Замын IV ангийн VIII хэсэг буюу буйдхан зөрлөгийг өвлийн эхэн сард зорих болсон шалтгааны эзэд нь жолооч Өвгөнхүүгийн Эрдэнэжав, замын мастер Борын Наранцэцэг нар юм. Тэд энэ сардаа гавьяаныхаа амралтаа эдлэх гэж буй ахмад төмөр замчид. Зөрлөгийг зорих замд байгалийн сонин тогтоцыг анзаарахгүй байхын аргагүй. Бор саарал өнгөтэй хадархаг дов толгод, хаа нэгтээ тогтсон цас, хөлдсөн нуур, булаг шанд тааралдсан нь говь нутаг гэж хэлэмгүй санагдсан. Тэр тусмаа VIII хэсгийн хэдэн байшин товхийсэн цэмцгэр, эмх цэгцтэй ажлын байр, ажилчдын дийлэнх нь залуус байсан нь бахархалтай санагдсан.
Замын мастер Б.Наранцэцэгийн ажилсаг, шударга, зарчимч байдал нь үйл хөдлөл, ярианаас шууд анзаарагдана. Тэрбээр Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багт 1967 онд төрсөн. Улаанбаатар төмөр замын техник мэргэжлийн сургуулийг төгсөж, 1987 оны долдугаар сараас Замын IV ангийн VIII хэсэгт замчин болсноор ажил, амьдралын гараагаа эхэлжээ. Хангай нутгийн 20 настай бүсгүйд говийн халууныг тэсвэрлэх аргагүйтэж Архангайгаа зорьсон завсархан хугацаа түүнд бий. Төмөр замын ажлаас илүү говийн зун үнэхээр халуун хэцүү байсан хэмээн санаа зовинон тайлбарлаж байв. Замын хэсэгт ажиллах хугацаандаа замчнаар долоон жил, ажлын бригадад 20 жил, замын мастераар 2021 оны 12 дугаар сараас өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Анх замчнаар ажлын гараагаа эхлэхэд төмөр зам "Р-50", модон дэртэй зам засвар гэмтлийг засварлах ажил хүндхэн, зурагтаар оросын суваг л гардаг, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэнд ахуй хангамж одоо үетэй харьцуулахад өдөр, шөнө шиг ялгаатай байсан ч Б.Наранцэцэг шантарсангүй, зөрлөгтөө гал голомтоо бадрааж 34 жилийг ардаа үджээ. Одоо "Р-65" төмөр бетонон дэртэй болсноор замчны ажлын ачаалал багасаж, замчдын эрүүл мэнд, хөдөлмөр аюулгүй байдал, ахуйн хангамж сайжирч, интернэттэй болсноор мэдээ, зааварчилгаа хурдан солилцож, ажлын хувцасны нэр төрөл, чанар дээшилж, улирлын витаминжуулалт зэрэг бүх зүйлээр нь хангадаг болсон гэж бахархан өгүүлж байсан.
Түүний удирдлагад жолооч гурван бригадын дарга, хоёр тор засагч, 19 замчин гээд нийт 26 төмөр замчин ажилладаг. Тэд 1017-1040 дүгээр 24 км замыг арчилж засдаг. Замын ажлыг хамт олны хүчээр хийдэг, эрэгтэйчүүд нь хүнд хүчрийг нугалж, эмэгтэйчүүд дагалдах ажлаа хийцгээдэг. Замчдын ажил өглөөний 07:30 цагт ажлын байрандаа ирж хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа авснаар эхэлнэ. Замын мастер замчдадаа хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгнө. Эрсдлийн үнэлгээний дэвтрээ хөтөлж, автомашины бүрэн бүтэн байдалд хяналт тавина. Хамт ажилд гарна, эсвэл , замаа шалгаад явна. Ажлаас буусны дараа ч завгүй, орой нь жинхэнэ бичиг цаасны ажил эхэлдэг. Маргаашийн зааварчилгааг төлөвлөгөөний дагуу бичиж бэлдэх, ажлын мэдээ, анхаарамжаа шивэх, ээлжит бус зааварчилгаа дээд удирдлагаас өгөгдөнө гэх зэрэг ажлын ачаалал, хариуцлага өндөр. Б.Наранцэцэг мастер энэ хэсэгт ажиллах хугацаанд олон мастерын удирдлага дор ажиллаж байснаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин Д.Сандаг мастераас их зүйл суралцсан хэмээн онцолж байсан.
