Олон улсын худалдааны зөвлөх, судлаач Б.Дашравданг "Энэ сэдвээр" ярилцлагын буландаа урилаа. Тэрбээр БНХАУ-ын Жөжян мужийн Үйлдвэр худалдааны сургуульд магистраа хамгаалсан Шанхайн Зам харилцааны их сургуулийн докторант бөгөөд 2015 оноос хойш олон улсын худалдааны чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа нэгэн юм.

 

 

-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Юун түрүүнд олон улсын худалдааны зах зээл Монголд хэр хэмжээнд байгаа талаар яриагаа эхлүүлэх үү?

 

-Манай улс 1990-ээд онд хуучин Варшавын гэрээний орнууд болон 68 улстай худалдаа хийж байсан юм билээ. Одоо бол дэлхийн 192 улсаас гадна зарим бүс нутгуудтай чөлөөт худалдаа хийж байна. Социализмын үед Гадаад худалдааны яам буюу бодлогын чиглэлийн яамтай байсан. Түүнээс хойших хугацаанд олон улсын худалдааг зангидсан бодлогогүй Гадаад харилцааны яамны дэргэд явуулж байсан бол одоо Эдийн засгийн хөгжлийн яаманд хариуцуулахаар болж байх шиг. Худалдааны тухай манайхан их өрөөсгөл ойлгодог. Социализмын үед иргэдэд хуримтлал үүсгэхгүй байх нь л төрийн гол бодлого байлаа шүү дээ. Иргэдийн ажил, амьдрал, санхүүгийн хувьд ч нэгэн хэмжээнд тэгш байсан учраас гадаад худалдааг төдийлөн хөгжүүлээгүй. “Худалдаа гэдэг маш муу зүйл. Хүнийг шулан мөлждөг, дарлагч, дарлагдагч ангийг үүсгэдэг гол хүчин зүйл бол худалдаа” гэсэн үзэл суртал 70 жилийн турш явж ирсэн байдаг. Дээр нь “дамын наймаа”, “панзчин” гэдэг үг хэллэг иргэдийн дунд одоо ч үргэлжилсээр байгаа. Товчхондоо манайхан энэ салбарыг “үүргийн худалдаа”-гаар л төсөөлөөд байна. Импортын чиглэлийн буюу Эрээн, Бээжин, Манжуураас бэлэн хувцас, тоног төхөөрөмж оруулж ирж зарах явцыг л худалдаа гэж ойлгоод байна гэсэн үг шүү дээ. Гэтэл олон улсын худалдаа гэдэг чинь маш өргөн дэлгэр асуудал юм.

 

-Өөрөөр хэлбэл, олон улсын худалдааны тухай үндсэн ойлголт улс даяараа бүрхэг байна гэсэн үг үү. Энэ талаарх нарийвчилсан ойлголтыг манай уншигчидтай хуваалцана уу?

 

-Хоёр ба түүнээс дээш улс харилцан худалдаа хийхийн тулд амжилттай байх нөхцөл гэж зүйл бий. Мэргэжлийн үүднээс тайлбарлавал олон улсын худалдааны гурван тулгуур гэсэн ойлголт байна. Тэр нь юу вэ гэхээр “Шинжлэх ухаан дээр суурилсан бие биенээ танин мэдэх судалгааны ажил”. Жишээ нь, БНХАУ болон ОХУ-тай худалдаа хийх гэж байгаа бол нэн тэргүүнд тухайн хоёр улсын худалдааны болон эдийн засгийн бодлого нь юу вэ. Энэ хоёр улс ямар бараа бүтээгдэхүүнийг зарж, ямар барааг худалдан авдаг вэ. Дотооддоо юу юуг бүтээдэг юм бэ. Төрөөс олгож байгаа хөнгөлөлт урамшуулал, татварын бодлого нь хэрхэн явагдаж байна вэ. Пүүс компаниуд нь аль чиглэлдээ түлхүү ажилладаг вэ гэдгийг бидний зүгээс судлах ёстой. Бидэнтэй харилцаж байгаа улсууд биднийг ч буцаагаад судлах ёстой. Монгол Улсын худалдааны салбар нь ямар сул болон давуу талтай вэ гэдгийг нэг бүрчлэн судлана. Нөгөө тулгуур нь “Улс төрийн сайн харилцаатай байх”. Мэдээж хоёр орны дунд дайсагнасан харилцаа байвал худалдааны харилцаа нь урагшлахгүй шүү дээ. Саяхан л гэхэд Орос, Украйны дайнаас болж хамгийн түрүүнд Европын улсууд, дэлхийн хамтын нийгэмлэгийн орнууд ОХУ-ын нефть, газ, үр  тариаг нь олон улсын худалдааны зах зээлд хүргэхгүйгээр “блоклож” байна шүү дээ. Үлдсэн нэг тулгуур нь “Бизнесийн байгууллагуудын түншлэл”. Хоёр  орны төр, хувийн хэвшлийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн түншлэл нягт байхын хэрээр олон улсын худалдааны зах зээл урам бүр өргөжин тэлдэг. Тэгэхээр бид харилцагч орнуудтайгаа хийж байгаа худалдааны нөхцөл байдалд дээрх гурван тулгуур гурвуулаа байна уу гэдгийг харьцуулж харах нь чухал. Нэг л тулгуур байхгүй тохиолдолд олон улсын худалдааг өргөжүүлэх тухай ярихад хэцүү.

