УБТЗ-ын Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа

-Амжилт ололт, алдаа оноо бүхний ард хүн бий. Техникийн дэвшил хөгжлийг ч хүний оюун ухаан ур чадвараар л удирддаг. Тэгэхээр танай албаны хэмжээнд ажил үүргээ гүйцэтгэж яваа зүтгүүрчдийн тухайд ярианыхаа эхлэлийг чиглүүлэх үү?

-Тийм шүү. Манай зүтгүүрчдийн хувьд Орос, Япон, Америк, Хятад улсын техникийг сүүлийн 30 гаруй жил эзэмшиж, ашиглан ажиллаж байна. Энэ ч утгаараа өнгөрсөн 30 гаруй жилд шинэ техник технологийг эзэмших ашиглах явцад гарсан алдаа, оноо нь мөн адил зүтгүүрчидтэй хамт байсан.

-Өнөөгийн нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэж байгаа машинч нарын мэдлэг боловсрол, ур чадвар хэр хэмжээнд байна вэ?

-Шинээр байгуулагдаж байгаа төмөр замууд манай машинч, засварчдаар хүний нөөцөө бүрдүүлэх сонирхолтой байна. Манай зүтгүүрийн бригад, засварчид шинэ төмөр замуудад очиж ажиллаж байна. Машинч нарын мэдлэг ур чадварыг өнөөгийн түвшинд тийм ч муу байгаа гэж бодохгүй байна.

-Боловсон хүчний тогтвор суурьшил хүндрэлтэй байгааг танай албаны ерөнхий инженер дурдаж байсан. Үүнийг шийдвэрлэх чиглэлээр ямар бодлого барьж байна вэ?

-Хүний нөөцийн тогтвор суурьшлын асуудал хүнд байгаа. Гэхдээ бид шинэ хүмүүсийг сургаж дадлагажуулах ажлыг тогтмол хийж байна. Жишээ нь, Дархан татах хэсэгт бид Политехникийн коллеж төгссөн ажил хайж байгаа тухайн орон нутгийн 20 залууг ажлын байран дээр нь онол, дадлагын сургалтыг Политехникийн коллежтой хамтран зохион байгуулсан. Эдгээр залуус ажлын байраар хангагдана. Мөн Вагоны болон Зүтгүүрийн аж ахуйн хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлээр Политехникийн  болон ТЗДС-ийн 3,4 дүгээр курсийн оюутнуудын дадлагын  ажлыг хоёр сарын хугацаатай хийлгэж, мэргэжлийн зэрэг олгох ажлыг харьяа сургуулиудтай нь хамтран зохион байгуулж байна. Ингэснээр энэ онд гуравдугаар курсээ төгсөх оюутнууд хоёр сар дадлага хийснийхээ дараа засварчны мэргэжлийн зэргээ аваад дөрөвдүгээр курстээ үргэлжлүүлэх боломж бүрдэж байна. Мөн Вагоны аж ахуйн чиглэлээр Вагон ашиглалтын депогийн хэмжээнд хүний нөөцийн судалгаа хийж тухайн орон нутгаас нь хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр бодлогын чанартай зохион байгуулалт хийж байна. Тухайлбал, Ерөө өртөө буюу Дулаанхаан сумын 12 дугаар ангийн сурагчидтай Вагон ашиглалтын депогийнхон уулзаж, мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгууллаа. Энэ ажлын үр дүнд МСҮТ-д, Политехник коллеж тус бүрт хоёр хүүхэд орон нутгаасаа элсэн суралцаж байна.  Цаашид төмөр замын мэргэжлээр сурах хүүхдүүдийг орон нутгаас нь элсүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.

-УБТЗ-ын цалингийн сүлжлийн системийн анхны туршилт зүтгүүрчдээс хэрэгжиж эхэлсэн шүү дээ. Одоо жигдрэх шатандаа явж байгаа байх, тийм үү?

