Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Таны хариуцан ажиллаж байгаа хорооны үйл ажиллагаанаас хоёул яриагаа эхлүүлбэл зүйтэй болов уу?

 

-“Ган зам” сонины нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Миний аав УБТЗ-д машинчаар насаараа ажилласан Буяа гэж хүн бий. Би Дарханд төрж, өссөн. Уугуул соёлоо дагасан бол яалт ч үгүй төмөр замчин болох байсан байх. Өсөж торнисон, сурч хүмүүжсэн орчин болохоор ч тэр үү, төмөр замынхан сэтгэлд ойр санагддаг. Таны асуултад хариулахад, Монгол Улс одоогоор агаарын зургаа, БНХАУ-тай 17, ОХУ-тай 16 боомтоор хиллэдэг. Үүнээс авто замын 27, төмөр зам, агаарын тээврийн тус бүр зургаан боомт бий. Энэ зөвхөн хоёр улс хоорондын эрх зүйн бичиг баримтад албан ёсоор тусгагдсан боомтууд.  Зарим нь улирлын чанартай,  үлдсэн нь байнгын горимоор ажилладаг. Эдгээр боомтууд улсын эдийн засагт харилцан адилгүй үүрэг оролцоотой. Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогыг батлан хэрэгжүүлж байгаа. Энэхүү бодлогын хүрээнд зургаан үндсэн зорилт дэвшүүлсний тэргүүлэх зэрэгт нь "Боомтын сэргэлт"-ийг тавьсан. Боомтын сэргэлтийг хийхгүйгээр Монгол Улсын эдийн засаг тэлэхгүй гэдэгтэй бүгд санал нэгдсэн.Анх 2012-2014 онд “Боомтын тухай хууль” баталж, Боомтын захиргааг байгуулсан. Харамсалтай нь ,2014 онд тус хуулийг УИХ-аас хүчингүй болгож, Боомтын захиргааг татан буулгасан. Харин өнөөгийн Засгийн газар дээрх шийдвэрийг буруу гэж үзээд боомт дээрх төрийн байгууллага болон хувийн хэвшлийн үйл ажиллагаа, үйл явцыг эзэнтэй  болгохыг зорьсон. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Шадар сайдаас гадна нийт 10 яам, таван агентлаг, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан Боомтын сэргэлтийн үндэсний хороог одоогоос жил гаруйн өмнө байгууллаа.Тус хорооны шууд удирдлагад нь Хилийн боомтын захиргааг ажиллуулж байна. Боомттой холбоотой асуудлуудад тухай бүрт нь тодорхой шийдвэрүүд гаргаж, дээр дурдсан яамдын хоорондын уялдааг зохицуулах байдлаар ажиллаж байна. Одоогоор таван аймагт Хилийн боомтын захиргаа, бусад боомттой аймгуудад хилийн Боомтын төлөөлөгч ажиллуулж байна.

 

-Одоо байгаа боомтуудыг мэдээж эрэмбэ дараалалтайгаар хөгжүүлэх байх?

 

-Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн бүтэц, чадавхыг аваад үзвэл бид үйлдвэрлэгч гэхээсээ худалдаачин үндэстэн юм. Нийт худалдааныхаа 90 гаруй хувийг хоёр хөрштэйгөө хийж байна. Тэгэхээр хоёр хөрш маань манай  худалдааны үндсэн хөдөлгөгч хүч, тодорхойлогч шалгуур нь болж байна гэсэн үг. ОХУ-тай нефтийн гаралтай бүтээгдэхүүн, химийн болон тэсрэх дэлбэрэх бодис, ХАА-н бүтээгдэхүүн, БНХАУ-тай голцуу уул уурхайн бүтээгдэхүүн, нөгөө талаасаа импортын бараа буюу Монголчуудын үндсэн хэрэглээ болсон барилгын материал, хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний барааны худалдааг хийж байна. Яг өнөөдөр, Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөтэй ажиллаж байгаа цөөн хэдэн боомт бий. Гэвч цөөн боомттой байх нь Монгол Улсын эдийн засагт ямар эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэж болзошгүйг 2019-2022 оны хооронд гарсан  цар тахлын нөлөө  маш бодитоор мэдрүүллээ. Хөрш улсад ямар нэгэн шалтгаанаар хорио цээр тогтоолоо гэхэд бидний хооронд явж байгаа худалдааны эргэлт шууд зогсдог. Дээр дурдсанчлан, худалдааны бүтэцтэй эдийн засагтай манай шиг орны хувьд худалдааны эргэлт зогсох нь ард иргэдийнх нь амьдралд маш өндөр өртөг, зардал, хохирол болж ирдэг. Тиймээс аль болох хилийн гарцаа нэмэгдүүлж, гадаад худалдаагаа олон сувгаар өргөжүүлэх, бараа бүтээгдэхүүнээ олон боомтоор нэвтрүүлэх нь чухал. Ингэснээр бидний хувьд эдийн засгаа хамгаалах, иргэдийн амьдралын өртөг өсөхгүй, тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа.

