Бондтой танилцсан түүх
Уул уурхайн орлого асар хурдацтай нэмэгдэж 2011 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17.3 хувьд хүрч дэлхийд шагшигдаж байлаа. Одоо эдийн засгийн өсөлтөө хоёр оронтой тоонд хүргэхийн хүслэн болж буй. Харин тэр үед хоёр оронтой тоо бус бүр 20 хувьд хүрэх шахсан нь ямар их өсөлт байсныг илэрхийлнэ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдэж, хөрөнгө оруулагчид хараагаа чиглүүлж эхэлсэн. Гэвч 2012 оноос уруудаж эхлэв. Энэ үеэс Монгол Улсын эдийн засгийн өсөлт ч саарч, өрийн хэмжээ эрчимтэй нэмэгдсэн юм. Манай улсын 2011 оны эдийн засгийн өсөлтөд итгэж найдсан хөрөнгө оруулагчид хүссэн зээл бүрийг өгч байв. 2012 оны сонгуулийн өмнө Засгийн газар баталгаа гаргаж Хөгжлийн банк олон улсын зах зээлээс 500 сая ам.доллар зээлсэн юм. Үүний дараа 2012 оны төгсгөлд олон улсын зах зээлд “Чингис” бонд арилжаалж 1.5 тэрбум ам.доллар босгов. Ингэж л монголчууд бондтой танилцсан түүхтэй. Бонд хэмээх гоё нэртэй боловч энэ бол өр. Их эзэн Чингис хаанаараа нэрлэсэн бонд нь араасаа алтан ургийн хаад шиг арвин их бонд дагуулав. 2013 онд “Самурай”, 2015 онд “Дим сам”, 2016 онд “Мазаалай”, 2017 онд “Хуралдай”, “Гэрэгэ”, 2020 онд “Номад” бондыг арилжаалсан.
Боломж
Эдийн засгийн таатай нөхцөл байдлыг ашиглаж хөрөнгө босгоно гэдэг бол алтан боломж. Манай улс энэхүү боломжоо чамгүй ашигласан. Харин энэхүү боломжоос үүсгэсэн боломж буюу зээлийн хөрөнгөө үр ашигтай зарцуулж чадаагүй. Ихэнхийг нь зам, барилга байгууламж гэх мэт буцаад мөнгө олон боломжгүй төслүүдэд зарцуулсан юм. Уг нь үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлсэн, экспортыг дэмжиж, импортыг орлуулах үйлдвэрлэлийн төслүүдэд зарцуулсан бол үр дүнтэй байх байсныг эдийн засагчид онцолдог. Хэрэв ингэж зарцуулсан бол өдийд энэ бүх зээл өрийн дарамт үүсгэхгүй байлаа.
Эрсдэл
Эдийн засаг таатай сайхан байгаагүй, бондын зээлээ үр ашигтай зарцуулж чадаагүй Монгол Улс өрийн дарамтад орж эхлэв. 2017 онд Хөгжлийн банкны 500 сая ам.долларын зээл төлөх хугацаа тулж Монгол Улс дефолт зарлахдаа тулсан. Улмаар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж эрсдлээс түр гарсан. Гэвч энэ нь сургамж болсонгүй. Дахиад л хүнд байдалд оров. Хөгжлийн банкнаас гаргасан зээлүүдийн чанаргүй ангилалд шилжиж тус банк 500 сая ам.долларын “Евро” бондын төлбөрөө төлж чадахгүйд хүрэв. Улмаар Засгийн газар хэвлэл мэдээлэл, хууль шүүхийн байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд зээлийн эргэн төлөлт нэмэгдэж өнгөрсөн аравдугаар сард Хөгжлийн банк өөрийнхөө хөрөнгөөр “Евро” бондын 500 сая ам.долларын өрөө төллөө.
Амжилт
Хөгжлийн банк хүндрэлээс гарч зээлээ хугацаанд нь төлсөн шиг Засгийн газар ч “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр төлж барагдууллаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр иргэд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, олон улсын хамтын ажиллагааны түншүүддээ хандаж үг хэллээ. Тэрээр “Эрхэм монголчууд аа, хүндэт хөрөнгө оруулагчид аа, олон улсын хамтын ажиллагааны түншүүд ээ, Монгол Улс өнөөдөр “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсанаа зарлаж байна.
