"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд боомтын сэргэлтийг дэмжих төслүүдийг эрчимжүүлж, хилийн боомтуудын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Үүний хүрээнд Монгол Улсын хэмжээнд 6 боомтод бүтээн байгуулалтын ажил хийж байгаагийн нэг нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар боомтууд юм. Алтанбулаг боомтод Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Гаалийн шинэчлэл"-ийн хүрээнд хийж буй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалт байгаа. Энэхүү бүтээн байгуулалтын ажил 2019 оны 9 дүгээр сард эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Дээрх ажлыг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Зээлийн гэрээний дагуу хэрэгжүүлж, “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн хүрээнд гүйцэтгэж байна. Боомтын сэргэлтийн талаар аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж: ”Алтанбулаг боомтын ажил эхлээд явж байгаа. Энэ боомтын барилгын ажил 10 дугаар сард дуусч ашиглалтад орно. Одоо бид хурдлуулах үүднээс ажлыг нь шахна. Мөн дээр нь Түшигийн боомтыг нээх асуудал байгаа. Боомтын сайд 4 дүгээр сард ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад ажлын айлчлал хийнэ. Тэгэхээр тодорхой болно. Боомтын сэргэлтээр Сэлэнгэ аймаг 2 талдаа ОХУ руу гарцтай болно” гэв.
Алтанбулаг боомтоор нийт зорчигчийн 14.5 хувь, тээврийн хэрэгслийн 16 хувь нэвтэрдэг боловч барилга байгууламж, дэд бүтэц нь өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангахгүй, ачааллаа дийлэхгүйгээс зорчигч, ачаа тээвэр хилээр нэвтрэхэд олон төрлийн хүндрэл гардаг аж. Иймээс боомтын шинэчлэлийн үр дүнд Алтанбулаг боомтоор өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 3 дахин, ачааны болон суудлын тээврийн хэрэгслийн тоо тус бүр 4 дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ.