“Ажлын цаг дуусч, ээлжнээсээ буух үед гэргий маань намайг авах гээд ирнэ. Бидний өмссөн хувцас, нүүр ам, гар хуруу бүхэлдээ тас хар тос масло болчихсон, хэн нь хэн болохыг ялгах аргагүй нүд шүд нь гялалзсан улсууд байх... Ажлын хамтрагчид маань манай хүнээр тоглоод, “За нөхрөө өөрөө олж аваарай” гээд л хөгжилддөг сөн...” хэмээн МУГТ Б.Баяраа засварчин байсан үеийнхээ дурсамжийг нэгэнтээ хуучилж билээ. Нээрэн л аль ч татах хэсгээр орсон илчит тэрэгний засварчдыг андашгүй. Цэвэрхэн хувцас өмссөн ч дэргэдүүр өнгөрөхөд нь тос маслын үнэр ханхийх энэ л эгэлхэн хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд илчит тэрэг хэмээх хүчирхэг төмөр хүлэг олон мянган ачаа тээвэр, зорчигч түмнийг хүрсэн газарт нь саадгүй хүргэдэг гээд бодохоор өөрийн эрхгүй бахархал төрдөг юм. Саяхан Сайншанд татах хэсэгт томилолтоор ажиллах үедээ эгэл жирийн засварчдын нэгэн тод төлөөлөл болох Дизел туслах моторын VI зэргийн засварчин Бямбаагийн Лхагвасүрэнтэй уулзаж цөөн хором ярилцсанаа уншигч та бүхэнтэй хуваалцая.
-Та чухам ямар сэжмээр Сайншанд татах хэсэгтэй холбогдов гэдгээс яриагаа эхлэх үү?
-Би Дорноговийн унаган хүүхэд. Аав маань гал командад, ээж эмнэлэгт ажилладаг байлаа. Би цэргийн алба хааж ирээд жил орчим хугацаанд хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад энд ажилд орсон. Одоо 23 дахь жилдээ ажиллаж байна. Манай удамд төмөр замчин хүн байхгүй л дээ. Ах, эгч нар маань бүгд өөр салбарынх. Хань минь хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Охин маань сургуулиа төгсөөд нутагтаа “Хаан” банкинд ажиллаж байна. Хүү маань долдугаар ангийн сурагч.
-Таны мэргэжлийн хамгийн том бахархал гэвэл юуг нэрлэх вэ?
-Манай хамт олон хамгийн урт мөрөнд аяласан илчит тэрэгнүүдэд засвар үйлчилгээ хийдгээрээ онцлогтой. Тийм ч учраас ажлын ачаалал өндөр. Магадгүй “Энэ ажлыг яаж хийнэ ээ” гэж халгах хэмжээний хэцүү ажлын ард нь төвөггүйхэн гарчихаад зогсож байх тэр мэдрэмж сайхан шүү. Ер нь, эвдэрч гэмтсэн техникийг амжилттай засчихаад ажлын хамтрагчидтайгаа ярилцаж суух нь л засварчин хүний жаргал юм даа. Гэхдээ засварчдын хувьд ажлын талбарт амсхийх завгүй л хөдөлмөрлөцгөөдөг дөө.
-Өнгөрсөн хугацаанд хэдэн шавь бэлтгэв?
