Энэ удаагийн “Хобби” буландаа бид Сайншанд татах хэсгийн электроникийн инженер Батпүрэвийн Ундрахжаргалыг урилаа.

 

-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

 

-Би 2006 онд ТЗДС-ийн Зүтгүүрийн инженерийн ангид элсэж, 2010 онд Сайншанд татах хэсгээс ажлын гараагаа эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд илчит тэрэгний засварчин, ээлжийн мастер, туслах машинч, ахлах мастераар тус тус ажиллаж байгаад одоогийн албан тушаалдаа томилогдсон. Би Дорноговийн унаган иргэн. Төрөлх нутагтаа өсөН торниж, сурч боловсорч, ажиллаж амьдарч яваа азтай хүмүүсийн нэг. Нэг эгч, хоёр дүүтэй. Бага насаа Дорноговь аймгийн Эрхэт суманд өнгөрүүлсэн. Тэндээ дөрөвдүгээр анги төгсөөд, тавдугаар ангид орох жилдээ Сайншанд руу шилжиж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Ээж маань насаараа сувилагчаар ажилласан. Одоо гавьяаны амралтаа эдэлж байгаа хэдий ч мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаа. Өвөө, эмээ, ах дүү нар маань бүгд малчин болохоор зуны амралт эхлэнгүүт л хөдөө гарна. Хурдны морь унана. Ер нь, бага насаа морин дэл дээр л өнгөрүүлсэн дээ.

 

-Төмөр замтай чухам яаж холбогдов ?

 

-Тухайн үед МҮОНТ-ийн Хүүхэд танин мэдэхүйн редакцаас  “Шат” нэртэй нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэдэг байлаа. Өнөөгийнхөөр бол “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлэгтэй төстэй, дунд сургуулийн хүүхдүүдийг мөрөөдлийн мэргэжилтэй нь холбож өгдөг их сонирхолтой нэвтрүүлэг л дээ. Би тэр нэвтрүүлгийг ихэд шимтэн үздэг байлаа. 2005 оны хавар гэрийнхэнтэйгээ ярилцаж байгаад тус нэвтрүүлгийн редакц руу захидал бичив ээ. Гэтэл миний захидал очсон үгүй нь ч тодорхойгүй алга болов. Ингээд мэргэжил сонголтын шийдвэрлэх шалгалт буюу ЭЕШ-аа ТЗДС-д элсэхээр өгсөн ч амжилт олоогүй. Тухайн үед ТЗДС-ийн шалгалтыг бусад их дээд сургуулиудаас эрт, тусад нь зохион байгуулдаг байлаа шүү дээ. Ингээд ХААИС-ийн Ургамал хамгаалал, хорио цээрийн ангид элсэн орсон. Гэтэл арваннэгдүгээр сард МҮОНТ-ээс нар руу яриад “Захидлыг тань хүлээн авлаа. Нийт оролцогчдоос таных тэргүүн байрыг эзэлсэн. Бид ТЗДС-ийн удирдлагатай холбогдлоо. “Дорноговиос ийм хүсэл мөрөөдөлтэй хүүхэд манай сургуульд элсэхийг хүсэж байгаад баяртай байна. Дөрвөн жилийн бакалаврын ангидаа урилгаар авъя” гэсэн хариултыг өгсөн. Танд баяр хүргэе” гэх нь тэр. Ингээд ТЗДС болон МҮОНТ-тэй холбогдоод хоёр хоногийн турш телевизийн зураг авалтад оролцов. Дараа нь төмөр замын мэргэжлийг сурталчлах өдөрлөг зохион байгуулах үеэр надад ТЗДС-д элсэн суралцах урилга гардуулсан. Ингэхдээ “Одоо нэгэнт хичээл сургалтын үйл ажиллагаа эхлээд бүтэн улирал явсан учраас хичээлийн хоцрогдол үүснэ. Тиймээс ирэх хичээлийн шинэ жилээс хүсэж мөрөөдсөн мэргэжлийнхээ дагуу суралцаарай” гэсэн. Товчхондоо би ингэж л хүссэн мэргэжлээрээ жилийн дараагаас суралцаж эхэлсэн.

