ГЕГ-ын мэдээллээр оны эхний хоёр сард бүрэн цахилгаан хөдөлгүүртэй 61 автомашин, хосолмол хөдөлгүүртэй 6760 автомашин импортолжээ. Дэлхий даяар цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэж байна. Тухайлбал: АНУ 2030 он гэхэд нийт автомашиныхаа талаас илүүг цахилгаан болгоно гэж мэдээлээд байгаа юм. Харин Монгол Улсын хувьд “Ногоон хөгжлийн бодлого”-ын хүрээнд бүрэн цахилгаан автомашины хэрэглээг 2025 онд 10-20 хувь, 2030 онд 25-30 хувьд хүргэхийг зорьж буйгаа БОАЖЯ мэдээллээ. Энэ хүрээнд ажлын хэсэг байгуулж, цахилгаан автомашины цэнэглэгчийг гаалийн болон НӨАТ-аас, цахилгаан тэжээлт автомашиныг онцгой албан татвараас чөлөөлөх зэрэг ажил хийхээр төлөвлөжээ. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр оны эхний хоёр сард бүрэн цахилгаан хөдөлгүүртэй 61, хосолмол хөдөлгүүртэй 6760 автомашин импортолсон дүнтэй байна. Харин уламжлалт хөдөлгүүртэй 2000 гаруй автомашин импортолсон нь бүрэн цахилгаан автомашины импорттой харьцуулахад 30 дахин их байгаа юм. 2022 оны хоёрдугаар сард Эрчим хүчний яамны мэдээлснээр Монгол Улсад 492 цахилгаан автомашин байжээ. Мөн тухайн үеийн Эрчим хүчний сайд "Эрчим хүчний салбарын хувьд үйлдвэрлэлээс хэрэглээ давсан тул хэрэглээ нэмэгдэх нь хүндрэлтэй. Хэдий тийм боловч нийт автомашины 20-30 хувь нь цахилгаан автомашин болоход хэрэглээ 15-20 мВт-аар нэмэгдэнэ. Үүнийг оргил ачааллын цагаас бусад цагт эрчим хүчний хэрэглээний тарифаар цэнэглэх боломжтой" гэж байсан юм. Харин дистрибьютерүүдийн хувьд цэнэглэх станцыг халаах систем хэрэгтэй болно гэж онцолж байв.