Монгол Улсын сайд, Боомт сэргэлтийн Үндэсний хороон дарга Б.Тулгатай цөөн хором ярилцлаа.

 

-Монгол Улсын экспортод чухал нөлөөтэй хоёр төмөр замыг Монголын тал барьж байгуулсан ч хил холболтоо хийж чадалгүй жил гаран боллоо. Гашуунсухайт, Хангийн төмөр замыг Хятадын төмөр замтай холбох ажил ямар шатанд явж байна вэ?

 

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын БНХАУ-тай холбосон ганцхан төмөр замын боомт байгаа нь Замын-Үүд. Өмнөд хөршийн хилтэй холбогдсон төмөр замын ганц боомтынхоо хүчин чадлыг нэмэгдүүлж, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр тал байнга хамтарч ажиллаж байна. Замын-Үүд дээр нэмээд гурван боомтыг холбохоор БНХАУ-ын талтай тохиролцож, 1955 оны хэлэлцээрт тусгасан. Монголын Гашуунсухайтыг Хятадын Ганц мод боомттой, Бичигтийг Зүүн хатавч боомтой, Шивээхүрэнг Сэхэ боомтой холбохыг хоёр талын дипломат шугамаар байгуулсан баримт бичгүүдэд бүрэн туссан. Харамсалтай нь, энэ гурван боомтыг холбох ажил Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ажил авахад гацаатай байсан. Харин энэ Засгийн газар боомтын сэргэлийн хүрээнд энэ гурван боомтыг Хятадын хилийн боомтуудтай холбох ажлыг урагшлуулж шийдвэрлэхээр ажиллаж байна. Хамгийн том гацаа нь Гашуунсухайтыг Ганц модтой холбох төмөр зам болоод байна. Хил хүртэл төмөр замаа барьсан ч холболтын цэг хол зөрүүтэй болчихсон. Хоёр улсын төмөр замын холболтыг хийхийн тулд маш том гүүрэн байгууламж барина. Эл бүтээн байгуулалтын асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын айлчлалын үр дүнд нэлээд нааштайгаар шийдэж, энэ ондоо багтаж зураг төсөл нь дуусаж, санхүүжилт шийдэгдэнэ. Бид 2024 оны хавраас бүтээн байгуулалтыг эхлүүлж, тухайн оныхоо арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 2025 оноос Гашуунсухайт боомтоор шууд төмөр замын тээвэрлэлтээ хийж, хилээр гаргахаар төлөвлөж байна.

Хоёрт, Шивээхүрэн буюу Монгол Улсын баруун төмөр замын урд боомт дээр нарийн төмөр замын терминалыг барьж байна. Бүтээн байгуулалтыг зургадугаар сард эхлүүлсэн бөгөөд арванхоёрдугаар сард дуусна. Үүнтэй зэрэгцээд Хятадын тал Сэхэ боомтоо Хятадын төмөр замынхаа сүлжээнд холбох 5.6 км төмөр замынхаа ТЭЗҮ, зураг төслөө Хөгжил шинэтгэлийн хороондоо явуулсан байна. Гүйцэтгэгчээ сонгочихвол ирэх жилдээ багтаад Сэхэ боомт Хятадын гол төмөр замынхаа сүлжээнд холбогдоно гэж харж байна. Хэрвээ энэ төмөр замын холболт хийгдвэл ирэх жил Хятад улстай төмөр замын хоёр дахь боомт болж нээгдэх магадлал өндөр байгаа.

Гуравт, Бичигтийг Зүүн хатавч боомтын хувьд Монгол талын бүтээн байгуулалт хийх аж ахуйн нэгж шалгарсан. Энэ жилээс авто замын бүтээн байгуулалтаа эхлүүлсэн, ирэх хавраас төмөр замын бүтээн байгуулалт руу орно. Мөн хоёр талаас хил холболтын цэгээ тохирох ажлыг эхлүүлсэн.

 

-Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Хангиас Мандал боомт хүртэл 227 км төмөр зам барьсан шүү дээ. Мөн хил холболтоо хийж чадаагүй байгаа. Эхлээд хил дээр ирсэн төмөр замаа холбох нь цаг хугацааны хувьд ашигтай биш үү. Энэ төмөр замыг холбох ажил ямар шатанд байна вэ?

 

-Хангийн хувьд манай барьсан төмөр зам хил дээр тулсан байгаа. Хятадын талаас өмнө нь тохирсон буюу дээр дурдсан гурван төмөр замын холболтыг хийсний дараа Хангийг шийднэ гэсэн байр суурьтай байсан. Харин Ерөнхий сайд болон Засгийн газрын түвшний олон удаагийн хүсэлт тавьсны үндсэн дээр гурван төмөр замыг гурвууланг нь хүлээлгүйгээр аль нэгийнх нь хил холболтын ажил эхэлбэл Хангийн асуудлыг ярьж болно гэсэн хэлцэлд хүрээд байгаа. Тухайлбал, Гашуунсухайт Ганц модны боомтой холбох ажил эхэлбэл нэмээд Хангийг Мандалтай холбох асуудал шийдэгдээд явна.

Ер нь боомт гэдэг нэг нь шийдээд бариад явдаг асуудал огт биш. Хоёр улсын хоорондоо тохирч байж хийдэг асуудал. Аль нэгнийх нь худалдааны ашиг сонирхол, бүс нутгийн, аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлыг дан ганц харгалзахгүй. Маш олон хүчин зүйлин дундаас хил холболтын тохироо хийгдэнэ. Харамсалтай нь, Хятадын тал эхний тохирсон Гашуунсухайтын төмөр замаа холбоогүй байж Хангийг холбох боломжгүй гэж байгаа. Гашуунсухайт холболтын асуудал ойлгомжтой болчихвол Хангийг явуулна гэж найдаж байна. Ингэснээр Хятад улстай ганц биш дөрвөн төмөр замаар холбогдсон боомттой болно.

 

-Ер нь цаашдаа төмөр замын бодлогод өөрчлөлт оруулах уу. Манай улс төмөр замын бодлогодоо гол төмөр замаа өргөн царигаар барихаар тусгасан. Гэтэл экспортын гол замууд эргээд цариг зөрөх асуудал гарч байна шүү дээ?

 

-Орос, Украины дайны нөхцөл байдлаас болж зүтгүүр, вагон, өргөн төмөр замын стандартын сэлбэг хэрэгсэл доголдох эрсдэл үүсч байна.  Украин Оростой адил өргөн төмөр замтай. Орост мөн ийм эрсдэл үүсч байна байна. Тиймээс манай улс стандарт төмөр замаа Монголдоо барих асуудлыг хөндөх ёстой. УИХ-аар баталсан Төрөөс төмөр замын тадаар баримтлах бодлогод Монгол Улс өргөн царигаар төмөр зам барина гэж заасан байгаа. Энэ бодлогоо өөрчилж, стандарт төмөр замтай болох ёстой. Тэгэхээр энэ чиглэлийн бодлогын баримт бичгийг оруулах, зохицуулах эрхийг Боомтын сэргэлтийн үндэсний хороонд байгаа.

 

-Ярилцсанд баярлалаа.

 

 

Эх сурвалж: itoim.mn