Энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаа Улаанбаатар дахь суудлын вагон депогоос бэлтгэлээ. Эцэг, эхийнхээ гараас гарч ажил амьдралынхаа гарааг төмөр зам хэмээх их айлтай холбосон Боргилын Энхтуяагийн ажил амьдралын тойргоор ийн аяллаа.

Дүрэмт хувцас өмсөхийг хүссэн хүүхэд насны мөрөөдөл биелэв

Дүрэмт хувцас өмссөн галт тэрэгний үйлчлэгч нарыг харж тэдэн шиг мундаг хүн болно хэмээн мөрөөдөж байсан бяцхан охины хүсэл 1992 онд биеллээ олжээ.

Тэр жил Налайх дүүргийн хоёрдугаар дунд сургуулиа онц төгсч Монголын төмөр зам гэх их айлд хөл тавьж багын мөрөөдлөө биелүүлсэн байна. Тэрээр “Дүрэмт хувцастай бас гадаад руу явдаг их сайхан мэргэжил, мундаг ажил” хэмээн сонгосон гэнэ. Түүний эцэг, эх Сүхбаатар аймгийн Дарьганга сумын иргэд. Аав нь Налайхын уурхайд, ээж нь кино механикчаар насаараа ажилласан буянтай буурлууд. Хэдий тэд бурхны оронд заларсан ч охиныхоо алтан шар замыг ерөөн суугаа гэдэгт тэрээр итгэдэг. Б.Энхтуяа мэргэжил нэгт ханьтай. Түүний нөхрийг Э.Гантулга гэдэг.

Төмөр замд вагон үзэгчээр ажилладаг нэгэн. Тэрээр “Би ханьтайгаа хамт энэ мэргэжлийг эзэмшсэн. Хоёул төмөр замд 22 жил ажиллаж байна. Манай хүн залуудаа үйлчлэгч хийж үзсэн учраас ямар ажил хийж, яаж ядардаг вэ гэдгийг мэддэг. Нэг бригадад 2-3 жил хамт ажилласан” хэмээв. 

Ажлаа дуусгаад харихад сонссон гашуун мэдээ

Хоёр дахь гэр болсон галт тэргэндээ жилийн тэн хагасыг өнгөрүүлдэг болохоор түүний хамгийн сайн туслагч, ар гэрийн ажлыг зохицуулагч нь эцэг, эх нь. “Том охиныг минь аав, ээж маань өсгөж өгсөн. Би ч хүүхэдгүй хүн шиг ажлаа хийдэг байлаа” гэж тэрээр эцэг, эхийнхээ тухай дурсав. “Холын замд ядраад харихад гэр орон дулаахан, цэвэрхэн, хоол унд бэлэн байх сайхан. Гэр рүүгээ санаа зовох зүйлгүй ажлаа хийх нь амжилт гаргах нэг үндэс болдог. Ар гэртээ санаа зовоод, ямар нэг асуудалтай явж байгаа хүний царай андашгүй. Тиймээс галт тэрэгний үйлчлэгч хүний ар гэр, хань ижил ажил мэргэжлийг нь ойлгодог байх нь хамгийн чухал” гэв. 1997-2000 онд Москва-Улаанбаатарын чиглэлд явдаг байж. Москва руу нэг талдаа тав хоног явна. Ирж очихтойгоо нийлээд 10 хоног. “Энэ хугацаанд тухайн хүний ар гэрт юу ч болж болохоор.

Нэг удаа Москва яваад ирэхэд аав минь бурхан болчихсон гаргах гээд намайг хүлээж байсан. Тэр үед одоогийнх шиг утас байсангүй. Ажлаасаа буугаад гэртээ ирэхэд аавын минь бие муудаад гэнэт өнгөрсөн байсан. Галт тэрэгний үйлчлэгч хүний ажил хүнд. 365 хоногийн талыг нь галт тэргэндээ өнгөрөөнө. Ар гэрт асуудал гарвал түүнийгээ зохицуулна. Үр хүүхэд, аав, ээж өвдлөө гэхэд бүгдийг нь зохицуулаад л ажлаа хийнэ дээ” хэмээв. 

