Хүмүүний амьдрал, хувь тавилан гэдэг энгийн, эгэлхэн. Заримдаа учир битүүлэг учрал тохиолоор гайхшруулах үе  ч зөндөө. Тийм үед “Юм гэдэг учиртай...” хэмээн хаана ч юм, хэнд ч юм, юунд ч юм, олоогүй эрлийн үзүүр, ойлгоогүй учир шалтгааныг “өлгөж” орхих нь бий.

Өнгөрсөн намрын Замын даргын үзлэгээр яг ийм нэгэн үйл явдал болсныг манай нэг сэтгүүлч томилолтоос ирмэгцээ сонин болгож бидэнд хуучилсан юм.

Эмээлт зөрлөгт Замын I орлогч дарга төмөр замд 30 жил ажилласан нэгэн замчин эмэгтэйн энгэрт“Тэргүүний төмөр замчин” тэмдэг зүүж өгөх гэсэн боловч тэмдгийнх нь зүү хоёр ч удаа салж унажээ. Тэрхэн агшинд И.В.Милостных дарга “Энэ эмэгтэйн энгэрт “Тэргүүний төмөр замчин” биш “Төмөр замчны алдар” тэмдэг зүүх ёстой юм байна” хэмээгээд тэр дор нь УБТЗ-ын дээд шагналыг хүртээсэн гэдэг. Бид энэхүү хөгжилтэй хэр нь  бахархам түүхийг сонсохдоо “Юм гэдэг учиртай...” хэмээцгээгээд өнгөрсөн. Гэхдээ тэр түүх бидний хэний ч сэтгэлээс гарсангүй.

Тиймээс энэ удаагийн дугаартаа тэрхүү түүхийн эзэн Замын II ангийн тавдугаар хэсгийн замчин Дамдингийн Нарантуяатай ярилцлаа.

Тэрбээр, Партизаны сангийн аж ахуй буюу одоогийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд төрж өссөн нэгэн аж. Түүний аав, ээж хоёр уг сангийн аж ахуйн 800 үнээний фермд ажиллах тул хүүхэд ахуй үе нь хөдөөгийн буйдхан сууринд өнгөрчээ. Замчин бүсгүй “Миний амьдралд гойд сонин болгож өгүүлэх зүйл тун ховорхон доо” хэмээн яриагаа даруухан эхэллээ.

Д.Нарантуяа зургаан хүүхэдтэй айлын гурав дахь охин. Дээрээ ах, эгчтэй, араасаа хоёр эрэгтэй, нэг охин дүү дагуулсан гэнэ.

Аав нь, 800 үнээтэй фермийн зоотехникчээс эхлэн дарга хүртэлх албыг хашсан бол ээж нь, 0-14 хоногтой тугалын маллагаа  хариуцсан тугалчин байж. Хүнээр жишвэл  “яслийн багш” л гэсэн үг гэнэ.

Тэднийх цайны сүүний хоёр үнээтэй. Үнээ саах, ус авах, хоол хийх зэрэг ар гэрийн ажил аялуулахыг Д.Нарантуяа багаасаа өөрийн хийх ёстой үүрэгт ажил хэмээн нугалж иржээ. Ер нь, л гэр амьтай охин байж. 1991 онд дунд сургуулиа дүүргэхэд нь цагийн байдал ороо бусгаа байсан үе. Бүх л зүйлс ховордож, хүнсний бараа картанд орчихсон амаргүй өдөр хоногууд хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй. Тийм хүнд цаг үед аав ээж нь охиноо хот руу сургууль соёлд ч явуулъя гэсэнгүй. Охин ч явъя гэсэнгүй. Дунд сургууль төгссөн жилээ Партизандаа нэгэн хувийн цайны газар хэдэн сар ажилласан ч олигтой цалин хөлс гартаа авч үзсэнгүй. Ийнхүү охин аав, ээждээ тус нэмэр болсоор 1992 оны намартай золгожээ. Тэгтэл нэг өдөр аав нь “Миний охин төмөр замд ажил орох уу?” гэсээр иржээ. Охин ч “Тэгье” хэмээн аавыгаа даган хотод ирж, Замын II ангийн даргатай уулзав. Ангийн дарга 170 см өндөр хэрнээ ердөө 55 кг жинтэй зэгс шиг турьхан охиныг дээрээс нь доош нь харангаа, “Шпала даах уу?” гэж асуухад нь шуудхан “Даанаа” гэсэн гэдэг. Яг үнэндээ шпала гэж юу байдгийг ч төсөөлөөгүй зогссон нь тэр. Ийнхүү аравдугаар сарын 1-ний намрын огтор шар нар ээсэн өглөө Ногоон толгойн Замын хэсгийнхэн дунд 19 настай охин бишүүрхэнгүй зогсож байлаа.Уг хэсгийн мастер нь Лхагвадаш, бригадын дарга нь Цамба гэх өвгөжөөр хүн байх. Огт танихгүй шинэ хамт олон дунд анх орохдоо тэдний дунд арваад эмэгтэй замчин байхыг харж энэ ажлыг хийж чадна гэх итгэл төрсөн гэдэг.

