Замын даргын тушаалаар байгуулдаг. Үнэлгээний хороонд Замын санхүү, хуулийн албанаас гадна захиалагч албадын мэргэжилтнүүд ордог. Үнэлгээний хорооны гишүүдийн гуравны нэг нь хуулиар хөндлөнгийн хараат бус гишүүн байдаг. Хараат бус гишүүнд нэр дэвших хүсэлтэй мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллийн хүмүүс оны эхэнд албадын дарга нарт саналаа өгдөг. Тэд нараас сонголт хийгээд Үнэлгээний хорооны хараат бус гишүүнээр томилдог. Энэ хороонд орж ажиллаж байгаа манай албаны мэргэжилтэн нь Худалдан авах ажиллагааны комиссын нарийн бичгийн даргаар ажилладаг.

 

- Энэ үнэлгээний хорооны гишүүдэд ямар нэгэн урамшуулал байдаг уу?

 

- Байгаа. Үнэлгээний хороонд ажиллаж байгаа албадын мэргэжилтнүүд болон үндсэн ажлынхаа хажуугаар давхар үүрэг хүлээж байгаа хүмүүс, хараат бус гишүүд тодорхой хэмжээний урамшуулал авдаг. Харин албаны төлөөллийн хувьд үндсэн хариуцаж байгаа ажил нь учраас ямар нэгэн урамшуулал авдаггүй.

 

- Замын хэмжээнд жилдээ хэчнээн хэмжээний тендер зарлагдаж байна вэ?

 

- Энэ жилийн хувьд Замын хэмжээнд 489 тендерийн захиалга авч, 749.8 тэрбум төгрөгийн төсвийг Сангийн яам, Зам тээврийн яамаар батлуулсан. Үүнээс 330 тендерийг амжилттай зохион байгуулж 217 гэрээ байгуулсан байна. Бусад нь тендер зарлах шатандаа, тендерээ нээгээд үнэлэх шатандаа явж байна. Цөөн хэдэн тендер нь Замын санхүүгээс хамаарч хойшилж байгаа.

 

- Ахин дахин зарлагдаад байгаа хэр нь тендерт оролцогчгүй байх тохиолдол хэр байна вэ?

 

- Байна аа. Оросын хуучны зорчигчийн вагоны сэлбэг хэрэгсэл, Хятадын 15G вагоны сэлбэг, Зүтгүүрийн болон хөдөлгөөний сэлбэг хэрэгсэлд тендерт оролцогч олдохгүй байна.

 

- Ийм тохиолдолд шууд худалдан авалт хийж болох уу?

 

- Хуучин хуулиар гурван удаа тендерт оролцогч олдоогүй тохиолдолд шууд худалдан авалтыг хийдэг байсан. Одоо шинэ хуулиар тендерт оролцогч олдон олдтол зарлах ёстой болсон. Энэ заалт бидэнд хүндрэл учруулаад байгаа. Гэхдээ үүнийг зохицуулах талаар бид чармайлт гарган ажиллаж байна.

 

 -Цаад эх үүсвэр нь бүр үйлдвэрлэхээ болиод зогссон байгаа тохиолдолд тендер зарлагдахгүй биз дээ?

 

-Тийм ээ. Тэгэх тохиолдолд манай захиалагч албадууд үүнийгээ сайн судлаад ИТА-ууд энэ байхгүй болсон юм чинь одоо энийг туршъя гэх зэргээр санаачилгуудыг гаргах хэрэгтэй. Энэ ажилд манай захиалагчид сайн ажиллах ёстой. Манай алба бол ирсэн захиалгыг л хуваарийн дагуу зөв зохион байгуулах үүрэгтэй.

 

-Албыг цаашид үр дүнтэй сайн ажиллахад нөлөөлөх хүчин зүйлс юу байна вэ. Тулгамдсан шийдвэрлэх ямар асуудал байна вэ?