Замын хэсэг залуусын ажил хөдөлмөрийн гараа, ахиж дэвшихийн гүүр болдог гэлтэй. Ажлын байр сэлгэх, дэвшихэд замын хэсэгт практик ажил дээр боловсруулснаар хэрэгцээт газраа мастер, ахлах мастераар ажиллах жишээтэй. ТЗДС-ийг техникч, инженерээр төгссөн залууст энэ боломж нь өндөр. МСҮТ, 12 дугаар анги төгссөн залуус Замын анги тэр тусмаа зөрлөгт ирээд эрүүл сайхан агаарт ажиллаж, ахисан шатандаа суралцаад хаана ч техникч, инженер, мастераар ажиллах бүрэн боломжтой. Өнөөдөр нарийн мэргэжлийн чадамжийн гэрчилгээтэй хүн цөөхөн, харин МСҮТ, коллеж, дээд сургууль төгссөн нь ихэнх байгаа нь Улаанбаатар төмөр замын боловсон хүчин хэрхэн чадавхжсаныг Б.Наранцэцэг мастерын яриа тодотгоно. Түүнд гарын шавь олон бий. Тэд энэ хэсгээс л ажлын гараагаа эхэлж, дэвшиж явцгаасан аж. "Тэргүүний төмөр замчин", "Замчны алдар" хүртсэн Б.Наранцэцэг дөрөв дэх үеийн төмөр замчинтай мөр зэрэгцэн ажиллаж, 18-35 насны замчдыг халамжлан хүмүүжүүлж, удирдан чиглүүлж явна. Мөн залуучуудад замчин байхын сайхныг ойлгуулж, ажлаасаа урам авч тэтгэгдэж ажилдаа гаршдагийг ухааруулсан. Хаана ч тогтвор суурьшилтай ажиллаж, мэдэх, чадахын төлөө өөрийгөө дайчлан, ажлыг цагт нь хийчихвэл ямар ч стрессгүй, ажил урсгалаараа явагдана. Цаг хугацаандаа хийгээгүйгээс бухимдана, ядарна ажил нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй гэдгийг үргэлж зөвлөдөг ажээ.
Ө.Эрдэнэжав Замын VIII хэсэгт 39 жил ажиллажээ
Замын мастер Б.Наранцэцэгийн хань Ө.Эрдэнэжав удам дамжсан төмөр замчин. Тэрбээр 16 настайгаасаа Замын IV ангид замчнаар ажиллаж байгаа цэргийн албанд морджээ. Ө.Эрдэнэжав улсад 42 жил ажилласнаас зөвхөн Замын VIII хэсэгтээ 39 жил жолоочоор ажиллаж, энэ хугацаанд хоёр л "ЗИЛ-130" автомашин жолоодсон нь, унасан унаагаа хэр чамбай эдэлж хэрэглэснийг илтгэх биз ээ. Түүнийг хөдөлмөрийг үнэлж "Онц тээвэрчин", "Тээврийн тэргүүний ажилтан", "Тэргүүний төмөр замчин", "Замчны алдар" тэмдгээр шагнажээ. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын хүү төрсөн нутагтаа төмөр замтай ажил амьдралаа холбосон нь түүний аав, ээжээс улбаатай. Ах, дүү нар нь ч бүгд төмөр замчид. Хүүхэд насандаа ч сумчин ээжийнхээ ажилд тусалж, аавын хамт хариуцлагатай жижүүрийн үүргийг олон удаа "гүйцэтгэж" байсан нэгэн. Том ах Ө.Эрдэнэцогт, бага дүү Ө.Эрдэнэсувд нар замчин.
Замын хэсгийн жолооч хоногийн 24 цаг, амралтын өдөр ч бэлэн байх ёстой тул автомашины гэмтэл согогийн цаг тухайд нь засаж сэлбэнэ. Түүний хөлөглөж яваа цэмцгэр, бор "ЗИЛ-130"-ыг харахад л автомашины "эмч" болохыг илтгэнэ. Өвөл, зун, цасан шуурга, үер устай аль ч нөхцөлд замыг засварлах багаж хэрэгсэл ачих, замчдыг тээвэрлэдэг тул жолооч хүний хариуцлага өндөр. Ө.Эрдэнэжав жолооч нүдээрээ инээсэн, дуу цөөтэй харагдавч зөрлөгийнхөө байгалийн сайхныг дуртайяа хүүрнэх. Манай нутаг хангай шиг, энэ зун хур бороо элбэг байснаас булаг шанд сэргэсэн, зун ирээрэй байгалийн сайхныг мэдрэх болно. Зөрлөгийн баруун талд хашаалсан бургас модыг харж байна уу. Зургийг нь аваарай. Их учиртай шүү. Эр, эм мод, хажууд нь нялх мод бий, үр хүүхэдгүй хүмүүс ирж үрийн заяа гуйдаг. Манай эргэн тойрны байгалийг сайн хараарай, хойд талд булаг бий гэхчлэн олон зүйлсийг хэсэгхэн хугацаанд ярьж өгөв. Энэ л зөрлөгөөс ажил амьдралын гараагаа эхэлж удахгүй тэтгэвэртээ гарах замын мастер Б.Наранцэцэг, жолооч Ө.Эрдэнэжав нарт Замын ангийн удирдлага, хамт олон нь хүндэтгэл үзүүлж "Алтан гараа" ёслол хийж дурсамж дүүрэн үдэж өгнө.