 

-Танай байгууллагын хашаанд “амьд” мэт дүрслэлтэй төмөр хөшөөнүүд байдаг. Үүнийг та хийдэг гэж сонссон учраас “Хобби” буландаа урьсан юм?

 

-Зүтгүүрийн хуучин эд ангиудыг нийлүүлж, бүтээл хийх санаачилга маань 2014 оноос эхлэлтэй. Тухайн үед намайг Засварын цехийн “1Б” ээлжийн мастераар ажилладаг байхад Засвар эрхэлсэн орлогч дарга Г.Ганзам биднийг Дархан татах хэсгийн үйл ажиллагаатай танилцуулах гурав хоногийн албан томилолт өгөөд явуулсан юм. Ингээд бид Дархан хот руу машинаар очих замд Дархан төмөрлөгийн үйлдвэрийнхний хийсэн хөшөө анхаарал татсан. Гэтэл Дархан татах хэсгийн үүдэн дэх зүтгүүрийн хуучин эд анги ашиглаж хийсэн засварчны хөшөө шууд нүдэнд туссан. “Энэ ямар гоё санаа вэ. Бид ер нь яагаад ийм бүтээл хийж болохгүй гэж” гэсэн бодол зурсхийн орж ирсэн. Энэ бүтээлийг ганцаараа хийх боломжгүй учраас өөрт төрсөн санаагаа цехийн хамт олондоо ч дуулгасан. Тэд маш сайхан хүлээж авсан. Гэхдээ яг юу хийх вэ гэдэг санаа тодорхойгүй байсан учраас депогийн дарга  нартайгаа санал солилцсон. Хуучин эд анги ашиглах зөвшөөрөл авах хүсэлтэй байгаагаа ч дуулгасан. Б.Гантөмөр дарга “Ундрахаа, ийм шинэ санаа гаргаж байгаа чинь маш сайн. Би бүх талаар дэмжинэ” гээд л тэр даруй нь Г.Ганзам даргад үүрэг өгсөн. Ингэхдээ “Чи бид хоёул говийн залуус. Өсөж төрсөн нутагтаа сайхан ч ажиллаж, амьдарч байна. Тиймээс говийн догшин ноён хутагтын сахиусыг анхны бүтээлдээ шингээвэл ямар вэ. Чи хийж чадах уу?” гэсэн. Ингээд “Хун шувуу, Хилэнц, Динозавр гэсэн гурван сахиусаас алийг нь түрүүлж хийх тухайгаа санаа бодлоо солилцож, ерөнхий зургаа гаргаж байгаад 2015 онд анхны бүтээл болох хилэнцээ хийж байлаа. Манай цехийн хамт олон зуны гурван сарын турш ажиллаад аравдугаар сард анхны цаснаар суурилуулж байсан. Суурийг нь манай аж ахуйн цехийнхэн хийж өгсөн.

 

-Анхны бүтээлд хэчнээн эд анги оруулж байв?

 

-30-40 эд анги оруулсан санагдана. Тухайн үед нэг бүрчлэн бичиж тэмдэглэж, нийт жинг нь хүртэл тодорхой гаргаж авсан. Тэр тэмдэглэлийн дэвтрээ хайгаад олсонгүй. Биднийг бүтээлээ байрлуулсны дараа зөвхөн татах хэсгийнхэн төдийгүй аймаг орон нутгийн удирдлагууд хүртэл сонирхож, бидэнд маш их урам өгсөн. “Та нар яаж ийм гоё бүтээл хийв ээ. Ийм гоё санааг яаж олов оо” гээд л... Анхны бүтээлээ хараад, сонирхсон хүмүүст нь танилцуулаад зогсож байх тэр мөч үнэхээр гоё байсан. Тухайн жилдээ байгууллагаас авч болох бүх шагналыг би болон манай цехийнхэн авсан. Анхны бүтээл маань ер нь бидэнд өндөр урам зориг өгсөн дөө.

 

-Гурван сар гэхээр маш их хөдөлмөр, хичээл зүтгэл орж. Үндсэн ажил, амралтын горимоо хэрхэн зохицуулж байв?

