Зорчигчийн вагон депогийн Урсгал засварын цехийн аккумляторын засварчин, спортын мастер Бэгзжавын Энхтөрийг зочноор урилаа. Тэрбээр, 2009 онд ТЗДС-ийг вагоны инженер мэргэжлээр төгсөж, Зорчигчийн вагон депогоос ажлын гараагаа эхлүүлжээ. Түүнийг ирэх сарын эхээр Арабын Эмират улсын Абу-Даби хотод болох жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явахаар бэлтгэлээ хангаж байхад нь ярилцлаа.
-Их спортыг ажил мэргэжилтэйгээ хослуулж яваа цөөн төмөр замчны нэг нь та. Тамирчны гараагаа эхэлсэн түүхээ сонирхуулахгүй юу?
-Би Шар хаданд төрж өссөн. Нийслэлийн 79 дүгээр дунд сургуулийг төгссөн. Дунд сургуулийн тавдугаар ангийн сурагч байхаасаа жудо бөхөөр хичээллэж эхэлсэн. 1999 оны намар сард МУГД Цэдэн-Ишийн Шийрэв багш маань жудо бөхийн секцэд хүүхдүүд элсүүлэхээр захын дүүргийн сургуулиудаар явж байсан юм билээ. Манай сургууль дээр ирээд жудо бөхөөр барилдах сонирхолтой хүүхдүүд байна уу? гэхэд нь манай ангийнхан сонирхоод бөөнөөрөө очиж байсан юм. Эхний өдөр бараг 400-500 хүүхэд цугларч, гурван ээлжээр бэлтгэл хийж эхэлсэн. Тэгээд хоёр дахь, гурав дахь өдрөөсөө бараг 50/50 хувиар хасагдсаар байгаад сарын дараа 100 гаруй хүүхэд л тунаж үлдсэн. Тэдэн дотор л би үлдсэн дээ. Секцэд ороод хэдхэн сарын дараа нөгөө тунаж үлдсэн 100 гаруй хүүхдийн дунд жингийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан. Тэгэхэд би 35 кг-ийн жинд ороод тав ялж түрүүлсэн. Анхны амжилт тэр. Хүүхэд болохоор “Би ер нь болох юм байна, дийлдэхгүй юм байна” гэж хөөрөөд л... Тэр үеэс өөртөө улам итгэлтэй болсон. Багш ч намайг “Бэлтгэлээ битгий таслаарай, тууштай яваарай” гэж захидаг байсан. Би жудод үнэхээр дуртай байсан. Түүнээс хойш багш маань биднийг Сүхбаатар, Дархан, Эрдэнэтэд болдог нэрэмжит тэмцээнүүдэд авч явж оролцуулдаг байлаа. Бөөнөөрөө галт тэргэнд суугаад явж өгнө. Тэр тэмцээнүүдээс медальгүй ирж байгаагүй.
-Хүү нь явсан тэмцээн болгоноосоо медальтай ирээд байхаар аав, ээж хоёр нь их дэмждэг байсан байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Тэмцээний зардал мөнгийг гаргаад л явуулдаг байсан. Жишээ нь, тэр үед Эрдэнэтэд тэмцээнд оролцохоор явлаа гэхэд замын зардал, байр, хоол, замын хүнс гээд бүх зүйл нь 15 мянган төгрөгт багтдаг байсан. 2000-аад оны эхээр 15000, 20000 төгрөг их мөнгө шүү дээ. Нэг удаа ээж минь ээмгээ 20 мянган төгрөгөөр ломбардад тавиад намайг тэмцээнд явуулж байсныг би мартдаггүй юм. Тэр тэмцээнээс мөнгөн медальтай ирсэн. Шагналынхаа 20 мянган төгрөгөөр ээжийнхээ ээмгийг авч өгч байлаа. 2000-аад оны эхээр 20 мянган төгрөг гэдэг их мөнгө байж дээ.
Би зундаа техникийн зах дээр машин угаана, машин харна. Мөнгө олж болох янз бүрийн ажил хийнэ. Тэндээс олсон 100, 200, 500 төгрөгөө цуглуулна. Тэр мөнгөөрөө тэмцээндээ явна. Хавар, өвөл бол ажил хийж мөнгө олох боломжгүй. Тийм үедээ л тэмцээний зардлаа аав, ээжээсээ авна.
-Жудод дурласан хүү яагаад төмөр замчин болох шийдвэр гаргав?