 

-Та мэргэжлийн судлаач хүний хувьд аль улсын худалдаанд илүү төвлөрч ажиллаж байсан бэ?

 

-Би өөрөө БНХАУ-д сургууль төгссөн учраас БНХАУ болон АСЕАН-ны орнуудын худалдааг голчлон судалдаг. Энэ ажлынхаа хүрээнд тэндхийн бизнесийн салбарынхантай илүү ойр дотно ажилладаг. Тэгэхээр ганцхан жишээ авъя. Бид БНХАУ-тай хиллэдэг. Тэдэнтэй хулдааны чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажилладаг гэж ярьдаг, ойлгодог. Гэтэл өнөөдөр БНХАУ-ын худалдааны бодлогыг дагнан судалдаг Монгол судлаачид хэд билээ. Маш хомсдолтой гэдгийг та хэлүүлэлтгүй мэдэх байх. Нөгөө талдаа Монголыг судалдаг хятад судлаачид хэр олон байна вэ? Хятадууд аливаа салбарынхаа бодлогыг шинжлэх ухаанд суурилж тодорхойлдог учраас манайхыг бодвол тодорхой хэмжээнд судалж байна. Гэхдээ маш хангалтгүй. Хэрэв намайг, Монгол Хятадын худалдааны гурван тулгуур үзүүлэлтэд тус бүрд нь 1-2 оноо өг гэвэл “Шинжлэх ухаан дээр суурилсан бие биенээ танин мэдэх судалгааны ажил” гэсэн шалгуур үзүүлэлтэд нь 0.2 оноо өгнө. Харин “Улс төрийн сайн харилцаатай байх” гэдэг шалгуур нь манай хоёр улсын хувьд хангалттай байна. Иж бүрэн стратегийн түншлэлтэй, газар нутгийн маргаангүй, аль нэг хамтын нийгэмлэгээс болж зөрчилдсөн зүйлгүй гээд энэ үзүүлэлтэд тохирох оноог бүрэн өгч болно. “Бизнесийн байгууллагуудын түншлэл”-ийн тухайд манай хоёр улс сүүлийн 30 жилд таатай ажиллалаа. Гэвч шинжлэх ухааны суурьгүй, улс төрийн хамгаалалтгүй харилцаагаар харилцаж иржээ. Миний хувьд бизнесийн салбарыг аль болох улс төрөөс хол байгаасай гэж боддог. Гэхдээ яалт ч үгүй хоорондоо холбогдоно шүү дээ. Шинжлэх ухааны суурьтай судалгаа гэдэг нь нөгөө хоёр тулгуур баганынхаа дунд өөр өөрсдийнхөө мэддэг хэлээр мэдээлэл дамжуулах явдал юм. Ийм алдаа байгаа учраас хэдийгээр муугүй түншлэлтэй ч тодорхой хэмжээний согог үүсгэж буй юм. Олон улсын худалдааны гурван тулгууртаа гурвууланд нь сөрөг нөлөө үүсгэдэг. Тиймээс миний хувьд Монгол, Хятадын бизнесийн байгууллагын түншлэл гэдэг шалгуур үзүүлэлтэд 0.4-0.5 гэсэн оноог өгнө. Яагаад ингэж байна вэ гэхээр аливаа худалдааны үйл явц экспорт, импорт буюу “өгөх-авах” гэсэн зарчмаар өрнөдөг. Гэтэл манай улс өнөөдөр БНХАУ руу хийж байгаа экспортын 84 хувь нь зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн байна. Нийт экспортын 92.3 хувь нь уул уурхай. Дөнгөж 6.2 хувь нь уул уурхайгаас бусад төрлийн бараа бүтээгдэхүүн. Нөгөө мэдлэг, инноваци шингэсэн бараа бүтээгдэхүүн нь бүр доошоо. 0.1,0.2 хувиар хэмжигдэж байх жишээтэй. Бид БНХАУ-аас зөвхөн авдаг. Буцаагаад түүхий эд нийлүүлдэг. Ийм л дүр зурагтай явж байна. Асуудалтай байгаа биз? Банк санхүү гэхчлэнгээр бусад харилцааны талаар ярих зүйл нэг ч байхгүй. Ингээд дүгнэхэд дээр дурдсан гурван тулгуурыг жигд хөгжүүлэхээс эхлээд л олон улсын худалдааны ойлголт бүрэн утгаараа бий болох юм.