-Цалингийн сүлжлийн системийн хувьд анх зүтгүүрчдээс туршигдаж эхэлсэн. Гэхдээ 2023 оны долдугаар сарын 01-нээс Замын даргын 582 тоот тушаал гарснаар сүүлийн 9-10 жилд цалингийн сүлжлийн системийн чиглэлд хийгдэх гэж яригдсаар ирсэн том ажлын эхлэл тавигдсан. Энэ бол зөвхөн зүтгүүрчид төдийгүй төмөр замчдын хувьд ихээхэн өгөөжтэй шийдвэр болсон гэдгийг аль ч салбар нэгж дээр очсон ярьж байгаа. Цаашлаад төмөр замчдын хөдөлмөрийн хөлсийг цалингийн сүлжлийн системээр нэмэгдүүлэх бодлого улам төгөлдөржөөд явбал бид Монгол Улсын хэмжээнд цалингийн дунджаараа ухрах бус урагшлах алхам болох нь дамжиггүй.

-Томоохон гүрнүүдийн дунд болж буй геополитикийн зөрчилдөөн зүтгүүрийн сэлбэг материал тасалдах, удаашрахад ч хүргэж байгаа талаар мэргэжлийн хүмүүс ярих юм билээ?

-Геополитикийн зөрчилдөөн бидний үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Тухайлбал, энэ жил зүтгүүрийн засварт шаардлагатай сэлбэг материалуудыг захиалахад “Та бүхний худалдан авдаг сэлбэгийн үнэ өмнөхөөсөө 10-18  хувиар өснө” гэсэн саналыг худалдан авах гэрээний хүрээнд илэрхийлсэн. Гэхдээ бид хамтын ажиллагааны дагуу энэ жил худалдан авах сэлбэгээ өмнөх гэрээнийхээ заалтын үнээр худалдан авсан.

-Ер нь, аль ч талаас нь бодсон Монголчууд өөрсдөө суралцаж, хийж, бүтээх нь чухал л даа. Тийм боломж нь ч байна гэдгийг монгол инженерүүдийн ур ухаан шингэсэн модернизацийн шийдэл, “2Загал” зэрэг нь тод томруунаар нотолсон гэж хардаг. Үүнийг үргэлжлүүлэх, хэрэгжүүлэх боломж бололцоо хэр байна вэ?

-Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн “2Загал” зүтгүүрийн хувьд яах аргагүй бид өөрсдөө хийж чадна гэдгийг тод томруунаар харуулсан жишээ. Өнөөгийн зүтгүүрийн паркийг цаашид хэрхэн авч явах вэ, 2010 оноос худалдан авч эхэлсэн 2ТЭ116УМ зүтгүүрийн завод засварыг өөрсдөө эх орондоо хэрхэн хийх вэ? Энэ  талаар сүүлийн үеийн залуу инженерүүдийн хийсэн тооцооллоор Монгол Улсдаа анх удаа зүтгүүрийн завод засварыг эхлүүлэхийн тулд 2023 оны төлөвлөгөөнд тусгаж, Улаанбаатар татах хэсэгт Цахилгаан машины цехийг барих томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Ингэснээр бид зүтгүүрийн татах мотор, ерөнхий генераторыг ОХУ руу засварт явуулдаг байдлыг халах боломжтой юм. Гадагш нь засварт явуулснаар ирэх, очих гэж хугацаа алддаг, хөрөнгө санхүүгийн байдлаас шалтгаалаад зайлшгүй засварт оруулах шаардлагатай моторуудаа бүрэн засуулж чаддаггүй гээд олон бэрхшээл бий. Одоогийн байдлаар л гэхэд ачааны хөдөлгөөнд явж байгаа 52 зүтгүүрийн 6-8 нь татах мотор салгаатай буюу татах ёстой жингийн нормоос 300-350 тонн ачаа хасаж татаж байх жишээтэй. Тийм ч учраас цахилгаан машины цехээ барьж, 2ТЭ116УМ серийн илчит тэрэгний завод засварыг хийх бэлтгэл ажлыг хангаж байна. Манай Улаанбаатар татах хэсэг бол “2Загал” зүтгүүрийг бүтээсэн арвин туршлагатай инженерүүдийн өлгий, залгамж халаа болсон газар гэдгийг та бүхэн мэднэ. Товчхондоо, бидний өмнөө тавьж буй энэ том зорилт нь үе үеийн ахмад инженерүүдийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж яваа өнөө цагийн залуусын чин хүсэл эрмэлзэл юм. Зүтгүүрт завод засвар хийнэ гэдэг амаргүй ажил. Гэхдээ манай залуус зүтгүүрийн ТР-З, дунд засвар зэрэг томоохон засварыг хийгээд явж байгаа учраас завод засварыг хийх суурь нь бүрдсэн гэж ойлгож болно.

