Статистик бүртгэл, мэдээллийн технологийн албаны дарга, Техникийн ухааны доктор Д.Тамиртай ярилцлаа.

 

-Танай алба үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт, статистик бүртгэл. Хоёрдугаарт, мэдээллийн технологи. Жил бүрийн аравдугаар сарын 20-нд “Дэлхийн статистикийн өдөр” тохиодог. Энэ өдрийг сонгон тантай уулзаж байгаа нь тохиолдлын хэрэг биш. Тэгэхээр хоёулаа төмөр замын тээврийн статистикийн талаар илүү ярилцъя. Миний эхний асуулт төмөр замын тээвэрт статистик ер нь ямар ач холбогдолтой юм бэ гэдгээс ярилцлагаа эхлэе гэж бодлоо?

-Энэ өдрийг сонгон ярилцахаар урьсан танай хамт олонд талархлаа. Эргээд бодоход би ерөөс статистикийн талаар ярилцлага өгч байгаагүй юм байна. Та түрүүнд асуултандаа дурдана лээ. Тийм ээ, өнөөдөр дэлхийн статистикийн өдөр. Төмөр замын салбарт тээврийн статистикийг бүрдүүлж буй маш олон ажилтан бий. Эдгээр бүх ажилтандаа Дэлхийн статистикийн өдрийн мэнд хүргэе. Манай албаны хувьд УБТЗ-ын хэмжээнд статистиктай холбоотой ажилладаг төмөр замчидтайгаа жил бүр хоёр ч удаа зөвлөгөөн зохион байгуулдаг. Нэг нь зардал талын бүртгэгчдийнх, нөгөө нь өртөөдийн мэдээлэгчидтэй. Энэ жилийнхээ зөвлөгөөнийг аравдугаар сарын 28, 29-нд цахимаар зохион байгуулна. Гол нь, зөвлөгөөнөөр бид ажлын алдаа дутагдал, түүнийг сайжруулах арга замын тухай ярилцаж, шийдэлд хүрэхийг хичээдэг. Төмөр замын статистикийн ач холбогдлын талаар ярьж эхлэхийн өмнө статистикийн шинжлэх ухаан гэж юу вэ гэдгийг маш товчхон, ердөө ганц өгүүлбэрт багтаан ойлгуулахыг хичээе. Түүний дараа төмөр замын статистикийн тухай ярьвал илүү ойлгомжтой байх. Статистикийн шинжлэх ухаан нь нийгэм, эдийн засгийн түгээмэл үзэгдлийг тоон талаас чанарын агуулгатай нь нягт холбоотойгоор тухайн тайлант хугацаа, орон зайд судалдаг. Тээвэр тэр дундаа төмөр замын салбарт статистикийг бүрдүүлснээр ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, алдаа, оноог нүдний өмнө тавьсан мэт тольдох боломж олгодог юм. Тиймээс тээврийн статистикийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Би танай уншигчдад сонин байх болов уу гэсэн үүднээс зарим нэг статистикийг дурдвал дургүйцэхгүй биз дээ. Тухайлбал, УБТЗ 1951 оноос 2021 оны эхний есөн сарын дараах байдлаар нийт 732 сая 332 мянган тонн ачаа тээсэн байна. Үүн дотроо 9 сая 542 мянган тонн дамжин өнгөрөх тээвэрлэлт хийсэн. Харин ачаа эргэлт 367 сая 350 мянга, зорчигч тээвэрлэлт 142 сая 385 мянга байх жишээтэй. Энэ мэт тоон өгөгдлүүд жил жилээрээ бидэнд байгаа нь түүхэн мэдээллээс гадна тээврийн төсөөлөл, чиг хандлагыг олон жилийн тоон өгөгдөл ашиглан прогнозчлох боломжийг олгодог.

-Замын удирдлагуудаас  эхлээд эгэл жирийн төмөр замчид хүртэл  тээврийн үйл ажиллагааг “уншиж” ойлгох нь  чухал. Тиймээс энэ олон статистик үзүүлэлтүүдээс алийг нь голчлон харж, анхаарч байх ёстой юм бэ. Ялангуяа, удирдлагын түвшинд эдгээр тоон өгөгдлийг мэдээлэл болгон задалж, ойлгох чадвар заавал байх ёстой гэж харагдах юм?

