УБТЗ-ын Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Д.Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Хоёул хамгийн сүүлд жилийн өмнө ярилцсан. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд УБТЗ-д таны эрхэлсэн ажлын хүрээнд ямар шинэлэг үйл явдал тохиолдов гэдгээс ярилцлагаа эхлүүлэх үү. Ялангуяа, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж  хөдлөх бүрэлдэхүүнийхээ паркийг нэмэгдүүлэх, шинэчлэг шаардлага нэн тэргүүнд тулгамдаж байгаа болов уу?

 

-Юуны өмнө “Ган зам” сониныхоо нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Ачаа тээврийн хэмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа яг өнөөгийн нөхцөлд тээврийн ажлаа амжилттай гүйцэтгэхийн тулд таны дурдсанчлан хөдлөх бүрэлдэхүүний чиглэлд тэр дундаас зүтгүүрийн паркийн хувьд онцгойлон анхаарах шаардлагатай зүйлс байна. Тухайлбал, өсөн нэмэгдэж байгаа импорт, экспортын тээврийг бүрэн дүүрэн хийхэд зүтгүүр хүрэлцэхгүй байна. “УБТЗ-2030” хөтөлбөрийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу бид ачааны зүтгүүрүүдээ үечлэн худалдаж авах ёстой. Хамгийн сүүлд буюу 2023 онд ачааны гурван зүтгүүр шинээр худалдан авсан нь өнөөдөр тээврийн хөдөлгөөнд явж байна. Энэ онд тээврийг төлөвлөсөн хэмжээнд хүрсэн тээвэрлэлт хийхийн тулд ачааны зүтгүүрийн паркийг 56-57-д барих ёстой. Одоогийн байдлаар 54-55 зүтгүүрээр л барьж байна. УБТЗ-ын 75 жилийн түүхэнд ачааны зүтгүүрийг ийм хэмжээнд барьж ажилласан тохиолдол гарч байгаагүй. Энэ нь ачаа тээврийн эрчимжилт хэр хэмжээнд байгааг харуулж байгаа юм. Өнөөдөр манай гол замд 2ТЭ116, 2ТЭ116УМ, 2ТЭ25КМ  гэхчлэнгээр бүгд хүчин чадал өндөртэй том зүтгүүрүүд явж байна. Эдгээр зүтгүүр замын хэвгийгээсээ шалтгаалаад 5200-6000 жинтэй галт тэргийг татаж байгаа. 2004-2005 оны үед бид ачааны зүтгүүрийн паркийг 51-52-оор барьж байсан тохиолдол бий. Тухайн үед 2М62ММ серийн зүтгүүрт модернизацИ хийгээд дөрвөн секцийн зүтгүүрээр 6000 тонн ачаа татаж байсан. Өнөөгийн нөхцөлд 5200-6000 тонн ачааг хоёр секцийн зүтгүүрээр татаж байгаа юм.

 

-Зүтгүүрийн паркийг нэмэгдүүлэхэд мэдээж хөрөнгө оруулалт хамгаас чухал байх?

 

-Цаашлаад бид ачааны зүтгүүрийн паркийг нэмэгдүүлэх чиглэлээр 2023 онд хоёр улсын Засгийн газрын томоохон шийдвэр гарч, Японы засгийн газрын “Монпе1,2”-ын зээлийн үлдэгдлийг тэглэхээр болсон. Энэ хүрээнд ОХУ-ын талаас гол замын ачааны таван зүтгүүрийг нийлүүлэх ажил эхэлсэн. Улмаар тухайн зүтгүүртэй холбоотой гэрээ хэлцлүүд ОХУ-ын талд бүрэн хийгдсэн. Одоо тус улсын Худалдааны газраас УБТЗ ХНН-тэй гэрээ байгуулах шатандаа ажиллаж байна.

 

-Ер нь, тэгш ой тохиох бүрт техник технологиудаа нэн тэргүүнд шинэчилж, ололт амжилтаа бататгаж ирсэн түүх төмөр замчдад бий. Энэ жил тохиож буй УБТЗ ХНН-ийн 75 жилийн ойтой холбоотойгоор ямар шинэчлэлт, хөрөнгө оруулалтыг таны эрхэлсэн салбарын хүрээнд хийхээр төлөвлөж байна вэ?