-Намайг дунд сургуулиа төгсөхөд Цагдаагийн академи, Батлан хамгаалахын их сургуульд суралцах урилгууд ирсэн байсан л даа. Гэтэл дунд сургууль төгсөхөд аав минь “Миний хүү Төмөр замын дээд сургуульд шалгалт өгөөд үз. Аав ээж хоёр нь ижил бодолтой байна” гэсэн. ТЗДС-д шалгалт өгөөд тэнцчихсэн. Аав маань өөрөө тээврийн жолооч хүн. Гэхдээ залуудаа төмөр замчин болохсон гэж их боддог байсан ч тухайн үед аавд боломж гараагүй юм билээ. Тэгэхээр аавынхаа хүсэл мөрөөдлийг хүү нь биелүүлсэн хэрэг. Аавын минь сонголт зөв байсаан гэж бодож явдаг шүү.
-Оюутан болоод ТЗДС-ийнхаа нэр дээр барилдаж эхэлсэн үү?
-Дунд сургууль төгссөн хавраа би улсын аваргын тэмцээнд түрүүлээд Азийн залуучуудын аваргын тэмцээнд явах эрхээ авчихсан байсан юм. Оюутан болоод хэдхэн хоноод Тайванийн Тайбэйд болох тэмцээндээ явах болсон чинь бас л зардал мөнгөний асуудал гарч ирлээ. Анги удирдсан Өлзий багш маань “Сургуулийнхаа хэмжээнд Азийн аваргад явах гэж байгаа Энхтөрийгөө дэмжье” гэсэн уриалга гаргаад хандив цуглуулъя гээд санаачилга гаргахаар нь санаа зовоод багшдаа “Юу ч гэсэн Удирдах газарт хандаад үзье” гэлээ. ТЗДС-д ороод 7-8-хан хонож байгаа хүүхэд байж “Замын дарга дээр оръё” гэж бодож байдаг бас их том зориг гаргаж байгаа юм шүү /инээв/. Тэгээд Замын нэгдүгээр орлогч дарга Л.Пүрэвбаатар гуай дээр орсон чинь “Энэ удаад чамайг явуулж чадахгүй нь, дараагийн удаа зардал гаргаж өгнө” гэлээ. Тэгээд одоо яая гэхэв дээ гээд явж байтал манай хамаатны нэг ах таараад “Танай төмөр замын дарга орос хүн байдаг гээ биз дээ. Орос дарга дээрээ ороод үз” гэхээр нь орчуулгын товчоонд очиж өргөдлөө орос хэл рүү хөрвүүлээд В.В.Магдей дарга дээр яваад орлоо. Замын дарга тэр үед надаас олон таван юм асуулгүй шууд замын зардлыг минь шийдээд өгчихсөн. Сүүлд нь сонсохнээ, В.В.Магдей дарга өөрөө сонгомол бөхөөр барилддаг байсан юм билээ. Тийм учраас тэмцээнд явах зардлыг минь шууд шийдэж өгсөн байх. Тэр өдөр Удирдахаас бөөн баяр хөөртэй гарч байснаа мартдаггүй. Даанч тэр тэмцээнээс медаль авч чадаагүй. Хүрэл медалийн төлөөх барилдаанд хожигдчихсон. Тэр үед миний хожсон тамирчид одоо дэлхий, олимпийн хошой аваргууд болчихсон байна. ТЗДС-д сурч байхдаа спортод 100 хувь бүхнээ зориулж чадаагүй. Суралцахаа нэгд, спортыг хоёрдугаарт тавьчихсан. Хичээл, дадлагынхаа завсар зайгаар л бэлтгэл сургуулилт хийдэг байсан.Ажилд ороод улсын аваргын тэмцээнүүдэд оролцож байсан. Жудогоос гадна самбо кураш, жижицү гэх мэт бөхийн төрлүүдээр хичээллэх болсон.
-Тэмцээн уралдаанд явахад төмөр замаас ямар нэгэн дэмжлэг үзүүлж байв уу?
-Азийн аваргаас хойш гадагшаа олон тэмцээнд яваагүй. Харин улсын аваргын тэмцээнүүдэд бол оролцож байсан. 2019 онд Марако улсад болсон Дэлхийн гранд мастерсын аварга шалгаруулах тэмцээнд явсан. Тэр тэмцээнд бас тавдугаар байрт орсон. Тэгэхэд Зорчигчийн вагон депогийн ҮЭ-ийн хороо болон МТЗ-чдын ҮЭ-ийн холбооноос тодорхой дэмжлэг үзүүлсэн. Мөн депо маань цалинтай чөлөө олгосон. Депогийн зүгээс үнэхээр ардаа санаа зовох зүйлгүй тэмцээн уралдаанд оролцох боломж нөхцөлийг минь хангаж өгдөг. Одоо Дэлхийн аваргын тэмцээнд явахад Замын захиргаанаас дэмжлэг үзүүлж байгаа. Мөн Зорчигчийн вагон депо маань үнэхээр сайн дэмждэг. Мөн Урсгал засварын цехийн ахлах мастер Б.Чинбат санаачлаад депогийн хэмжээнд уриалга гаргаад аян өрнүүлж зардал мөнгөнд маань маш их нэмэр болж байгаа. Энэ ташрамд Замын захиргаа, депогийн удирдлага, хамт олондоо талархаж байгаагаа танай сониноор дамжуулан уламжилъя. Та нартаа маш их баярлалаа.