   -Төмөр замын үндсэн албадад өөр өөрийн гэсэн ажлын үр дүнг илтгэн харуулдаг чанарын болоод тоон үзүүлэлтүүд байдаг. Зүтгүүрийн албаар жишээлье. Ашиглалтын паркад хэдэн зүтгүүр байгаа билээ, техникийн хурд хэд байна, зүтгүүрийн гүйлт, бүтээмж ямар байв гэх мэтчлэнгээр харна. Хэрэв үзүүлэлтүүд төлөвлөсөн хэмжээнд хүрсэн, илүү гарсан бол сайн л гэсэн үг шүү дээ. Эсрэгээрээ зүтгүүрийн бүтээмж буурсан бол албаны хэмжээнд юунаас болов гэдэгт анализ хийх ёстой юм. Зүтгүүрийн тоо тайлан дээр их харагдаад байгаа мөртлөө хоорондын замд цөөнгүй эвдэрсэн эсвэл ганцаарчилсан явалт олон хийсэн, техникийн өртөөн дээр хэр удаан зогсов гэдгийг статистикаас олж харснаар ажлаа сайжруулахад нь хэрэгтэй. Эдийн засгийн үзүүлэлтүүд ч ялгаагүй. Замын хэмжээнд дунджаар хэчнээн хүн ажиллав, хэчнээн шилжүүлсэн тонн/км-ийн ажил хийв, хөдөлмөрийн бүтээмж ямар байв гэдийг энэ олон аж ахуйн нэгжид ажиллаж буй “статистикчид” өөр өөрийн өнцгөөс мэдээлэл болгон цуглуулж, түүнийгээ илгээж байдаг юм. Бидний хоногт гаргаж буй энэ их тоон мэдээлэл дотор гол албадын сонирхохгүй орхих ганц ширхэг тоо ч байхгүй. Дэлхийн аль ч улсад төмөр замын салбар нь хоногийн статистик гаргадаг цорын ганц байгууллага байдаг юм билээ. Тэр утгаараа Замын удирдлагууд хоногийн статистикаа ашиглан аливаа тушаал, шийдвэрээ гаргасаар ирсэн нь олон улсын жишиг юм даа.

-Статистикаас олж авсан мэдээлэлдээ дүгнэлт хийж, өнгөрсөн болон ирээдүйг бүрэн цогцоор нь харах. Түүнийгээ дараагийн ажилдаа хэрэгжүүлэх үйл явц нь хөгжих процесс шүү дээ. Асуулт юу вэ,  гэхээр удирдлагын түвшинд тоон мэдээлэлд үндэслэсэн дүгнэлтийг хэрэгжүүлэх байдал ямар хэмжээнд байна гэж та хардаг вэ?

-Тээвэртэй шууд холбоотой албадын удирдлагуудад хоногийн ажлын статистик гэдэг чинь ажлаа тольдох гол амин сүнс нь шүү дээ. Өглөө болгон круг дээр өчигдрийн ажил ямар байсан талаар энэ хэдэн тоогоор л “нүдүүлдэг” байхгүй юу. Гэхдээ нэг үеэ бодвол тодорхой хэмжээнд хоногийн ажлын тайлагнал, тоон үзүүлэлтүүдийн холбоос дээр анализ хийх чадвар өссөн гэж би хувьдаа хардаг. УБТЗ түүхэн хөгжлийнхөө эхэн үед сампингаас л статистикийг бүрдүүлж байлаа. Үүнийгээ дагаад цаг хугацаа алдахаас гадна алдааны интервал найдвартай хэмжээнд байгаагүй. Гэтэл өнөөдөр УБТЗ-ын өгөгдлийн мэдээллийн нэгдсэн санд яг тухайн эгшинд л бүх шуурхай статистик бүрдэх болсон. Бүрдсэн статистикийг бид ахин үнэн, зөв эсэхийг нягтлаад эцсийн байдлаар статистик тайлан болгон хэрэглэгчид хүргэдэг. Бүх салбар зам болоод өртөөдөд хэчнээн вагон зогсож байна гэдгийг ч автомат бүртгэлийн аргаар бүртгэнэ. Түүнийг нь манай тоо бүртгэгчид хянаад сууж байдаг. Би танд юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр статистик хөдлөшгүй, үнэн зөв, хүртээмжтэй, маш богино хугацаанд гардаг болжээ. Богино хугацаанд үнэн зөв гарсан статистикийг Замын удирдлагууд авч ашигласнаар шийдвэр гаргалтын хурд нэмэгдэж, илүү оновчтой болсон. Энэ нь, өөрөө таны хэлдгээр хөгжих процесс.