 

- “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд боомтуудыг олон улсын зэрэглэл, стандартын дагуу хөгжүүлэхээр  төлөвлөсөн ажлын явц  хэдий хэмжээний гүйцэтгэлтэй байгаа вэ?

 

- ОХУ-тай хиллэдэг Цагааннуур боомтын хүчин чадлыг өргөтгөхөөр ажиллаж байна. Боршоо боомтын өргөтгөлийг хийгээд энэ сард бүрэн хэмжээнд хүлээж авахаар бэлтгэж байна. Энэ зун тус боомтын үйл ажиллагааг хэсэгчилсэн байдлаар нээхэд иргэдийн хөдөлгөөн, гадаад худалдааны хэмжээ эрс нэмэгдсэн. Төмөр замын Сүхбаатар боомтыг өргөтгөж, төрийн байгууллагуудын “Нэг цэг”-ийн үйлчилгээг бий болгон өнгөрсөн онд ашиглалтад орууллаа. Мөн авто замын Алтанбулаг боомт дээр ачаа тээврийн хэсгийг нь хэсэгчлэн ажилд оруулсаар энэ сард бүрэн хэмжээгээр нээлээ. Ирэх жил зорчигч тээврийн хэсгийг нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Цаашлаад ОХУ-тай хиллэдэг Ульхан, Эрээнцав боомтын статусыг нь өөрчлөх. Ажиллах горимыг нь олон улсын зэрэглэлд нийцсэн байнгын ажиллагаатай болгохоор ОХУ-тай ярилцаж байна. Баруун, зүүн гэж бүсчлээд ОХУ-тай худалдаа хийх, зорчигч нэвтрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжуудыг нээх чиглэлийн ажил хэдийнэ эхэлсэн. БНХАУ-тай хиллэдэг боомтуудыг авч үзвэл ирэх жилээс баруун талдаа Ховд аймгийн Булган боомтыг өргөжүүлнэ. Ихэвчлэн уул уурхайн нурмаг ачаа, эрдэс баялаг гаргадаг энэ боомтыг ачаа, транзит,  зорчигч тээврийн  тус тусдаа гарцтай, олон улсын жишигт нийцсэн байдлаар өргөжүүлэхээр БНХАУ-ын талтай ярилцаж байна. Мөн түр ажиллагаатай Байтагийн боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлэхээр дэд бүтэц тавих ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ярилцаж байна. Энэ хэлэлцээр амжилттай болбол ирэх жилээс бас нэгэн шинэ боомт ашиглалтад орох нь гэж ойлгож болно. Наашлаад Шивээхүрэн боомт дээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд чингэлэг тээврийн терминалыг байгуулж, ашиглалтад оруулсан. Мөн төмөр замын холболтыг БНХАУ-ын талтай харилцан тохиролцож, хилийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Ирэх оны нэгдүгээр улиралд дуусгахаар ажиллаж байна. Энэ бол баруун бүсэд БНХАУ-тай хиллэдэг боомтуудад хийж байгаа ажил. Түүнчлэн, Гашуунсухайт боомтын өргөтгөлийг эхлүүлж байгаа. Тус боомт нь Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөтэй боомтуудын нэг. Энэ утгаараа одоо байгаа терминал, гарц, орцыг олон улсын зээл тусламжаар өргөтгөж байна. Ажлын явц 60 хувийн гүйцэтгэлтэйгээр үргэлжилж байна. Тэгэхээр ирэх онд тус боомтын хүлээн авч нэвтрүүлэх хүчин чадал  хэд дахин нэмэгдэнэ. Дээрхээс гадна Мандал боомтод төр, хувийн хэвшлийн хамтын хүчээр чингэлэг тээврийн олон төрөлтийн терминалыг барьж, тус боомтыг төмөр замын сүлжээнд холбосон. Мөн энд Хятадын талдаа төмөр замын гарц нээх яриа хэлэлцээр явагдаж байна. Мандал боомт хэдийгээр протоколд тусгагдаагүй ч Монгол Улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой боомт юм. Наашлаад Замын-Үүд боомтын ачаа, зорчигч тээврийн терминалуудыг саяхан ашиглалтад оруулсан. Үйл ажиллагаа нь жигдэрсний дараа буюу ирэх нэгдүгээр сард албан ёсоор нээнэ. Монгол Улс импортын ачааныхаа дийлэнх хувийг энэ боомтоор авдаг учраас ачааллыг нь бусад чиглэл рүү жигд тараах, үйл ажиллагааг нь илүү хурдан болгох нь зөвхөн манай улс төдийгүй хөрш орнуудын хувьд ч чухал. Яагаад гэхээр, энэ боомт Монгол-Орос-Хятад гурван улсын эдийн засгийн коридорын өмнөд хэсэг төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Транзит Монгол” бодлогын зангилаа юм. Тиймээс Замын-Үүдийн хөгжил нь боомтын сэргэлтийн хэсэгчилсэн төлөвлөлтөөс гадна бүс нутаг, орон нутгийнхаа хэмжээнд өндөр ач холбогдолтой. Түүнээс гадна тус боомтыг 24 цагийн ажиллагаатай байлгахыг БНХАУ-ын талтай тохиролцож, энэ сарын 16-наас 14 хоногийн хугацаанд 24 цагаар туршилтаар ажиллуулах бэлтгэлийг хангаж байна. Зүүн чиглэл рүү яривал, Бичигт боомт нь манай улсын эдийн засгийн зүүн транзит коридор. Энэ боомтоор хамгийн богино замыг туулж далайд хүрэх боломжтой. БНХАУ-ын талаас ч уг боомтын хөгжилд онцгой анхаарал хандуулж байгаа. Өнгөрсөн зунаас дээрх боомтын гарц, орцыг хөгжүүлэх санхүүжилтийг шийдвэрлэлээ. 2024 оны арванхоёрдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн. Эдгээрээс гадна Сүмбэр, Баянхошуу, Хавирга боомтуудад авто зам тавих, тусгай зориулалтын терминалуудыг барих зэргээр ажиллаж байна.

