УБТЗ-ын Дуу бүжгийн чуулгын дуучин, МУСТА Б.Нямзагдтай ярилцлаа.
- Та урлагийн хүн болсон замналаасаа танилцуулна уу?
- Би Завхан аймаг, Улиастай хотод төрсөн. Бага насаа нутагтаа өнгөрөөсөн. Аав минь Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын дуучин, аж ахуйн эрхлэгч байсан. Аавыгаа дагаад театрт тоглолт үзээд, тайзны ард, уран бүтээлчдийн дунд өссөн. Аав минь мэргэжлийн дуучин биш ч гэлээ их гоё дуулдаг. Ер нь манай аавын талын хамаатан садан урлагтай ойр, мэдрэмжтэй, сонсголтой хүмүүс байдаг. Миний дуучин болсон нь үүнтэй холбоотой болов уу, аавынхаа авьяасыг өвлөж авсан юм болов уу гэж боддог. Аав минь саяхан нутагтаа зохион байгуулагдсан "Оройн чимэг" гэж Отгонтэнгэр хайрханыг магтан дуулсан уртын дууны тэмцээнд түрүүлсэн. Аав минь Завхан аймгийн Цагаан хайрхан сумын хүн. Нутгийнхаа 100 жилийн ойгоор аав надтай хамт П.Адарсүрэнгийн "Алтай хангайн уулс" гэх олонд хүрсэн дууг нь дуулж, наадмыг нээсэн. П.Адарсүрэн Цагаан хайрхан суманд төрсөн. Тэр хүнээс хойш манай нутагт эрэгтэй дуучин байгаагүй. Одоо би л байх шиг байна.
/Инээв/ Намайг нэгдүгээр ангид орох үед аав ээж минь хот суурин газар хүүхдээ сургая гэж бодсон юм байлгүй манайх Эрдэнэт хот руу нүүж, би тэнд оюутан болох хүртлээ амьдарсан. Дараа нь 2008 онд Улаанбаатар хотод ирж, суурьшаад амьдарч байна. Би хүүхэд байхдаа цагдаа эсвэл инженер болно гэж боддог байсан. Тэр тусмаа цахигааны инженер. Би электрон, цахилгаанд их дуртай. Эвдэрхий юм засаж янзлах, багаж цуглуулах хоббитой. Дэлгүүрт ороод багажны тасаг руу явна. Шатсан хөгжим, дэлгэц гэх мэт зүйлсийг зав гарвал л засах гээд бариад авдаг. Гэхдээ наймдугаар ангиа төгсөөд ер нь дуулж үзвэл яадаг бол гэж бодоод Эрдэнэтийн Дуу бүжгийн чуулгад, Амартүвшин багш дээр очиж, шалгууллаа. Тухайн үед гавьяат жүжигчин С.Жавхлангийн дуунууд ид хит болж байсныг дуулж үзүүлтэл багш "Чи чинь яасан өтгөн хоолойтой хүүхэд вэ? Басс хоолойтой юм байна. Ийм төрлийн дуу чамд зохихгүй." гэж байна. Би "басс" гэхээр нь "Аан ер нь эвгүй хоолойтой юм байна, өтгөн хоолой гэж ямар хоолой байдаг юм бол оо?" гэж их гайхаж байсан. Тэгээд надаар дуурийн, бүдүүн хоолойтой дуучдын дуулсан дуунуудыг дуулуулсан. Тэр дуунууд нь надад их зохиж байна шүү. /Инээв/ Өөрийгөө ямар өнгө аястай дуу дуулах вэ гэдгээ ойлгож, дуучин болох гараагаа тэндээс л эхлүүлсэн. Багш минь надад дуу гэдэг чинь ийм юм байдаг гэдэг анхны ойлголтыг, дуу дуулахыг зааж өгсөн хүн юм. Тийнхүү дараа нь СУИС-д элсэж, таван жил суралцаад төгссөн.
- Уран бүтээлч хүний хувьд төмөр замчдадаа урлаг, соёлыг илүү хүртээмжтэй хүргэх талаар таны санал бодол?
- Манай төмөр замчид урлаг, спортын авьяастай хүмүүс. Тиймээс урлаг, спортын их наадмыг жил болгон зохион байгуулах хэрэгтэй байх. Мөн чуулгын уран бүтээлчдийн орон тоог нэмэх, "Соёлын галт тэрэг"-ийг жил болгон аялуулаасай гэж боддог. "Соёлын галт тэрэг" гэдэг нь Монгол Оросын төмөр замын уран бүтээлчид, эмч нарын үзлэгийн баг, багш нарын сургалт зөвлөгөө гэх мэт өргөн бүрэлдэхүүнтэй галт тэрэг өртөө бүрээр аялахыг хэлж байгаа юм. Иймээс жил бүр аялуулбал урлаг, уран сайхан, гоо зүй, хууль, дүрэм, журмын мэдлэг төмөр замчдад илүү хүртээмжтэй болох байх.
- Та уран бүтээлийн замаа хэрхэн Төмөр замын Дуу бүжгийн чуулгатай холбов?
- Би 2013 онд СУИС-ийг төгсөөд, чуулгад ажилд орж байсан. Гэхдээ дуучнаар ороогүй. Гэрэлтүүлэгч, хөгжим тавигч гэсэн орон тоон дээр ажилласан. Ажиллаж байх нэг жилийн хугацаандаа тухайн үед тоглогдож байсан "Хандармаа" дуулалт жүжгийн гол дүр Гантөмөрийн дүрийг бүтээсэн. Жүжгийг манай чуулгын хамт олон хойд, урд замын төмөр замчдадаа аялан тоглолтоор толилуулж, "Хандармаа" дуулалт жүжиг Монголын Үндэсний Олон нийтийн Радио Телевизийн "Алтан сан"-д дүрс бичлэг хэлбэрээр хадгалагдсан. Чуулгад жил орчим ажиллаад хувийн уран бүтээлээ хийхээр ажлаасаа гарсан. 2017 онд ахин ажиллаж эхлээд одоог хүртэл ажиллаж байна. Миний сүүлийн 10 жилийн ажил, амьдрал Төмөр замын Дуу бүжгийн чуулгатай салшгүй холбоотой. Мянга мянган төмөр замчид ажилладаг энэ сайхан байгууллагад уран бүтээлээ туурвиж яваадаа би их баяртай байдаг.
- Хувийн уран бүтээлийн хувьд?
- Өнгөрсөн гуравдугаар сард Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын наймны баярын өдөр чуулгын тайзнаа төмөр замчдадаа төдийгүй монголчууддаа, эмэгтэйчүүд, ээжүүддээ зориулан "Үнэн сэтгэл" тоглолтоо гурван удаа хийсэн. Энэ намар хуучны нэгэн сайхан дууг зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр дуулж, сонсогчдод хүргэнэ. Дуучид зохиогчийн эрхийн зөвшөөрлийг албан ёсоор авч, дуугаа дуулдаг болсон байна. Хүн болгоны чихэнд хоногшсон дууг өөрийн өнгө аясаар дуулах гэж байгаадаа баяртай байна.
Хэсэг хугацаанд хувийн уран бүтээлээ хийхээр ажлаасаа чөлөө авсан. Энэ хугацаандаа "Жаргаж дуул" нэртэй, дуучин Б.Хандмаа бид хоёрын 11 жил дуулсан бүх дууны клип, цоо шинэ 14 дуу, хүмүүсийн хамгийн их сонсох дуртай 10 дууны фонограммыг багтаасан цомог гаргасан. Би сүүлийн 11 жил дуучин Б.Хандмаатай хамтран дуулж, олон тоглолтуудаа хийж байна. Хүмүүс цомог гэхээр CD төсөөлдөг шүү дээ. Одоо үед CD уншдаг техник, технологи ховордсон тул цомгоо CD хэлбэрээр биш флэш хэлбэрээр гаргасан нь Монголын анхны флэш хэлбэрээр гарсан цомог болсон. Цомгийг энэ намар худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байна.
-Одоо үед зохиолчид дуунуудаа зохиогчийн зөвшөөрөлгүйгээр дуулуулахгүй болжээ. Залуу уран бүтээлчийн хувьд уран бүтээл хийхэд санхүүгийн асуудал тулгардаг уу?
- Уран бүтээл хийхэд маш их цаг хугацаа, асар их хөдөлмөр, их мөнгө шаардагддаг. Миний хувьд хэн нэгнээр ивээн тэтгүүлж, мөнгө гуйж, авч үзээгүй. Өөрөө л болгохыг хичээдэг. Болгож л байна. Залуу хүн хүнээс юм гуйна гэдэг муухай шүү дээ. Уран бүтээлдээ хайртай, уран бүтээлээ гэж зорьж, тэмүүлж буй хүний хувьд цаг хугацаа, мөнгө төгрөг огт сонин биш л дээ. Энэ дуугаа ингэж сайн дуулах юмсан гээд зөөврийн компьютер, юмнуудаа ломбарданд тавиад дуугаа хийх үе ч байсан. Тэгж явсны үр дүн гарсан гэж би бодож явдаг даа. Арваад жилийн өмнө дөнгөж сургуулиа төгсчихсөн. Аав ээжээрээ сургалтын төлбөрөө төлүүлээд төгсчихсөн. Төмөр замын чуулгад дөнгөж ажиллаж эхэлсэн үе. "Дуу хийх гэж байна." гээд ээж, ааваасаа ахин мөнгө авалтай биш. Цалингийн зээл авч, дуу хийгээд, цомог гаргаж байлаа. Уран бүтээлч хүнд тэвчээр, тууштай зан, чин хүсэл, сонирхол маш их хэрэгтэй гэж боддог. Ганц нэгхэн дуу дуулчихаад болохгүй, бүтэхгүй байна гээд хаяад явбал тухайн хүнд өөрт нь л асуудал байгаа хэрэг. Хүсэл, мөрөөдөл байсан цагт санхүүгийн асуудлыг хүн даваад гардаг. Амьд хүн аргатай гэдэг шүү дээ. /Инээв./
- Та чуулгадаа ажиллангаа хувийн уран бүтээлээ амжуулж, олон дуу, цомог гаргасан. Залуу хүнийн хувьд хөдөлмөрч, үлгэр жишээ санагдаж байна.
- Манай Төмөр замын чуулга урлагийн байгууллага учраас уран бүтээлчдээ их дэмждэг. Ажлаас гадуур уран бүтээл хийх, цомог гаргахад чөлөө олгож, дэмждэг. Хамт олон маань нэгнийгээ нөхөж ажилладаг.
- Бусад нийтийн дуучдаас таны ялгарах онцлог?
- Нэг хэсэг нийтийн дуучид борооны дараах мөөг шиг олон байсан. Ковид цар тахал тэдгээр хүмүүсийн чанарыг шалгаж, цөөлсөн юм болов уу? Одоо бол мэргэжлийн цөөхөн дуучид дуугаа дуулаад үлдсэн. Сүүлйин үеийн залуучууд хөнгөн хэмнэлтэй дуугаар түрж орж ирж байна. Миний хувьд би анх дуулсан цагаасаа л Хандмаатай хамт дуулсан. Би ганцаараа тоотой хэдэн уран бүтээл л хийсэн. Уран бүтээлч хүн бол нийгмийн ажилтан юм. Нийгмийн ажилтныхаа үүргийн хүрээнд би утга уянгын, хамгийн гоё аялгуутай, хайрын тухай, болсон, бүтсэн, сайн сайхан зүйлсийн тухай дуунуудыг сонгож дуулдаг. Бүтсэн бүтээгүй зүйлсийн тадаар дуулдаггүй онцлогтой гэх юм уу даа.