-Та сая хэллээ. Төмөр зам бол улсын хэмжээнд хоногийн статистик гаргадаг цорын ганц байгууллага. Газар зүйн байрлал, орон зайн хамрах хүрээг бодоход энэ их тоон мэдээллийг ямар аргаар хэрхэн цуглуулж, түүнийгээ боловсруулж нэгтгэн дүгнэдэг юм бэ?

-Ярилцлагын эхэнд би цухас дурдаад өнгөрсөн. УБТЗ Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орон. Гишүүн төмөр зам. Тийм учраас тухайн байгууллагын гишүүн орнуудын аргачлалаар ажилладаг. Эдгээр орнууд тээврийн статистикаа тооцохдоо “Санамж-305”-аар бүх үндсэн үзүүлэлтүүдээ тооцож гаргана. Жилийн сүүлчээр Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагаар тооцоогоо нийлж тулган олон улсын статистикт оруулдаг. Ер нь, статистик гэдэг математик томъёололтой. Томъёо голцуу байдаг эд. Тухайн томъёо бол төгсгөлөг. Төгсгөлгүй томъёо гэж үгүй. Тэнцүүгийн тэмдгийн аль талаас аваад хаана нь гаргаж байна гэдэг л шүү дээ. Бид ч энэ аргачлалыг л хэрэглэдэг. Хэрэглээ бол хаана ч очсон адилхан л гэж хэлэх гээд байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, статистик энүүгээрээ математикийн үндэстэй. Томъёоны гишүүн ямар байхаас хамаарч нөлөөлж буй хүчин зүйлүүд өөр өөр бөгөөд үүнд л анализ хийж, төлөвлөлт болон удирдлагын шийдвэр гаргахдаа бид хэрэглэх ёстой гэсэн санаа.

-Замын хэмжээнд маш олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Энэ олон байгууллагын хоногийн статистикийг гаргана гэдэг мэдээж амаргүй. Цугларч буй энэ их дата өгөгдөлд үнэн зөв, оновчтой дүн шинжилгээ хийх бэрхшээлтэй. Үүнийг хэрхэн даван туулдаг вэ?

-Бид сүүлийн жилүүдэд өгөгдлийн боловсруулалтыг аль болох автоматжуулах, програмчлалаар шавхахад анхаарч байна. Статистикийн чиглэлд бид сүүлийн 15-20 жил нэгч хүн нэмж аваагүй. Яг л энэ орон тоогоороо өнөөдрийн өсөн нэмэгдэж буй тээвэрт төмөр замын статистикийг бүрдүүлж ирлээ. Статистик гэдэг өөрөө оюуны үйл ажиллагаа. Энэ их өгөгдлийг цуглуулаад түүнийгээ “цэвэрлэж” цэвэр тоон мэдээлэл гаргах нь зөвхөн статистикчдийн л хийх ажил юм. Ямар арга замаар бид бэрхшээлийг даван туулж байна вэ гэхээр нөгөө чиглэл болох мэдээлэл технологийн хэлтсийнхэн бидэнд тусалдаг. Энэ их өгөгдлийг цуглуулахын тулд бид маш их ажил хийсэн, энэ далд хөдөлмөрийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Анзаардаг ч үгүй биз. Гэтэл бид олон жил маш зугуухан бүтээлчээр гүйцэтгэж ирсэн. Өнөөдөр өдөр бүр гаргаад байгаа хоногийн статистик мэдээлэл чинь түүхэн баримт талаас төмөр замчдад өв хөрөнгөтэй адилтгах зүйл. Өнөөдөр бид 2006 оноос хойш энэ их өгөгдлийг цуглуулж эхэлснээр өнөөг хүртэлх дурын хоногийн статистикийг шууд харчих боломжтой болж.

