"Амьтан бүхнийг эхээ гэж эс санавал

Ачийг санах бодь сэтгэл буюу энэрэх, хайрлах сэтгэл төрөх нь бэрхээ

                                                                         Говийн ноён хутагт                                                             

1. АМЬТНЫ АМЬ ТАСЛАХ

Амьтны амь таслах үйлдэл нь амьтан бүхэнд үйлийн үрээр олдсон төрлийн зуурдын насны жам ёсны амьдрал хүсэл (Амар тайван амьдрах, урт нас наслах, хослон амьдрах, үр төлөө үлдээх)-ийг бүр мөсөн тасалдаг тул засашгүй хүнд нүгэлд ордог.

Амьтны амийг сувдаг шунахай сэтгэл, уур хорсол, мунхаглал, өш хонзон хийгээд зугаа цэнгэлд хөтлөгдөн хөнөөх мөн амьтанд үл энэрэх сэтгэлээр хандаж, хээлээ тээж байгаа, үр төлөө тэжээж байгаа амьтныг алж устгах.

Амьтны үүр, оромж ичээг ухаж,  сүйтгэх, шархтуулж, гэмтээж зовоож тарчлаах хэмээн .айлдсан байдаг.

2. ЭС ӨГСНИЙГ АВАХ

Хүч хөдөлмөр гаргалгүй хялбар аргаар амьдрах баяжих хөлжихийг шавдуулсан ховдог хомхой сэтгэлд хөтлөгдөн бусдын эзэмшлийн өмч хөрөнгийг үнэ төлбөргүй сэм далдуур авах, мөн хүч түрэмгийлэн булаах, дээрэмдэх, заль мэх хэрэглэн салгаж авах, авсан зээлээ эргүүлж төлөхгүй зувчуулах, элдэв заль мэх хэрэглэж, эс өгснийг авсан үйлдэлд ордог. Эс өгснийг авсан нүгэлтэн хойт төрөлдөө хүн болж төрвөл эд юмс хомс, ядуу зүдүү амьдрах ажил үйл нь бүтэмжгүй байх зэргээр зовлон эдэлдэг.

"Буруу явдлаа хаяж чадахгүй бол

Буг чөтгөрт хөтлөгдсөнөө мэдэгтүн

Булхай луйврыг жигших сэтгэлгүй бол

Буянт хүмүүсээс хасагдсанаа мэдэгтүн" хэмээн мэргэдийн сургаал бий.

3. БУРУУ ХУРЬЦАХ

Бусадтай зүй бусаар хавьтах хүсэлдээ автагдан зохисгүй хүнтэй, зохисгүй газар, зохисгүй эрхтэн, зохисгүй цаг үе гэсэн дөрөв зүйлийн ёс журамыг гажуудуулан энгэр зөрүүлэх, хүний ёсноос гаж байдлаар дур хүслээ хангах нь буруу хурьцалд хамаардаг.

 

Аливаа тачаал эхэндээ жаргал мэт санагдавч

Амсаж эдэлсэн хойноо зовлонгийн шалтгаан … хэмээх мэргэдийн үгийг санаарай.