 

-Энэ бол 100 хувь сайн дурын ажил шүү дээ. Бүгд хийе бүтээе гээд зорьсон. Ээлжээ хоёр хуваагаад ажилласан. Мэдээж үндсэн ажлынхаа ээлжинд ажиллаж байгаа болон хувийн шалтгаантай хүмүүс тухайн үедээ түр завсарлах шаардлага гарна. Арай зав чөлөөтэй нь байхгүй нэгийгээ нөхнө гээд бүгд хүсэл зорилгоо нэгтгэсэн учраас амжилттай ард нь гарсан. Хүн тэгээд хийхийг хүссэн, дуртай зүйлдээ яаж ийгээд л цаг гаргаж чаддаг юм билээ.

 

-Одоо хэчнээн бүтээл хийгээд байна вэ. Нууц биш бол цаашдаа хийхийг зорьж байгаа бүтээлийнхээ тухай мэдээллийг манай уншигчдад хүргэж болох уу?

 

-Өнгөрсөн есөн жилийн хугацаанд хийсэн бүтээлээ дурдвал, 2015 онд хилэнц, 2020 онд батаар динозавр, 2021 онд нисдэг динозаврыг чулуун цөөрмийн хамт, 2022 онд засварчин Э.Гаадамба, Бямбадорж, Мөнхсүмбэрэл нарын гурван залуу маань  бас нэг өөр төрлийн динозаврыг хийсэн гээд нийт дөрвөн бүтээлтэй боллоо. Сүүлийн бүтээлд нь би яг гардаж оролцоогүй. Ерөнхий санаа, зураг, шаардлагатай материал цуглуулах зэрэгт нь л чадах хэмжээндээ туслалцаа үзүүлсэн.  Ер нь, ийм бүтээлийг хийе гэсэн хүсэлтэй бүхэн нь хийж чадахгүй. Тодорхой хэмжээнд гарын дүйтэй, мэргэшсэн хүмүүс байх ёстой юм. Ялангуяа, цахилгаан аппаратын группийн засварчин Э.Гаадамба надтай маш сайн хамтарч, гол түшиг болж яваа гэдгийг энд онцлон дурдах нь зүйтэй болов уу. Сүүлийн бүтээлийг Э.Гаадамба маань удирдсан. Бид хоёрын хувьд цаашид хийхээр зорьж, зураг төслийг нь боловсруулсан хоёр ч ажил бий. Гэхдээ одоохондоо энэ талаар дэлгэрэнгүй яримааргүй байна(инээв).

 

-Та нарынхтай ижил төстэй бүтээл Монголд нэг их байхгүй болов уу. Олон улсад чухам хэр түгээмэл байдаг юм бол?

 

-2015 онд бид анхны бүтээлээ хийж байх үед Равжаа хутагтын музейгээс эхлээд тухайн үеийн орон нутгийн удирдлагууд ч холбогдож байсан. “Ийм гоё бүтээлийг зөвхөн байгууллагынхаа хашаанд битгий зэврүүлээд бай. Олон нийтэд илүү хүртээмжтэй болго. Аймгийнхаа төв саадад оруулж болохгүй юм уу?” гэхчлэнгээр ярьсан. Тухайн үед Равжаа хутагтын музейн захирал агсан З.Алтангэрэл ах намайг дуудаад “Миний дүү бүтээлээ оюуны өмчийн газарт бүргүүлж патентжуул. Яг ийм бүтээл дэлхийд огт байхгүй шүү” гэж байсан. Миний хувьд энэ чиглэлийн мэдлэг, мэдээллээр хомс учраас яг одоогоор оюуны өмчид бүртгүүлж амжаагүй л явна. Ийм төрлийн бүтээл хийдэг залуучууд мэр сэр байдаг л юм билээ. Гэхдээ яг бидэн шиг нэг байгууллагад ажилладаг залуусын хамтын бүтээл байхгүй. Интернэт олон нийтийн сүлжээнд иймэрхүү бүтээл хийдэг гадаадын уран бүтээлчид байдаг юм билээ. Гэхдээ яг зүтгүүрийн эд ангиар дагнан хийсэн нь чухам байдаг үгүйг мэдэхгүй юм.