 

-2023-2024 онд нэлээд ажлуудыг хийлээ. Ялангуяа, манай алба бол чанартай бүтээгдэхүүнийг хуулийн дагуу худалдан авах нь албаны зорилго шүү дээ. Дээрээс нь инновацийн чанарлаг бүтээгдэхүүн, үүн дээр хэлж ярих зүйлүүд байгаа. Манай албаны зүгээс 2024 оноос тендерийнхээ бичиг баримт дээр үйлдвэрлэгчээс зөвшөөрлийг нь шууд авдаг зохицуулалтыг хийж өгсөн. Өөрөөр хэлбэл, тендерийнхээ бичиг баримт дээр тухайн оролцогчдыг манайхаас гаргасан техникийн тодорхойлолтын дагуу бараа материалыг нийлүүлэхдээ үйлдвэрлэгчээс нь зөвшөөрөл авч ирнэ гэж заасан. Уг заалтыг энэ жил оруулсан. Энэ нь чанаргүй компаниуд дундын хулхины компаниудыг хязгаарлаж өгснөөрөө ач холбогдолтой. Нөгөө талаасаа манай албад комиссын үнэлгээний хороонд ордог ажилтнууд дандаа А/3 буюу худалдан авах ажиллагааны шалгалтыг өгөөд сертификат авсан байх ёстой. Энд ордог албадын инженерүүдийн оролцоо бага байна. Хэдийн хэмжээнд худалдан авах ажиллагааны комисст ажиллаад өөрсдийн авах гээд байгаа зүйлийн хяналтыг сайн тавьж өгөх юм бол бид төдий чинээ л чанартай юм авна. Тэгэхээр манай албадын удирдлагууд ялангуяа А/3 сертификаттай ажилтнуудыг бэлтгэх шаардлагатай. Бидний хувьд албаны зүгээс энэ чиглэлээр жилд 1-2 удаа сургалт хийж, шалгалт авч байна. Үүнийг сайн судалж олон хүний оролцоотой байлгахгүй бол  нэг албанд ганц ажилтан байвал томилолттой, өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай үед нь худалдан авалт нь хойшлохоос аргагүй болж байна. Хүн олддоггүй, дараагийн хүнийг нь өгөөч гэхээр худалдан авах процесс удааширна. Албад энэ тал дээр анхаарах хэрэгтэй.

Шинэ хуультай холбогдуулаад 2023 онд хоёр, энэ онд нэг удаа сургалт зохион байгуулсан. Замын хэмжээнд бүх албадыг хамруулж сургалт зохион байгуулахад  А/3 сертификат авах хүсэлтэй ажилтнуудыг өргөнөөр хамруулах шаардлагатай. Сургалтад хамрагдсан нь шалгалт авахад ирэхгүй байх зэрэг хүндрэл гардаг. Үүнийг албадын удирдлагуудад байнга анхааруулдаг.

Нөгөөтэйгүүр ОХУ-д үйлдвэрлэгддэг металл эд ангиуд геополитикийн хүрээнд нийлүүлэгдэхээ больж байна. Тиймээс урд хөрш болон бусад улсаас вагоны хос дугуй, диск, зүтгүүрийн металл эд ангиуд, вагоны дам нуруу, хажуу арал зэргийг ажлаа зогсоохгүйн тулд боломжит үйлдвэрүүдээс нь авч байна. Энд бид юуг оролцуулж байна вэ гэхээр хүрч ирэхэд нь шууд авах биш хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс Хэмжил зүйн төвд металлын дээж өгүүлж байна. Энэ жилийн хувьд шинээр Хятадаас ирж байгаа зам төмөрт дээж өгсөн. Металлын шинжилгээнд өгөөд хариу нь манай хүсэж байгаа стандарттай костын дагуу  тэнцэж байгаа тохиолдолд бид хүлээн авч ашиглаж байгаа.

