СИРДП-Е хэлтсийн дарга Б.Гантулгаас уг системийн хэрэгжилтийн талаар тодрууллаа.
-УБТЗ-д СИРДП-Е системийг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ системийн ашиглалт, үр өгөөжийн талаар мэдээлэл өгч болох уу?
-Манай хэлтсийн хувьд СИРДП-Е системийн цэвэр техникийн бодлогыгхариуцдаг. Тиймээс би энэ системийн хэрэгжилтийн хүрээнд таны асуултад хариулъя.
Ер нь, 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр тухайн системийг УБТЗ дотооддоо хүлээж авсан. Үүнээс хойших хоёр жилийн хугацаанд ковид-19 цар тахлын нөлөөгөөр системийг хэрэгжүүлэх үйл явц удааширсан тал бий. Дээрх хугацаанд туслан гүйцэтгэгч компаниудын баталгааны хугацаанд манайххамтран ажиллаж байсан. 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ноос уг системийг УБТЗ бүрэн хүлээн авсан. Үндсэндээ 2022 оноос энэ системийн ашиглалтыг УБТЗ бүрэн хариуцаад ажиллаж эхэлсэн гэхэд болно.
-Энэ системийг нэвтрүүлсний үр дүн хамгийн чухал?
- Тийм, тийм. Манайд гурван том давуу тал бий болсон гэж би хувьдаа дүгнэдэг. Нэгдүгээрт, диспетчерийн төвлөрүүлэлт буюу диспетчерийн удирдлагын системтэй болсон. Өөрөөр хэлбэл, гол замын нийт 68 өртөө зөрлөгийн сэлгээний ажил хийгддэггүй, зөвхөн галт тэрэг хүлээн авч, явуулдаг 43 өртөө, зөрлөгийг Удирдах газарт байрлаж байгаа Нэгдсэн удирдлагын төвөөс удирдах боломжтой болсон. Жишээ нь, ДНЦ-1 Дулаан зөрлөгийн удирдлагыг өөртөө аваад галт тэрэгний хөдөлгөөнийг өөрөө шууд удирдаж болно гэсэн үг. Орох, гарах дохио нээх, сум гуйвуулах зэрэг зөрлөгийн жижүүрийн гүйцэтгэдэг бүх ажлыг эндээс гүйцэтгэх боломжтой болсон.
Ингэснээрээ бид Замын аль ч хэсгээс гол замынхаа 68 өртөө, зөрлөгийн дохио, нээгдсэн, хаагдсан эсэх, зам төмөр хэлхээ бүтэн байна уу, хоорондын зам нь эзэлгээтэй байна уу, галт тэрэг явж байна уу, сум нь ямар байрлалтай гэх мэт дохиолол төвлөрүүлэлтийн бүх мэдээллийг бүрэн авч байна.
Өнгөрсөн онд хуваарь гаргаад Нэгдсэн удирдлагын төвийн ДНЦ нар дадлагажих маягаар ээлж бүртээ галт тэрэгний диспетчертус бүр өөрийн хариуцсан хэсэглэлийн хоёр өртөө, зөрлөгийг зайнаас удирдан галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулах туршилтыг хийж ажилласан.Одоо ч энэ ажил үргэлжлээд явж байна.
Хоёрдугаар давуу тал нь, технологийн шуурхай холбоо маш сайжирсан. Бид өмнө нь аналоги холбоо ашигладаг байлаа шүү дээ. Одоо тоон холбоог ашиглаж эхэлсэн. Ингэснээр Сүхбаатар өртөөний ажилтан шаардлага гарсан тохиолдолд Замын-Үүд өртөөний аль нэг ажилтантай тоон радио холбоогоор дугаарыг нь хийгээд л шууд холбогдож байна. Ерөөсөө, үүрэн телефон ашиглах шиг хялбар болсон. Өмнө нь, аналог холбоо ашиглаж байхад ийм боломж байгаагүй. Тухайн өртөөнийхөө тойронд л радиохолбоог ашиглаж байсан. Дээр нь аналог холбооны хувьд гадны шум ихтэй паржигнаад байдаг байсан бол тоон системийн хувьд ийм асуудалгүй болсон. СИРДП-Е системийг нэвтрүүлснээр гол замдаа тоон технологийн тетра стандартын тоон радио холбоотой болсон нь маш том дэвшил.