 Түүнийг ажилтай үед бүх ажлыг нь зохицуулдаг байсан эцэг, эх нь бурхан болоход тэднээс нь дутаачихгүй юмсан гэж халамжилдаг ханиараа бахархдаг. “Би өдий зэрэгтэй ажиллаж, аварга ажилтан болоход ханийн минь тус их. Гэртээ сайхан амраад ажилдаа гарахад сэтгэл санаа тайван цаанаа л нэг урам зориг, эрч хүчтэй ажилладаг” хэмээн ханиа магтах аж. Нээрээ ч сарын хагасыг гэртээ өнгөрөөдөггүй эхнэрээ хүлээн охиноо өсгөх түүний нөхөр ажил мэргэжлийг нь ойлгож хүндэлдгийн нэг илрэл энэ биз.  

 

Б.Энхтуяагийн гэр бүл

 

Тэвчээр, хатуужил бүрийг ажлаасаа

Тэрээр мэргэжлээрээ бахархдаг. Аливаа зүйл хоёр талтай байдаг шиг хүнд бэрхшээлтэй зүйл ч олон. Өглөө босоод ажилдаа гарах тэр үеэс л түүний аялал эхэлнэ. Гэрээсээ нэг л гараад явсан бол гэртээ санаа зовохгүйгээр сэтгэл зүрхээ ажилдаа зориулах ёстой гэнэ. Орон нутагт 3-4 хоног, алсын буюу олон улсын замд 7-10 хоног явна. “Бид монголынхоо нүүр царай болж зорчигч нараа хүссэн газарт нь хүргэж өгдөг буянтай ажил хийдэг хүмүүс. Дүрэмт хувцсаа өмсөөд галт тэрэгнийхээ голоор алхаж явахдаа ажлаараа бахархдаг. Цаанаа л баяр баясгалантай” хэмээн нүүрэндээ инээмсэглэл тодруулан ярилаа.

Тэрээр аялал бүрээсээ өөр мэдрэмж авдаг.  Мөн аян замд явахдаа сайн сайхан зүйлийг бодож өөртөө урам зориг өгнө. Зорчигчдод сайхан үйлчлэхийг хичээнэ. Өвлийн хүйтэнд дааруулчихгүй, зуны халуунд тав тухтай сэрүүхэн явуулчих юмсан гэж үргэлж хичээж явдаг. “Халуунд цонхыг нь ойнголгож, хүйтэнд галаар таслахгүй байх гэж бүх талаас нь зүтгэж ажилладаг. Хүнийг зорьсон газарт нь хүргэж өгөх хамгийн сайхан” гэсэн юм. Гэхдээ заримдаа зорчигчид түүний ажлыг ойлгохгүй элдэв ааш гаргах үе ч бий. Янз бүрийн араншинтай хүмүүстэй  харьцдаг учир ямар ч ааш гарч болно. Гэхдээ түүний хувьд 22 жил ажиллахдаа хүнтэй муудаж, хэрэлдэж үзээгүй.

Аль болох хүний аяыг олж, тайвширтал нь хүлээдэг гэсэн. Түүнээс тэвчээр, хатуужил маш их шаарддаг. Тиймээс ажил минь намайг тэвчээр хатуужилд сургасан гэв.  Тэрээр “Зорчигчдынхоо эд зүйлийг алдах вий гэж манасан цагдаа.

Үйлчлэгч, билет шалгагч, зөөгч, өвлийн цагт галч гээд 10 ажлыг нэг дор хийдэг. Энэ бүгдийг зэрэг амжуулахын тулд надаас маш их хурд шаарддаг. Тэр дундаа өвлийн улиралд бүр илүү. Тиймээс энэ бүгдийг зорчигчид маань ойлгож, харьцдаг байгаасай гэж хүсдэг” гэж учирлав. Түүний хувьд зорчигчдод загнуулж, янз бүрээрээ хэлүүлэх энүүхэнд. Гэвч үйлчилгээний ажилтан бүгдийг тэсч зорчигчдыг инээмсэглэн угтаж, инээмсэглэн үддэг.