-Спортоороо дагнаад явсан бол илүү их амжилт гаргах байсан гэж боддог уу?
-Тэгж боддог л юм. Тухайн үед гадагшаа тэмцээнд явахад 3-4 сая төгрөг шаардагддаг байсан. Одоо бол хол ойроосоо хамаараад 5-10 сая төгрөг шаардлагатай болдог. Тэр болгонд өөрөөсөө мөнгө гаргаад явна гэхэд хэцүү л дээ.
-Одоо дэлхийн аваргын тэмцээнд явах гэж байна шүү дээ. Төмөр замчин залуу дэлхийн дэвжээнд “зодоглох” гэж байгаа нь бахархалтай байна. Төмөр замчид захыг чинь мушгиад үлдэх нь...?
-Би 2023 онд “Улсын Гранд мастерсын аварга шалгаруулах тэмцээн”-ий 60 кг-ийн жинд түрүүлж, дэлхийн аваргын тэмцээнд явах эрхээ авсан. Арабын Нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотод арваннэгдүгээр сарын 2-7-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Манай баг тамирчид аравдугаар сарын 29-нд явна.
-Ажлын хажуугаар тэмцээний бэлтгэл хийх цаг зав хэр гарч байна вэ. Бэлтгэлээ хаана базааж байна вэ?
-Бэлтгэл хийх цаг зав хомс олддог. Өөрөө л ажлынхаа хажуугаар цаг заваа зохицуулахаас аргагүй. Ажлаа тараад, мөн амралтын өдрүүдэд бэлтгэлээ хийх жишээтэй. Харин тэмцээн болохоос сарын өмнө бол ажлаасаа чөлөө аваад бэлтгэлээ тууштай хийдэг.
-Одоо ямар нэгэн клубэд харьяалагдаж байна уу?
-“Замчин” спорт хорооныхоо нэр дээр л явж байгаа. Манай “Замчин” спорт хорооны тамирчин гэдэг утгаар цалинжаад явдаггүй. Үндсэн ажлынхаа хажуугаар нь спортын тэмцээн уралдаанд орж явна уу гэхээс бусад спорт хороо шиг биш. Цэргийн байгууллага бол “Алдар” спорт хороо, цагдаагийн байгууллага “Хүч” спорт хороо, ШШГЕГ бол “Эрч” спорт хороо гэж байдаг. Тэнд бол тамирчид нь цалинжаад бэлтгэл сургуулилтаа хийгээд, тэмцээн уралдаандаа ороод явдаг.
Бэлтгэл сургуулилт хийх заалны хувьд би хаана ч очоод бэлтгэл хийх боломжтой. Шигшээ багийнхантай бэлтгэл хийж болж байна. Багш дээрээ юмуу найз нөхдийнхөө үүсгэн байгуулсан дэвжээнүүд дээр очоод бэлтгэлээ хийчихдэг.
-Тамирчин хүний хувьд хүүхэд залуус, төмөр замчдыг спортод уриалаач гэвэл юу хэлэх вэ?
-Спортоор хичээллэнэ гэдэг хүн маш их давуу талыг бий болгодог. Миний хувьд жудо бол хүмүүжил, зарчимч, өөртөө эзэн байхыг, өөрөө өөрийгөө захирч сурахыг заасан. Ер нь, спорт бол бие бялдрын хөгжил, тэсвэр тэвчээрийг хүнд суулгадаг.
Техник технологи хөгжихийн хэрээр, бүх зүйл автоматчилагдаж, цахимжихын хэрээр хүн төрөлхтний хувьд хөдөлгөөний дутагдал бий болж түүнээс улбаатай өвчлөл бий болж байгаа нь нууц биш шүү дээ. Энэ цаг үед спорт л биднийг эрүүл саруул амьдрахад тус болно. Хүн бүхэн тамирчин байх албагүй ч бүгд спортоор хичээллэх хэрэгтэй. Өөрийнхөө дуртай, сонирхолтой, өөртөө тохирсон спортын төрлөөр хичээллэж, түүнд цаг заваа гаргаж байвал бид эрүүл, эрч хүчтэй амьдарна.
Б.Гүнжинлхам