МАК группийн үүсгэн байгуулагч, “Шинэ сэргэлт” бодлогын хүрээнд Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан Аж үйлдвэржилтийн Үндэсний хорооны дэд дарга Б.Нямтайшир Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубийн "Хөгжлийн яриа" уулзалтын зочноор уригдан оролцлоо. Уулзалт дараах сэдвээр голлон өрнөснийг уншигч танд тоймлон толилуулж байна.

 

-Монгол Улс аж үйлдвэржсэн орон болохын тулд юуг хэрхэн зөв хийж, цаашид анхаарах вэ. Аж үйлдвэрийн салбарт өрсөлдөх чадвараа хэрхэн дээшлүүлэх вэ?

-Манай улсын аж үйлдвэрийн хөгжил 1934 оноос эхтэй. Ер нь 1960-1990 он хүртэлх 30 жилийн хугацаанд хүнд аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлж, өнөөгийн бидний өгөөжийг нь хүртээд явж байгаа үйлдвэрүүдийн үндэс суурь нь хийгдсэн. Гэтэл 1990 оноос хойших энэ 33 жил үнэхээр чамлалттай өнгөрсөн. Харин Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг бизнес эрхлэгчид, аж үйлдвэр хөгжүүлэх салбарт ажиллаж байгаа компаниуд талархан хүлээж авч, маш зөв бодлогын бичиг баримт гарсан гэж харж байгаа. Ялангуяа юун  түрүүнд дэд бүтцийнхээ асуудлыг хөгжүүлэх, боомттой холбоотой болон эрчим хүчний хараат байдлаас гарах зэрэг бодлого амжилттай хэрэгжсэнээр хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх суурь бий болох юм. 

Хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэхэд яах аргагүй нөлөөлөх хүчин зүйлс бий. Тухайлбал, эрчим хүч, усны найдвартай хангамж байх ёстой. Мөн хүний нөөцийн бодлого их зөв зохицуулалттай явагдах ёстой. Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах бодлого барьж байгаа энэ үед хөрөнгө оруулалтыг хэрхэн, яаж шийдэх арга замыг мөн тодорхойлсон байх ёстой. Өөрөөр хэлбэл, аж үйлдвэрийн төслийн бэлтгэл ажлыг үүнтэй уялдуулж хийх зайлшгүй шаардлага гарч ирж байгаа юм. Гангийн үйлдвэрийн хүртээмж хангалтаа л гэхэд Монгол Улс өөрөө хөгжүүлчихсэн байх ёстой. Бас нэг чухал зүйл бол стандарт. Аж үйлдвэрийг хөгжүүлэхэд олон улсын хамгийн шилдэг, тэргүүний стандартыг Монголд нутагшуулах ёстой. Ингэж байж бидний бүтээгдэхүүн дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна экспортод гаргах боломж бүрдэж, валютын эх үүсвэрийг бүрдүүлнэ. Энэ мэт олон дэд асуудлуудыг бид  бэлтгэсэн байх ёстой. 

-Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо энэ хүрээнд хэрхэн ажиллаж байгаа талаар ярихгүй юу? Шинэ сэргэлтийн бодлого гэж ерөнхий ярьж байгаа ч аж үйлдвэрийг хөгжүүлэхэд яг ямар ажлууд хийгдэж байгаа нь анхаарал татаж байна. 

-Засгийн газраас Хүнд аж үйлдвэрийн сэргэлтийн бодлогын бичиг баримт гэж гаргаад, энэ хүрээндээ Аж үйлдвэрийн Үндэсний хороог байгуулаад буй.  

Монгол Улсын хувьд олон салбарыг зэрэг хөгжүүлнэ гэж хүч тарамдах биш, эдийн засгийг тэтгэж, ард түмний амьжиргааг дээшлүүлэх, ажлын байр бий болгох гол дөрвөн салбарыг хөгжүүлэх ёстой гэж бид харж байна. Үүнээс хамгийн түрүүнд мэдээж нүүрсний салбарыг хөгжүүлэх ёстой юм. Тийм ч учраас эрдэмтэн судлаач түлхүү оруулсан, 15 хүний бүрэлдэхүүнтэй Нүүрс гүн боловсруулах дэд хороо гэж байгуулагдсан. Хэрэглэгч талаасаа ЭХЯ-ны Бодлого зохицуулалтын газрын дарга, Дулааны шугам сүлжээний газрын ерөнхий инженерүүд мөн багтсан. 