Ямар ч араншин гаргаж байсан баярлалаа. Та манайхаар дараа дахин үйлчлүүлээрэй гэж хэлээд үддэг гэв. “Хамгийн гол нь зорчигч та хаан хэдий ч аль болох бие биеэ ойлгож бидэнд тус дэм болж байгаарай. Үйлчлэгчийн ажил ямар байдаг, бид ямар эрх үүрэг хүлээдэг вэ гэдгийг зорчигчид маань ухамсарладаг байгаасай” гэлээ.

Анхны шагнал

Ажил мэргэжлээрээ шалгарч, бусдыгаа хошуучилсан үйлчлэгч нараа олон улсын чиглэлд ажиллуулж, шагнаж урамшуулдаг байна. Тус байгууллагад галт тэрэгний 1000 гаруй үйлчлэгч ажилладаг. Тиймээс хамт олон гэдэг тухайн хүнийг бие хүн болж төлөвшиж амжилт гаргахад хамгийн нөлөөлдөг гэнэ. 22 жил сайхан хамт олон дунд, олон хүний итгэл найдварыг хүлээж ажилласан түүнийг энэ жил үйлдвэрийн аваргаар шалгаруулсан биз. Тэрээр Вагон депод ажилд ороод нэг жилийн дараа байгууллагынхаа 30 жилийн ойгоор 30 мянган төгрөгөөр шагнуулжээ.

Анхныхаа шагналаар аавдаа цамц, ээждээ дээлийн өнгө авчээ. Анхны цалингаа мөн л ээж, аавдаа өгч өсгөж торниулсан ачийг нь бага ч гэсэн хариулахсан хэмээн бодно. Тэрээр аав, ээждээ залбирч явдаг. Түүний анхны шагнал учир хөл нь газар хүрэхгүй баярлаж аав, ээждээ хэлэхээр гэрийн зүг яарав.  Охиноо эх оронд хэрэгтэй, том хүн болж хэмээн баярласан аав, ээж нь нулимс дуслуулан бахархсан гэдэг.

Тэр цагаас хойш мөнгөн шагналаар удаа дараа, 1997, 2003 онд бригадын аварга, энэ жил үйлдвэрийн аварга болжээ. Хийж бүтээсэн, хийж бүтээх их үйлсийг нь үнэлж хамт олон нь түүнийг үйлдвэрийн аварга ажилтнаар өргөмжилжээ. Түүний хувьд хамт олныхоо энэ их итгэл найдварыг дааж явах итгэл хүлээсэн хэмээн үргэлж бодож явдаг аж.  

Үйлчлэгч болчихоод анх гал тэргэндээ орж ирэхдээ тасалгаат вагоныхоо хаалгыг онгойлгож мэддэггүй. Тасалгааны вагон байдаг гэж мэддэгүй үйлчлэгч болж байсан тэрээр нийтийн галт тэрэгнээс эхлэн удирлагуудынхаа галт тэргэнд үйлчилж байсан туршлагатай нэгэн. Нийтийн галт тэргэнд 81 зорчигч явдаг. Өрөө тасалгаа гэж байхгүй, ачаалал ихтэй. Тиймээс үйлчлэгчээс хурд их шаарддаг. Галт тэргээ цэвэр байлгах гэж хэрэндээ л хичээнэ.

Ариун цэврийн өрөөгөө байн байн цэвэрлэхгүй бол 81 зорчигч явдаг учир амархан бохирддог. Ажлынхаа өрөөнд тухтай цай уух ч завгүй зорчигчдод үйлчилнэ. Хүнээ буулгаж, суулгана, дохиогоо өгнө гээд ачаалал их. Хагас зөөлөн 56, тасалгааныхад 36 зорчигч явдаг. Тэгэхээр 36, 81 зорчигчийн хооронд их ялгаатай.  Түүний хувьд ахмад үйлчлэгч нараасаа их зүйлийг сурдаг. Тэднийхээ хэлсэн, ярьсан үг бүрийг ажилдаа мөрдлөг болгодог.