-Зүтгүүрийн аж ахуй төдийгүй УБТЗ-ын хэмжээнд гол жин дардаг зардал бол дизель түлш. Орос, Украйны дайн болон цар тахлын дараах эдийн засгийн хямралаас үүдэлтэй дизель түлшний үнэ нэмэгдсэн нь бидний хувьд бас нэгэн хүндрэл болж байх шиг. Үүнийг шийдвэрлэх гарц гаргалгаа нь чухам юу байна вэ?

-Дизель түлшний үнэ өндөр байгаа. Бид үүний эсрэг өөрсдийн нөхцөл бололцоог судлан дизелийн түлшийг үр ашигтай, хэмнэлттэй ашиглах санал санаачилгуудыг дэмжин ажиллаж байна.

- Зүтгүүрчид олон төрлийн засвар үйлчилгээг өөрсдөө дотооддоо хийдэг, боломжийнхоо хэмжээнд хийсээр ч ирсэн. Гэхдээ засварчдаа илүү чадавхжуулах, материаллаг баазыг бэхжүүлэх, засварын цехүүдийг өргөтөх гээд олон хэрэгцээ шаардлага байгаа болов уу?

-Зүтгүүрчид маань санаачилга, зүтгэлтэй хүмүүс. Тэдний энэ их хичээл зүтгэлийн үр дүнд жил бүр л шинэ санаачилга, шинэ бүтээлүүд төрөн гарч, тэр хэрээр хүний гар ажиллагаа хөнгөвчлөгдөж, үргүй зардал хэмнэгдэж байдгийг та бүхэн хэлүүлэлтгүй мэднэ. Хамгийн сүүлийн жишээ гэвэл бид зүтгүүрийн цахилгаан машины засварыг өөрсдийн нөхцөлд хийхийг зорьж байна. Үүний тулд цахилгаан машины засварын цехийг барихаар зураг, төсөл, судалгааны ажлыг эхлүүлсэн гэдгийг би дээр дурдсан. Төлөвлөсний дагуу бол энэ цех 2024 онд ашиглалтад орох юм.

-Ачаа тээврийн хэмжээ нэмэгдэж, төмөр замын сүлжээ өргөсөхийн хэрээр хөдлөх бүрэлдэхүүний асуудлыг УБТЗ дангаараа хариуцах боломжгүй гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр төр, хувийн хэвшилтэй хамтран ажиллах чиглэлд ямар бодлого боловсруулж, хууль эрх зүйн зохицуулалтыг хийх шаардлагатай байна вэ?

-Төмөр замын сүлжээ өргөсөхийн хэрээр хөдлөх бүрэлдэхүүний хувьд суурь бүтэц буюу замаа тавьчихдаг, вагоноо худалдаад авчихдаг чадамжтай байх хэрэгтэй. Шинэ төмөр замуудын хувьд тулгамдаж байгаа гол бэрхшээл нь зүтгүүрийн хүрэлцээ, хангамж юм. УБТЗ-ын хувьд өсөн нэмэгдэж байгаа тээврийн ажлаа өөрийн эзэмшлийн зүтгүүрээр гүйцэтгэж байна. Тээврийн хөдөлгөөнд явж байгаа зүтгүүрийнхээ паркийг шинэчлэх чиглэлд ч сүүлийн жилүүдэд өндөр ач холбогдол өгч, сэлгээний 22,  гол замын ачааны 21 буюу 2ТЭ25КМ серийн зүтгүүрийг шинээр худалдан авсан. Харин манай вагоны паркийн насжилт өндөр болсон. Энэ нь маш өндөр эрсдлийг дагуулах учраас цаашид хэрхэн ямар арга замаар дээрх асуудлыг шийдвэрлэх вэ гэдэг бодлогыг боловсруулахаар ажиллаж байна.

-Ачааны вагоны тухайд хувийн хэвшлүүд өөрсдөө вагонтой болж байгаа нь бас нэгэн дэвшил гэхэд хилсдэхгүй болов уу?

-Хувийн хэвшлийнхэн өөрийн гэсэн хөдлөх бүрэлдэхүүнтэй болж байна гэдэг нь маш зөв шийдэл. Тэдний худалдан авч байгаа вагонууд бүгд шинэ учраас тээврийн аюулгүй байдал талдаа ч өндөр ач холбогдолтой юм.

