Орчин цагт үрэвсэлт өвчин ба тэжээлийн дутагдлаас үүдэлтэй өвчлөлийн тоо нэмэгдэж, тэдгээр өвчтөний эрүүл мэндийг сэргээх нь чухал байна. Үүний тулд байгалийн эмчилгээний хүчин зүйлийг ашиглах нь эмнэлэг, сувилал төдийгүй нийгэм эдийн засгийн чухал ач холбогдолтой юм. Иймд эмчилгээний шаврын физик химийн бүтэц, онцлог, түүний үйлчлэлийн мөн чанар, үр дүнгийн талаар мэдлэгтэй байх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Монголчууд эрт үеэс шавар эмчилгээг хэрэглэсээр ирсэн. Гэвч хэрхэн хэрэглэх заавар болон эмчилгээний үйлчлэлийн мөн чанарын талаарх мэдээлэл тодорхой бус явж ирсэн. Энэ нь эмчилгээний үр дүнд ч нөлөөлнө. Эмчлүүлэгч төдийгүй жирийн иргэн ч эмчилгээнд хэрэглэгдэж байгаа шаврын эрдэст бодис, макро болон микро элементүүдийн найрлага, органик бодис, бичил организмын байдал болон бусад бодисуудын чанар, ялгаа, шаврын эрүүл ахуй, бактериологийн шаардлага зэргийг мэддэг байх ёстой. Төмөр замчдын үйлчлүүлж, эмчлүүлэхэд илүү ойр "Бөөрөлжүүт" нуурын эмчилгээний шаврын талаар та бүхэнд зохих мэдээллийг өгье. Төв аймгийн Архуст сумын нутагт байрлах "Бөөрөлжүүт" нуурын эмчилгээний шаврыг 1675 оны үед Өндөр Гэгээн Занабазар нээсэн түүхтэй. Одоогоос 400-гаад жилийн өмнө энэ шаврын ач холбогдлыг таньж, олон түмэн эмчилгээнд ашиглаж эхэлжээ. Эмчилгээний өндөр ач холбогдолтой гурван өөр өнгийн, тэс өөр элементтэй шаврууд урт хугацаанд хадгалагдаж ирсэн нь олзуурхууштай хэрэг.
УБТЗ-ын "Булагтай" сувиллыг байнгын ажиллагаанд оруулсан 2011 онд Анагаах Ухааны Хүрээлэн болон Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс "Бөөрөлжүүт" нуурын шаврыг хүний биеийн хэмтэй уялдуулан 42 хэмээс хэтрүүлэхгүйгээр хэрхэн хэрэглэх талаар зааварчилсан зөвлөмж гаргажээ. Энэ үеэс тус сувиллын хамт олон халуун шавраар үйлчилж эхэлсэн онцлогтой. Уг гурван өнгийн шавар нь тус бүрдээ ялгарах шинжтэй. Тухайлбал, хар өнгийн шаврын хувийн жин 1.415, РН-9.0, механик хольц бага буюу 0.52, органик хольц 4.33, чийглэг байдал 51.19, хүхэрт устөрөгч 0.3209, төмрийн агууламж 1.4303, дулаан дамжуулалт 0.0521 сек, үнслэг байдал байхгүй. Үүнээс гадна мөнгө 2.24, кальци 14.14, төмөр 1.51 гэсэн микро элементүүдтэй. Мөн зэс, цайр, магни, бори, бром зэрэг химийн элементүүд найрлагад нь багтсан учраас хүний биед үзүүлэх нөлөөлөл ихтэй гэж тогтоогдсон. Түүнчлэн, тулгуур эрхтний цусан хангамжийг сайжруулах, үрэвсэл намжаах, мэдрэлийн эсийг сэргээх, дулаан дамжуулах зэрэг өндөр ач холбогдолтойгоос гадна шүлтлэг чанартай юм.
Харин цагаан өнгийн шавар нь нуурын ойролцоох хөрсөнд байдаг болохоор хувийн жин 2.121 буюу харьцангуй өндөр тул эмчилгээний саармаг орчинтой, хүхэрт устөрөгчийн нэгдэл ихтэй. РН 7.0, механик хольц 3.4, наалданги чанар 3818.5, дулаан барих чадвар 92.3 хувь. Уг чанараараа толгойн өвдөлт намдаах, тархины цусан хангамжийг сайжруулж, тайвшруулах үйлчилгээтэй. Мөн цусны даралт ихсэх өвчний эхний үед ач холбогдолтой болохыг нь тогтоожээ.