 

- Одоогоор агаарын тээврийн хоёр л боомт ажиллаж байна уу?

 

-Агаарын тээврийн боомтуудаас одоогоор “Буянт-Ухаа”, “Чингис хаан” олон улсын нисэх буудал хоёр л үйл ажиллагаагаа явуулж байна. Бусад дөрвөн боомтын дэд бүтцийг сайжруулна. Энэ үүднээс ЗТХЯ тус боомтуудыг өргөжүүлэх, олон улсын нислэг авах, ачаа тээврийн HUB, логистик болгох зорилго бүхий концессыг зарласан. Эрх зүйн хувьд Дорнод аймгийн Чойбалсан, Өмнөговийн Даланзадгад, Ховд, Увс аймгийн нисэх буудлуудыг олон улсын чанарын боомт болгох шийдвэр гарсан. Эхлээд хууль эрх зүй, дараа нь дэд бүтцийг хийснээр тус буудлуудын үйл ажиллагаа нь жигдэрэх юм. Ер нь, Монгол Улсын хилийн боомтуудыг бүсчлээд зүүн, баруун, төвийн бүсдээ агаар, авто зам, төмөр замын боомттой, идэвхтэй худалдаа хийх нөхцөл  бүрдэнэ. Ингэж цогцоор нь хөгжүүлснээр, дээр дурдсанчлан Монгол Улсын өмнө тулгарсан эрсдэлтэй нөхцөл байдлуудыг бүрэн шийдвэрлэж, худалдааны эргэлтээ хамгийн багадаа гурав дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан.

 

- Хоёр хөршийн худалдааны хэмжээ улам өсөж байна.  Иймд бид боомтын бүтээн байгуулалтуудаа яаравчлах,  өргөжүүлэх хэрэгтэй  санагдаж байна?

 