 

-Нийгэмлэгийн 75 жилийн ойтой холбогдуулаад зүтгүүрийн чиглэлээр Цахилгаан машины цехийг барьж, ашиглалтад оруулахыг зорьж байна. Ингэснээр илчит тэрэгний татах цахилгаан хөдөлгүүрүүдийг Монгол Улсдаа хийх боломж бүрдэх юм. Тус цехийг Улаанбаатар татах хэсгийг түшиглэн байгуулахаар зураг төслийг нь бүрэн дууссан. Энэхүү бүтээн байгуулалттай зэрэгцүүлээд тус цехэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг худалдан авах тендер нь бэлэн болсон. Сангийн яамнаас холбогдох зөвшөөрөл нь ирэнгүүт нээлттэй тендерийг зарлана. Вагоны аж ахуйн чиглэлээр гэвэл саяхан Сайншанд ТҮГ шинэ барилгадаа орлоо. Мөн Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депод хос дугуй угсрах ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Түүнчлэн, хоёрдугаар улиралд багтаан 19 вагонд завод засвар хийх зэрэг ажлыг төлөвлөөд байна. Мөн түүхт ойг угтаж анх удаа “Вагон үзэгч, засварчдын зөвлөгөөн”-ийг ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулна. Учир нь өсөн нэмэгдэж байгаа тээвэрлэлтийн хэмжээтэй холбоотойгоор төр, хувийн хэвшлийн ачааны вагоны тоо эрчимтэй нэмэгдэх болсон. Одоогийн байдлаар нийт 13 мянга гаруй вагон тээвэрлэлтэд оролцож байна. Цаашид энэ тоо улам өсөх хандлагатай байга. Тиймээс вагоны ашиглалт болон засварыг хэрхэн авч явах талаар вагон үзэгч, засварчдынхаа санал бодлыг сонсож, урт хугацааны болон богино хугацааны үечилсэн ажлын төлөвлөгөөг гаргахад дээрх зөвлөгөөний ач холбогдол оршиж байгаа юм.

 

-Сүүлийн жилүүдэд хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигчдийн тоо эрс нэмэгдлээ шүү дээ. Тэдэнтэй хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

 

-Монгол Улсад төмөр замын салбар өргөжиж байгаатай холбоотойгоор төр болон хувийн хэвшлийн төмөр замууд хоорондоо уялдаж ажиллах хэрэгцээ шаардлага хууль эрх зүйн орчноос эхлээд бий болж байгаа. Ахмад төмөр зам гэдэг утгаар нь бусад төмөр замынхан манайтай хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлж байгаа. Жишээ нь, МТЗ ТӨХК  л гэхэд 245 вагоных нь засварын хугацаа болчихсон учраас УБТЗ-тай гэрээ хийгээд Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депод вагоноо засуулж байна. Одоогоор эхний 50 вагон нь засвараас гараад байна. Зүтгүүрийн аж ахуйн чиглэлээр ч мөн адил бусад төмөр замтай хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, зүтгүүрийн паркийн хүрэлцээ муу байгаатай холбоотойгоор “Бодь интернэшнл” ХХК-аас эволюшн серийн хоёр зүтгүүр түрээсийн гэрээгээр авсан. Тухайн зүтгүүрүүд Багануурын нүүрсний тээвэрлэлтэд голчлон ажиллаж байна. УБТЗ дэргэдээ ТЗДС, Политехникийн коллеж гээд хоёр ч сургуультай учраас цаашлаад хөдлөх бүрэлдэхүүний чиглэлийн хүний нөөцийг бэлтгэхдээ бусад төмөр замуудтай дадлагын бааз, техник тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлд хамтарч ажиллая. Ингэж гэмээнэ ирээдүйн боловсон хүчнээ чанартай бэлтгэж авна гэдэг асуудлыг тавьж байгаа. Манай машинчийн курст л гэхэд Тавантолгойн төмөр замын машинч  суралцаж байна гэхчлэнгээр олон чиглэлд хамтран ажиллах боломж бий.

 

-Орос Украины дайнтай холбоотойгоор зүтгүүрийн сэлбэг материалын хангалт хомсдож байна гэдэг асуудал Замын даргын үзлэгийн үеэр хөндөгдсөн. Энэ асуудал шийдэгдсэн үү?

