Вагоны аж ахуйн албаны ерөнхий инженер Б.Наранбатаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

 

-Танай албаны хэмжээнд ажлын шинэ технологи боловсруулсан гэж сонслоо. Энэ талаар тодруулна уу?

 

-Тиймээ. “Галт тэрэг, вагонд техникийн үзлэг үйлчилгээ хийх үлгэрчилсэн технологийн загвар” нэртэй технологийг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна. Тодруулбал, манай албаны харьяа Вагон ашиглалтын депогийн нийт 15 ТҮГ, 17 ТҮХ-ийн технологийн горимыг дээрх үлгэрчилсэн технологийн дагуу боловсруулж байгаа юм. Үлгэрчилсэн технологид техникийн үзлэг, засвар үйлчилгээний гол процессууд болох орж ирсэн болон явуулах галт тэрэгний технологи, ачилтын үзэлтийн технологи, салгалттай болон салгалтгүй урсгал засварын технологи зэрэг багтана. Эдгээрийг ерөнхийд нь үлгэрчлээд загвараар нь оруулсан бичиг баримт гарч байна. Вагон ашиглалтын депогийн хэмжээний технологийн горимууд тус загварыг дагаж өөрчлөгдөх ёстой. Энэ технологи 2013 онд анх боловсруулагдаж, Замын даргын А-137тоот тушаалаар батлагдаж байсан бол энэ онд Замын даргын 2024 оны 7-р сарын 8-ны А-607 тоот тушаалаар дахин шинэчлэгдлээ.

 

-Технологийг шинэчилснээр ямар давуу талууд гарах вэ?

 

-Нэн тэргүүнд галт тэрэгний үзлэгийн давхардлууд арилж, илүү оновчтой болно.  Үүнийг дагаад галт тэрэгний хөдөлгөөний эрчимжилттэй энэ үед вагон эргэлт нэмэгдэнэ. Дээр нь галт тэрэгний үзлэгийн чанар сайжирна. Хамгийн гол нь  ТАЖ-ын 11.3.7-д “Тээвэрлэлтэд вагон бэлтгэдэг буюу ТҮГ-ын ажилтан  вагоны техникийн үйлчилгээ засварын технологийн горим, галт тэрэгний хөдөлгөөний зурмагт зохицуулан цаг тухайд нь хийнэ” гэсэн нь вагонуудын техникийн үзлэг үйлчилгээг галт тэрэгний хөдөлгөөний зурмагт багтаахын тулд вагонд хийх техникийн үзлэг засварыг оновчтой зохион байгуулсан технологитой байж, вагон үзэгч нарт ажиллах боломж олгоно гэж ойлгогдож байна.  Өнөөдөр мөрдөгдөж байгаа вагоны техникийн үзлэг, засвар, үйлчилгээний ажлын технологиор ТҮГ-ууд өртөөнд ирж байгаа болон явах галт тэргэнд нэгэн адил түвшинд хяналт тавих, хариуцлага хүлээдэг.  Энэ нь галт тэргэнд хийх техникийн үзлэгийн ажлын давхардлыг бий болгож, өртөөнд зогсож байгаа зарим вагонд 2-3 удаа техникийн үзлэг хийх, үр дүнгүй хөдөлмөр зарцуулалт гарах нөхцөл болж байна. Иймээс ТҮГ-уудад галт тэргэнд хийх техникийн үйлчилгээ, засварын ажлын зохион байгуулалтыг оновчтой болгон, нэгж вагонд хийх ажилбарын тоог цөөрүүлэн чанаржуулах асуудал нэн чухал юм. Товчхондоо 81-ээс дээш вагонтой буюу урт бүрэлдэхүүнтэй галт тэргэнд заавал хоёр групп буюу дөрвөн вагон үзэгч ажилладаг байсан бол шинэчилсэн технологийн дагуу хоёр вагон үзэгч буюу нэг групп ажиллах боломжтой болсон. Ингэснээр нэгэн зэрэг олон галт тэргэнд ажиллах боломж бүрдэж байна. Бид албаны хэмжээнд хэд хэдэн удаагийн зураг авалт, тооцоо судалгаа хийсний үндсэнд энэ технологийг боловсруулсан.

 

-Цаашид УБТЗ-ын вагоны аж ахуйн хэмжээнд техникийн шинэчлэлийг дорвитой хийхгүй бол орчин цагийн төмөр замын салбарын хөгжлөөс хол хоцорлоо гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

 

-Хамгийн сүүлд УБТЗ-д СИРДЕП-Е систем нэвтрүүлснийг та бүхэн мэднэ. Энэ хүрээнд галт тэргийг мөрдүүлэн аялуулах ажилд ямар нэгэн саатал гарахгүй байх тал дээр бид анхааран ажиллаж байна. Орчин цагийн дэвшилтэт технологи гэхээр Тавантолгойн төмөр замд хэдийнэ нэвтэрсэн 5Т технологийг жишээ нь хүн бүр ярьж байна л даа. Хөдлөх бүрэлдэхүүний гэмтлийг явдал дунд нь илрүүлдэг систем шүү дээ. УБТЗ-ын хэмжээнд үүнийг судлах ажил явагдаж байгаа. “УБТЗ-2030 хөтөлбөр”-т ч албан ёсоор тусгагдсан. Тус хөтөлбөрт заасны дагуу 2026 оноос энэ системийг нэвтрүүлж эхэлнэ гэж заасан. 2011 онд ОХУ-ын Екартеринбург, БНХАУ-ын Харбинд манай мэргэжилтнүүд очиж 5Т технологитой танилцаж байсан. Тэр цагаас хойш чамгүй хугацаа өнгөрлөө. Одоо дээрх технологийн дөрөвдүгээр үе нь ашиглагдаж байна. Бүр манай улсын шинэ төмөр замд ороод ирлээ. Газар дээр нь очиж үзэж, судлахад ч ойр боллоо. Тэр ч бүү хэл энэ технологийн албан ёсны төлөөлөгчийн газар нь ч Монголд орж ирсэн байна. Тэдэнтэй бид харилцаа тогтоогоод байна. Хамгийн гол нь үүнийг УБТЗ-д нэвтрүүлэхэд маш их хөрөнгө шаардагдана. Үүнийг чухам ямар арга хэлбэрээр шийдэхийг би чухамдаа хэлж мэдэхгүй юм. Энэ бол байшин барилга барихтай адил зүйл биш шүү дээ.