-Одоогоор бид таван боомтын бүтээн байгуулалтыг эхлүүлж,  Увс аймгийн Боршоо, Дорноговь аймгийн Замын-Үүд боомт хоёрын бүтээн байгуулалтыг бүрэн дуусгасан. Сэлэнгийн Алтанбулагийн боомт 60, Өмнөговийн Гашуунсухайт 50 хувьтай, Сүхбаатарын Бичигт боомтын бүтээн байгуулалт өнгөрсөн зунаас дөнгөж эхэлж, ирэх жил дуусгах төлөвлөгөөтэй байна. Боомтын орц, гарцтай холбоотой бүтээн байгуулалтын ажлуудыг 1.5-2 жилд хийж дуусахаар төлөвлөж байгаа. Өмнөх бүтээн байгуулалт өрнүүлсэн боомтуудын тухайд ковидын үе таарсантай холбоотойгоор хугацаа алдсан тохиолдол бий. Ирэх жилээс бид баруун аймагт Цагааннуур, Булган боомтын  бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Энэ хоёр бол Орос-Монгол-Хятадын эдийн засгийн баруун босоо тэнхлэг болсон авто замын боомтууд. Үүгээр транзит тээвэр явна. Манай улс БНХАУ, ОХУ-тай худалдаа хийнэ. Булган боомт нь Хятадаар дамжаад Пакистан болон Европын орнууд руу явах “Бүс ба зам”-ын үндсэн зам руу холбогддог. Цагааннуур боомтын тухайд зөвхөн ОХУ төдийгүй Төв Азийн улсууд, станы орнууд руу дамжин орох боломжтой юм.Тэгэхээр энэ хоёр боомт Монгол Улсын баруун чиглэлийн худалдааны үндсэн том гарцууд юм. Энэ жил АН4 авто зам бүрэн ашиглалтад орсноор эдгээр боомтын ачаалал эрс нэмэгдсэн. Монгол, Хятадын худалдаанаас гадна хоёр хөршийн хоорондын худалдаа үлэмж өссөн учраас энэ боомтуудыг нэн тэргүүнд өргөжүүлэхээр ажиллаж байна.  Зүүн талдаа уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна аялал жуулчлалын чиглэлд Хавирга боомт маш том үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна.  Энэ боомтоор дамжаад Манжуур, Хятадын зүүн хойд бүс нутаг, Оросын Алс Дорнод руу худалдаа хийж, аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломжтой. Дээрээс нь, боомтоор тус  иргэд Чойбалсан хотоос маш ойрхон зайд зорчин худалдаа, аялал жуулчлал хийх боломжтой гэдгээрээ онцлогтой. Авто зам тавих, өргөжүүлэх чиглэлд Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч байна. Бидний зорилт бол 2032 он хүртэл 2966 км авто замыг “Мянганы зам”-тай холбохоор төлөвлөсөн. Энэ жилийн хувьд нийт 680 км авто зам барьсан. 2025 он гэхэд нийт 1740 км авто замыг барьж, боомтуудаа “Мянганы зам”-тай, сум, аймгийн төвтэй, мөн уул уурхайн ордуудтай шууд холбохоор ажиллаж байна. 2027-2030 оны хооронд 4800 км орчим замыг барихаар төлөвлөсөн.

 

-Сүүлийн жилүүдэд төмөр замын боомт руу чиглэсэн бүтээн байгуулалт нэлээд эрчимтэй явлаа?

 

-Төмөр замын салбарын тухайд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Монголчууд өөрсдөө энэ бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийж чаддаг гэдгээ харууллаа. Хөндлөн төмөр замын бүтээн байгуулалтыг дуулиантай ч гэсэн өмнөх Засгийн газрууд барьж дуусгасан. Энэ Засгийн газрын хувьд Тавантолгойн бүлэг ордоос хилийн Мандал боомт руу барих төмөр замын бүтээн байгуулалтыг дуусгалаа. Дээр нь, Зүүн босоо тэнхлэгийн төмөр замын коридорын Бичигт-Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын концессыг зарлаж, гүйцэтгэгч нь шалгарч гэрээ байгуулж байна. Үүнтэй холбоотойгоор хилийн төмөр замуудын ажлыг гардан зохион байгуулж байгаа гэж ойлгож болно. Мөн Гашуунсухайтыг Хятадын Ганцмод боомттой холбох ажил олон жил яригдсаныг та бүхэн мэднэ. Энэ Засгийн газар тухайн бүтээн байгуулалтыг яаралтай өрнүүлэхээр ажиллаж байна. Харамсалтай нь, Хятадын талтайгаа мэдээллээ дутуу солилцож ирснээс улбаалж нэлээд өндөр зардал, хүнд нөхцөлтэйгөөр холболтын төмөр замыг хийж байгаа. Холболтын цэг нь зөрсөн гээд хаялгүйгээр нэгэнт барьсан төмөр замыг илүү үр ашигтай болгохоор ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зургадугаар сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ энэ асуудлыг онцгойлон тавьж, хэлэлцээрийг 2023 онд бүрэн дуусгаад 2024 онд бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэрт хүрсэн. Энэ хүрээнд УИХ-аар тодорхой тогтоолыг батлуулж, Засгийн газраас гурван ч ажлын хэсгийг гарган дээрх бүтээн байгуулалтыг маш урагштайгаар явуулж байна. Дээр нь, миний дурдсанчлан баруун босоо тэнхлэгийн урд цэг болох Шивээхүрэнгийн боомтыг Сэхэ боомттой холбох нарийн төмөр замын бүтээн байгуулалтыг ирэх оны нэгдүгээр улиралд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

-Төмөр замын бүтээн байгуулалтуудыг хөрш орнуудын зүгээс хэрхэн дэмжиж байгаа вэ. Өмнөх шигээ холболцлын цэг зөрүүтэй, мухар төмөр зам болох эрсдэл гарах вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд байна?