 

-Зөвхөн зүтгүүрийн ч бус хөдлөх бүрэлдэхүүний сэлбэг материалын хангалттай холбоотой асуудал ялангуяа өнгөрсөн онд нэлээд хүндэрсэн. Жишээ нь,  бид вагоны аж ахуйн чиглэлээр сэлбэг материалыг гэрээг өнгөрсөн оны эхэнд хийсэн боловч бүтэн жилийн турш нийлүүлэлт хийгээгүй. Нумын дээд дам нуруу, хажуу арлын нийлүүлэлт нэг жилийн турш тасарсан учраас  өнөөдөр 20 гаруй вагон засвараас гарч чадаагүй зогсож байна. Энэ жилийн хувьд оны эхнээс түрүү жил нийлүүлэгдээгүй сэлбэг материалын оруулан тендер зарласан. Одоо тендерт оролцогч компаниудтай гэрээ байгуулах шатандаа ажиллаж байна. Ялангуяа, нумын дээд дам нуруу, хажуу арлыг боломжийн хэмжээнд нийлүүлэхээр болсон. Зүтгүүрийн аж ахуйн сэлбэгийн хувьд одоогоор нийлүүлэлт нь зогссон сэлбэг байхгүй. Гэхдээ гэрээ байгуулсан ч нийлүүлэгдэх хугацаа нь хойшилсон сэлбэг цлиндрийн втулка, кришка, туслах болон үндсэн шатуун гэхчлэнгээр бий. Тэгэхээр энэ онд гэрээнүүд нь зурагдаад нийлүүлэлт хугацаандаа хийгдвэл сэлбэг материал хомсдох, тасрах асуудал гарахгүй болов уу гэж харж байна.

 

-“Бодь интернэшл”-ээс түрээслэн ажиллуулж байгаа эволюшн серийн хоёр  зүтгүүрийн ажлын бүтээмж, давуу тал хэр хэмжээнд байна вэ?

 

-Тухайн хоёр зүтгүүрийг Казахстанд угсарсан юм билээ. Заводын дараах шинэ зүтгүүрүүд учраас техникийн хувьд бараг ялгаагүй. Харин жингийн тооцоотой холбоотойгоор өвлийн улиралд, өгсүүр ихтэй замд тухайлбал, Цагаанхярын өгсүүрт хоёр удаа хий эргэсэн учраас ачааллаа багасгаж, явах хугацаанаасаа удаан явсан тохиолдол гарсан. Бусад чиглэлээр тухайн хоёр тэрэг хэвийн ажиллаж байна.

 

-Шинээр төмөр замуудыг дагаад технологийн дэвшлүүд олноор нэвтэрч байгаа нь гол давуу тал болоод байна. УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүний салбарын тухайд орчин цагийн технологийн хөгжилтэйгөө хөл нийлүүлж чадаж байна уу?

 

-Манайх хоёр улсын 50/50 хувийн хөрөнгө оруулалттай учраас хамгийн сүүлд ачааны зүтгүүрийн парк шинэчлэлтээр орж ирсэн 2ТЭ25КМ серийн зүтгүүрүүд бол ОХУ-д ашиглагдаж байгаа хамгийн сүүлийн үеийн зүтгүүр. Мөн сэлгээний зүтгүүрийн парк шинэчлэлээр авсан ТЭМ18ДМ серийн 10 зүтгүүр бас л сүүлийн үеийн техник. Бидний өнөөгийн нөхцөлд тулгараад байгаа гол бэрхшээл бол зорчигчийн галт тэргэнд үйлчлэх зүтгүүрийн асуудал. Энэ талаар “УБТЗ-2030” хөтөлбөрт ч тусгагдсан. Зорчигч тээврийн хөдөлгөөнд нийт 10-12 зүтгүүр шаардлагатай байгаа. 2005 оноос өнөөг хүртэл Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн “2Загал” зүтгүүрүүд явж байна.

 

-Хоёр улсын хамтарсан нийгэмлэг гэдэг утгаараа ОХУ-аас өөр улсаас илүү хямд өртгөөр өндөр бүтээмжтэй хөдлөх бүрэлдэхүүн авах боломж нь хязгаарлагдмал байна гэж ярих нь бий. Энэ яриа хэр бодитой вэ?