Гуравдугаарт, мэдээж тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх гол зорилго байсан. Өмнө нь нэг өртөөнөөс нөгөө өртөө, зөрлөг хүртэлх хоорондын замд нэг л галт тэрэг аялдаг байсан. Өөрөөр хэлбэл, эхний галт тэрэг дараагийн өртөөнд очсоны дараа арынх нь галт тэрэг хоорондын замд гардаг байлаа шүү дээ.
Жишээ нь, манай төмөр замын хувьд хамгийн урт хоорондын замтай нь Айраг-Алтганы гол. Миний санаж байгаагаар 28 км байхаа. Тэгэхээр Айрагаас гарсан галт тэрэг Алтганы гол зөрлөгт хүртэл ойролцоогоор 30-35 минут аялна. Түүний дараа л арынх нь галт тэрэг гардаг. Иймэрхүү байдлаар явдаг байсан бол СИРДП-Е систем нэвтэрснээр нэг мөрөнд ар араас нь хоёр ба түүнээс дээш галт тэрэг аялуулах боломжтой болсон. Ингэснээр нэг галт тэрэг явах хугацаанд 2-3 галт тэрэг явуулж байна гэдэг тээх нэвтрүүлэх чадвар тэр хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг. Галт тэрэгний хөдөлгөөн зохион байгуулалт дээр маш их давуу тал бий болсон.
Ийм томоохон гурван дэвшилт гарснаас гадна маш олон жижиг асуудлуудыг шийдсэн байгаа.
Системийн хэрэгжилтийн явцад бид тодорхой сайжруулалтыг хийгээд явж байна. Энэ чиглэлээр Замын удирдлага, албадтай хамтраад хийхээр төлөвлөсөн ажил нэлээд бий. Товчхондоо, систем анхныхаа шаардлагаар нэвтэрчихсэн. Гэхдээ тодорхой өөрчлөлтүүд, шинэчлэлт, сайжруулалтыг шат дараатайгаар хийгээд явж байна. Цоо шинэ системийг төмөр замчид бүрэн эзэмшиж, нутагшуулах үйл явц үргэлжилж байна.
-Одоо нэг мөрөнд хэд хэдэн галт тэрэг аялуулж байгаа юу?
-Явж байгаа. Өнгөрсөн онд хоорондын замд хоёроос дээш галт тэрэг аялуулах туршилтыг нэлээд хийсэн. 2022 онд ойролцоогоор 1300 галт тэргийг мөрдүүлж аялуулсан. Мөн өнгөрсөн онд Сүхбаатар өртөөнөөс, Замын-Үүд өртөө хүртэл гурван галт тэргийг нэвт мөрдүүлж, системийг турших, шалгах аяллыг хоёр удаа зохион байгуулсан. Туршилтын аялал амжилттай болсон.
-Нэг мөрөнд хоёроос дээш галт тэрэг аялуулах аяллыг хоногт юм уу, долоо хоног эсвэл сард тэдэн удаа гэх зэргээр хуваарь гаргаж, төлөвлөдөг үү?
-Тодорхой хуваарь байхгүй ч шаардлагатай тохиолдолд диспетчерүүд галт тэрэгний хөдөлгөөнөө зохион байгуулаад явуулж байгаа.
-Би буруу санаагүй бол СИРДП-Е системээр 20 зүтгүүрийг тоноглосон шиг санаж байна. Түүнээс хойш зүтгүүр нэмж тоноглосон уу?
-Энэ онд 12 зүтгүүрийг нэмж тоноглох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Магадгүй боломж, нөхцөл нь байвал оны сүүлчээр үүн дээр нэмэх төлөвлөгөө ч бий.
Б.Гүнжинлхам