"Би Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1940 онд Э.Батжаргалын ууган хүү болж төрсөн ч аавынхаа ээж Дэжидээр овоглодог" хэмээн ахмад төмөр замчин Д.Вандан гуай өгүүллээ. Учир юу гэвэл, дайны дараа улс ардын аж ахуй, соёлыг сэргээх, хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө гарснаар, өрх бүрийн малын тоог тогтоож өгдөг болж. Түүний дагуу говийн аймгийн нэг өрх 75, хангайн аймгийнх бол 50 малтай байхыг зөвшөөрнө. Тиймээс аав нь амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн тулд долоон хүүхдийнхээ ууган нь болох Ванданг эмээгээр нь овоглон өрх тусгаарласнаар 100 толгой малтай болж байсан гэдэг.
Д.Вандан аймгийнхаа арван жилийн сургуулийг төгсөөд Анагаах ухааны дээд сургуулийн хуваарь авсан ч ар гэрийн гачигдлаар есдүгээр сарын дундуур хотод иртэл бүх их, дээд сургуулийн хичээл эхлээд оюутнууд аль хэдийнэ ургац хураалтад явчихаж. Нутгаасаа эрдэм номтой хүн болно хэмээн том зорилго өвөртөлж, аав ээж, ах дүү, амраг садан, нутгийнхаа хүмүүсээр үдүүлээд ирсэн хүн хоосон гуяа ганзагалаад буцаад очилтой биш. Арга буюу их сургуулийн манж хэлний ангид орохоор болж, дотуур байранд хэд хонов. Дотуур байранд хийцгүйрч суухад өдөр өнгөрөхгүй, уйдна гэж жигтэйхэн. Гараад Сүхбаатарын талбайн ойр орчмыг сонирхож хэсэг яваад буцна. Нэг өдөр ийн гиюүрч явтал Ленин клубын урд талын шон дээрээс "Төмөр замын техникумын механикийн ангид аравдугаар анги төгсөгчдөөс гуравдугаар курсэд шалгаруулж авна. Сард 300 төгрөгийн цалинтай" гэсэн зарлал олж уншжээ. Маргааш нь ангийн найз Д.Шагдартайгаа Төмөр замын техникумыг эрж сурсаар хүрч очвол эзгүй шахам газарт гурван давхар цагаан байшин бүхний нүднээ содон. Гадуур нь монгол, орос цөөн хүн явж харагдах аж. Ингэж л тэрбээр нэгэн насныхаа амьдралыг төмөр зам гэх их айлтай холбох анхны алхмаа хийснээ дурслаа.
Д.Вандан Төмөр замын техникумын хөдлөх бүрэлдэхүүний механикчийн гуравдугаар ангийн оюутан болоод байтал тэдний ангид татан буугдсан Офицерийн сургуулиас шилжиж ирсэн насаар ахмад, зарим нь гэр бүлтэй ах нар, мөн хэдэн орос хүүхдүүд нэмэгдэж, нэг анги хамт олон болжээ. Мэргэжлийн хичээлийг орос багш орчуулагчтай заана. Дээд тоо, онолын механик, цахилгааны хичээл монгол багштай ч ном, сурах бичиг ховор тул суралцахад зарим талаар хүндхэн санагдах авч тэр үеийн багш нар ой тойнд нь ортол ойлгуулахыг хичээдэг, оюутнууд ч чадлынхаа хэрээр чармайдаг байсан хэмээн буурал төмөр замчин оюутан ахуй үеэ дурсан өгүүллээ.