Улаан өнгийн шавар хувийн жин 2.121, РН 7.0, механик хольц 36.15, дулаан барих чадвар 56.0, элсэрхэг байдал 94.27, цайрын исэл 1.26, натрийн исэл 1.21, мөнгө 3.92 хувь тул хатаах үйлчилгээ сайтай. Арьсны төрөл бүрийн тууралт, түүний дотор харшлын гаралтай хөхний сүүний хордлого, экземд үр дүнтэй болох нь Хими, хими технологийн хүрээлэн, Геологийн төв лаборатори, Анагаах ухааны хүрээлэнгийн нарийн мэргэжлийн лабораториудын шинжилгээгээр бүрэн батлагдсан. 2019 оны дөрөвдүгээр сард хийгдсэн Хими, хими технологийн хүрээлэнгийн дүгнэлтээр "Бөөрөлжүүт" нуурын шавар ерөнхий үзүүлэлтээрээ эмчилгээний шаврын бүлэгт бүрэн багтаж байгааг баталсан юм. Тус байгууллагаас гаргасан тодорхойлолтод "Бөөрөлжүүт" нуурын шаврын органик нүүрстөрөгчийн хэмжээ нь шаврын биологийн идэвхийг нөхцөлдүүлэх хөдөлгөөний эсэргүүцэл, наалданги чанар болон дулааны эффектээрээ эмчилгээний чанарын хэрэглээний шаардлагыг бүрэн хангаж байна" гэж тодорхойлжээ. Мөн хар шаврын дулаан барих болон шар шаврын наалданги чанар өндөр байгааг тэмдэглэсэн юм. Нөгөө талаар, төмрийн агууламж цагаан болон хар шаварт их. Бас мөнгө, зэс молибден нь хар, цагаан шаварт хоёроос гурав дахин их байгааг дурдаад энэ нь хүний биед эмчилгээний өндөр ашиг тустайг тодорхойлсон. Эдгээрээс дүгнэхэд, уг гурван төрлийн шаврыг зөв тодорхойлох, хамгаалах, хэрэглэх шаардлагатайг чухалчлан үзэж, шаврын шүтэлцээг улам тодорхой болгох ажлыг орон нутгийн төрийн захиргаа болон ард иргэдтэй хамтран зохион байгуулах шаардлагатай билээ. Уг гурван төрлийн шавар нь хоорондоо ялгаатай боловч Оросын эрдэмтэн А.И.Малахов, В.В.Иванов нарын томъёолсноор эмчилгээний шаврын олон улсын ангиллын шаардлагад нийцэж, улмаар XIX зууны эхээр олон улсын ангилалд багтсан байна. Шавар эмчилгээний гол үр дүн нь био идэвхт болон хүний биед ашигтай минералуудаар холбоос эдүүдэд тэжээл өгдгөөрөө чухал юм. Үүнээс гадна байнгын өвчин, үрэвслийн процессийг багасгадаг. Ялангуяа, тулуй болон үе, өвдөгний өвчний үед илүү нөлөө үзүүлнэ. Нөгөө талаар давс, эрдэст бодисуудтай эмчилгээний ванн нь цусны эргэлтийг сайжруулж, тэжээллэг чанарыг дээшлүүлэн, яс, мөгөөрсний бүтцийн эвдрэлийг бууруулдгаараа үений хүүдийн үрэвслийн үед илүү үр дүнтэй байдгийг эрдэмтэд нотолжээ. Үүнээс гадна, массаж болон бариа заслын үед шаврыг ашигласнаар булчингийн чангаралт, зангирааг багасгаж, тогтонгижсон цус, шар усыг хөөж, өвдөлтийг багасгана.
Мөн эмчилгээний шавар судлаач, эмч, доктор З.Намбарын судалгаагаар эдгээр шавар нь хүний биед өндөр ач тустай, эмчилгээний үр дүн сайтайг нотолсон. Тэрээр, шавар тавих аргачлалын талаар саналаа илэрхийлсэн. Тэр хэлэхдээ шаврыг нэлэнхүйд нь биш, харин яг өвдөлттэй хэсгийг олж хоёр см-ээс зузаангүйгээр түрхэж тавьсны дараа дулааныг алдагдуулахгүйн тулд сайтар хучих хэрэгтэй. Дулааны үйлчилгээ үзүүлэх зориулалттай элсэрхэг шаврын орд биш учраас ийнхүү хучих нь зүйтэй. Түүнчлэн, эмчилгээний үр дүн сайтай олон төрлийн элементээр элбэг уг нуурын шаврын давталтын тоог зургаагаас доошгүй байлгах шаардлагатайг онцолсон юм. Эдгээр шаврыг гэрийн нөхцөлд биш мэргэжлийн хүмүүсийн хараа хяналтын доор тавиулах нь илүү үр дүнтэй. Аливаа эмчилгээний утга агуулгыг бүрэн ойлгож, үр дүн болон эмчилгээндээ итгэх нь сайнаар нөлөөлдөг болохыг дурдъя.
Ахмад төмөр замчин Д.Даяндорж