Өнгөрсөн оны “Замын мэргэжлийн аварга”-аар шалгарсан туслах машинчтай ярилцлахаар уулзах цаг товлов. Товлосон цагт залуухан хос орж ирсэн нь өнөөх Замын аварга маань гэргийтэйгээ ирж буй нь тэр байж. Төмөр замд дөрөв дэх жилдээ ажиллаж буй энэ залууг Улаанбаатар татах хэсгийн Ашиглалтын цехийн IV цувааны туслах машинч Болдбаатарын Тэлмэн гэдэг. Булган аймгийн Дашинчилэн суманд 1991 онд айлын хоёр хүүгийн том нь болж мэндэлжээ. Аав нь санхүүч, ээж нь бага ангийн багш. Тэрбээр, “Би дунд сургуулиа төгсөөд МУИС-ийн Газар зүйн тэнхимийн Байгаль ашиглалт, хяналт үнэлгээний ангид суралцаж байсан. Тэгээд машинч найзтайгаа уулзах бүрт ажлаа ярина. Сүүлдээ бүр сонирхол төрөөд шууд төмөр замын МСҮТ-д орох шийдвэр гаргасан. Найз маань намайг төмөр замд “дурлуулчихаад” өөрөө гадаад явчихсан” гээд инээв.
Тэр МУИС-аа орхин 2014 онд тухайн үеийн МСҮТ-д илчит тэрэгний туслах машинчийн ангид суралцан төгсөөд барилгын салбарт хэсэг ажиллан 2018 онд “Болд төмөр-Ерөө гол”-ын “МТЛ” компанид туслах машинчаар ажилд орсон гэнэ. Харин 2019 онд Улаанбаатар татах хэсгийн Ашиглалтын цехийн IV цуваанд дагалдаж, үндсэн туслах машинч болсноор өнөөг хүртэл ажиллаж буй аж. Б.Тэлмэн “Орон нутагт төмөр замын сургуулийн тухай мэдээлэл очдоггүй байж. Математиктаа сайн байсан болохоор би олимпиадад оролцдог байлаа. Тэгээд ЭЕШ-даа математик, газар зүйдээ өндөр оноо авч МУИС-д орсон. Уг нь, шууд төмөр замын сургуульд элссэн ч бол гэж бодогддог. Гэхдээ яах вэ, оройтсон ч гэсэн би хийх ёстой ажил мэргэжлээ олсондоо баяртай байгаа. Дүү маань МСҮТ-ийг төгсөн надаас өмнө Улаанбаатар татах хэсэгт засварчнаар ажиллаж байгаад Австрали явсан” хэмээн хуучлав. Бид хоёрын ярианы завсраар эхнэр С.Бадамаагарав нь “Их сургуулиа орхиод төмөр замын МСҮТ-д оръё гэхээр нь би дэмжсэн. Өөрийнх нь сонирхол шүү дээ. Одоо хүссэн ажлаа хийгээд сайхан байгаа. Төмөр зам хариуцлага өндөртэй байгууллага. Би өөрөө Төрийн банкинд эдийн засагч ажилтай. Гэвч манай гэрт ханийн минь ажил өндөр хувь эзэлнэ. Би компьютерт юм бичээд, нэг л тооцоогоо боддог бол ханиас минь олон төрлийн чадвар шаарддаг. Үргэлж сурч, хүүхдүүдтэйгээ зэрэгцэн хичээлээ хийж суудаг. Бүхий л тушаал зааврыг ягштал мэдэх хэрэгтэй болно. Би нөхрийнхөө үүрдэг цүнхийг даадаггүй. Яагаад гэхээр, “Илчит тэргэнд ямар ч эрсдэл гарлаа гэхэд засах багаж, ойр зуурын хэрэгсэл бэлэн байх ёстой” гэдэг юм. Машинчтайгаа хоёулхнаа тэр их урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг хүрэх цэгт нь аюул осолгүй хүргэж байдаг ханиараа би, ааваараа хүүхдүүд маань үргэлж бахархдаг. Машинч хүн ажил амралтын дэглэмээ сайн сахих хэрэгтэй байдаг юм. Нойроо цагтаа авсан, сэтгэл санаа нь тайван байх ёстой. Тиймээс ханийгаа аль болох сэтгэлийг нь тайван байлгахыг хичээдэг. Ханийн минь утас унтарсан ч миний утас асаалттай байх хэрэгтэй. Гэр бүлийг нь давхар хариуцлагажуулдаг мэргэжил юм даа” гэв. Түүний энэ үгийг сонсоод хэр баргийн эхнэр хүнээс гарахааргүй ухаалаг занг нь бахархсанаа нуух юун. Машинч, туслах машинч нарын гаргасан алдаа дутагдлын ард ихэвчлэн ар гэрийн таагүй харилцаа, сэтгэл санааны тайван бус байдал нөлөөлсөн байдаг гэж сонссон санагдана. Б.