 

-Монголчуудын хувьд олон улсын худалдааны үндсэн гурван тулгуураа зэрэг хөгжүүлэх хүртэл хэр урт хугацааг зарцуулах вэ?

 

-Дээрх гурван тулгуураас гадна олон улсын худалдааг хөгжүүлэхийн тулд нийт таван үе шатыг туулах ёстой гэж үздэг. Нэгдүгээрт, бид бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэж бодоход түүнийгээ хилийн дотно гадна тээвэрлэх ёстой. Хоёрдугаарт, тээвэрлэх явцад боомт, хил гааль, бүс нутаг, агуулахуудын нэвтрэлт шат шатандаа үүснэ. Гуравдугаарт, хилийн дотно, гадна ложистик буюу зохион байгуулалтын асуудал. Тухайн барааг тээвэрлэх болон нэвтрүүлэх, худалдах гэхчлэнгээр. Дөрөвдүгээрт, эцсийн хэрэглэгчдээ хүргэх үе шат. Тавдугаарт, бүтээгдэхүүн үйлчилгээгээ солилцож байгаа учраас төлбөр төлөгдөх ёстой. Энэ таван үе шат цогцоороо бий болж байж олон улсын худалдаа болно гэдгийг хаана хаанаа маш сайн ойлгох хэрэгтэй байгаа юм. Яг өнөөгийн нөхцөлд бол салбарууд маань тус бүрдээ хувааж авчхаад байна. Бид дэд бүтцээ яах гэж хөгжүүлээд байгаа юм бэ, “Боомтын сэргэлт” гээд Засгийн газрын хэмжээндээ зорилт дэвшүүлж байна. Боомтоо сэргээж яг яах гээд байгаа юм бэ гэдгийг маш сайн ухаж ойлгох ёстой. “Төрийн, компаниудын,  ур чадварыг сайжруулъя”, “Хятадын дотоод зах зээлийг ойлгоё”, “Банкны нэгдсэн системийг сайжруулъя”, “Хар, саарал жагсалтад орохгүй байя” гэхчлэнгээр яриад байгаа нь эцсийн дүндээ улс орондоо ашиг оруулах гэсэн л бодлого шүү дээ. Тэгэхээр олон улсын худалдааг тулгуураас нь эхлээд үе шатуудтай нь зүй зохистойгоор танин мэдэх шаардлагатай гэж би хувьдаа боддог.

 

-Монголчууд олон улсын худалдааны асар олон жилийн түүхтэй ард түмэн шүү дээ. Гэвч бид чухам аль үеэс нь эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн, уламжилж ирсэн, мэдлэг, туршлагыг орхигдуулж, мартахад хүрэв?

 