-УБТЗ-ын эзэмшилд байгаа хөдлөх бүрэлдэхүүн өөрийнхөө эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадаж байгаа юу?

-Бид ачааны хөдөлгөөнд явуулж байгаа зүтгүүрүүдээрээ тээвэрлэлтийн ажлыг бүрэн хэмжээнд гүйцэтгэж байна.  Цаашид зорчигчийн галт тэргэнд тусгайлсан зүтгүүртэй болох шаардлага бий. Одоогоор бид Монгол инженерүүдийн бүтээсэн “2Загал” зүтгүүрийн зорчигчийг галт тэргэнд явуулж байна. Вагоны паркийн хувьд манай эзэмшлийн 3200 вагоны 49 хувь нь ашиглалтын хугацаа хэтэрсэн байгаа. Гэхдээ хугацаа хэтэрсэн вагонууддаа арлын хийцийн шинжилгээ хийлгэж, цаашид ашиглагдах боломжтой нөөц нь хэр байна вэ гэдгийг тодорхойлсны үндсэн дээр тээвэрт оролцуулж байгаа. Тиймээс ачааны вагоны паркийг шинэчлэхийн төлөө бүх шатанд бодлого боловсруулан ажиллаж байна.

-Хөрш зэргэлдээ орнуудын төмөр замуудтай харьцуулахад зүтгүүрийн бригадын мэргэжлийн онцлогтой холбоотой өвчлөл, эрсдлээс урьдчилан сэргийлэх ялангуяа сэтгэл заслын чиглэлд арай хоцрогдолтой яваа юм шиг санагддаг. Энэ талаар таны байр суурь?

-Зүтгүүрийн бригадын мэргэжлээс шалтгаалах өвчлөл, сэтгэл заслын чиглэлээр төлөвлөсөн ажлууд хийгдээд явж байгаа. Тухайлбал, татах хэсгүүдийн эмч нар маань мэргэжлийн сэтгэл зүйчидтэй хамтран сэтгэл зүйн болон эрүүл мэндийн сургалт, эмчилгээ хийж эхэлсэн. Эдгээр ажил цаашид улам өргөжөөд явна.

-Зүтгүүрчид СИРДП-Е систем, УБТЗ-д бүхээгний аюулгүй байдлын систем зэрэг техник технологийн шинэ шийдлүүдэд хэр дасаж байна вэ?

-СИРДП-Е системд манай зүтгүүрчид дасаж, идээшиж, сайжирч байгаа. Энэ системийг бүрэн дүүрэн ашиглах талаар хүн бүр л хичээж ажиллаж байна.

-Зорчигчийн галт тэргэнд явах зүтгүүрийн насжилт гол асуудал байгаа шүү дээ.?

-Зорчигчийн галт тэрэгний зүтгүүрийг бид шинээр худалдан авахаар төлөвлөсөн. Одоогоор судалгааны ажил хийгдэж байгаа. Зөвхөн зорчигчийн хөдөлгөөнд явах зүтгүүрээр зогсохгүй хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлтийг өргөн агуулгаар нь авч үзэх зайлшгүй шаардлага бий. Зүтгүүрийн аж ахуйн парк шинэчлэлийн тухайд сэлгээний хөдөлгөөнд ажил үүрэг гүйцэтгэх зориулалт бүхий ТЭМ18ДМ серийн 22 зүтгүүр гол замд ачааны хөдөлгөөнд ажиллах 2ТЭ25КМ 21 зүтгүүр худалдан авах ажил амжилттай хэрэгжсэн. Сүүлийн гурван тэргийг нь 2022 онд худалдан авсан гэдгийг та бүхэн мэднэ. Одоо бидний өмнө гол тулгамдаж байгаа асуудал бол таны дурдсанчлан зорчигчийн галт тэргэнд ажиллах зүтгүүрийн парк шинэчлэлт. Дээр нь вагоны аж ахуйн чиглэлээр парк шинэчлэлт хийгээгүй учраас одоо явж байгаа хөдлөх бүрэлдэхүүний насжилт маш өндөр эрсдэлтэй болоод байна. Тиймээс дээрх хоёр чиглэлээр парк шинэчлэлтийн ажлыг ойрын хугацаанд хийх шаардлагатай байгаа.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

 

Б.Дэлгэрхишиг