Манай нүүрсний гол худалдан авагч Хятад улс 2035 он гэхэд нийт хэрэглээгээ 30 хувь, 2050 он гэхэд 78 хувиар бууруулах хөтөлбөр дэвшүүлсэн. 2000 онд бол Хятад улс жилдээ эрчим хүчний болон коксжсон нийт 4 тэрбум тонн нүүрс хэрэглэдэг байснаа 2050 он гэхэд 1 тэрбум хүрэхгүй хэмжээнд хүргэнэ гэсэн үг. Хятадын удирдагчийн НҮБ дээрх амлалтаар бол 2060 оноос нүүрсний хэрэглээгээ тэглэнэ гэж байгаа юм. Гэтэл манай улсын нүүрсний геологийн таамаг нөөц 173.3 тэрбум тонн орчим гэж санаж байна.

Нүүрсний хэрэглээ ингэж буурч байгаа үед газрын хэвлий дэх энэ их баялгаа шороо болгож дуусахгүйн тулд Монгол Улс зайлшгүй анхаарах ёстой.

Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнгөрсөн оны есдүгээр сард захирамж гаргаж, Төр хувийн хэвшлийн хамтарсан ажлын хэсгийг байгуулж, даргаар нь намайг Тусгай үүргийн Элчин сайд гэж томилсон. Үүний цаад зорилго нь энэ их нүүрснийхээ баялаг нөөцийг ашиглан ирээдүйн шинэ түлш бий болгохоор судалж, цааш нь хэрэгжүүлэх юм. 

Энэ Ажлын хэсэг өнгөрсөн оны аравдугаар сараас Японы талтай нэлээд эрчимтэй ажиллаж тодорхой үр дүн гарч эхэлж байна. 

-Илүү тодруулахгүй юу, Японы талтай хэрхэн хамтарч байгаа талаараа?

-Японы талаас Мицүй, Юнико интернэйшнл, Орентер консалтинг хэмээх дэлхийн хэмжээнд судалгаа хийдэг компаниуд энэ ажлын хэсэгт орж, Монголын төвийн болон өмнөд зүгийн зүүн хэсгийн нүүрснүүд дээр судалгаанууд хийж, анхан шатны үр дүнгүүд гарлаа. 

Ямар судалгаанууд вэ гэхээр нүүрсний шинж чанар, хамгийн гол нь ирээдүйн түлш болох устөрөгчийн гарц аль нүүрсэн дээр гарц өндөртэй байна вэ буюу аль төрлийн нүүрсийг ирээдүйд боловсруулах, ялгарах нүүрсхүчлийн давхар исэл бага байх вэ гэдгийг тогтоох юм. 

Япон улс бол 2030 он гэхэд 3 сая тонн устөрөгчийн хэрэглээтэй болно гэж байгаа. Тийм учраас Монгол нүүрсээ гүн боловсруулж, устөрөгч гаргасан тохиолдолд импортолж авах маш том сонирхол байгаа гэсэн үг. Үүнийг Японы Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн Дэд сайд нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр болсон Монгол, Японы төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөгөөн дээр албан ёсоор хэлсэн байгаа юм. 

Япон улс бол одоо Австралийн хүрэн нүүрсийг устөрөгчжүүлээд, -253 градуст хөлдөөгөөд, усан онгоцоор тээвэрлээд авчирч байгаа буюу 9000 гаруй километр зайтай усан зам туулдаг байна. 