 

-Илчит тэрэгнийхээ эрэг боолтны хэлбэр хэмжээ, хийц загварыг нэг бүрчлэн мэддэг хүмүүсийн хувьд ийм бүтээл хийхэд илүү дөхөм байсан байх?

 

-Тийм шүү. Тийм эд ангиар нь бүтээлийнхээ хөлийг хийе, сүүлийг хийе. Энэ хэсэг нь толгой, нүдэнд нь яг таарна ч гэх юм уу бүх хэлбэр хийц нь тодорхой учраас шууд зургаа гаргаад явдаг. Бүтээлээ хийгээд дууссаны дараа аймаг орон нутгийн удирдлагууд ирнэ. Гадны хүн манай депо руу орж ирээд маш их сонирхоно. Депогийн маань удирдлагууд тэдэнд танилцуулаад дэргэд нь зураг хөргийг нь авч өгч байхыг хүртэл хөндлөнгөөс харахад маш их урам зориг авдаг. Мэргэжлээ, депогоо, хамт олноо сурталчлах хэмжээний бүтээлийг бид хийж чадсан гэж бодох сайхан шүү. Үүнд л бидний бүтээлийн үнэ цэн оршдог.

 

-Хамгийн их хугацаа зарцуулсан бүтээл нь юу вэ?

 

-2022 онд бид зөвхөн динозавр бус хажуугаар нь чулуун цөөрөм хийсэн учраас их хугацаа зарсан. Тухайн үед ажиллаж байсан манай найз Бямбадоо агсан ээлжийнхнээ оролцуулж, сэтгэл зүтгэлээ зориулж ажилласан. Энэ бол яах аргагүй бид хоёрын хамтын бүтээл л дээ. Энд бас нэг хүнийг дурдахад манай депогийн даргаар ажиллаж байгаад Зүтгүүрийн аж ахуйн алба руу дэвшсэн Б.Мөнх-Оргил даргатай сүүлийн хоёр ч бүтээл дээрээ хамтарч ажилласан. Дарга маань батаарын  зургийг гаргахад санаа оноогоо оруулахаас эхлээд маш сайн дэмжсэн. Тухайн үед Б.Мөнх-Оргил дарга “Хоёул депогоо цаашид юүрийн галавын цэцэрлэгт хүрээлэн шиг болгоно шүү, Ундрахаа” гэж хэлж байсан. Тэгэхээр бидний хийх ажил, хүсэл мөрөөдөл илүү их байгаа л гэсэн үг.

 

 

-Төмөр замчин болох нь яах аргагүй таны зураг төөрөг байж дээ?

 

-Намайг сурагч байхад Сайншанд суманд хүүхдийн сагсан бөмбөгийн “Бамбар” нэртэй тэмцээн болдог байсан. Тус тэмцээнд Сайншанд дахь 10 жилийн гурван сургууль, МСҮТ, Зүүнбаян гээд таван газар тус бүрээс нэг баг бүрдүүлээд ширүүн өрсөлддөг байв. Би хэдийгээр тоглолтод нь оролцож байгаагүй ч үзэгчийн хувиар байнга очдог байлаа. Тэр үед Сайншанд татах хэсгийнхэн гээд булчин шөрмөс нь зангирсан гоё ах нар оролцож, байнга түрүүлнэ. Ойр дотны хүмүүсээс минь ч төмөр замд мэр сэр ажиллана. Тэдний яриа, өмссөн хувцас, өөрийгөө авч яваа байдал гээд олон талаар нь татагдсаар энэ мэргэжлийг сонгох чин хүсэл эрмэлзэлтэй болсон юм болов уу. Энэ сайхан мэргэжилтэй холбогдоод 18 жил боллоо. Энэ хугацаанд “Байгууллагын аварга”-аар хоёр ч удаа шалгарч, “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр хүртэл шагнуулсан. Сайхан хамт олонтой, өнөр өтгөн гэр бүлтэй боллоо. Манайх дөрвөн хүүхэдтэй, ам бүл зургуулаа амьдарч байна. Гэр бүл минь амар тайван, элэг бүтэн, эрүүл саруул байна гэдэг эзэмшсэн мэргэжил, хөдөлмөрийн хамт олны минь л буян.

