Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

 

-Ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг Их хурал хэлэлцэж байна. Төсөв, мөнгөний бодлого уялдахгүй байна гэсэн шүүмжлэл байна. Монголбанк үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Төсөв ийм их тэлэлттэй байгаа үед макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд мөнгөний бодлого хатуу байхаас өөр замгүй. Монголбанкны үндсэн зорилго бол төгрөгийн тогтвортой байдлыг хангах. Инфляц 10 хувь орчимд өндөр байгаа тохиолдолд бид хатуу мөнгөний бодлого явуулна. Энэ зөвхөн Монголд явж байгаа бодлого биш. Дэлхий даяар бүх улсын Төв банкууд мөнгөний хатуу бодлого явуулж байгаа. Зорилго нь инфляцыг богино хугацаанд бууруулах юм.

 

-Гэтэл нөгөө талдаа мөнгөний хатуу бодлого явуулснаар бизнес эрхлэгчдэд зээл олдохгүй, үйл ажиллагаа явуулахад саад учруулж байна. Инфляцаа бууруулна гээд хатуу мөнгөний бодлого барьж байгаа ч дорвитой буурахгүй байна шүү дээ?

 

-Энэ зөвхөн манайд буурахгүй байгаа юм биш. Дэлхий даяараа байгаа үзэгдэл. Олон учир шалтгаантай. Саяхан ОУВС-ийн жилийн уулзалт болсон. Энэ уулзалтаар яг л энэ асуудал яригдсан. Ковидын дараа олон улсын хурцадмал нөхцөл байдал нь эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байна. Гадаад худалдаа, тээвэр, барааны хомстол үүсгэж байгаа учраас инфляц өндөр байгаа. Төв банкны үндсэн зорилго нь инфляцыг нам дор түвшинд аваачих учраас ямар ч сонголтгүйгээр мөнгөний хатуу бодлого барьж байгаа. Хэрвээ төсөв алдагдалгүй, чанга батлагдаад явбал мөнгөний бодлогыг зөөлрүүлэх орон зай гарна.

 

-Ирэх жилийн төсөвт инфляцыг 8.5 хувь байна гэж Засгийн газар тооцсон. Ийм хэмжээнд барих боломжтой юу?

 

-Энэ оны эхэнд Монголбанк мөнгөний бодлогын шийдвэрүүдээ гаргаад явж байхдаа оны эцэст инфляц нэг оронтой тоо руу орно. Нарийн тооцоолбол 8.5 хувь орчим болно гэсэн төсөөлөлтэй байсан. Харин хагас жилд төсвийн тодотгол хийж, 1.8 их наядаар төсөв нэмэгдсэн. Үүнээс шалтгаалж долдугаар сард 9.2 байсан инфляц есдүгээр сард эргээд хоёр оронтой тоо руу орчихлоо. Анх төсөвт тодотгол хийж байхдаа Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам ч төсвийн тодотгол инфляц дээр хоёр нэгж хувийн дарамт үзүүлнэ гэдэг тооцоолол хийж байсан. Оны эцэст нэг оронтой тоо руу орно гэж бид үзэж байгаа. Энэ нь мөнгөний хатуу бодлого үргэлжилж байгаагийн үр дүн.

 

-Тэгвэл ирэх жилийн дөрөвдүгээр сараас цалин, тэтгэвэр нэмэхээр төсөвт тусгасан. Энэ нь инфляцад хэрхэн нөлөөлөх вэ?

 

-1.8 их наяд төгрөгөөр төсвийн зардлыг нэмэгдүүлэхэд инфляцын ямар дарамт гарч байгааг дээр хэллээ. Яг л үүнтэй ижил зүйл болно. Ирэх оны төсөв томорч байгаагийн хэрээр инфляцын дарамт нэмэгдэх нь ойлгомжтой. Цалин, тэтгэвэр нэмснээс зургаан сарын дараа инфляцад мэдрэгддэг. Тиймээс ирэх оны төгсгөл рүү нэлээд дарамт бий болно.