Манай улсын хувьд устөрөгчийн хэрэглээ хараахан бий болоогүй байна. Гэхдээ ирээдүйд нүүрснээс устөрөгч гаргах ажлын эхлэлийг тавья гэж зорьсон. Ингээд судалгаагаар хоёр талын эрдэмтэн судлаачид санал нэгдсэн нэг зүйл нь диметилийн эфир гарган авах. Өөрөөр хэлбэл, устөрөгчийг гаргахын өмнөх процесс буюу нүүрсээ хийжүүлнэ, тэрийгээ цэвэршүүлэх юм. Үүнийгээ Монгол Улсын нэмэлт хэрэгцээнд нийлүүлж байгаад устөрөгчийн дэд бүтэц бий болохоор цааш нь хөрөнгө оруулалт хийж, улмаар Япон улс  импортолж авах боломжтой гэж үзэж байгаа.

-Урьдчилсан судалгаагаар ийм боломжтой нүүрс Монголын хаана байна гэж тооцогдож байгаа вэ? Нүүрсийг гүн боловсруулаад экспортлох нь маш цаг үеэ олсон ажил байна. Гэхдээ одоогийн манай нөхцөлд жаахан хол сонсогдоод байх юм.

-Нүүрсний тухайд төв, өмнөд, зүүн бүсийн дотроос судалгаагаар хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан нь зүүн бүсийн хүрэн нүүрс. Маш залуу нүүрс буюу задрал амархан явагдана. Устөрөгчийн гарц өндөр. Нөгөө талаас таны хэлж байгаачлан олон хүчин зүйлсүүд бий. Тухайлбал, үйлдвэрлэлээр их хэмжээний ус хэрэгцээтэй, эрчим хүчний хэрэгцээтэй, цаашлаад Япон руу экспортлох тээвэр ложистикийн асуудал байна. Энэ бүгдийг давхар хэлэлцээд зүүн бүсийн нүүрс хамгийн оновчтой тул түүн дээрээ төвлөрч диметилийн эфирийг эхний ээлжид үйлдвэрлэе гэж байгаа юм. 

Яг өнөөдөр бол Японы талтай урьдчилсан ТЭЗҮ боловсруулах гэрээ хэлцлүүд явагдаж байна. Тун удахгүй Японы талаас санал ирнэ. Ингээд урьдчилсан ТЭЗҮ боловсруулах гэрээ зурагдвал ажил маань нэлээн эрчимтэй цаашаа явна аа.  

-Тэгвэл ажил нэлээд нааштай явж байгаа юм байна. Хэрэв гэрээ зурагдвал яг ямар ажлууд хийгдэх вэ? 

-Ер нь бидний баримталж байгаа бодлого бол ТЭЗҮ-ээ боловсруулаад Монголдоо туршилтын үйлдвэрийг зүүн бүсдээ байгуулах буюу нүүрсийг хийжүүлэх процесс явагдана. 

Дэлхий дахинд хийжүүлэлтийн олон төрлийн зуухууд гараад ирчихсэн байгаа. Бид нэг зуухан дээр түшиглээд тооцоо хийхэд 189 мянган тонн диметилийн эфир гарах тооцоолол байна. Улаанбаатар хотын нийт агаарын бохирдлыг бууруулахад, дулааныхаа хэрэгцээг хангахад 247 мянган тонн хий хэрэгтэй гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр ер нь нэг зуухны хүчин чадлаар туршилтын үйлдвэрээс гарсан хийгээр хэрэгцээгээ нэлээн дөхүүлчих боломжтой гэж харагдаж байна. Ингээд үр дүнтэй болбол дараа нь хоёр, гурав дахь зуух гээд хүчин чадал нэмэгдээд явах боломжтой. Тиймээс нүүрс гүн боловсруулах чиглэлд түлхүү хандаж байгаа.  