Түүнийг сургуулиа төгссөн жил буюу 1961 онд Зүүнхараагийн уурын тэрэгний депо илчит тэрэгний депо болж шинэчлэгдэж таарчээ. Тэрбээр,“Бид ангиараа тэр шинэ депод очиж, би Хөдөлмөрийн баатар, ахлах машинч Лхам ахлагчтай залуучуудын бригадад орсон. Анх ТЭ2-474 илчит тэргээр Сүхбаатар-Улаанбаатарын чиглэлд аялалд гарч байсан маань одоо ч сэтгэлд тодхон байна. Бид хэд хэдээрээ ажилчдын байранд амьдарна. Одоогийн амрах байр л даа. Тухайн үед гэр бүлгүй байсан болохоор мянга гаруй төгрөгийн цалин аваад юунд зарцуулахаа мэддэггүй байлаа. Зүүнхараад жил гаруй ажиллаад Улаанбаатарын зүтгүүрийн депо руу шилжсэн. Би гэж хүн ганц бие очоод хоёулаа болоод буцсан даа. Ханьтайгаа арван жилийн сургуулийн есдүгээр ангийн сурагч байхад нь танилцсан. Тэр цагаас хойш хамтдаа жаран хаврыг угтан, жаран намрыг үдэж дөрвөн хүүхдийн ижий аав боллоо. Хөгшин маань Төмөр замын техникумын санхүүгийн ангийг төгсөөд, Барилга орон сууцанд ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. Бид хоёроос одоогоор хүү, охин, хүргэн бэр, ач зээ гэсэн 25 мөчир урган дэлбээлжээ" хэмээв.
Тэрбээр, Улаанбаатарын зүтгүүрийн депод жил гаруй ажиллаад ЗХУ-ын Ленинград хотын Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөний дээд сургуульд суралцахаар морджээ. Хоёр жил суралцаад эрүүл мэндийн шалтгаанаар сургуулиа дүүргэлгүй буцаж ирсэн байна. Ирээд мэргэжлийнхээ ажилд орж, ажлаа хийж байтал түүнийг Төмөр замын үйлдвэрчний зөвлөлийн орлогч дарга н.Бэгз дуудуулжээ. Удирдах газарт орж үзээгүй учир сурагласаар очтол н.Бэгз гуай өрөөндөө хүлээн авч нэлээд ярилцсаны эцэст "Чи мэргэжлийн, дээр нь хөдөө өсөж хүмүүжсэн, эвдрээгүй хүүхэд байна. Манайд шилжүүлсэн тушаалаа гаргуулаад ир" гэсэн гэдэг. Маргааш нь Төмөр замын үйлдвэрчний зөвлөлийн дарга н.Сүрэнтэй уулзахад "Сайн ажиллаарай" гэснээр н.Магсаржав даргатай Үйлдвэр олон түмний хэлтэст социалист уралдаан, социалист хөдөлмөрийн бригадын ажил хариуцсан зааварлагчаар томилогджээ. Уг ажил албыг хаших хугацаандаа "Социалист хөдөлмөрийн төлөө-төмөр зам" мандатыг 50 гаруй цех, үйлдвэр, 400 орчим бригадын гишүүнд олгосон байна. Тухайн үед уг цол мандатыг авах шалгуур өндөр, шалгуулах нь ч тэр, шалгаж байгаа нь ч тэр хэрээр хариуцлагатай ажилладаг байж. Тийм ч болоод түүнийг найз нөхөд нь "Бригад Вандан" хэмээх болжээ. Ер нь, хүн хийж бүтээсэн ажил үйлсээрээ овоглогдоно гэдэг бусдаас ирж буй хүндэтгэл билээ. Нөгөө талаар, тухайн үед ажил мэргэжилдээ амжилт ололттой яваа залуусыг дараагийн шатанд бэлтгэх үүднээс их дээд сургуульд сургадаг удирдлагын бодлого байдаг байв. Тэр ч утгаараа тэр 1973-1977 онд Намын дээд сургуулийн эдийн засгийн ангид суралцан төгсөж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлжээ. Тэр цагаас хойш ажил амьдрал нь нам, олон нийтийн ажилтай салшгүй “уягдсан” аж. Тэрбээр, тухайн үеийн төмөр замын нам, эвлэлийн хороо, үйлдвэрчний