Нэгдүгээр сарын 3 буюу “Цусны донорын үндэсний өдөр”-өөр Улаанбаатар татах  хэсгийн Техник үзлэгийн цехийн засварчин Б.Наранзул нийт 154 удаа цусаа хандивласан амжилтаар Монгол Улсын 12 дахь “Алтан донор” боллоо. Авлагагүйгээр цусаа бэлэглэж, олон зуун хүний алтан амь аварсан түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.

 

-“Алтан донор” болсонд баяр хүргэе. Анх хэдэн онд цусаа өгч байв. Нийт 154 удаа цус өгсөн гэхээр хэчнээн хүний амь аварсан бол?

 

-Анх 1993 онд цусаа өгч байлаа. Эхний үедээ арваад жилийн турш жилд 1-2 удаа л өгч байсан. Гэтэл нэг удаа Цус сэлбэлт судлалын үндэсний төвийнхөн ажил дээр ирэхдээ “Та 20 гаруй удаа өгсөн байна. Төвд очиж идэвхтэй өгөөд явбал “Хүндэт донор”-ын болзол байдаг юм шүү” гэж хэлсэн. Тэгээд сүүлийн арав гаруй жилд идэвхтэй, цусны төвд нь тогтмол очиж өгч байна. 2011 онд “Хүндэт донор” болж, 2017 онд “Хүрэл донор”, 2020 онд “Мөнгөн донор” болсон. 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнуулсан. Одоо “Алтан донор” болсондоо баяртай байна. Хамгийн гол нь, энэ хэрээрээ олон хүний амь аварсан гэж бодохоор өөрөөрөө бахархдаг. Нэг удаа цусаа хандивлахад “Та гурван хүнд амьдрал бэлэглэлээ” гэдэг шүү дээ. Тэгэхээр 154 удаа гэдэг нь 460 орчим хүнд миний цус хэрэг болжээ. Энэ нь нийт 80 орчим литр гэсэн үг. Хэрэв 200-гаас дээш удаа өгвөл “Топ донор” болдог. Манай улсад “Топ донор” хоёр л хүн бий. Сонирхуулахад нэг нь манай депогийн ажилтны төрсөн эгч юм билээ.

 

-Ажлын ачаалал, ээлж таарах зэргээс шалтгаалан цус өгөх өдрөө мартсан тохиолдол байдаг уу?

 

-Үгүй, цус өгсөн өдрөө зарим үед фэйсбүүкт биччихнэ. Чөлөөт цагаараа орж харахдаа санадаг юм. Мөн “Төдөн сарын төдөнд цусаа өгнө” гээд сэрүүлэг тавьж, тухайн үеийнхээ ээлжийг эртнээс зохицуулчихдаг. Манайхан ч мэддэг болохоор дэмждэг. Дөхөөд ирэхээр “Маргааш цусаа өгнө” гэсэн сэрүүлэг дуугарна. Тэгээд л биеэ бэлтгэнэ шүү дээ. Өөх тостой хоол, өнгөтэй ундааг хорьж, сайн унтаж амарна. Гурав хоног согтууруулах ундаа, 10-14 хоног эм, эмийн бүтээгдэхүүн хэрэглээгүй байх гэхчлэн олон шалгуур бий. Миний хувьд архи, тамхи хэрэглэдэггүй л дээ. Цус өгснөөр миний бие ч их хөнгөрдөг юм.

 

-Монгол Улсын 12 дахь “Алтан донор” гэхээр бага тоо санагдсан. Тэгэхээр тогтмол цусаа өгдөг донорын тоо цөөн байна гэсэн үг үү?

 

-Шагнал гардуулах үеэр “Хүндэт донор” 1789 байсан бол 24-өөр нэмэгдлээ” гэж мэдээлж байсан. Энэ бол зөвхөн “Хүндэт донор”-ын тоо шүү дээ. ЦССҮТ-ийн захирал, доктор, профессор Н.Эрдэнэбаяр “Цусаа бэлэглэх иргэдийн тоо жил ирэх тусам өсөж буй ч эмнэлгүүдийн цусны хэрэгцээ өндөр байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна” гэж хэлсэн. Өнгөрсөн оны статистик үзүүлэлтээр цус цуглуулалт 2021 оны мөн үеэс 5505 нэгж буюу 20 хувиар, 2022 оны үеэс 472 нэгж буюу нэг хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм билээ. Хөдөлгөөнт хэлбэрээр цус цуглуулалт 2023 оны эцэс гэхэд 2022 онтой харьцуулахад 1802 нэгж буюу 16 хувиар өссөн бол суурин хэлбэрийн цус цуглуулалт 1330 нэгж буюу зургаан хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үүнээс үзэхэд донорын тоог улам нэмэх шаардлагатай байгаа юм. Тиймээс иргэд, төмөр замчдаа авлагагүй цусны донор болохыг уриалж байна.