 

-Тендерт оролцогчид ямар шалгуурыг хангасан байх ёстой вэ. Хэт өндөр шалгуураас шалтгаалан оролцогч нар цөөн байна уу?

 

-Шинэ хуулиар жижиг худалдан авалт буюу 100 сая төгрөгөөс дооших худалдан авалтыг харьцуулалтын аргаар буюу тав хоногт хурдан шуурхай, үнэ дуудах аргачлалаар шинэ зохицуулалт орсон. Энүүгээр бид тавьсан тендерийн дагуу материалаа өгнө. Гэхдээ шийдвэр хурдан гарна. Материалтай холбогдуулаад шаардах зүйлс нь Сангийн яам болон төрийн худалдан авах ажиллагаанууд цахимжиж, банкны өргүй гэсэн тодорхойлолт, хэвийн зээлтэй эсэх, компанийн тодорхойлолт саяхныг хүртэл цаасан хэлбэрээр байсан нь цахимжсан. Толгой компанийн санхүүгийн болон боловсон хүчний чадавхийг шууд цахимаар харж байна. Тэгэхээр оролцогчид хуулийн дагуу татвараа төлөөд тайлан тооцоогоо өгөөд яваад байх юм бол тэрийг худалдан авах тендерт оролцож байгаа компаниудыг шууд цахимаар үнэлж шаардахгүйгээр авах боломжуудыг шинэ хуульд тусгасан.

 

-Яаралтай худалдан авалтыг яаж зохицуулах вэ?

 

-Хуулийн 35 дугаар зүйлд шууд худалдан авалттай холбоотой зүйл заалт дотор нэг эх үүсвэрээс худалдан авах арга гэж байгаа. Энэ арга нь яаралтай нөхцөлд тааруулсан осол сүйрэл, гал түймэр гэх мэт тулсан яаралтай арга хэмжээнд шууд худалдан авалт хийнэ гэж заасан. Шууд худалдан авалт хийхийн тулд ялгаагүй бас л харьцуулалтын үнэ дуудах маягаар тендерийн цахим сайтад яаралтай хэрэгтэй зүйлээ байршуулж, тухайн бүтээгдэхүүнийг оруулж ирдэг компаниуд бидэнд үнэ санал болгоод нэг ёсондоо дуудлага худалдаа шиг хэлэлцэж худалдан авалт хийж болно. Энэ дагуу л зохицуулагдана.