Эхний ээлжинд Адуунчулуун буюу Дорнодын хүрэн нүүрсний ордуудаас гүн боловсруулах байдлаар устөрөгчийг гаргаад цааш нь Япон улсад экспортлоход Чойбалсан-Хөөт-Бичигтийн төмөр замын асуудал яригдана. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөнд орчихсон байгаа энэ төсөл зайлшгүй чухал үүрэгтэй. Гэхдээ энэ төмөр замыг өргөн буюу 1520 мм-ийн царигаар барина гэж байгаа юм байна. Харин бидний санал бол Монгол Улс экспортын маш чухал бүтээгдэхүүнтэйгээ холбогдуулаад 1435 мм буюу нарийн царигаар энэ төмөр замаа барих нь зүйтэй. Тус замын 415 км нь  Монголынхоо нутаг дэвсгэр дээр баригдана. Тэгээд шууд Зүүн Хатавч гэдэг, Бичигтийн цаадах Хятадын талын боомтоос Жинжоу гэсэн Хятадын боомт хүртэл 1,135 км явах юм. Ингээд Япон улсад очих нийт тээвэрлэлтийн зай 4,000 орчим километр болж байгаа юм. Тэгэхээр Австралиас 9,000 км тээх үү, 4,000 км тээгээд Монголоос авах уу гэдэг дээр өрсөлдөх чадварын хувьд Монголоос авах нь ач холбогдолтой.  

Нөгөө талаар, химийн бүтээгдэхүүн гэдэг тэсрэх дэлбэрэх, шатах аюултай учраас шилжин ачилт гэдэг ойлголт байж болохгүй. Тийм учраас өнөөдрийн Засгийн газрыг бодлогоо өөрчилж, нарийн царигаар энэ төмөр замыг баривал Монгол Улсын эрх ашигт нийцнэ гэдэг саналыг бид тавьж байгаа.  

Уг нь анх 2014 онд УИХ-аар Хөөт-Бичигтийн төмөр замыг 1435 мм буюу нарийн царигаар барих тогтоол гарсан. Харамсалтай нь 2020 онд тогтоолыг хүчингүй болгочихсон. Тиймээс энэ тогтоолыг сэргээгээч ээ гэж байгаа юм. Хэрэв Чойбалсан руу 1435-ын царигаар төмөр зам тавибал Монгол Улс далайд гарах хоёр гарцтай болно. Манайд Замын-Үүд Теньжин гэдэг нэг гарц байгаа бол Бичигт Жинжоу гэсэн боомтын гарц нэмэгдэнэ. Ингээд ирвэл зөвхөн Монголоос экспортын бүтээгдэхүүн далайн боомт руу гарахад аливаа шилжин ачилт хийхгүй. Нөгөө талаар Монгол руу чиглэсэн импортын ачаа бараа бүгд хоёр боомтоос наашаа тээвэрлэгдэх маш том ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, Чойбалсан транзит ачаа, ложистикийн асар том олон улсын төв болох боломж байна гэж харж байгаа юм. Тийм учраас царигийн асуудлыг яаралтай шийдэх ёстой. 

Зөвхөн төмөр замын нарийн, өргөнөөс гадна бүх бүрэлдэхүүний асуудал цаана нь чухал болохыг тооцож үзэх ёстой. Хил дээрх ачааг нааш нь чирээд оруулаад ирчихдэг, экспортын ачааг Хятадууд цаашаа авчихдаг байвал хөдлөх бүрэлдэхүүний асуудал дээр ч хөрөнгө оруулалт хэмнэгдэнэ гээд олон талын ач холбогдол бий. 

-Төмөр замын нэг л стандарттай байна гэсэн бодлогоос болж царигийг өөрчилсөн санагдаж байна. 

-Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөмж гэдгээр УИХ-ын тогтоолыг өөрчилдөг, цуцалдаг тогтолцоо нэг хэсэг явсан. Ийм хэлбэрээр л өөрчилсөн байх гэж ойлгож байгаа. 

Одоо ийм хууль дэлхий дээр байхгүй. Аль ч талаасаа бодсон төмөр зам бол Монгол Улсын эрх ашигт нийцэх ёстой. ОХУ ч гэсэн нүүрсний экспортын төмөр замаа нарийн царигаар Хятад руугаа Алс Дорнодоор гаргачихсан шүү дээ. Яагаад Монгол Улс нарийн царигаар төмөр замаа барьж болохгүй гэж. Энэ бол Монгол Улсын өөрийн шийдэх ёстой, эрх ашигт нийцсэн том бодлогын асуудал гэдгийг эрх биш УИХ-ын гишүүд, ард иргэд хатуу ойлголттой болсон гэж бодож байгаа. КОВИД нэг талаасаа сургамж, ухаарал их өгсөн байх. Ялангуяа, Монгол Улсын эдийн засагт гацаа үүсгэхгүйн тулд хоёр гарцтай байх нь чухал болохыг ойлгуулсан. 

