МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, профессор Б.Отгонтөгстэй намрын эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-ДНБ 6.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Энэ өсөлт цаашид үргэлжлэх болов уу. Ер нь энэ намрын эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?
-Манай эдийн засаг бусад эдийн засагтай адил мөчлөгтэй. Байгаль, цаг уур, улирлын хувьд хамгийн идэвхтэй мөчлөг нь 3-4 дүгээр улирал буюу 7-12 дугаар сар. Эхний хоёр улиралд Засгийн газраас оруулж буй төсөв том хувийг эзэлдэг. Тэгэхээр төр маш том худалдан авагч учраас Худалдан авах хуулийнхаа дагуу эхний улиралд тендер зарлаж, шалгаруулж, гэрээгээ хийж байж үлдсэн улиралд бүтээн байгуулалт, барилгажилт үргэлжилдэг. Иймд 3-4 дүгээр улирал бүтээмжтэй байдаг.
Эдийн засагч хүнийхээ зүгээс харахад ДНБ-ий улирлын хэмжээ нэмэгдэх байх гэж бодож байна. 2023 оны эхний хагас жилийн эдийн засгийн өсөлт 2022 оны эхний хагастай харьцуулахад 6.4 хувиар өссөн. Энэ бол өндөр тоо. 3-4 дүгээр улиралд энэ үзүүлэлт дахиад ч өсөх болов уу гэсэн хүлээлттэй байна.
-Зуны амралт дуусаж, хөл хөдөлгөөн эхэлсэн байна. Оны эхний хагасын үзүүлэлтээр инфляц 9.2 хувийн өсөлттэй гарсан нь өмнөх жилийнхээс буурсан үзүүлэлт болсон. Инфляц хэр байх бол?
-Эдийн засаг Засгийн газрын өндөр зардлаар тэжээгдэж, их хэмжээний төсвийн мөнгө орж ирж байна. Ингэснээр инфляцын түвшин нэмэгдэх нь тодорхой. Долдугаар сарын 1-ээс тэтгэвэр болон зарим төрийн албан хаагчийн цалинг нэмсэн. Энэ хэмжээгээр эрэлт нэмэгдэнэ. Эрэлт нэмэгдэх тусам юмны үнэ өснө. Үзүүлэлтээр 9.2 хувийн өсөлттэй гарлаа, нэг оронтой тоо руу орлоо гэж байгаа боловч 2023 оны хоёрдугаар хагаст инфляц буурахгүй, нэмэгдэх болов уу гэсэн болгоомжлолтой байна.
-Монголбанкны хувьд инфляцыг нэг оронтой тоонд буюу 8 хувьд барина гэж тооцоолсон?
-Тийм. Зорьсон инфляцын түвшиндээ хүрэхгүй байх эрсдэл байна. Оны сүүлийн хагаст эрэлт нэмэгддэг. Наад зах нь есдүгээр сарын 1-н гээд хичээл цуглах дөхөхөд бүтээгдэхүүний худалдан авалт, хувцас, сургалтын төлбөр, гадаад дотоод валютын эрэлт нэмэгддэг учир инфляцыг зорьсон түвшиндээ барих хэцүү.
-Энэ зун аялал жуулчлалын салбар хэр байсан бол. Мөн одоо Ромын пап айлчлахтай зэрэгцэн 3000-5000 жуулчин ирэхээр байсан. Энэ нь намрын эдийн засагт дэм болох уу?
-Эхний зургаан сарын эдийн засгийн өсөлтөд үзүүлж буй үйлчилгээний салбарын хувь хэмжээ өндөр байсан. Үйлчилгээний салбарт аялал жуулчлал орно. Аялал жуулчлалын салбар улирлын чанартай байдаг учир гуравдугаар улирлын эдийн засгийн үзүүлэлтэд эергээр нөлөөлнө. Үүнийг бид улсаараа дэмжих ёстой.
Хувь хүнийхээ хувьд харснаа хэлбэл, Зам, тээврийн хөгжлийн яам сайн ажиллаагүй харагдаж байна. Зам муу байснаас болж эдийн засагт орж ирэх ёстой мөнгө, дахин дахин давтаж орж ирэх ёстой мөнгөнд сөрөг нөлөө үзүүлсэн. Аялал жуулчлалын салбар бол зөвхөн БОАЖЯ-ны ажил биш. Томоохон яамдын хамтын ажиллагаа.
Ромын папын түүхэн айлчлалд салбар бүр хичээл зүтгэл гаргаж байгаа нь харагдаж байна. Тэд нягт холбоотой ажиллаж чадвал манайх шиг жижиг эдийн засагт шийдэгдэх асуудал нь хурдан байх болно. Ийм боломжит байдлыг эдийн засагтаа эергээр эргүүлж болох юм.
-Оны сүүлийн хагаст бидэнд тулгарах сорилт юу байх вэ?
-Оны сүүлээр бондын эргэн төлөлт байхгүй. Тиймээс төлбөрийн тэнцлийн хувьд эрсдэл үүсэхгүй. Энэ бол сайн дохио. Хамгийн том сорилт бол нийт эдийн засагт эрэлт нэмэгдэж байгаа, хувийн болон төрийн байгууллагуудын экспорт, импорт, худалдан авалт эрчимждэг учраас ам.долларын ханш өсөх эрсдэлтэй байна.
-Удахгүй төсөв өргөн барина. Өмнө жилийн төсөв шинэ хөрөнгө оруулалт тусгаагүй гэдгээрээ онцлог төсөв болсон. Энэ жилд төсөв өргөн барихад анхаарах зүйл гэвэл юу хэлэх вэ?
-Одоо өргөн барих төсөв сонгуулийн жилийн төсөв байх болно. 2024 оны төсвөө эрх баригч нам сонгуульд амжилттай орж, олон суудал авахын тулд зардлыг их хэмжээгээр нэмэх болов уу. Энэ нь өрийн хэмжээг нэмэгдүүлнэ, төрийн худалдан авалт эрчимжиж, юмны үнэ өсөх эрсдэлтэй. Өмнө жилүүдийг харахад парламентын сонгуультай болон, ерөнхийлөгчийн сонгуультай жилийн төсвийн зардал эрс нэмэгдэж орж ирдэг. Ингээд төсөв өндөр алдагдалтай батлагдах эрсдэлтэй. Энэнээс л болгоомжлох хэрэгтэй. Төсөв алдагдалтай батална гэдэг нь манай гадаад өрийг л нэмнэ. Гадаад өр огт буураагүй байгаа шүү дээ. Илүү нарийн зүйлсийг төсөв өргөн баригдсаны дараа ярих нь зүйтэй.
-БНХАУ-ын эдийн засгийн удаашрал манай улсад хэрхэн нөлөөлөх вэ?
-БНХАУ-ын эдийн засгийн удаашрал нь манай улсад төдийлөн хүчтэй нөлөөлөхгүй. Манай экспортын хамгийн гол түнш бол БНХАУ. Нүүрсний экспорт дээр нэг болгоомжлох зүйл нь хятадын барилгын салбар, үл хөдлөх хөрөнгийн салбар зогсонги байдалд орох вий гэж айж байна. Учир нь, манай нүүрсийг ган үйлдвэрлэлд ашигладаг учраас нүүрсний экспортын хэмжээ буурах эрсдэлтэй юм. Яг нийт утгаараа бол хятадын эдийн засаг уналтад орохгүй. Эдийн засгийн өсөлтийн хурд нь л удааширч байгаа гэж ойлгох хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: itoim.mn