-Дундаж байгууллага 10 орчим систем ашигладаг гэсэн тооцоо байдаг. УБТЗ-ын хувьд хэчнээн том байгууллага билээ. Энэ олон байгууллагыг холбосон олон төрлийн системийг хэрхэн холбож, авсан мэдээллээ яаж нэгтгэн дүгнэдэг вэ гэдэг их сонирхолтой. Энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч?

-Хоногийн статистик гэдэг шуурхай ажил буюу тээвэртэй холбоотой тул хором мөчтэй уралдаж гардаг зүйл. Өнөөдөр бид бүртгэлийг математикийн аргаар хийж байна. Тэр дунд заавал хүний оролцоо хэрэгтэй. Олон систем их өгөгдлийг бий болгох нь мэдээж. Тэдгээр өгөгдлөөс юун түрүүнд тайлангийн стандартчлал хийнэ. Өгөгдөл болгон тайлан болохгүй. Стандартчлагдсан тайлан мэдээ гэж бий. Стандартчилсан тайлан мэдээнүүдээс програм хангамжийн тусламжтайгаар ирүүлэхэд нь хэрэглэгчдэд тусалдаг юм. Хоногийн шуурхай тайланг өдөр тутам ашигладаг бол статистик хатуу тайланг зөвхөн албан ёсны бичиг баримт, тоо мэдээг үндэслэн нэг бүрчлэн дахин нягталж байж /бичиг баримт нэг бүрчлэн “долоож” шалгана/ эцсийн байдлаар хатуу тайлан гардаг юм. Шалгалтын явцад дутагдал, илүүдэл гарвал акт тавьж барагдуулдаг.

-Их өгөгдөл гээд таны ярианд нэлээд дурдагдлаа. Энэ өгөгдлийг орчин үед компаниуд бизнестээ ихээр ашиглах болж. УБТЗ үйлчилгээний бас бизнесийн байгууллага. Танайд цугларч буй энэ их өгөгдлийг УБТЗ бизнесийн үйл ажиллагаандаа яг яаж ашиглах хэрэгтэй юм бэ?

-Их өгөгдөл бол ерөөсөө их мөнгө. Гэхдээ их болгоомжтой харьцах хэрэгтэй. Яагаад гэхээр энэ их өгөгдөл дотор буруу, зөв ашиглаж болох үгүй нь эргэлзээтэй маш их мэдээлэл бий. Түүнийг “цэвэрлэж”, “цэвэр өгөгдөл”-ийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх нь чухал. Та бүхэн анзаарсан бол бид “цэвэр өгөгдөл” ашиглан зах зээлээс мөнгө олох чиглэлээр сүүлийн жилүүдэд нэлээд сайн ажилласан. АТҮЦС, ЗТҮЦС-ийг нэрлэж болно. Жишээ нь, үйлчлүүлэгч вагоноо хаана явааг мэдэхийг хүсвэл тодорхой хэмжээний төлбөр төлөөд манай өгөгдлийн санд цугласан мэдээллийг ашиглаж болж байна. Тасалбарын агент байлаа гэж бодоход манайд сарын төлбөрөө төлөөд ажиллах ийм л тогтолцоо. Энэ чинь өгөгдлөө мөнгө болгож байгаагийн нэг хэлбэр. Их том тоонууд бий л дээ. Хэдэн тэрбумаар л орж ирж байгаа.

-Их өгөгдлийг олон төрлийн шийдвэр гаргах үйл явцад ашиглаж байна л даа. Ялангуяа, маркетинг тал руугаа. Хэрэглэгчтэйгээ харилцах, түүнийг үнэлэх, хэрэглэгчээ таньж мэдэх, зах зээлийн төлөв байдал, түүнийг судлах гээд их өргөн хүрээнд ашиглаж байгаа харагддаг. Юу гэж асуух гээд байна вэ гэхээр танайх мэдээллээ бизнесийн чиглэлээр бусад алба, хэлтэс, хэрэглэгчидтэйгээ хэрхэн хуваалцаж байна вэ?