 

-Өөр улсаас хөдлөх бүрэлдэхүүн худалдан авах чиглэлээр бид шаардлагатай судалгаа, тооцоог хийж байгаа. Гэхдээ УБТЗ ХНН нь өөрөө төрийн өмчийн хамааралтай компани учраас заавал тендер зарлана. Тухайн тендерт бусад улсаас оролцох сонирхол хэр байна вэ гэдгээс шалтгаалж, дараа дараагийн шийдэл яригдах юм. Бидний хувьд олон улсын төмөр замууд ачаа, зорчигчийн тээвэрт ямар хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглаж байна вэ. Аль нь илүү оновчтой байна вэ гэдгийг судалсан, тооцоо шийдлүүд бий.

 

-Төмөр замын салбар өргөжин тэлж буйтай холбоотойгоор “УБТЗ нүсэр том бүтцээр явах нь хоцрогдсон шийдэл боллоо”, “Хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч, засвар үйлчилгээ үзүүлэгч, суурь бүтэц эзэмшигч нарыг тус тусад нь салгах хэрэгтэй” гэхчлэнгээр харилцан адилгүй өнцгөөр үзэл бодлоо илэрхийлэх хүмүүс байна. Халуун тогоонд нь ажиллаж байгаагийн хувьд та УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалтын салбарын хэтийн төлөвийг хэрхэн хардаг вэ?

 

-УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүний салбарын тухайд нэгдүгээрт, зүтгүүрийн засвар дээр гол асуудал байна. Учир нь төрийн өмчийн 50 хувийн эзэмшилтэй учраас бид заавал тендер зарлаж байж сэлбэг материалын худалдан авалтыг хийдэг. Үүнтэй холбоотойгоор урган гарч байгаа хүндрэлтэй асуудал цөөнгүй. Жишээ нь, боломжтой бол бид 2024 оны нэг, хоёрдугаар улиралд засварлах зүтгүүрийнхээ тендерийг 2023 оны арав, арваннэгдүгээр сард урьдчилан зарлаж байж энэ оныхоо нэг, хоёрдугаар улиралд хийх засвар үйлчилгээнд шаардлагатай сэлбэгийг татан авах нөхцөл бүрдэх байсан. Гэтэл 2024 оны төсөв батлагдаагүй учраас ийм боломж байхгүй. Улмаар тухайн оны нэгдүгээр сард зарласан тендэр хоёрдугаар сард нээгдэж, гуравдугаар сард гэрээ хийгдэнэ. Дараа нь нийлүүлэх хугацаа хамгийн багаар бодоход 30-60 хоног гээд бодохоор хугацаа их алдаж, сэлбэг материал тасалдах эрсдлийг дагуулаад байна. Хөрш орон ОХУ-ын хувьд ч яг манайхтай адил тогтолцоогоор явдаг учраас хаана хаанаа хүндрэл болоод байна. Тиймээс үүнийг шийдвэрлэх үүднээс засварын хэсгээ охин компани байдлаар 51 хувийн эзэмшилтэйгээр тусад нь гаргаад тэдэнд засвар үйлчилгээгээ дагнан хариуцуулж болно. Энэ тохиолдолд заавал тендер зарлах шаардлагагүй шууд худалдан авалт хийх боломжтой болно. Ийм зохион байгуулалтаар шийдсэн жишээнүүд ч бий. Тухайлбал, Казахстан улсын төмөр зам яг ийм байдлаар асуудлаа шийдвэрлэж чадсан байдаг. Тэгэхээр бидний хувьд ч дээрх байдлаар ажиллаж байж, зүтгүүрийн сэлбэг материалаа цагт нь татан авч, шаардлагатай засвар үйлчилгээг цаг алдалгүй хийх боломж бүрдэх юм. Вагоны аж ахуйн хувьд бид төр, хувийн хэвшлийнхэнд “Та бүхэн өөрсдийн эзэмшлийн вагонтой болооч. Бид зөвхөн тээвэрлэлтийг нь гүйцэтгэж өгье” гэсэн саналыг тавьж байгаа. Тэгэхгүй бол яг өнөөгийн нөхцөлд манай вагоны тоо хэмжээ хүрэлцэхгүй, цаашлаад засварын газар,  насжилт ч хэтэрчихээд байгаа юм.