Залуу үеэ сайн төлөвшүүлж, анх үйлчлэгч болж байгаа хүмүүст сайн заавар зөвлөгөө өгч байгаарай. Залуу үйлчлэгч нарт мэдэхгүй, чадахгүй зүйл их гардаг. Аль болох зааж сургах гэж хичээдэг. Дадлага хийхээр ирсэн хүүхдүүдийг харахад заримдаа өөрийгөө анх үйлчлэгч болж байсан үеэ харах шиг болдог. Намайг галт тэрэгний үйлчлэгч болоход ахмад үйлчлэгч нар хүнтэй битгий муудаж байгаарай. Үйлчлэгч хүн хүнтэй хэрэлдэх шиг муухай зүйл байхгүй гэж захидаг байсан.

Энэ үгийг байнга санаж ажилдаа мөрдлөг болгодог. Залуу үйлчлэгч нартаа ч ингэж зөвлөдөг. Ямар ч үед юу ч гэж байсан дуугүй л байх ёстой. Үг сөрвөл хэрүүл гэж үг байдаг даа. Тиймээс уурлаж бухимдсан хүний өөдөөс юу ч гэж хэлээд ойлгохгүй учир тэвчээд өнгөрөөх хэрэгтэй. Харин тайвширсаных нь дараа ойлголцож болно. Мөн ахмад үйлчлэгч нар хамт олонтойгоо эвтэй байгаарай. Мэддэг чаддаг бүхнээ залуу хойч үедээ зааж сургаж бай. Ахмад үеэсээ суралцаж ажлаа хийж байна. Дүрэмт хувцсаараа ижилдэн гоёод хэцүү ажлаа хамтран хийнэ гэж дуулдаг гэв.

Галт тэргэн дэх түүхүүд

Олон хоног явахад элдвийн юм тохиолдоно. Гунигтай, хөгжилтэй, сонин содон зүйлээр аялалдаа хачир нэмнэ дээ. Тэр дундаа залуу байхдаа их хөгжилтэй явдаг байж. Хүүхэд байсан болоод ч тэр үү ядарснаа ч мэдэхгүй явж ирнэ. Ажлаа хийгээд явж байхад жирэмсэн эхчүүд төрсөн тохиолдол их байдаг ажээ. Түүний хувьд хүүхэд эх барьж байгаагүй. Гэтэл 1997 онд Сэлэнгийн чиглэлд явж байхад нь хүн өвдөөд байна гэсэн дуудлага иржээ. Галт тэрэгний даргадаа танилцуулаад түүний өрөөнд оруулж Зүүнхараа орохын өмнөхөн төрж байсан хэмээн дурсан ярив. Гардаж төрүүлээгүй ч хамт олноороо явж байхад тохиолдсон явдал.

Галт тэргэнд төрсөн хүмүүс аян замаа бэлгэшээж хүүхэддээ Ганзам гэж төмөр замтай холбоотой нэр их өгнө. Галт тэргэнд төрсөн хүүхдүүд 18 нас хүртлээ үнэгүй зорчино. Дээхэн үед галт тэргэнд төрөх явдал нэлээд гардаг байсан. Одоо харьцангуй гайгүй болсон гэв. Үүнээс гадна бие нь хямарч гэнэт өвдсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлнэ. Халуун усанд гараа түлэх, ходоод гэдэс нь хямрах, дээрээс нь юм унаад хөл гар, толгойгоо гэмтээнэ. Энэ үед өөрт байгаа нөөц бололцоогоо ашиглан анхны тусламж үзүүлнэ. Ямар нэг асуудал үүссэн тохиолдолд цаг алдалгүй галт тэрэгний даргадаа хэлж өртөөчилнө.

Аав, ээжийн бахархалт охин

Москвад очоод нэг хононо. Энэ хооронд дэлгүүр хоршоо орох гээд бүгдийг амжуулна. Шинэ жил таарвал бригадаараа Улаанталбайд очиж зургаа даруулна. Харин Эрээнд очоод 2-3 цаг болоод өдөртөө буцдаг болохоор нөгөө үйлчлэгчтэйгээ ээлжлээд л дэлгүүр орох ажлаа амжуулна даа. Бидний ажил сайхан. Гадаад дотоод явж газар үзнэ. Цонхоор бүхнийг хараад л явна даа. Анх Москвагийн чиглэлд явж ирэхдээ охиндоо угсардаг модон хүүхэлдэй, аавдаа орос бугуйн цаг авчирч өгсөн. Цагаан сар болоход аав, ээж минь надаар бахархаж онгирно. Баяр ёслолын үеэр Москва яваад ирэхдээ бариултай гурван литерийн архи, цорготой дарс авчирч өгнө.