 

Монголбанкинд ипотекийн хөтөлбөрийг шилжүүлсэн ч УИХ-ын тогтоол, шийдвэр гараагүй байгаа

 

-Ипотекийн хөтөлбөрийг Засгийн газар авна гэж байгаад жилийн дараа дахиад танайх шилжүүлчихлээ. Одоогоор зээлийн олголт ямар байна вэ?

 

-Өнгөрсөн онд 2023 оны Мөнгөний бодлогын чиглэлийг батлах гэж байхад Ковидын хууль дуусч байгаа учраас ипотекийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлье гэдэг санал гараад тогтоолыг УИХ баталсан. Тухайн үед 2023 онд багтаан шилжүүлнэ гэж байсан боловч гишүүдийн саналаар хагас жилдээ багтаах тогтоол гаргасан. Ингээд Засгийн газарт шилжүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байсан. Гэтэл Засгийн газар одоохондоо энэ хөтөлбөрийг авч явах хүч бололцоо, тогтолцоо байхгүй учраас ипотекийн хөтөлбөрийг авч чадахгүй гэсэн. Ингээд долдугаар сарын 1-ээс хойш үндсэндээ ипотекийн зээл гарахгүй байсан. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар Монголбанк ипотекийн хөтөлбөрийг аваад явж бай, Засгийн газар хууль эрх зүйгээ бүрдүүлэх, хөтөлбөрийг авч явах агентлаг байгуулсны дараа шилжүүлж авъя гэсэн шийдвэр гарсан.

Өнөөдрийн хувьд банк өөрийнхөө эх үүсвэрээр зээл олгож байна. Ипотекийн хөтөлбөрт нийт 4.6 их наяд төгрөг эргэлдэж байгаа. Сар бүхэн ипотекийн зээл авсан хүмүүсийн төлбөр орж ирж байна. Энэ эх үүсвэрээ эргээд зээл болгон гаргаж байгаа.

 

-Нэг хэсэг зээл олголт зогссон одоо хүсэлт гаргасан хүмүүст зээл хэвийн олгож чадаж байна уу?

 

-Хэдэн иргэнээс хүсэлт ирсэн гэхээс илүү Монголбанкинд шаардлагатай эх үүсвэрийн дүн мэдээ ирдэг. Одоогоор 800-аад тэрбум төгрөгийн эх үүсвэр зайлшгүй шаардлагатай байна. Бид энэ хөтөлбөрийг цаашдаа Засгийн газарт шилжүүлэх үү, эсвэл Монголбанк өөрөө хэрхэн авч явах вэ гэдэг талаасаа тодорхой чиглэл гарах ёстой. Яагаад гэхээр өмнө нь Их хурлын тогтоолоор Засгийн газарт шилжүүлэх үүрэг өгсөн учраас Их хурлаас буцааж авах уу, Засгийн газарт өгөх үү гэдэг тогтоол чиглэл өгөх ёстой.

 

-Зээлийн дээд хэмжээг Улаанбаатарт 200, орон нутагт 150 сая болгосон гэсэн. Энэ хэрэгжиж  байгаа юу?

 

-Улаанбаатарт 200 гэсэн тоо байхгүй. Журман дээр Улаанбаатарт 150, орон нутагт 100 сая төгрөгийн дээд хязгаар гэж байсан. Харин орон нутаг, Улаанбаатар гэдэг ялгааг нь байхгүй болгосон.

 

-Ипотекийн найман хувийг зургаан хувь руу шилжүүлэх боломж бий юу?

 

-Өмнө нь найман хувийн зээл авсан хүмүүсийн зээлийг зургаан хувь болгох асуудлыг судлах ажлын хэсэг ажиллаж байсан. Хүүний зөрүүнд 400-500 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай. Энэ мөнгийг хаанаас гаргах вэ гэдэг л асуудал байгаа юм. Монголбанк ч төрийн байгууллага. Хэрвээ зургаан хувь руу шилжүүлэх шаардлага гарвал эрх бүхий байгууллагын шийдвэр гарах ёстой. Энэ бол бага мөнгө биш.

 

-Ярилцсанд баярлалаа.

 

 

itoim.mn