Төмөр замаа ингээд шийдчихвэл Дорнодын бүсийн хөгжил, маш сайхан ирээдүй хүлээж байна.

Нүүрс химийн аж үйлдвэр гэдэг бол маш том мега төсөл. Маш олон ажлын байр бий болно. Дэд бүтэц хөгжинө. Ийм холын ач холбогдолтой. 

Хоёрдугаарт бид төвийн бүсийн орчимд бас нүүрс химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Энэ нь урьдчилсан байдлаар Чойр орчим бөгөөд хүрэн нүүрсний хангалттай нөөц байна. 

Энд туршилтын үйлдвэр маань үр дүнтэй болоод ирвэл нүүрсээ хийжүүлэх, диметилийн эфир боловсруулах, цааш нь үе шаттайгаар маш олон салбар үйлдвэрүүд хөгжих боломж бүрдчихэж байгаа юм. Устөрөгч үйлдвэрлэнэ, химийн үйлдвэрээс ялгарсан нүүрсхүчлийн хийгээ ахин урвалд оруулж метанол үйлдвэрлэх, метанолоосоо АИ-92 бензин үйлдвэрлэх, хуванцрын түүхий эдүүдийг үйлдвэрлэж болж байна. Энэ бол ирээдүйг харсан маш том төсөл. 

-Нүүрсний эх үүсвэр бүхий эрчим хүчний талаар та ямар байр суурьтай байна вэ. Дээр дурдсанчлан аж үйлдвэрийн хөгжлийн хүрээнд яригдаж байгаа энэ том төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд эрчим хүчний хангамж зайлшгүй тулгамдана шүү дээ. 

-Тийм ээ. Дэлхийн дулааралтай холбоотой нүүрсэн дээр түшиглэсэн эрчим хүчний санхүүжилт олдохгүй байсан бол Орос, Украины дайн, улс төрийн нөхцөл байдлаас хамаараад Европын өндөр хөгжилтэй улс орнууд эргээд нүүрсэн дээр түшиглэсэн эрчим хүчнийхээ эх үүсвэрийг сэргээж эхэлсэн. Ялангуяа Герман. 

Үүнээс гадна технологийн шинэчлэлүүд бас хийгдэж байна. Ердийн цахилгаан станцын ашигт үйлийн коэффициент (АҮК) 33% байдаг. 1000 МВт-аас дээш чадалтай эрчим хүчний станцуудад ашигладаг, шинээр гарч ирсэн супер ультра критикал хэмээх дэвшилтэт технологи АҮК-ийг 47% хүртэл нэмэгдүүлж чадаж байна. Ийнхүү АҮК нэг хувиар өсгөхөд агаар мандалд дэгдэх нүүрсхүчлийн хий 2-3 хувиар буурдаг. Тэгэхээр ердийн цахилгаан станцын АҮК-ийг үндсэндээ 14 хувиар нэмэгдүүлж, 40 орчим хувиар нүүрсхүчлийн хийг бууруулж байна. 

Түүнээс гадна станцын яндангаас ялгарах нүүрсхүчлийн хийг баригч, бариад хадгалах, хадгалсан нүүрсхүчлийн хийг газрын тосны олборлолтод ашигладаг технологи бий болоод байна. Нүүрсхүчлийн хийг түүхий эд байдлаар дахин бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл рүү бас технологиуд хөгжчихсөн. Энэ чиглэлээр Монголд аж үйлдвэрийг хөгжүүлэх боломжууд байгаа гэж харж байна. 

Тиймээс ирээдүйн Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэрийн асуудлыг хамгийн хямд өртөгтэй байлгах эх үүсвэр нь нүүрс юм. Энэ чиглэл рүүгээ бид нөхцөлийг хангаж чадвал зөвхөн дотоодын хэрэгцээг эрчим хүчээр хангаад зогсохгүй экспортлох боломж бол бий.  