 

- БНХАУ-тай хиллэж байгаа  17 боомтын дөрөв нь төмөр замынх. Үүнээс нэг нь байнгын ажиллагаатай. Харин Бичигт, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг бид шинээр холбох асуудлыг  Хятадын талтай бүрэн тохирсон. Бүтээн байгуулалтыг яаралтай дуусгана. Үүнээс гадна бид Хятадын талтай нэг том зүйлийг тохирох ёстой. Төмөр замаар холбоно гэдэг нь зөвхөн дэд бүтцийг л бий болгож байгаа юм. Хамгийн гол нь, тухайн төмөр зам дээгүүр явах ачаа, худалдааны тоо хэмжээ, Хятадын дотоодынх нь төмөр замын ачаалал дотор Монголчууд оруулсан ачаагаа хэрхэн нэвтрүүлэн, өнгөрүүлэх вэ? Энэ бол асуудал. Уг квотыг авахын тулд ямар хэмжээний ачааг солилцох вэ, мөн ОХУ, БНХАУ хооронд транзит урсгалаар ямар ачаа бараа солилцож байна вэ гэдэг дээр  эдийн засгийн тооцоо судалгааг хийх нь чухал. Монгол Улс БНХАУ-тай худалдааны хэлэлцээр хийж байж энэ бүхэн тодорхой болно. БНХАУ-ын төмөр замын ачаалал чинээндээ тулчихсан, ОХУ-ын төмөр замын ачаалал ч дээд хязгаартаа дөхчихсөн байгаа энэ үед Монгол Улс шинээр төмөр замын холболт хийхэд мөн л ачаалал нэмэгдэнэ гэсэн үг.  Нэг ёсондоо, холболт хийх асуудал Ханги-Мандалын боомтоос бусад нь тодорхой хэмжээнд шийдэгдчихсэн учраас одоо тээвэр, худалдаа эрхэлдэг, эдийн засгийн тооцоо судалгаа гаргадаг төр, хувийн хэвшлийн салбарынхны оролцоо нэн чухал юм. Хилийн холболт хийгдсэн ч ачаа явуулах боломж хомс байвал үр ашгаа өгч чадахгүй. Тэгэхээр энэ ажлыг одооноос хийх хэрэгтэй байна.

 

-Оросын талаас манай шинэ төмөр замуудын бүтээн байгуулалтад ямар үүрэг оролцоо, дэмжлэгтэй байна вэ?

 

-Өнгөрсөн намар ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссынхон нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр ирж, Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээр хийснийг та бүхэн мэднэ. Энэ үеэр ялангуяа манай хоёр улсын хамтарсан нийгэмлэг УБТЗ-ыг өргөтөх, шинэчлэх асуудалд өндөр ач холбогдол өгч ярилцсан. Тус нийгэмлэгийн хүчин чадлыг богино хугацаанд нэмэгдүүлэх, хөдлөх бүрэлдэхүүн, зүтгүүрийн паркийг шинэчлэх асуудлыг хөрөнгө оруулалтын хэлбэрээр шийдвэрлэхээр тохиролцсон. Мөн өнөөгийн суурь бүтцээ өргөжүүлэх, цаашлаад хос төмөр замтай болгох талаар  харилцан ярилцсан. Энэ төмөр замыг өргөжүүлэх нь ОХУ-ын Монгол Улс, БНХАУ-тай хийх худалдаа, цаашлаад УБТЗ-аар дамжаад Европыг Азитай холбосон худалдаа хийх чиглэлд чухал ач холбогдолтой.  Өнөөгийн геополитикийн нөхцөл байдлаас болоод тус төмөр замын ач холбогдол улам ихсэж байгаа гэдэг нь ч тэдний хандлагаас анзаарагдаж байгаа. Ер нь, аль аль талдаа гацаа үүсгэхгүй, хурдан шуурхай ажиллах нь хэн хэндээ л ашигтай. УБТЗ-ыг өргөжүүлэх, Улаанбаатар хотыг дайран өнгөрч байгаа хэсгийг Богдхан төмөр замтай холбох зэргээр хэд хэдэн төслийг бид ОХУ-ын талтай ярьж, богино хугацаанд шийдвэрлэхээр болсон. Зөвхөн үүгээр зогсохгүй Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа шинэ төмөр замын төслүүдэд ОХУ-ын талаас оролцох сонирхлоо илэрхийлдэг. Энэ чиглэлд бизнесийн зарчмаараа хамтран ажиллах бүх боломж нь нээлттэй. Монгол Улсын бүтээн байгуулалтын төсөлд гадны аль ч байгууллага харилцан ашигтай хамтран ажиллах талбар нь чөлөөтэй шүү дээ.

 

-“Алсын хараа 2050” бодлогын хүрээнд ямар төрлийн ачаа бараа, худалдааг хийх зорилт дэвшүүлж байгаа вэ. 2050 он гэхэд Монгол Улсын гадаад худалдаа тийм хэмжээнд хүрнэ гэсэн урьдчилсан тооцоог ч гаргасан байх?

