ЗТХЯ, УБТЗ ХНН, Тээврийн прокурорын газар, Төмөр зам дахь цагдаагийн газар хамтран “Төмөр замын гарам аюулгүй байдал” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 13-нд зохион байгууллаа. “Ган зам палас”-т болсон тус зөвлөгөөнд төмөр замын гарам, түүний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөл, ИТА-нууд оролцож дээрх сэдвийн хүрээнд тулгамдаж байгаа асуудал хийгээд цаашид хэрэгжүүлбэл  зохих оновчтой арга хэмжээний талаар харилцан санал солилцсон юм. Зөвлөгөөний үеэр УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн “Бид өнөөдрийн зөвлөгөөнөөрөө  төмөр замын гарам дээр гарч болзошгүй рсрл, зөрчлийг бууруулах “Түр зогс, бүү яар!”  нөлөөллийн аяныг эхлүүлж байна. Тус аяныг нийгэмд дэвшүүлснээр ард иргэддээ нөлөөлөх, төмөр замын аюултай бүсийн дэглэмийг мөрдөх талаар сэрэмжүүлэг хүргэх, төмөр зам дээр гарч болзошгүй эрсдэл аваар ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх гээд олон талын ач холбогдолтой юм” Ташрамд дурдахад, Монгол Улсын хэмжээнд 370 гаруй төмөр замын гарам ашиглагддаг бөгөөд тухайн гармуудын зэрэглэлийг өндөрсгөж, олон улсын шаардлагад нийцүүлэх ажлыг УБТЗ ХНН-ийнхэн шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа юм. Жил бүр гармын тооллого хийж, үзлэг шалгалт явуулж,  илэрсэн зөрчлийг тухай бүр нь засварлаж, аюулгүй байдлыг хангаж байна. Өнөөдрийн байдлаар, нийт 68 гарам нэгдүгээр зэрэглэлтэй буюу аюулгүй байдлыг бүрэн хангасан, бусад гармууд нь салбар болон дагнасан хэрэглээний замуудад байрладаг аж. Тиймээс тухайн гармуудын аюулгүй байдлыг хангуулах ажил энэ жилийн үндсэн зорилт  гэдэг дээр  зөвлөгөөнд оролцогсод санал нэгтэй байлаа. 2022 онд л гэхэд галт тэргэнд яаралтай тоормос хийж зогссон тохиолдол 200 удаа гарсан бөгөөд 2023 оны эхний гурван сарын байдлаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 40 дэх хэсэгт заасан “Төмөр замын гарамгүй хэсгээр нэвтэрсэн эсвэл төмөр замын гарам зөрчсөн” нийт 30 гомдол Төмөр зам дахь цагдаагийн газарт бүртгэгдэж, хялбаршуулсан журмаар шийдэгджээ.