 

-Орчин цагт аль болох хүний гар ажиллагааг хөнгөвчилсөн, хиймэл оюун ухаанд суурилсан техник технологийн шийдлийг өргөнөөр ашиглах болж. УБТЗ ч орчин цагийнхаа энэхүү хэрэгцээ шаардлагыг дагаж байгаа болов уу. Хамгийн сүүлийн мэдээллээр л гэхэд УБТЗ-д VR технологийг шингээсэн сургалтын танхимтай болсон гэж сонссон?

 

-Энэ чиглэлээр зүтгүүр, вагоны аж ахуйн албанд тодорхой ажлуудыг хийж байна. Жишээ нь, өнгөрсөн онд Улаанбаатар татах хэсгийг түшиглэсэн VR технологийн сургалтын баазыг бүрдүүлэх хэрэгтэй гэж үзээд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулан шийдвэрлэсэн. Гол нь хөдөлгөөний хэвийн бус нөхцөл үүссэн үед хэрхэн ажиллах вэ гэдгийг илүү бодит байдалд оруулж сургалт хийхийг зорьж энэхүү дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй юм. Вагоны аж ахуйн чиглэлд мөн энэ технологийг 75 жилийн ойг угтан энэ онд нэвтрүүлэхээр төлөвлөгөөнд тусган ажиллаж байна. Цаашид бид Тавантолгойн төмөр замд нэвтрүүлж эхэлсэн ч хараахан бүрэн ажиллагаанд ороогүй байгаа. 5Т системийг судлах, харилцан туршлага солилцох чиглэлээр хийхээр төлөвлөсөн ажил бий. Манай төмөр замд тухайн системд суурилсан халалт дохиолох систем нь бий. Үүний дээр хөдлөх бүрэлдэхүүний халалт дохиолох системийг УБТЗ-д нэвтрүүлэх шаардлагатай байгаа. Өнөөгийн нөхцөлд аялалд явж байгаа хөдлөх бүрэлдэхүүнийг өртөөнд орж ирэх үед нь манай вагон үзэгч нар халалт үүссэн байна уу, үгүй юу гэдгийг нь үзэж, хянадаг. Зүтгүүр нь салаад депо дээр ТО2 үзлэгийг нь хийхэд мөн адилхан тодорхой эд ангиудад нь халалт байна уу үгүй юу гэдгийг шалгадаг. Хэрэв бид 5Т системийн халалт дохиолох тоноглолыг хийчихвэл заавал өртөө, зөрлөг рүү орж ирэхэд нь халуун үзлэг хийх ёстой гэдэг байдлаар үзэгч нар угтаж авдаг ажиллагааг техникийн шийдэл рүү бүрэн шилжүүлэх боломжтой. Үүнийг одоогоор манай Дохиолол холбооны алба судалж байна. Хэрэв Тавантолгойн төмөр зам дээр дээрх систем бүрэн утгаараа хэрэгжээд эхэлбэл манай гурван албанаас хамтарсан ажлын хэсэг гарч газар дээр нь очиж танилцахаар төлөвлөөд байгаа. Урт бүрэлдэхүүнтэй, хүнд жинтэй галт тэрэг олноор аялж байгаа энэ үед хөдлөх бүрэлдэхүүний халалт дохиолох системийг нэвтрүүлэх нь нэн тэргүүний шаардлага болоод байгаа юм. Олон улсын төмөр замуудад 5Т системийг өргөнөөр ашиглаж байгаа. Жишээ нь, манай өмнөд хөрш БНХАУ-д энэ системд өндөр хүчин чадлын олон камераар тоноглогдсон байдаг учраас хөдлөх бүрэлдэхүүнд үүссэн асуудлыг аяллын явцад нь илрүүлээд дараагийн зөрлөг дээр очиход нь ямар үзлэг засвар хийх вэ гэдгээ вагон үзэгч нар тодорхой болгоод бэлэн байдалтай угтдаг. Бид эхний ээлжинд халалт дохиолох системийг нэвтрүүлье гэсэн зорилт тавьж байгаа.

 

 

Б.Дэлгэрхишиг