Тэлмэн өнгөрсөн онд 173 аялал хийж, 1790 цаг ажиллан 19773 литр түлш хэмнэж, техникийн аяллыг 84.39 хувьд хүргэж, техникийн хурдыг 102.31, явалтын хурдыг 115.05 хувиар биелүүлж, 93.306.226 сая тонн ачаа тээн 35430 км аялжээ. Ингэхдээ ГТХАБ-ыг бүрэн хангаж, дутагдал, зурмагийн тасалдал, туузны болон сахилгын зөрчилгүй, хөдөлмөр хамгааллын осолгүй ажилласан байна. Түүний анх дагалдсан машинч нь Ч.Чулуунбаяр гэнэ. Харин одоо машинч Ч.Тогмидын туслахаар ажиллаж буй аж. Мөн зааварлагч машинч Д.Оросоо, Б.Шагдарсүрэн нарын удирдлага дор ажилласан байсан бол энэ жилээс зааварлагч машинч нь Б.Тэмүүжин болжээ. Замын аварга болсонд нь эдгээр машинчийн заавар зөвлөгөө, хүч хөдөлмөр салшгүй холбоотойг тэр талархан өгүүлсэн юм.
Тэрбээр, “Туслах машинч хариуцлагатай ажил. Машинчийн үйлдлийг давхар хянаж байдаг. Бие дааж жолоодохгүй ч бүгдийг мэддэг байх ёстой. Эвдрэл гарахад засах чадвартай байх хэрэгтэй. 10 минут тутамд дизелиэ эргэж хэвийн ажиллагааг нь шалгана. Ер нь, зүтгүүрийн бригадын ажлыг хүссэн хүн бүр хийж чадахгүй байх. Эр хүнээс тэсвэр тэвчээр, нягт нямбай байдал их шаарддаг ажил. Зөвхөн илчит тэргээ биш, замынхаа аяс, суурь бүтцийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг нь мэддэг байх хэрэгтэй. Мөн чирч яваа вагоноо ч мэдэх хэрэгтэй. Ажил мэргэжил нь өөрөө эдгээр чадварыг шаарддаг юм. Ачааны галт тэрэг ихэвчлэн шөнө, урт цагаар явдаг. Урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг замд саатлаа гэхэд туслах машинч хамгийн арын вагон хүртэл 1500 орчим метр алхаад тойрч шалгах ч тохиолдол гарна” гэсэн юм. Мөн “Ажил, амралтаа зөв зохицуулж чадвал үр хүүхэд, хань ижилтэйгээ өнгөрөөх цаг их гардаг юм. Өдөр бүр явдаг эхнэрийн ажлаас минийх илүү амархан санагддаг. Зарим залуус хувийн зохион байгуулалт муутайгаас ар гэрт нь асуудал үүсээд байх шиг харагддаг” гэлээ. Тэд хэн хэнийхээ ажлыг ихэд хүндэтгэдэг нь илт. Залуу гэр бүлүүдэд үлгэрлэл болохоор зөв харилцаа юм. Б.Тэлмэн өнгөрсөн оны аравдугаар сард машинчийн курст сурч, бие даан жолоодох эрхийн үнэмлэхээ авсан байна. Ойрын хугацаанд зааварлагч машинч даган зүгшрүүлэлтийн аялалд явах ажээ. Тэр одоо Политехникийн коллежийн зүтгүүрийн техникчээр суралцаж байгаа бөгөөд цаашид ТЗДС-ийн инженерийн ангид суралцах зорилготой гэнэ.
“Зүтгүүрийн бригад зүгээр нэг ачаатай галт тэрэг жолоодож яваа юм биш. Эх оронд минь сүндэрлэн босох хот, тосгод, аж үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж, барилгын материал, ард түмнийхээ бараа таваар, хоол хүнс, машин тэрэг, уул уурхайн бүтээгдэхүүн гээд улсынхаа ирээдүйн сайн сайхныг тээвэрлэдэг. Энэ бүхэн улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтөд гол хамааралтай. Холыг ойртуулж, хоёрыг учруулдаг энэ ажлаар нь бахархаж, үргэлж дэмждэг дээ” гэж хэлсэн эхнэрийнх нь бахархал, хайр, хүндлэл шингэсэн үгээр нь энэхүү тэмдэглэлээ жаргаая.
М.Наранболд