Ширээгээ чимнэ. Хөгшчүүд орж ирэхэд аав минь “Миний охин Москва явдаг. Надад ийм сайхан зүйл авчирч өгсөн” гэж ирээд л ярьдаг байсан гэдэг. Баяр болохоор аав, ээжийнхээ бэлгийг бэлдэнэ. Орос бэлэг цаанаа л өөр.

Тухайн үед тэр хавийн хүмүүс аав, ээжтэй заавал золгоно. Бэлгээ авна, гоё бэлэг өгдөг гэж хэлдэг гэсэн. Манай гэр бүлд төмөр замд ажилладаг хүн байгаагүй учир охиноороо их бахархдаг байсан. Миний охин Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр зам гэх энэ их айлын гишүүн болж ажиллаж байна гэж бахархана. Аав минь “Ажил хүнийг голно уу гэхээс хүн ажлыг голдоггүй. Ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийж чадвал чамд үр өгөөжөө өгнө” гэдэг байсан. Тиймээс би аавынхаа хэлсэн үг бүрийг байнга санаж явдаг. Чаддаг ажлаа хийж байгаа бол эгэл жирийн хүн. Хийж чаддаггүй ажил руугаа зорьж байгаа бол ирээдүйтэй хүн гэж боддог нэгэн. Тиймээс ч сурч боловсрохдоо анхаардаг.

2003-2006 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг нийгмийн даатгалын байцаагч мэргэжлээр төгссөн. Мөн өнгөрсөн онд төрийн албан хаагчийн шалгалт өгч тэнцсэн. Олон улсын галт тэрэгний үйлчлэгч орос, англи хэлний мэдлэгтэй байх ёстой байдаг. Ажлынхаа хажуугаар зав чөлөө гарвал өөрийгөө хөгжүүлье. Сурч боловсорьё гэж боддог гэсэн юм.

Ээжтэйгээ байхыг хүссэн охины мөрөөдөл

Том охин Г.Урангоо Радио, телевизийн дээд сургуульд техникчийн ангийн хоёрдугаар дамжааны оюутан. Түүнийг багаас нь орхиж явдаг байсан болохоор охин нь “Ээжээ би тань шиг хүүхдүүдээ орхиж явдаг ажил хийхгүй. Хүүхдүүдтэйгээ үргэлж хамт байдаг ажил хийнэ” гэж ярьдаг байжээ. Хүүхдээ багаас нь орхиж явдаг байсан болохоор хаширсан байх. Миний ажлыг өвлөж авна гэж ярьж байгаагүй. Миний мэргэжил сайхан учраас би охиноо энэ мэргэжлийг эзэмшээсэй гэж хүсдэг байсан. Гэхдээ охин минь том болоод ямар мэргэжил сонгохоо шийдэх учраас оролцоогүй.

Бага охин маань дөрвөн настай учир одоохондоо яахыг хэлж мэдэхгүй байна. Бага болоод ч тэр үү миний малгайг өмсчихөөд “Ээжээ би тань шиг ажил хийнэ. Цүнх үүрээд би ажилдаа явлаа. Гурав хоноод ирнэ” гэдэг байна. Том болоод яахыг нь хэлж мэдэхгүй ч үйл хөдлөл бүрийг нь дуурайдаг охиноо өөрийнх нь мэргэжлийг өвлөөсэй хэмээн сэм мөрөөднө.

18 наснаасаа энэ ажлыг хийсэн тэр цагаас хойш 22 жил болсон гэхээр нэлээд хол замыг туулжээ. Замын-Үүдийн чиглэлд нэг удаа аялахад 580 гаруй зорчигчид үйлчилсэн байдаг. Тэгэхээр жил гэж бодоход нэлээд тоо гарна. Усан доогуур хорин мянган бээр аялсан нь гэдэг шиг галт тэргээр хорин мянган бээр аялсан байх хэмээн ярилаа. Тэрээр зорчигчдоо угтаж авахдаа сайхан эхэлбэл бүх зүйл болно гэж боддог ажээ. Хамгийн гол нь хүнийг инээж угтах хэрэгтэй. Зорчигч нараа инээмсэглэн угтаж инээмсэглэн үдэх нь түүний гол мөрдлөг. Тэдний хамт олон нэг хэсэг “Зорчигч бол хаан” гэдэг уриаг дэвшүүлж ажилладаг байв.