-Хурдацтайгаар хөгжиж байгаа улс орнуудын туршлагыг харахад өөрийн улсын худалдааны, аль эсвэл соёлын, улс төрийн бодлогыг туулж өнгөрүүлсэн бүхий л түүхэн үеийнхээ алдаа оноогоор урт хугацаанд нь авч үздэг юм байна. Өмнө нь бид хаана нь алдаж, хаана нь онож байв. Бид ер нь юу хийж чаддаг ард түмэн юм бэ гэдэг агуулгаар нь. Тэгэхээр нүүдэлчдийн төр улс буюу монгол үндэстэн, угсаатны түүхийг хамгийн багаар бодоход 3000 жил үргэлжилнэ. Судар бичгүүдэд тэмдэглэгдсэнээс хойш бид олон улсын худалдааны харилцаанд оролцоод багадаа 2200 жилийн бодитоор туулжээ. Эртний Хүннүгийн Модун Шаньюй, Хан улсын Гоуди хаан хоёр нийтийн тооллын өмнөх 198 онд зургаан жил үргэлжилсэн их дайны дараах гэрээг байгуулсан түүхтэй. Тус гэрээний үндсэн заалт нь “Цагаан хэрэмнээс урагшаа тариаланч, хойшоо нь нүүдэлчдийн төр улс байна” гээд газар нутгаа бататган хил хязгаараа тогтоож өгсөн. Хоёрдугаарт, нүүдэлчид дуртай үедээ цагаан хэрэм дээр очиж малаа борлуулна. Түүнд нь Хан улсын зүгээс ямар нэгэн хориг саад учруулахгүй гэдгийг тохиролцсон. Ингээд жилд 92800 ам метр торгыг Хан улсаас Хүннү гүрэнд өгдөг байжээ. Улмаар ийм их хэмжээний торгыг нь манай нүүдэлчид бүрэн хэрэглэж чадахгүй учраас торгоны илүүдэл бий болж эхэлсэн. Тэрхүү илүүдэл торгоо манайхан Дундад Ази, Төв Ази руу зардаг болсон. Энэ үеэс монголчуудын реэкспорт буюу дамжуулан худалдах үйл явц үүссэн. Ингээд түүхэн үйл явцуудыг харахад Нирун, Сяньби, Түрэг, Уйгуур, Кидан гүрэн, Их Монгол улсын үед дандаа баруун тал руугаа тэлдэг байсан. Одоогийн ойлголтоор бол далайн гарцтай болж Евроазийн худалдааны замыг хянах нь маш чухал байсан байх. Энд Торгоны замын хойд салаа байсан. Ингэж явсаар 1453 онд торгоны замын түүх дууссан байдаг. МЭӨ 130 онд анх үүссэн Торгоны зам буюу Евроазын худалдааны замыг үе үеийн Монголын төрт улсууд хянаж, аюулгүй байдлыг нь хангаж, тэндээс татвар авч улсынхаа эдийн засгийг  тэлдэг байсан түүхтэй.  Торгоны замын хамгийн оргил үе нь 1242-1453 он буюу 210-аад жил байсан. Энэ үед эх газрын Торгоны зам гурван салаатай болсон. Хархорумаар дайраад Алтан ордны нутгаар  Баруун Европ ордог урсгалтай. Уламжлалт Шинжан, Төв Азийн замын өмнүүр буюу өнөөгийн Төвдийн хойгуур яваад өнөөгийн Энэтхэг Пакистнаар дамждаг зам. Халуун ногооны зориулалт бүхий далайн зам ч хуучнаараа явж байсан. Гагцхүү  1453 онд Юань улс, Хүлэгүгийн хаант улс мөхөж, Цагаадайн улс буюу Доглонтөмөрийн улс цохигдож, Энэтхэг рүү явсан, Алтан улс задарсан. Эдгээр өөрчлөлтийн дундаас Туркт Османы эзэнт гүрэн гарч ирээд татварыг дөрөв дахин өсгөсөн зэрэг олон хүчин зүйлээс шалтаалан Торгоны замын аюулгүй байдал алдагдсан байдаг. Тухайн үед Хятадын торго, шаазан, Энэтхэгийн халуун ногоо зэрэг бүтээгдэхүүн Европт валютийг орлодог байсан. Гэтэл татварын нэмэгдэл, аюулгүй байдлаас шалтгаалан дээрх бараа бүтээгдэхүүн очихгүй болсон учраас европчууд Хиристофер Колумб, Фернан Магеланы аяллыг санхүүжүүлсэн байдаг. Гол зорилго нь Энэтхэг хүрч торго, шаазан, халуун ногоо авах. Үүнээс газар зүйн их нээлт гарч дараагийн шинэ ертөнцийн эрин үе эхэлсэн.  Дараа нь Монголын бага хаад Дундад Азидаа мөн л худалдаа хийгээд явж байсан. Хамгийн сүүлд Зүүнгарын хаант улс буюу 1755 он хүртэл дундад Азийн худалдааны гол замыг барьж байлаа. Манжийн эрхшээлд орсон үед өнөөгийн Сичуаниас эхээд Хөххот-Улаанбаатар-Хиагт-Улаан-Үд-Москва хүртэл явдаг “Цайны зам” нэртэй худалдааны шинэ зам бий болсон. Улмаар Богд хаант Монгол Улстай золгоход 10-аад жил бие даан гадаад худалдаа хийсэн байдаг. 1921 оны хувьсгалыг хийсэн хүмүүс дунд Данзан нэртэй хоёр хүн монголын гадаад худалдаанд онцгой үүрэгтэйгээр оролцсон байдаг. Солийн Данзан нь “Harley” мотоцикл унадаг, Манжуурт пүүсийн хувь эзэмшдэг нэгэн байсан. Нөгөө Данзан нь Японы Осакад очоод өөрөө пүүс байгуулсан ч байх шиг. Энэ мэтээр хөрөнгөтнүүд төрөн гарч байсан гээд Монголын түүхэнд гадаад худалдаа, олон улсын худалдаа тасалдсан тохиолдол огт байхгүй. Дэлхийн үйлдвэрлэлийн сүлжээнд “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой бараа бүтээгдэхүүн төдийлөн нийлүүлэгдэж байгаагүй. Гэсэн ч МЭӨ 198 оноос хойш 1755 он хүртэлх бүх хугацаанд ялангуяа Евроазийн бүсдээ үйлдвэрлэгч улсаас хэрэглэгч улс хүртэлх замын хяналт, аюулгүй байдал, гааль татварын бүх системийг Монголчууд дангаараа бие даан хийж ирсэн. Торгоны замын гурван ч урсгал бидний өвөг дээдсийн гарт байсан. Гагцхүү “1921 оноос өмнө та нар хэн ч биш байсан шүү” гэх “тархи угаалт” явсан. Улмаар Монголчуудын өмнөх түүхийг нь мартагдуулсан. Үр дүнд нь бид энэ салбарыг өмнө нь огт мэддэггүй байсан мэтээр бодоод, ойлгоод байгаа юм.