Аравдугаар сар бол замчдын өвлийн бэлтгэл ажлаа “хумьдаг” ачаалалтай үе. Анхны өдөр 200 метр газарт балласт шуух ажилд томилогджээ. Гэхдээ замчны ажил хүрз барьж үзээгүй охины хувьд санасан шиг нь амар байсангүй. Эхний өдөр хоёр гарынх нь алганд том том цэврүү гүйж, хүрзээ ч барих тэнхэлгүй ажлаасаа буув. Гэртээ очоод “Би ийм ажил хийж чадахгүй” хэмээн уйлахад гарынх нь цэврүүг хагалж суусан аав нь “Миний охин ядаж анхны цалингаа аваад гарахгүй юу даа” гэж.

Ийнхүү замчны хүнд хүчир ажилтай турьхан охин өдөр өдрөөр танилцаж байтал нэг л мэдэхэд 15 хоног өнгөрч анхны цалингаа авчээ.

Тэрбээр, “Анхны цалингаа аваад жигтэйхэн их урам орсон. Амьдралдаа анх удаа өөрийнхөө хөлс хүчээр авсан мөнгө гэдэг юунаас ч илүү үнэ цэнэтэй байдаг юм билээ. Цалингаа аваад гэр рүүгээ жигтэйхэн баяр хөөртэй явж байснаа санадаг. Анхны цалингаасаа бүтэн боодол даавуу авсан. Замчдын бээлий тэсдэггүй шүү дээ. Тэр даавуугаараа өөртөө хөвөнтэй бээлий оёод сууж байхад хүртэл жигтэйхэн гоё санагдаж байсан сан. Ээж минь тэр даавуугаар бидэнд дээл хувцас их хийсэн дээ.Тэр бүрийг харах, өмсөх нэг л бахархмаар санагдана. Тэгээд л ажлаасаа гаръя гэх бодлоо хаясан. Урьд нь яаж энэ ажлыг хийнэ дээ гэж халширч байсан бол нэг мэдэхнээ хамт ажилладаг эгч нар шигээ яавал ажлаа түүртэхгүй хийдэг болох вэ гэж боддог болчихсон. Хүн ажлыг хийж суръя гэж хичээвэл болдог л юм билээ” хэмээв.

Д.Нарантуяа Ногоонтолгойд ажил амьдралын гараагаа ийнхүү эхлүүлж, 2007 оныг хүртэл ажиллаад Эмээлт зөрлөгт буюу Замын III хэсэгт шилжиж иржээ. Энэ зөрлөгт ирснээр ханьтайгаа учирсан байна.

Тэрбээр, “Миний ханийг М.Хадбаатар гэдэг. Манай хэсэгт тор засагчаар ажилладаг. Хань минь их хөдөлмөрч, түшигтэй, халамжтай сайн хүн. Хавь ойрын хүмүүстээ эерэг энерги түгээсэн сайхан хүмүүс байдаг даа. Миний хань тийм л хүн. Бид 2007 онд гэр бүл болж байлаа. Тэр үед III хэсгийн хамгийн залуу нь бид хоёр.Манай хэсэгт 20 гаруй жил ажилласан туршлагатай, тулхтай ах, эгч нар байсан. Нэг мэдсэн тэд маань гавьяаны амралтдаа гарч, бид хоёр хамгийн ахмад нь болчихож. Орчлонгийн жам юм даа. Бид хоёр одоо шижигнэсэн сайхан залуустай хамт ажиллаж байна. Сайхан хамт олон шүү. Намайг намрын үзлэгээр ийм хүндтэй шагнал хүртэхэд хэсгийнхэн маань бүгд л баярласан. “Та ямар азтай юм бэ” гэцгээгээд чин сэтгэлээсээ баярлаж, хөөрцгөөхийг хараад итгэж ядан балмагдаж зогссон би ч огшоод л явчихсан.

Ийм том шагнал хүртэнэ чинээ санаагүй байсан. Ээж минь, хань, үр хүүхдүүд минь их баярласан даа. Цэврүүтсэн гараа үзүүлээд уйлж зогссон эрх охиноо аав минь тэр өдөр тэнгэрээс харсан байхаа гэж бодож байлаа” хэмээв.

Д.Нарантуяагийн том охин Н.Оюунцэнгэл удам залган төмөр замчин болжээ. Зам тосолгооны вагоны үйлчлэгчээр ажилладаг гэнэ. Харин бага хүү дунд сургуулийн сурагч аж. Замчин бүсгүй “Залуу байхад зав л гарвал ном бариад суучихдаг хүүхэд байлаа. Ер нь, ном унших миний хобби. Сүүлийн хэдэн жил л харьцангуй бага уншлаа. Харин “Ган зам” сониноо бол алгасахгүй уншина шүү. Танайх арын нүүрэндээ богино өгүүллэгүүд нийтэлдэг байсан даа. Шинэ сониноо аваад тэрийг л хамгийн түрүүнд хардаг байлаа. Сүүлийн үед харин өгүүллэг нийтлэхгүй байх шиг... Би уран зохиолын номонд хорхойтой хүн” хэмээгээд инээлээ.

Ийнхүү ажлынхаа эхний өдөр цэврүүтсэн гараа аавдаа үзүүлээд уйлж зогссон эрх охин 30 жилийн дараа замчны шар хантаазныхаа энгэрт “Төмөр замчны алдар” тэмдэг зүүчихээд баярын нулимстай зогсоно гэдгээ тэр үед төсөөлөө ч үгүй бизээ.

Б. ГҮНЖИНЛХАМ