Үйлчилгээний ажил хүнийг анх яаж угтсанаас эхэлнэ. Ямар ч ааштай хүнтэй таарч болно. Зарим нь хожигдох гээд яарч сандарсан, бухимдсан ирдэг. Энэ үед нь сайн байна уу гээд инээж угтах хамгийн сайхан. Ажил дээрээ тайван байж л ажлаа амжуулна.

Ажил амжихгүй байх үе гарна. Тэр дундаа өвлийн цагт юм юм нь давхцаад галаа ч түлмээр, цайгаа ч зөөмөөр үе гарна. Баяраар ажилтай таарсан бол ажлаа л хийнэ. Амарч байгаа хүмүүс нь гэртээ баярлаж байхад ажилтай нь би ажилтай гээд сэтгэл шулуудаад л гарна даа. Цагаан сар, шинэ жилээ замд өнгөрүүлж байсан үе бий гэнэ. Цагаан сараар замд явж байхдаа ахмад настай хүмүүс болон галт тэрэгнийхээ даргатай золгоно. Бас тэрүүхэндээ бууз жигнээд, жижиг ширээ засч баярлана. Бүгдээрээ нийлээд л зохион байгуулна. Зорчигчид “Ямар азгүй юм бэ баяраар ажилтай таарчихсан уу” гэдэг. 

Холын замд хамгийн сайхан нь урмын үг

 

Манай зорчигчид соёл муутай. Үйлчлүүлж сураагүй. Нус цэрээ хаяна, тамхи татна. Тамхиа татчихаад хогийн саванд ишийг нь хийнэ гэсэн ойлголт байхгүй. Харин тамхины хууль гарснаар бидний ажлыг их хөнгөлсөн. Хэрэв нууцаар татаж байгаад баригдвал галт тэрэгний цагдаад хэлнэ. Цагдаа эхлээд сануулна. Болохгүй бол торгох арга хэмжээ авна. Цагдаатайгаа холбоотой ажилладаг.

Галт тэрэгний дарга бие бүрэлдэхүүнтэйгээ сайн ажиллана. Бие биедээ анхаарал, халамж сайн тавих хэрэгтэй. Багаар ажиллах чадвар бидний ажилд чухал нөлөөтэй. Бие биедээ болж бүтэхгүй зүйлээ ярьж хэлэлцэнэ. Нэг нэгэндээ сэтгэлийн дэм өгнө.

Замд явж байгаа үед хэн нэгнийх нь бие өвдвөл өмнөөс нь ажлыг нь хийж аль чадахаараа асарч халамжилна. Биенээ гэсэн сэтгэл гаргахгүй бол бидний ажил хүнд. Нэг нь ажиллаад нөгөө нь амарч байгаа үед аль болох сэрээчихгүй, саад болохгүй, тайван амраахыг хичээдэг.

Амраад босч ирэхэд нь сайхан амарсан уу, унтаж чадав уу гэж урам зориг өгдөг. Холын замд, ядарсан үед нь бие биедээ урам өгөх шиг сайхан зүйл байхгүй. Ядраагүй юм шиг сайхан царайтай байна гэж бие биеэ урмаар тэтгэж ажлынхаа ард гардаг.

Бид хүнд хортой нөхцөлд ажилладаг. Тиймээс эрэгтэй нь 55, эмэгтэй нь 50 нас хүрээд тэтгэвэртээ гарна. Алтан шар зам нь өлзийтэй байх болтугай гэж аав, ээжээ минь ерөөгөөд явуулна. Ханьдаа үнсүүлээд аян замдаа гардаг гэсээр ажлаа хийхээр яаран одлоо.

2014 

Эх сурвалж: ikon.mn