 

-Эхний ээлжинд бид хөгжлийн зорилтуудаа 2030 оноор төлөвлөж байгаа. Жишээ нь, улсын эдийн засгийг 2030 он гэхэд өнөөгийнхөөс нь гурав дахин тэлэх бодлого барьж байна. Энэ хүрээнд боомтуудын хүчин чадлаа гурав,  түүнээс илүү олон  дахин сайжруулна. Боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна тэнд байгаа төрийн байгууллага, субъектүүдийн уялдаа холбоо, тэдний үйл ажиллагааг түргэвчлэх замаар боомтоор дамжин өнгөрүүлэх ачаа, зорчигч тээврийн хэмжээг нэмэгдүүлж байна. Уг зорилтынхоо хүрээнд 2023 онд Монгол Улсын түүхэнд байгаагүй олон рекордыг шинэчлэн тогтоолоо. Зөвхөн нүүрсний тээвэр л гэхэд 6-8 боомтоор дамжуулан БНХАУ-тай 60 сая тонныг борлууллаа. Монгол Улс өмнө нь хамгийн ихдээ 30 сая тонн нүүрс л экспортод гаргаж байсан. Энэ бол “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд тэнд ажиллаж байгаа байгууллагуудын уялдааг зохицуулж, төлөвлөлтийг зөв хийсний үр дүн юм. Цаашид өргөтгөл шинэчлэл хийсний дараа 2-3 дахин илүү амжилт гаргах боломжтой гэсэн үг. Зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна ХАА-н шинж чанартай бүтээгдэхүүнийг гаргах хэрэгтэй. Ер нь, улс орноо хөгжүүлэхийн тулд бид юу хийж чадаж байна  вэ, тэр бүхнээ олон улсын зах зээлд гаргах ёстой. Дээр нь, хилийн боомтоор нэвтрэх аялал жуулчлалын гарцыг шинээр нээж өгснөөр уул уурхайгаас ч илүү хэмжээний ашиг олох боломж бидэнд бий. Энэ ч утгаараа Боомтын сэргэлтийн үндэсний хорооны бүрэлдэхүүнд саяхнаас Аялал жуулчлалын яамыг оруулж ирсэн. Бидний гурав дахь том төлөвлөх ёстой зүйл нь БНХАУ, ОХУ хооронд хийж байгаа худалдааг өөрсдийнхөө газар нутаг, дэд бүтэц, нөөц бололцоонд тулгуурлан нэвтрүүлснээр ямар хэмжээний өртөг үлдээж болох вэ? Энэ хоёр том зах зээлийн дунд оршин байгаагийн хувьд худалдааны тоглолтод нь хэрхэн оролцож, үйлчлэх вэ? Үүн дээр  онцгойлсон бодлого гаргаж явах ёстой.

 

- Тантай санал нэг байна. Ер нь, Монгол Улс хоёр том гүрний дунд оршдог, далайд гарцгүй зэрэг нь зарим талаар эдийн засгийн хараат байх эрсдэлтэй ч үүнийг давуу байдлаар ашиглах боломж бий юу?

 

-Манай улс мөнхийн хоёр хөрштэй байгаа нь сул гэхээсээ давуу тал ихтэй. Бусад улс орнуудын хувьд БНХАУ, ОХУ-тай худалдаа хийхийн тулд заавал далайгаар дамждаг. Гэтэл бидэнд шууд худалдаа хийх боломж нээлттэй шүү дээ. ОХУ өөрөө түүхий эд, уул уурхай газар тариалангийн бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэгч орон. Тэгэхээр тус улсын экспортын бүтээгдэхүүнийг өөрийн газар нутгаараа дамжуулаад БНХАУ, цаашлаад далайгаар дамжуулаад дэлхийн бусад орон руу гаргах боломж бидэнд байна. Өмнөд хөрш БНХАУ өөрөө бүх төрлийн бүтээгдэхүүний хамгийн том үйлдвэрлэгч орон. Бид Хятадын бараа бүтээгдэхүүнийг өөрийн нутгаар дамжуулаад ОХУ, цаашлаад Европын улс орнууд руу хүргэх бий. Ингээд бодохоор бид хоёр тивийг холбосон газар зүйн давуу талтай улсын хувьд “гэрийн даалгавар”-аа сайн хийж, дэд бүтэц, төлөвлөлтөө сайн зохион байгуулж, хувийн хэвшлээ дэмжиж чадвал хөгжил дэвшлийн үүд хаалга нээлттэй байна. Түүнээс гадна БНХАУ “Бүс ба зам” хэмээх том санаачилгыг гаргаад үүндээ 140 гаруй орныг нэгтгэсэн. Тус санаачилгын хүрээнд эдийн засгийн нийт зургаан том коридор бий болгосны нэг нь Замын-Үүд-Алтанбулагийг холбосон маршрут. Энэ бол Ази-Европыг холбосон хамгийн чухал дэд бүтэц гэж үзэж байгаа. Энэ санаачилгыг нь дэмжиж, БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг татах замаар хөгжүүлбэл бидэнд бүс нутгийн интеграцид орох том боломж байна. Тэгэхээр өмнө нь бидний ярьдаг байсанчлан далайд гарцгүй ч гэлээ олон улсын эдийн засгийн далайн худалдаа хийх маш том гарцтай болох боломж нь нээгдсэнийг хүн бүр ойлгох хэрэгтэй. Өнөөгийн геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалаад ОХУ-ын худалдаа баруун гэхээсээ илүү Алс Дорнод, Ази руу чиглэж байгаа энэ үед бид ОХУ-ыг БНХАУ-тай холбох гүүр нь болох боломж ойрын 10-20 жилд бий болж байгааг харах ёстой. Одоо бид “гэрийн даалгавар” буюу угтсан бодлогоо л маш сайн хийх хэрэгтэй байгаа юм.