- Залуу хүний хувьд зорилго, тэмүүлэл?
- Зорилго, тэмүүлэл их өндөр байна. Өдий хүртэл явсан зам минь ард түмэнд тодорхой хэмжээгээр намайг таниулсан. Миний мөрөөдлийг уул гэж үзвэл би уулынхаа тэг дунд нь л хүрэх гэж явна. Удахгүй олон сайхан хит дуутай, олондоо хүндлэгдсэн гавьяат болоод, уулынхаа оргилд нь хүрэхсэн гэж мөрөөддөг. Мөрөөдөж явахад болох байх. Гэвч манай монголын нийгэмд дан ганц дуу дуулаад амьдрахад хэцүү. Энэ нийгэмд хүн дор хаяж хоёр ажил хийж байж сайхан амьдрах юм шиг бодогддог. Тиймээс би мэргэжлийнхээ дагуу "Z music" гэх компани байгуулаад таван жил болж байна. Манайх арав гаруй ажилчинтай. Хөгжим, гэрэлтүүлэг, тайз, дэлгэц түрээслүүлэх үйл ажиллагаа хийдэг. Энэ компани маань намайг дуу дуулахад их дэм болдог. Би өөрийн хүссэн газраа тайзаа зөөж аваачаад дуулчихдаг, тоглолтоо хийчихдэг давуу талтай.
- Та хүүхдүүддээ урлагийн мэргэжлээ өвлүүлэх үү?
- Хүүхдүүд минь урлагт их сонирхолтой, эвлэгхэн. Том нь дуучин болно. Бага нь бүжигчин болно гэцгээдэг. /Инээв./
-Шавьтай юу?
- Албан ёсны биш ч гэлээ хэрхэн дуулах, хөгжим хэрхэн дуугаргах, арга хэмжээ хөтлөх, хүнтэй яаж харилцах зэргийг надаас суралцаад, амьдралаа авч яваа хүмүүс олон байгаа. Би шавьтай гэж ярьдаггүй ч гэсэн намайг багш гэж боддог хүмүүс байгаа. Ер нь залууст хандаж хэлэхэд аливаа нэг зүйлээ тууштай хийвэл амжилтад хүрнэ. Гол нь тууштай, үнэн байх хэрэгтэй.
- Таны шинэ уран бүтээлийн талаар асуухгүй өнгөрч болохгүй байх?
- Ирэх сард Төмөр замын чуулгын тайзнаа Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч Л.Сэнгээгийн цомнол, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн хөгжим "Тэмүүжин" дуулалт жүжиг үзэгчдийн хүртээл болно. Бид жүжгийн бэлтгэлээ шаргуу хийж байна. Урлагийн бид чинь яг тамирчидтай адил өдөр бүр бэлтгэл хийдэг. Би энэ жүжигт Ван хан Тоорил, Мэнлиг эцэг нарын дүрийг бүтээхээр ажиллаж байна. Жүжгийг арваннэгдүгээр сарыг дуустал, цаашлаад улирал бүр, зөвхөн төмөр замчдаар хязгаарлагдахгүй, олон нийт, хүүхэд залууст түүхэн нууц товчооны хэсгээс сонирхолтойгоор хүргэхийг зорьж байна.
- Шугам замын төмөр замчдадаа шинэ уран бүтээлээ хүргэх төлөвлөгөө бий юу?
- Манай чуулгын үндсэн үүрэг төмөр замчдад урлаг соёлоор үйлчлэх, тэднийг соён гэгээрүүлэх. Тиймээс хойд, урд зам ангиудад жүжгийг толилуулах төлөвлөгөөтэй байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндар амжилт хүсэн ерөөе.
Т.Анужин