Харамсалтай нь, өнөөдөр энэ их нүүрсний баялагтай хэрнээ эрчим хүчнийхээ 20 хувийг бид Орос болон Хятадаас аваад явж байгаа. Ийм арчаагүй байж болохгүй. Үүнд нөлөөлсөн хүчин зүйлс бол бий. Ялангуяа гаднын улсуудын оролцоотой, аль болох Монголын дэд бүтцийг хөгжүүлэхгүй байх, хараат байдалтай байлгах гэсэн нэлээд бодлогууд явж байсан нь захаасаа ил болж байгаа юм байна. Тэгээд дандаа ард иргэдийн эсэргүүцэл, цуглаан зохион байгуулдаг, УЦС-ын асуудлаар л гэхэд. Бид улс орныхоо эрх ашгийн үүднээс хамгийн дэвшилтэт техник технологийг Монголдоо нутагшуулж, хараат байдлаасаа гарах шаардлагатай. Өшөө экспортын бүтээгдэхүүнийг гаргах боломж байна. Ийм байдлаар эрчим хүчийг хөгжүүлэх юм бол маш их ирээдүй, бололцоо байна аа.

 Тийм учраас нүүрсээ бид тодорхой цаг хугацаа хүртэл экспортод гаргаж, баялаг болгох хэрэгтэй. Хамгийн гол нь үүний зэрэгцээ ирээдүйгээ харсан эрчим хүчний эх үүсвэр, гүн боловсруулалтын чиглэл рүү түлхүү анхаарал хандуулж явах ёстой юм. 

-Монгол Улсын эдийн засгийн тулгуур байх ёстой аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд Үндэсний хороо бусад баялгууд дээр ямар бодлого барьж байгаа вэ?

-Нүүрсний дараа эдийн засгийг тэтгэх ашигт малтмалын нөөц баялаг бол яах аргагүй зэс. 

Өнөөдрийн байдлаар геологичдын судалгаагаар 37 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй гэж ярьж байгаа юм. Өшөө ч цаашаа нэмэгдэх магадлал их бий. Зэсийн хайгуулын ажил эрчимтэй явагдсанаар нөөц маш их нэмэгдэнэ. Тийм учраас зэс рүүгээ чиглэсэн бодлого Монгол Улс хэрэгжүүлэх ёстой. 

Энд хуулийн ганцхан заалт гацаа болдог. 2009 онд “Оюу толгой”-той Тогтвортой байдлын гэрээ байгуулахдаа роялти буюу нөөц ашигласны төлбөрийг зэсийн үнийн өсөлт бууралтаас үл хамааран тогтвортой 5 хувь гэж зааж өгсөн. Гэтэл 2010 онд нь үүнийхээ эсрэг хуулийг УИХ баталж гаргасан. Өөрөөр хэлбэл, үнийн өсөлтөөс хамааран роялтыг тогтоох ба тонн зэсийн суурь үнэлгээ нь 5000 доллар хүртэл 5%, 5001 цент буюу нэгхэн цент өсөхөд 5+ 11, 6001 цент болоход 5+12 гээд 5+15 хүртэл буюу нийт борлуулалтын орлогын 20 хувийг АМНАТ аваад явчхаж байгаа юм. Ийм хууль үйлчилж байхад гадаадынх битгий хэл Монголын үндэсний компаниуд зэсийн төсөл дээр эрэл хайгуул хийж, үйлдвэр байгуулах ойлголт огтхон ч байхгүй. Эдийн засгийн үр өгөөж байхгүй учраас хэн ч санхүүжилт өгөхгүй. Монгол Улсаа чөдөрлөсөн ийм айхтар хууль үйлчлээд 13 жил болж байна. 

Тийм учраас Монгол Улсынхаа эрх ашигт нийцүүлж хууль эрх зүйн асуудлыг боловсронгуй болгож, тогтвортой мөрдөхгүй бол энэ дээр хөрөнгө оруулалт орж ирэхгүй ээ.

-Эрдэнэт, Оюутолгой бол хэдийн хөдөлсөн төслүүд. Ойрын хугацаанд шинээр эхлэх боломжтой ямар төслүүд байна вэ. Цагаан суваргын төсөл нэлээд анхаарал татаж байгаа. 