 

-Манай тээврийн салбарууд нь бие биеэ өрсөлдөгч гэдэг өнцгөөр хараад байх шиг. Гэтэл дэлхий нийтэд эдгээр салбарын уялдаа холбоог илүү чухалчилж, логистик гэх нэг цогц системээр хөгжиж байна?

 

-Бидний хувьд авто, агаар, төмөр замын тээвэрт байгаа боломжуудаа нэгтгэж тооцох, тэдгээрийг хооронд нь уялдуулах зохицуулалтаа хийх нь маш чухал. Үүнд гол үүрэг гүйцэтгэдэг институци бол тээвэр жуулчлалынхан. Энэ салбарыг голчлон хувийн хэвшлийнхэн авч яваа. Тэд маань цаашдаа нэгдсэн бодлоготой, ядаж л нэгдсэн төлөвлөгөө гаргадаг болохыг өнөөгийн нөхцөл шаардаж байна. Тиймээс тээврийн салбарынхан хоорондоо өрсөлдөхөөс илүү хамтран ажиллаж байж Орос, Хятадын нүсэр том эдийн засаг дээр тоглогч болж чадна. Тэдний хувьд бид хоршооны түвшний жижиг асуудал ярьдаг байдлаар яваад буй нь хамгийн том сул тал. ЗТХ-ийн сайд С.Бямбацогт агаарын тээврийн интеграчцлалыг маш амжилттай хийж байна. Монгол Улсын Засгийн газраас шинэ төмөр замын холболтуудад онцгой анхаарч байна. Хатуу хучилттай, олон эгнээтэй авто замын ажлыг ч түргэвчлэхийг зорьж байна гээд үндсэн сууриуд хэдийнээ бүрдэж эхэлсэн. Одоо харин тээвэр зуучийнхан маань нэг консорциум болж томрох ёстой. Ингэж байж Орос, Хятадын сонирхлыг татна. Тэдэнтэй тоо баримт ярих бололцоо үүснэ. Үнэнийг хэлэхэд, өнөөдөр нэг цувааг бүрэлдэхүүнээр нь хүлээж авах чадамжтай тээвэр зуучийн компани алга. Ачааг нь хүлээн авч, буулгах хүчин чадал бүхий терминал ч алга.

 

-Саяхан болсон “Тээврийн долоо хоног” олон улсын форумын үеэр та хөрш улсын, тэр дундаас БНХАУ-ын худалдааны зах зээлийг сайн судалж, түүнтэйгээ уялдсан бодлого боловсруулах нь чухал байгааг онцолсон?

 

-Хятад улсыг бид нэг бүс гэж харахаасаа илүү энэ бол маш их соёлтой, хөгжлийн олон түвшинд байгаа, үйл ажиллагааны хувьд бүс нутгаасаа хамааран өөр өөр худалдан авагч, худалдаачидтай асар том зах зээл гэдэг өнцгөөс нь харах ёстой.  Монгол Улс БНХАУ-ын аль муж, аль компанитай нь худалдаа хийх вэ гэдгээ маш сайн судлах шаардлагатай. БНХАУ 1.4 тэрбум, харин Монгол Улс 3.5 сая хүн амтай. Ингээд бодохоор БНХАУ дотор 400 Монгол Улстай дүйх хэмжээний хүн ам байна шүү дээ. 400 өөр худалдан авагч байна гэсэн үг. Тэгэхээр эдгээр худалдан авагчдынхаа сонирхол, чадвар, чадамжийг нь судалж байж хэнд нь юу зарах вэ гэдгээ тогтооно. Энэ бол бидний амжилттай худалдаа хийх үндэс. Үүнийгээ бид харамсалтай нь дутуу хийдэг. Хятадыг ганцхан худалдан авагч гэж хардаг талтай. Нэг удаа буруу түнштэйгээ холбогдож алдагдалтай худалдаа хийснээ бүхэлд нь БНХАУ-тай холбож болохгүй. Хятадын муж бүрт өөрийн гэсэн том эдийн засагтай худалдан авагч, худалдаачид бий. Энэ ч утгаараа Хятадын худалдааг судалдаг эдийн засагч, судлаачидтай хамтран худалдааны гэрээ, хэлэлцээрээ хийх нь бидний хувьд маш чухал. Товчхондоо, зөв түншүүдтэйгээ холбогдож байж, ашигтай худалдаа хийнэ.