Манай алба өвөлжилтөд оролцох чухал албадын нэг. Ажилтнуудын хөдөлмөр хамгааллын гутал, хувцас, ажилтнуудын өвлийн нүүрс түлээ, бусад сангийн материал гэхчлэн өвлийн бэлтгэл ажилтай холбогдуулан тендерээ чанартай зохион байгуулахаар ажиллаж байна. 2023 оноос ажилчдын өвлийн хувцсанд санал гомдол их ирсэн. Үүнтэй холбогдуулаад бид өвлийн хувцсанд их ач холбогдол өгч байна. Би зүтгүүрчин хүн.  Хувцас муутай бол ажлын бүтээмж ч мууддаг. Тиймээс хариуцах мэргэжилтнүүдтэй Тээврийн хяналтын алба болон Зүтгүүрийн аж ахуйн албатай  хамтраад явж байна. Хуучин нэхий, хуучин загвар, хэцүү юмнууд ирээд байдаг. Энэ асуудлаар Замын ерөнхий инженер, ХАБЭА-н албаны удирдлагуудад хандаж,  манай стандарт 2016 оныхоор байгаа тул сайжруулъя гэсэн санал тавьсан. Манай ХАБЭА-н албаныхан яаралтай арга хэмжээ авсан. 2023 онд шинэчлээгүй байсан. Гэхдээ манай алба зохион байгуулалт хийж, туршилтаар ажилтны ажлын хувцсыг хоёр биш гурван хос, дотроо бомбертой болгосон. Учир нь, ажилтнууд нэхийгээ идэр есийн хүйтэнд өмсөж байгаа ч хавар, намартаа өмсөх хувцасгүй, янз бүрийн хүрэм өмсдөг. Үүнийг шийдэхийн тулд "Манай стандартаас илүү санал, санаачилгыг дэмжиж, зөрчилд тооцохгүй" гэх өгүүлбэрийг тендерт оруулсан. Гэтэл нэг компани бомбертой, нэхийгүй тендерт оролцсон. Дан бомбер нимгэн байх гэтэл одоо үед шинээр үйлдвэрлэгдсэн "тенсулет" гэх гадагш дулаан алддаггүй, хөнгөн, ажлын хувцасны, гадаа, хүйтэн нөхцөлд ажилладаг ажилчид өмсөж, туршиж эхэлсэн материалаар хийгдсэн байсан. Тиймээс өнгөрсөн жил тодорхой хэмжээгээр ажлын хувцсаа энэ материалаар хийж, ажилтнуудад өмсгөж, туршиж үзсэн. Ажилчид, байнга алхдаг вагон үзэгчид, зүтгүүрийн машинч нараас санал авахад "Хөнгөн, дулаан байна. Нэхий хувцас хүнд, нэхий өмд босож, суухад хүндрэлтэй учир хувцсандаа түүртдэг байсан. Одоо бол ажлын бүтээмж сайжирсан" гэсэн. Иймээс, энэ жил стандарт ажлын хувцаснуудаа өөрчилж, зуун хувь, гурван хосыг хийж, тарааж байна. Үүнийг худалдан авахтай хамаатай томоохон ажил гэж үзэж байна. Хоёрдугаарт, зуны болон өвлийн ажлын гутал чийг татдаг өвлийн түрийтэй үдээстэй, түрийгүй үдээстэй, урт түрийтэй гэж гуравхан янз байсан. Харин ХАБЭА-н албатай хамтран оффист суудаг, ИТА-д зориулсан өвөл, зуны гутал гаргаж өгсөн. Мөн дээр үеийн, Оросын дулаан хэдий ч хүнд, цасанд нордог гутал захиалдаг байсныг өөрчилж, шинэчилсэн. Хамгийн олон цагаар хүйтэнд, гадаа зогсдог замын цагдаа нар өмсдөг шиг ширэн, эсгий дотортой, хальтрахгүй, зөөлөн вембрам ултай гутлаар сольж, стандартаа шинэчилсэн. Үнийн хувьд, эсгий гутал 3.8 дахин, бусад гутал 10-15 хувиар нэмэгдсэн. Хувцасны төсвийг Замын дарга, удирдлага маш их дэмжиж, шийдвэрлэж өгсөн. Ажилчид сэтгэл хангалуун байгаа. 

Албаны зүгээс цааснаас татгалзаж, цахим технологийг хэрэгжүүлэхийг зорьж байна. Учир нь, худалдан авах ажиллагааны хүрээнд бүх албадууд, аж ахуй нэгжүүдийн захиалга цаасаар ирдэг. Зарим нь цаасаа "Засна" гээд буцааж авч явах, олон цаас дундаас зарим нь гээгдэх, захиалгын цаасаа илгээхээ мартах, үүнээс үүдэн цаг алдах асуудлууд гардаг. Иймээс цахим захиалгын программыг Эдийн засаг, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны удирдлагын шинжилгээний мэдээллийн хэлтэстэй хамтран хийж байна. Энэ программ дээр захиалга, тайлан, хяналтыг нэг дор багтаана. Жишээ нь, нэг аж ахуй нэгжийн мастер захиалга өгөхөд, инженер хянаж, санхүү, хариуцсан албадаар хянуулж, даргаар батлуулах бүх процессыг хялбар болгох юм. Энэ ажил 50-60 хувьтай явагдаж байна. Ондоо багтааж дуусвал 2025 оны захиалгаа энэ программаараа хийх төлөвлөгөөтэй байна

 

-Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!

 

Г.Энхбаатар