Өнгөрсөн аравдугаар сарын 23-нд Хөгжлийн банкны “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг мөн өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Энэ бол Монгол Улс олон улсын өмнө, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж чадаж байгаагийн чухал нотолгоо юм. Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэж монголчууд бид ярьдаг билээ. Засгийн газар бүхэн өөр өөрийн цаг хугацааны онцлог, жаргал зовлонтой байдаг. Манай Засгийн газарт цар тахлыг давж, дайны үед эдийн засгийн хүндрэлийг зохицуулж, авлигатай тэмцэж, бондуудын гадаад өрийг хугацаанд нь төлж, эх орноо дампуурлаас хамгаалах нь цаг хугацааны түүхэн сорилт байлаа. Гадаад өрийн дампуурлаа хүлээн зөвшөөрч, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орох, эсвэл эрс шийдэмгий реформын шинж чанартай хатуу арга хэмжээ авч өөрсдийн эх үүсвэрээ дайчлах хоёрхон сонголт бидэнд байсан. Хөгжлийн банк болон “Эрдэнэс Тавантолгой” компанид авч хэрэгжүүлсэн авлигын эсрэг багц арга хэмжээний үр дүнд монголчууд бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарч чадлаа.
Засгийн газар “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Хурилдай” бондын 430 сая ам.доллар, “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын өр болон бусад өр төлбөрийг төлөхөд өнгөрсөн хугацаанд 13.3 их наяд төгрөг зарцуулсан байна" гэлээ.
Дахин боломж
Ийнхүү манай улс бондын өр төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулснаар 2024, 2025 онд ямар нэгэн бондын зээл төлөхөөргүй болж байна. Харин 2026 оноос хуваарийн дагуу төлөх ёстой төлбөр бий. Тэгэхээр энэ хоёр жилийн хугацаа амсхийх, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх боломж олгож байна. Ерөнхий сайд ч “Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн өсөлтийн үр шим өр дарахад зарцуулагдаж байсан бол өнөөдрөөс эхэлж, өрх иргэн бүхэнд хүрэх суурь нөхцөл эдийн засгийн хувьд бүрдэж байна” гэсэн юм.
Гадаад валютын албан нөөц нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 4.5 тэрбум ам.долларт хүрээд байна. Засгийн газар цаашид эдийн засгийг нээлттэй, ил тод болгох бодлогоо тогтвортой хадгалж чадвал валютын нөөцөө 10 тэрбум ам.долларт хүргэх боломжтой гэж үзжээ.
Сургамж
Дахин олдож буй боломжоо алдахгүй ашиглахаас гадна алдаагаа дахин давтахгүй байх нь хамгаас чухал. Олсон орлогоо үр ашигтай, өсөн нэмэгдэх зүйлд зарцуулах, санхүүгийн сахилга батаа сайжруулж элдэв сан, Хөгжлийн банкнаас гаргасан зээлүүдийн эргэн төлөлтийг нэмэгдүүлэх нь хамгаас чухал гэдгийг өнгөрсөн хугацаанд хангалттай ихээр мэдэрч, ойлгосон. Тийм ч учраас Засгийн газар энэ долоо хоногийн хуралдаанаараа Хөгжлийн банкийг цаашид хэрхэн ажиллуулах талаар хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, сонгодог Эксим банк болгох эрх зүйн цогц шинэчлэлийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.
Мөн Ерөнхий сайд өмнөх алдааг давтаж болохгүй гэдгийг онцлохдоо “Бидний үр хүүхэд нэг өдөр төлчихнө” гэдэг итгэл үнэмшлээр тооцоо судалгаагүй хандаж, улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж, өршөөлийн хууль баталсан хариуцлагагүй үйлдэл Монгол Улсад дахин давтагдахгүй. Бондын өр бол улс орны хөгжлийг боомилсон, өрх бүрийн орлогыг хулгайлсан улс орноо дампуурлын ирмэгт хүргэсэн, 12 жилийн алдагдсан боломж гэдгийг хэзээ ч мартаж болохгүй гашуун сургамж юм” гэлээ.
https://eagle.mn/r/122040