Замын IV хэсгийн хамгийн залуу замчин 18 настай
Замын IV хэсгийн хамгийн залуу замчин нь Б.Бат-Эрдэнэ. Энэ хэсгийн замчдын ихэнх нь залуучууд байсан нь сонирхол татав. Б.Бат-Эрдэнэ 18 настай, өнгөрсөн хавар 12 дугаар ангиа төгсөөд есдүгээр сарын 1-нд замчин болжээ. Ажиллаж байх хугацаандаа суралцаж мэргэжлээ дээшлүүлж болно гэсэн нь энэ мэргэжлийг сонгох шалтгаан нь болжээ. Дорноговь аймгийн харьяат энэ залуу ээж, дүүгийн хамт амьдардаг. Анхнаасаа төмөр замчин болно гэсэн зорилго тавиагүй ч цаашид сурч боловсроход тусална гэсэн дэмжлэг, хамт олны найрсаг харилцаа, ажилд дадлагажуулж зааж сургаж байгаа чиглүүлэгч багшийн нөмөр нөөлөг зэргээс шалтгаалж залуу хүү төмөр замтай амьдралаа салшгүйгээр холбох болсноо итгэлтэйгээр өгүүлж байсан. Төмөр замын ямар ч ойлголтгүй байсан залуу гурван сарын хугацаанд чамгүй боловсорч, мэргэжлийн үг хэллэг, өдөрт ногдсон ажил үүргээ төвөггүй хийдэг болжээ. Түүнийг энэ мэргэжилдээ дурлах гол шалтгаан нь энэ хэсгийн замчин залуучууд. Сагс, гар бөмбөг тоглох дуртай түүнд тус хэсгийн урлаг, спортын амжилтууд ч нөлөөлсөн нь дамжиггүй. Өнгөрсөн долоо хоногт сагсны тэмцээн болж амжилттай оролцсон байна. Замын IV хэсгийнхэн төмөр замын баяраар уламжлал болсон урлаг, соёл, спортын наадамд амжилттай оролцож гурван жил дараалан түрүүлж үүрд хадгалах цомтой хамт олон болжээ.
Б.Бат-Эрдэнийн багш Г.Гантөмөр " Б.Бат-Эрдэнэ анх төмөр замын ямар ч ойлголтгүй хүүхэд ирсэн. Ур чадварын хувьд сайжирч байгаа. Замын IV анги дээр дөрөв дэх өдөр бүр технологийн сургалт ордог, практик дээр надаас гадна ахлах замчдаас асуух зэргээр суралцаж байгаа" гэж өгүүлэв. Бригадын дарга Ганбаатарын Гантөмөр ажил мэргэжилдээ хурдан өсч яваа залуу. Тэрбээр 2022 онд Төмөр замын дээд сургуулийг төгссөн, гурав дахь үеийн төмөр замчин. Өвөө Чанравын Зонров нь Замын IV ангид замчнаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Аав Зонровын Ганбаатар нь одоо ч Замын V ангид замчнаар ажиллаж байгаа. Түүний эхнэр энэ хэсэгт ажиллаж байгаад БНСУ-д суралцахаар явсан байна. Бригадын даргын ажлын үүрэг нь мастераасаа замчдынхаа хамт зааварчилгаагаа авна. Эрсдлийн үнэлгээний дэвтрээ хөтөлнө, нэгдүгээр шатны ажил болон багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хянаж, тэр өдрийн төлөвлөгөөний дагуу хийгдсэн ажлаа мастертаа тайлагнадаг хэмээн өөрийнхөө ажлын талаар товч танилцуулсан билээ.
П.Түмэндэмбэрэл