-Хармагтайн төсөл нэлээд эрчимтэй явагдаж байна. Цагаан суваргын төсөл бол 2025 оны эцсээр ашиглалтад орчихно. Жилдээ 320 орчим мянган тонн зэсийн баяжмал гарна. Эрдэнэт, Оюутолгой нийлээд ойрын ирээдүйд энэ дөрвөн орд нийт 2.7 сая орчим тонн баяжмал үйлдвэрлэхээр байна. Энэ үед зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг Монгол Улсад зайлшгүй барьж байгуулах асуудал гарч ирж байгаа юм. Дэлхийн практикт бол нэг сая тонноос дээш зэсийн баяжмал үйлдвэрлэдэг бол тэр улс зэсийг хайлуулж, цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулах нь эдийн засгийн хувьд үр ашигтай гэж үздэг. Бид зэс хайлуулах, цэвэршүүлэх Европын хамгийн том үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж байхад 1.2-1.5 сая тонн ба түүнээс дээш баяжмалын хүчин чадалтай байвал эдийн засгийн хувьд үр өгөөжтэй гэж үзэж байгаа юм. Тэгэхээр Монгол Улс ийм үйлдвэр байгуулах цаг нь хангалттай болсон байна. 

Үйлдвэр байгуулснаар нэмүү өртөг шингэсэн зэс утас, кабель, чип гээд бүх төрлийн бүтээгдэхүүнийг хийнэ. Зэсийн хэрэгцээ дэлхий даяар эрчимтэй өсөж байгаа энэ үед Монгол Улсын хөгжлийн дараагийн салбар болох зэсийг боловсруулах бэлтгэл ажлыг сайтар хийсэн байх ёстой.  

Гуравдугаарт, маш өндөр чанарын гангийн үйлдвэрийг байгуулах. Энэ чиглэлээр Аж үйлдвэржилтийн үндэсний хороон дээр Дэд хороо байгуулагдчихсан ажиллаж байгаа. Төлөвлөгөөг нь сонсоход нэлээд эрчимтэй явж байгаа юм билээ. Эхний ээлжинд хаягдал төмрийг боловсруулдаг, Японы барьж өгсөн гангийн үйлдвэртээ технологийн шинэчлэл, өргөтгөл хийх шийдэлд хүрч байгаа. Ингэснээр гадагш урсдаг валютыг зогсооно. Гангаа үйлдвэрлэдэг болчихвол ирээдүйд автомашины сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх боломж бас гарна гэж харж байгаа. 

Дөрөвдүгээрт, нефтийн асуудал байна. Монгол Улс нефтийн хэрэгцээгээ хангах хоёр эх үүсвэрийг бий болгох боломж байна. Одоо Алтанширээ дээр 1.5 сая тонн түүхий нефть боловсруулах үйлдвэрийг байгуулж байгаа. Дорнод талаас нефтийн хоолой барих ажил өрнөөд явж байгаа. Нөгөө талаас Дорноговь, Өмнөговийн өмнөд хэсэг, Хэнтий, Сүхбаатарын хэсэгт нефть бүтээгдэхүүн хуваах 13 гэрээ байдаг юм байна. Энэ дунд Монголын үндэсний компани ч байна. Гадаадын бүтээгдэхүүн хуваах гэрээгээр газрын тосны эрэл хайгуул лиценз авчихсан компаниуд ч байна. Тиймээс нэн тэргүүнд Алтан ширээгийн нефть боловсруулах үйлдвэрийнхээ түүхий эдийг найдвартай хангах үүднээс эргэн тойронд байгаа бүтээгдэхүүн хуваах гэрээг ахин эргэж харж шинэчлэх саналыг бид оруулж байгаа. Татварын бодлоготой холбогдолтой асуудлууд, нэлээн чөдөр тушаа болсон заалтууд их бий л дээ. Үүнийгээ уян хатан болгохоос гадна бүтээгдэхүүн хуваах 13 талбайн геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байгаа. 