 

-Сайншанд татах хэсэг бол хамгийн урт мөрөнд аялсан илчит тэргийг хүлээн авч, аялалд гаргадаг нэлээд өндөр ачаалалтай байгууллага. Ялангуяа, ажлын эхэн үеэ эргэн харахад хамгийн тод санагддаг дурсамж тань юу вэ?

 

-Намайг ажлын гараагаа эхлүүлэх үед депогийн дарга Б.Гантөмөр (УБТЗ-ын Хөдлөх бүрэлдэхүүн эрхэлсэн орлогч дарга), Засвар эрхэлсэн орлогч дарга Г.Ганзам (Зүтгүүрийн аж ахуйн албаны Засварын чанар, хяналт хариуцсан байцаагч) байлаа. Депогийн даргатай уулзсаныхаа дараа, засвар эрхэлсэн орлогч даргад бид нар шалгалтаа өгөөд Цахилгаан аппаратын цехийн засварчнаар томилогдсон. Боолт түлхүүрийн толгой нийлүүлсэн анхны ажил маань цахилгаанчин байсан л даа. Цахилгаан аппаратын өндөр зэрэгтэй засварчин  Амартүвшин, Намсрайсүрэн гээд ажил мэргэжлийн талбартаа хэдийнээ туршлагажсан олон сайхан ах нарынхаа халамжид их ч зүйлийг сурсан. Юугаа ч мэдэхгүй залуу засварчин ах нарынхаа тусламжтайгаар ажлын байрандаа дадаж, гэмтлээ олж засчихаад галт тэргийг холын аялалд гаргах тэр мэдрэмж ямар сайхан гэж бодно. Манайх Улаанбаатар татах хэсэгтэй адил бүх илчит тэргийг деподоо оруулж үзлэг хийх боломжгүй болохоор өртөөн дээр үзэж, шаардлагатай засварыг тэнд нь хийх шаардлага ч гарна. Цаг хугацаанд шахагдсан өндөр хариуцлагатай ажлыг бүрэн дүүрэн гүйцэтгэнэ гэдэг засварчин хүний бас нэгэн бахархал юм даа.

 

-Орчин цагийн залуус ажлын ачааллаас амархан шантарч байна гэдэг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

 

-Илчит тэргийг хүнтэй төсөөлбөл эмч нь засварчид гэсэн үг шүү дээ. Тухайн үед 15-16 засварчин нэг ээлжинд ажилладаг байсан бол одоо 20 шахам засварчин ажиллаж байна. Гэмтлийг нь илрүүлээд засах хүртэлх хугацаанд эдгээр хүмүүс яг нэг хүн шиг нэгдэж байж үндсэн зорилгодоо хүрнэ. Тиймээс ажлын байранд дөнгөж гарч байгаа залуусаа зааж сургана. Ажлын дараа хувь хүнийх нь амьдрал ахуйд тулгамдсан асуудал ч хамт олны сэтгэлээр туслалцаа үзүүлнэ гээд хамтын хөдөлмөрийн амт, хамт олныхоо хүчийг мэдрэхийн хэрээр ажилдаа улам дурладаг юм болов уу гэж боддог. Ингээд хувь хүнийхээ мэдлэг, хичээл зүтгэлээс шалтгаалаад сайндаа л 7,8 сарын дараа бусдыгаа удирдаж эхэлнэ. Ээлжийн мастер, ахлах мастер гэхчлэнгээр албан тушаалын зэрэг ахиж, цалин хангамж ч нэмэгдэнэ. Зүтгүүрийн инженерээр төгсөж ирж байгаа залуусын нэг давуу тал нь тухайн салбартаа өөрөө дадлага туршлагатай болчихвол дараа дараагийн мест нь нээлттэй хүлээж байдаг. Том байгууллага учраас албан тушаалын хөрвөх чадвар ихтэй. Тэгэхээр энэ мэргэжлээр өөрийгөө дайчлаад чадавхжаад дэвшээд явах уу, эхлээд удалгүй замаасаа буцах уу гэдэг нь тухайн хувь хүний л сонголтын асуудал.

 

-Цаг зав гарган сонирхолтой ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

 

 

Б.Дэлгэрхишиг