Мөнгөний бодлогын хорооны хуралдаанаас гаргасан шийдвэрийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.
Тэрээр, "Энэ удаагийн хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал болон цаашдын төлөвийг харгалзан бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа.
Дэлхийн эдийн засаг энэ онд хүлээж байснаас сайжирсан боловч ирэх онд саарах төлөвтэй байна. Геополитикийн хурцадмал байдал, дэлхийн томоохон төв банкнуудын хэрэгжүүлж байгаа мөнгөний хатуу бодлогын нөлөөгөөр ирэх онд санхүүгийн нөхцөл байдал хатуу хэвээрээ байж, глобал өсөлт саарах таамаглалтай байна. Түүнчлэн, дэлхийн хоёр том эдийн засгийн нэг болох БНХАУ-ын эдийн засгийн төлөвийн хүлээлт сайн биш байгаа нь эрдэс бүтээгдэхүүний өсөлтөд сөргөөр нөлөөлж, тодорхой бус байдлыг нэмэгдүүлэхээр байна.
Дотоод эдийн засгийн идэвхжил сайжирч, энэ оны гуравдугаар улиралд 6.9 хувийн өсөлттэй гарсан. Үүнд уул уурхай, тээврийн салбарын сэргэлт гол нөлөө үзүүлсэн. 2023 онд өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор хөдөө аж ахуй, түүнийг дагасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурч, хөдөө аж ахуйн салбар эхний гурван улиралд 9.5 хувиар өсөлтийг бууруулах нөлөө үзүүлсэн. Цаашид уул уурхайн үйлдвэрлэл хэвээр үргэлжилж, экспортын эрс хадгалагдвал эдийн засаг энэ онд 6.9 хувь, ирэх онд зургаа орчим хувиар тэлэх төлөвтэй байна.
Инфляц өмнө нь танилцуулж байснаар алгуурхан буурч, энэ оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 8.6 хувьтай гарсан. Энэ нь 2023 оны зорилтод түвшин болох нэг оронтой тоонд орж ирсэн байна. Мөн Монголбанкны ирэх онд барих 6+-2 буюу 6-8 руу ороход ойрхон байна гэж бид харж байгаа. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжиж, тээврийн зардлууд буурч, гадаад шалтгаантай өр, үнийн дарамт буурсны зэрэгцээ сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлого үр дүнд инфляц саарч байна. Гэхдээ төсвийн зардлын өсөлт, цалин тэтгэврийн өсөлт нь эрэлтийн шалтгаантай инфляцын дарамтыг нэмэгдүүлэхээр байна.
Арваннэгдүгээр сарын байдлаар гадаад валютын албан нөөц 4.3 тэрбум доллар байна. Өнөөдрийн байдлаар 4.4 тэрбум долларын нөөцтэй байна.
Төв банкны зүгээс бодлогын хүүгээ зөөлрүүлж буулгах боломж байсан. Ялангуяа энэ удаагийн Мөнгөний бодлогын хорооны хурал дээр буулгах талаар ярихад орон зай байсан. 100 нэгж хувь буюу нэг хувиар буулгах орон зай бий. Гэхдээ ирэх оны төсөв 20 хувиар өсөлттэй батлагдсан. Энэ оны хагас жилээр төсвийн тодотгол хийж хоёр их наядаар нэмэгдэхэд голчлон иргэдийн гар дээр очдог цалин, тэтгэвэр, тэтгэмж бэлэн мөнгөөр тэлэхээр олгогдсон. Тиймээс Төв банк инфляц эрэлтийн шалтгаантай хөөрөгдөх магадлалтай гэдэг болгоомжлолтой байна. Иймд 13 хувиа өөрчилж чадсангүй. Мэдээж инфляц ирэх онд манай зорилтод түвшинд ойртсон үед бодлогын хүүгээ зөөлрүүлэх орон зай бий болсон" хэмээлээ.