 

-Боомтуудын зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэх асуудлыг та форумын үеэр бас дурдсан шүү дээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?

 

-Одоогийн байдлаар, Гааль, хил хамгаалах байгууллага, Гадаадын иргэн харьяат, Боомтын захиргаа гээд төрийн 3-4 институт дээр нь уурхай, тээврийн компани, худалдаачид гээд хувийн хэвшлийн төлөөлөл боомтын үйл ажиллагаанд оролцоотой ажиллаж байна. Цаашид боомтын үйл ажиллагаа өргөжиж, ачаалал нь нэмэгдэж, хүн амын төвлөрөл бий болохтой холбоотойгоор эмнэлэг, онцгой байдал гэхчлэнгээр төрийн үйлчилгээний байгууллагуудыг нэмэгдүүлэх шаардлага үүснэ. Дээр нь, худалдаачдад үйлчлэх авто засвар, буудал, цайны газар гээд хувийн аж ахуй ч нэмэгдэнэ. Бид 1990 он хүртэл боомтыг хилийн шалган нэвтрүүлэхийн байгууллага гэж ойлгодог байсан. 1990 оноос хойш ганзагын наймаа цэцэглэсэнтэй холбоотойгоор татвар хураадаг гол цэг гэж ойлгоод  бусдыг нь хаячихсан. Одоо харин эдийн засгийг хөгжүүлэх худалдааны хамгийн том гарц, функц нь боомт дээр тулгуурлана гэж ойлгох хэрэгтэй. Ингээд бодохоор таны дээр асуусанчлан боомтын чиглэлээр мэргэшсэн, боомт, хотыг төлөвлөж чаддаг, чөлөөт бүс, аж үйлдвэрийн паркуудыг ойлгодог, төлөвлөлт хийж чаддаг экспертүүд, орчин үеийн хилийн боомтын загварт тохирсон шалганы ажилтнууд, ухаалаг боомтыг хөгжүүлж чадах IT мэргэжилтнүүд нэн шаардлагатай байгаа. Тэгэхээр боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай гэсэн үг. Цаашлаад, боомтын үйл ажиллагааг зөвхөн хариуцах бус боомтын менежментийг хувийн хэвшилд өгөх асуудал дээр бид шийдвэр гаргах цаг нь болжээ гэж харж байгаа. Энэ бол цоо шинэ ойлголт биш юм. Хөшигтийн хөндийд байгуулагдсан олон улсын нисэх буудалд Японы хувийн хэвшил хөрөнгө оруулалт хийгээд тодорхой хугацаанд менежментийг нь авч яваа бодит жишээ бий. Орчин цагийн боомтуудын менежментийг яагаад хувийн хэвшил авч явж болохгүй гэж. Бид хууль эрх зүйн шийдвэрүүдийг гаргахаар ажиллаж байна. Энэ боомтын хатуу дэд бүтцээс гадна зөөлөн дэд бүтцийг бий болгох нэг хэлбэр юм. Боомт бол бүс нутгийн хөгжлийн хурдасгуур төв байх ёстой. Энэ ч утгаараа боомттой холбоотой хөрөнгө оруулалт ил тод,менежмент нь ойлгомжтой, үйл ажиллагаа нь хурдан шуурхай, боомтоор үйлчлүүлж байгаа хүн бүрт ижил тэгш байх нь чухал. Боомттой байна гэдэг нь байгаль орчин хамгаалагдсан, иргэд нь ажлын байр, ашиг орлоготой гээд давуу тал байх ёстой. Харамсалтай нь ийм бодлогыг хэрэгжүүлж чадаагүй учраас муу жишээнүүд өнгөрсөн хугацаанд гарсан. Гэхдээ муу жишээ гарсан гэдэг нь алдсан алдаанаасаа суралцах шаардлагыг тавьж байна гэсэн үг. Цаашлаад, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуульдаа ч Боомт хот, тосгон, аймаг гэдэг ойлголтыг тусгаж өгөх нь зүйтэй л дээ.

 

-Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

 

Б.Дэлгэрхишиг