-Ах нь ерөөсөө л засварчнаар дагнан ажиллаж яваа хүн. Сургууль номыг нь төгсөөгүй учраас онолын хэмжээнд зааж сургаж чадахгүй шүү дээ. Хамт ажилладаг залуус маань намайг “Гайхалтай хурдтай ажилладаг” гэж ярихад их урам зориг ордог. Өөрийн туршлагаар суралцсан зүйлээ шинэ залууст сургахын тулд би залуучууддаа “За намайг дагаад хийгээрэй” л гэж хэлдэг. Анхнаас нь дүрэм журмынх нь дагуу хурдан шуурхай хийгээд сурчихвал ямар ч ажил гарт орчихдог юм. Нэгэнт ажлаа гартаа оруулчихсан байхад зовж зүдрээд байх зүйлгүй л дээ. 2023 онд таван залуу дагалдуулж ажилласан. Тэдний маань хоёр нь II, бусад нь I зэрэгтэй засварчнаар ажиллаж байна. Ажлын гараагаа эхлүүлэхдээ намайг дагалдаж байсан залуусаас нараас инженер, хүлээн авагч гээд шат шатанд дэвшин ажиллаж байгаа. Би бол мэддэг зүйлээ л үйлдлээрээ харуулж, ойлгуулахыг хичээдэг. Бусад нь тухайн хүний өөрийнх нь хичээл зүтгэл оролдлого гэж боддог. Ер нь, ажиллах хүч маш их залуужиж байна. Яг одоо надтай ажиллаж байгаа залуусын хоёр нь үндсэн ажилтан, бусад нь бүгд жил хүрэхгүй хугацаанд ажиллаж байгаа дагалдан засварчингууд байх жишээтэй. Эдгээр залуусаа ажлын талбарт дөрөө олох хүртэл бүх хариуцлага, ачааллыг өөр дээрээ авч ажиллахыг зорьдог доо. Алхам бүрт нь зааж, зөвлөж, өөрийнхөө үйлдлийг ч хянаж байхгүй бол залуус алдаж гэндэхийг алийг тэр гэх вэ.
-Та “Алтан гарт засварчин”-аар нэг, “Үйлдвэрийн аварга”-аар дөрвөн удаа шалгарч байж. Мөн “Онц хөдөлгөөнчин”, “Тэргүүний төмөр замчин”, “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” тэмдгээр энгэрээ мялаалгасан юм билээ. Энэ нь таны хөдөлмөр зүтгэл, ур чадварыг бэлээхэн илтгэх шиг?
-Үнэнийг хэлэхэд ах нь алдар гавьяа, шагнал урамшлын тухай огт боддоггүй. Ажил үүргийн хуваарийн дагуу ногдсон үүргээ өөрийн чадлын хэмжээнд гүйцэтгэе л гэж боддог. Миний зассан илчит тэрэг сунайсан урт ачаа татаад явах мөн ч сайхан шүү. Үндсэн ажлынхаа зэрэгцээ ажил хөнгөвчлөх багаж хэрэгсэлээс эхлээд ойр зуурын зүйлс оролдохыг хичээдэг. Миний багш Ширнэн гэж сайхан хүн байлаа. Багш маань нэг барьж авсан зүйлээ хийсэн шиг хийхийг л зааж сургасан. Би ч тэр зарчмыг нь баримталж явдаг. Ер нь, нэгэнт цаг нар, хөдөлмөр зүтгэлээ зориулсан зүйлээ буцаж гар хүрэхгүй хэмжээнд хийх сайхан шүү дээ. Намайг анх ажилд орж байх үед хоёр ээлж ажилладаг байсан бол одоо дөрвөн ээлж ажиллаж байна. Гэмтлийн хувьд явах эд анги, татах цахилгаан мотортой холбоотой эвдрэлүүд л зонхилж байна. Дизелийн гэмтлийн тухайд сэлбэг хэрэгслийн хангалт муу, элэгдэл хоргодлын хугацаа нь хэтэрсэн зэрэг шалтгаанууд нөлөөлдөг. Бидэнд сэлбэг хэрэгсэл хангалттай бол ер нь толгой өвдөх зүйлгүй дээ. Машин техник бол боломжит хувилбараар нь “монголчилно” гэхсэн. Гэтэл ялангуяа сүүлийн үеийн илчит тэрэгнүүдэд яг л зориулалтынх нь стандарт нормоор тохирсон сэлбэгийг нь тавих ёстой шүү дээ.
Б.Дэлгэрхишиг