 

-Танай байгууллагаас таныг дагаж цусаа өгдөг болсон цолтой донор байдаг уу?

 

-Манай депогоос намайг дагаж ганц, хоёр удаа цусаа өгсөн хүн цөөнгүй бий. Харин тогтмол гэвэл Нэгдсэн аж ахуйн цехийн үйлчлэгч Д.Батжаргал, Д.Отгонжаргал нарын эгч дүүс сүүлийн хоёр жилд арав гаруй удаа цусаа бэлэглээд “Бахархал-10” тэмдгийн болзол хангасан. Энэ хоёр маань цаашид тогтмол өгч, удахгүй “Бахархал”-ын эзэн болох байх. Анхны цолоо авахаар хүн улам урамшдаг юм билээ.

 

-Та хэддүгээр бүлгийн цустай вэ?

 

-Би IV бүлгийн цустай. Судалгаанаас үзэхэд байнгын доноруудын 44 хувь нь I, 32 хувь нь III, 21 хувь нь II, долоон хувь нь IV бүлгийнх байдаг юм билээ. Тэгэхээр минийх ховортоо ордог бүлэг. Бүр бүх бүлгийн сөрөг тун ховор цустай хүн байна. 100 хүн тутамд нэг гэдэг байх аа. Манай депогийн Механик цехийн Багаж түгээх тасгийн нярав, “Хүндэт донор” Б.Түмэндэмбэрэл II бүлгийн сөрөг цустай. Ийм хүмүүсийг ЦССҮТ-ийнхөн “Та үргэлж ирж хэрэггүй. Бид шаардлагатай болсон тохиолдолд өөрсдөө ирж авна” гэдэг юм билээ. Тэр бүр таарах цустай хүн олдохгүй, эрсдэлтэй үед хэцүү шүү дээ. Хааяа манайхан “Түмэндэмбэрэлээс ирж цус аваад явлаа” л гэцгээдэг юм.

 

-Гэнэт дуудагдах тохиолдол танд олон гарч байв уу?

 

-Олон гарсан. Ховор талдаа цусны бүлэгтэй болохоор гэнэт утасдана. “Би өглөө хоол идчихсэн яах вэ” гэхээр “Одоо яалтай билээ, та л хэрэгтэй байна. Таны цусыг авч шинжилгээ хийгээд шаардлагад нийцвэл нэг хүнд явуулъя” гэнэ. Хүний амь настай холбоотой юм чинь давхиад л очдог юм.  Ер нь, цусны донор 17-60 настай байх ёстой. Би 60 нас хүртлээ өгнө гэж боддог. Харин 50 наснаас хойш өгөх хугацаагаа холдуулаарай гэж зөвлөдөг. 55-аас дээш насны хүнээс сийвэн авдаггүй юм билээ.

 

-Дээрх цолуудаас гадна улсын зүгээс өөр ямар нэгэн хөнгөлөлт, урамшуулал олгодог уу?

 

-“Хүндэт донор”-ууд нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхтэй. Нийгмийн халамжтай гэрээтэй рашаан сувилалд жилд нэг удаа амрах эрхтэй байдаг. Миний хувьд машин явахгүй өдрөө нийтийн тээврээр үнэгүй зорчиж байна. Харин ажлын цаг заваас шалтгаалан рашаан сувиллын эрхийг нь эдэлж үзээгүй. Цол хүртэж буй доноруудад сүүлийн үед ивээн тэтгэгч байгууллагууд гарын бэлгээ гардуулдаг болсон.

 

-Авлагагүйгээр цусаа хандивлаж, олон зуун хүний амь аварснаараа төрийн өндөр том цол, шагнал хүртсэн тохиолдол байдаг уу?

 

-Доноруудын холбоо гэж бий. Тэр холбооны тэргүүнээр гэр бүлийн хоёр хүн байдаг. Нөхөр нь “Хүндэт донор” М.Сосорбарам гуай олон хүнийг донор болгоход сургалт, сурталчилгааны ажлыг олон жил хийсэн учир оны өмнөхөн Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан боллоо. Цусны салбарынхан “Манай салбараас төрсөн гавьяат” гээд баярлаж байна.  

 

-Танай гэр бүлийнхэн цусаа өгдөг үү?

 

-Эхнэр маань цус багадалттай болохоор өгдөггүй. Харин хүүхдүүд маань донор болно гэдэг. Том охин айлын эхнэр болоод тусдаа амьдарч байгаа. Том хүү өнгөрсөн жил нэг удаа цусаа бэлэглэсэн. Тэгээд өнгөрсөн хавар цэрэгт явчихсан. Ирээд өгч эхлэх байх.

 

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье!

 

М.Наранболд