-Түрүүнд хэлсэнчлэн, УБТЗ түүхэндээ 142 сая 385 мянга 500 зорчигч тээжээ. Үүнийг бид түүхэн үйл явдалтайгаа холбож болно. Жишээ нь, тэдэн сая дахь зорчигчийг тодруулахад ашиглаж болох юм. Ер нь, бид тун удахгүй Маркетингийн хэлтэстэйгээ хамтраад лояалти карт гаргах төлөвлөгөөтэй байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл жилдээ 10-аас дээш удаа төмөр замаар аялсан зорчигч байх юм бол тодорхой хөнгөлөлт өгдөг ч юм уу. Ийм урамшууллын идэвхжүүлэлт хийхэд өгөгдөл бэлэн. Өнөөдөр тасалбарыг олон сувгаар зардаг болсон. Эд бүгд манай бүтээгдэхүүн. Гагцхүү илүү өргөн сувгаар таниулах ажлыг Маркетингийн хэлтсээр хийдэг, мөн бидний ажлыг эерэгээр сурталчилдагт нь тэдэнд талархалтай ханддаг гэдгээ хэлье. Дээр нь, хэрхэн хүмүүст хүргэх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Статистикийг цуглуулах нэг хэрэг. Цэвэр статистик болгох хоёрдугаар ажил. Хамгийн чухал нь хэрэглэгчдэд хүргэх явдал. Яаж бид статистикийг хэрэглэгчдэд хүргэж байна гэхээр нэгдүгээрт мессежээр. Мөн statistics.ubtz.mn гэсэн сайтаар. Энэ чинь төлөвлөлтийг зорьсон хэмжээнд нь барих ёстойг зохих хүмүүстээ сигналдаад байгаа хэрэг. Өөр нэг хэлбэр нь тайлагнал. Үндсэн хэлбэрээр буюу цаасаар хүргэдэг. Манай дарга нарын зарим нь цаасан дээрээс харах дуртай. 

-Та "big data" бол "big money" гэж хэллээ. Нээрэн таны хэлдгээр их мөнгө шүү. Энэ их өгөгдлийг хадгалж хамгаалах, боловсруулах, нэгтгэн дүгнэх гээд тэр мэдээллийн технологи, дэд бүтэц, хүний нөөцийн хувьд зардал ихтэй ажил. Өнөөдөр танай албаны нөхцөл байдал хангалттай хэмжээнд байж чадаж байна уу ?

-Манайд серверийн шинэчлэлт гарцаагүй хэрэгтэй байсан. Замын удирдлага үүнийг дэмжсэн. Эхний шатны хөрөнгө оруулалтын ажлыг хийгээд дууссан. Одоо хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтын ажлыг хийж байна. Энэ бүхний үр дүнд бид их өгөгдлөө хадгалаад байх боломжтой болно. Дор хаяж таван жилдээ. Хамгаалалтын хувьд орчин үеийн бараг Монголдоо анхдагч тоног төхөөрөмжийг нэвтрүүлж байгаа. Боловсон хүчний хувьд хүндрэл байна уу гэвэл байна. Сайн инженерүүдийг маань Америк, Япон авч яваад байдаг болсон. Бидний өгдөг цалин хангалттай биш шүү дээ. Сайн IT-ын мэргэжилтэн бол үнэтэй капитал.  Өөрөө залуу мэргэжил учраас голдуу залуус ажиллана. Залуу хүний сэтгэж бодох хурд, төсөөлөл, уран сэтгэмжээс бүтээмж нь гарч байдаг. Мэдээж, мэдээлэл технологийн хөгжил хурдацтай учраас бид ч санаа амарч болдоггүй. Техник нь ч тэр, хүн нь ч тэр цаг ямагт өөрийгөө хөгжүүлэхгүй бол хоцрогдчих гээд байдаг талтай.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!

 

ЯРИЛЦСАН  Б.МӨРӨН