эвлэлийн зөвлөлд зааварлагч, лектор, хэлтсийн эрхлэгч, анхан шатны намын хорооны дарга, Замын захиргааны хүний нөөц, Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албанд ахлах менежер, хяналтын байцаагч зэрэг ажил албыг тасралтгүй хашиж, төмөр замын салбарын хөгжилд 40 жилийн хөдөлмөрөө зориулсан байна. Гавьяаны амралтдаа гарсан ч зүгээр суусангүй Цэрэгжүүлсэн хамгаалах албаныхаа Ахмадын зөвлөлийн даргаар ажиллах болжээ. Түүний хашиж байсан ажил албанаас онцлон, гадаадад суралцах оюутан хариуцан ажиллаж байсан үеийнх нь талаар сонирхоход "Тухайн үеийн Замын захиргааны Боловсон хүчний албанд сургалт хариуцсан ахлах инженерээр арав шахам жил ажиллахдаа 400 орчим оюутныг ОХУ болон бусад улсын дээд сургуульд явуулсан. Гадаадад сурах оюутнууд Дээд боловсролын хорооноос томилолттой ирдэг байсан. Бид бүртгэж аваад 14 хоног ажил хийлгэнэ. Гурваас дөрөв хоног сургалтад суулгаад шалгалт авна. Сайныг нь шагнана. Түүгээр ч зогсохгүй явахад нь том ресторанд хүлээн авалт хийнэ. Бид шинэ оюутнуудаа сургуульд нь хүргээд, дотуур байранд оруулаад буцдаг байсан. Хичээлийн жилийн дундуур очиж эргэнэ. Ихэнх нь Москва, Ленинград, Эрхүүд сурцгаасан. Олон хүүхэд зан ааш, хүмүүжлийн хувьд янз бүр. Ажиллаж байгаад ирсэн "ахмад" оюутнууд "чанга". Долоо хоног бүр сургууль, цаашлаад элчингээс бичиг ирнэ. “Тэр оюутан хичээл тасаллаа, энэ оюутан шалгалтдаа уналаа, тэр нь хасагдах нь” гэхчлэн. Тэр болгонд "зохицуулах" шаардлага гардаг байсан. Тэднээс маань төрийн сайд, Замын дарга, алба, хэлтэс, аж ахуйн нэгжүүдийн удирдлагын хэмжээнд хүрч ажиллаж байгаа нь бахархмаар сайхан байдаг" гэлээ. Цааш нь "Би төмөр замын удирдах газарт 25 жил ажиллахдаа найман орос даргын нүүр үзсэн. Сүүлд Р.Раш даргын үед ажилласан. Энэ хугацаанд төмөр замынхаа бүхий л шагналаар шагнуулсан даа. 2022 онд ахмад төмөр замчин миний хөдөлмөрийг үнэлэн "УБТЗ"-ын "Хүндэт дэвтэр"-т бичиж, гэрчилгээ олгосонд маш их талархсан. Манай хүүхдүүдээс охин В.Ганцэцэг Зорчигчийн вагон депогийн Зэхэлт бэлтгэлийн цехэд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Зээ охин У.Болортуяа маань тус депод үйлчилгээ, сургалт хариуцсан зааварлагчаар ажиллаж байна. Төмөр замын салбарт 40 жил тасралтгүй ажилласан өвгөн миний удам үргэлжлүүлэн "УБТЗ" ХНН-ийн хөгжилд хүчээ нэмж байгаад баяртай байдаг" гэснээр бидний яриа өндөрлөлөө.
Энэ жил Д.Вандан гуайн төрөлх сумын 100 жилийн ой тохиосон ч бороо уснаас шалтгаалаад баяр наадмын үеэр очиж завдаагүй аж. Харин " Ирэх сард нутгийн зүг хөлгийн жолоо зална даа" хэмээн өгүүлэхдээ сэтгэлдээ тун ч яарч буй мэт санагдав.Наян насны босго алхсан ч түүний сэтгэлд хүлгийн дэлэн дээр дэрвэж явсан хүүхэд ахуй үеийн гэгээхэн дурсамжууд нь ийнхүү нутаг руу нь яаруулж буй биз ээ гэж бодогдлоо. Төмөр зам гэх их айлын 40 жилийн түүхийг бүтээлцсэн буурайдаа урт насалж, удаан жаргахын ерөөлийг өргөе.
Б.Золжаргал