Нэг сайн тал нь, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын дагуух лицензтэй компаниуд өрөмдлөг хийгээд нөөц илрүүлчихсэн, тэр нь хүндэвтэр буюу чанар нь ахисан тос гээд байгаа. Энэ дээр засаг төрөөс уян хатан бодлого барьж, эдийн засгийнхаа хөгжлийг харж хийвэл их зүйтэй юм. Тэгж чадвал нефть бүтээгдэхүүний хараат байдлаас гарах, магадгүй илүүдлээ экспортлох боломж бас бүрдэнэ гэж харж байгаа юм. 

Энэ дөрвөн салбарыг барьж авч, нэн яаралтай хууль эрх зүйн асуудлыг боловсронгуй болгохоос гадна хэрэгжүүлэх бүтцээ анхаарах шаардлагатай. 

-Энэ төслүүдийг төр дангаараа хэрэгжүүлээд ирэхээр итгэл үнэмшил буурч, тогтвортой хэрэгжихэд эргэлзээ төрөөд байгаа юм. 

-Яг тийм. Төр өнгөрсөн 33 жил бизнесийнхэнтэйгээ уралдаж баахан юм хийх гэж үзлээ. Амжилт олсонгүй. Өнөөдөр Хөгжлийн банкны сонсгол, нүүрсний сонсгол, сангуудын ашигласан байдал яригдаж байна. Тийм учраас бидний ярьдаг зүйл бол төр цэвэршинэ гэж үзэж байгаа бол өмчөөс нь холдуулах ёстой юм аа. Төрийн өмчтэй үйлдвэрүүдийг үе шаттайгаар хувьчлах, менежментийн өөрчлөлт хийх цаг нь болсон. Ингэхгүйгээр өнөөдрийн авлигал хээл хахууль, албан тушаалын хэрэг тэг болохгүй.  

Бид нийтээрээ, ард иргэдээрээ шаардаж байж хувьчлалын асуудлыг зөв зохистой явуулах, эдийн засгийн үр өгөөжтэй аж үйлдвэрүүдийг бий болгох юм. Үүнтэй уялдуулаад шинээр байгуулагдах, Монгол Улсын эрх ашигт нийцсэн энэ том бүтээн байгуулалтынхаа ажлуудыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлдэг чиглэл рүү зоригтой орох ёстой юм. Чадвартай менежерүүдэд нь итгэл үзүүлдэг, хувийн хэвшлийнхэн хоорондоо бас консорциум байдлаар хамтраад улс орныхоо эрх ашгийг бодож том бүтээн байгуулалтын асуудлыг зоригтой хийж хэрэгжүүлэх юм бол хөрөнгө оруулалт зохистой байна. Хамгийн бага хөрөнгө оруулалтаар энэ бүтээн байгуулалтууд хамгийн шилдэг техник технологиор нэвтэрнэ. Эргээд бүтээн байгуулалтын цаг хугацаа хурдан шуурхай байна. Олон талын ач холбогдол бий. Нэмж хэлэхэд, Японы тал хувийн хэвшлээр Ажлын хэсгээ ахлуулсан нь их зөв байна гэж хүлээж авсан бөгөөд нааштай хандаж байна. Түүнээс биш манай тогтворгүй байдлаас болоод Японы Засгийн газар хамтрахгүй гэсэн хатуу үзэл бодолтой, хүйтэн болсон байсан. Нэлээд олон талаас нь ярьж байж нааштай эргүүлсэн. Одоо энэ боломжоо ашиглаж явахгүй бол ахин энэ тал дээр буруу бодлого шийдвэр гаргаж, тогтворгүй байвал Японы тал Монголыг хүлээж авахгүй. Нэг бодлогоор, тогтвортой явах шаардлагатай байгаа. Ингэж үйлдвэрүүдээ хөгжүүлэх юм бол ард иргэд, хүүхэд залуучууд чадварлаг мэргэжил эзэмшиж, үйлдвэрлэлээ явуулж, үй олон компаниуд ажилтай орлоготой, амьдралтай болох, эдийн засаг талаасаа маш өндөр ач холбогдолтой байгаа юм.

Үргэлжлэл бий…

 

Эх сурвалж: itoim.mn