 

-Олон улсын худалдааны зах зээлд гарахад өмнөд хойд хоёр хөршөөрөө зааглагдсан байдал бидэнд гол чөдөр болж байна гэж ярьж, ойлгох нь цөөнгүй байдаг?

 

-Товчхондоо судлаач шинжээчид, улс төрчид, бизнесийнхэн л ажлаа хийх ёстой. Нэг том алдаа байдаг нь энэ гурван салбарт байгаа хүмүүс бүгд худалдаанд холбоотой асуудал дээр "гоншигнодог". Дандаа л зовлон тоочиж, бусдаас буруу эрдэг. Орос, Хятадын аль алинд нь ч Монгол Улсыг хөгжүүлэх, биднийг сайхан амьдруулах үүрэг байхгүй шүү дээ. Энэ хоёр улс бидэндтэй эрх тэгш харилцъя гээд тусгаар тогтнолыг маань хүртэл хүлээн зөвшөөрсөн байхад үлдсэн ажлыг нь бид өөрсдөө хийх ёстой. Дэлхий өөрөө хавтгай болчихлоо. Олон улсын худалдааны хориг саадыг давдаг маш олон аргатай боллоо. Манайх дэлхийн худалдааны байгууллагын гишүүн. Ялангуяа, далайд гарцгүй орнуудын тээврийг хөнгөвчлөх хэлэлцээрийг манайх Парагвай улстай хамгийн анх санаачилсан. Улмаар 2014 онд тухайн конвенцэд нэгдлээ. Хэлцэлийн талбарт ороход шаардлагатай бүх зүйл нь бэлэн байна. Хамгийн гол нь хэлэлцээрт ордог мэргэжилтнүүд тэднийг дэмждэг улс төр, санхүүжүүлдэг бизнес алга. Хэлэлцээрт орохын тулд мэдлэг, улс төрийн дэмжлэг, мөнгө хэрэгтэй. Гэтэл нэг санаа зорилгоор явах бус дор бүрнээ гоншигноод л яваад байна. Энэ бидний гол алдаа. Мэдээлэл гэдэг бол зэвсэг. Гэтэл мэдээллээ огт солилцдоггүй. Нөгөө талаар Монголын газар нутгаас бараа бүтээгдэхүүн зөөх, эсвэл гадаадаас Монгол руу бараа бүтээгдэхүүн оруулах харилцааг худалдаа гэж ойлгож болохгүй. Жишээ нь “Made in Mongolia” буюу монголд үйлдвэрлэв гэдэг ойлголт хэдийнээ хоцрогдчихсон. Улс дотроо ямар нэгэн зүйл үйлдвэрлээд түүнийгээ зарах тухай л яриад байгаа. Гэтэл Монгол хүн Вьетнам юмуу Хятадад очоод ямар нэгэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлээд, патентыг нь аваад, оюуны өмчийг нь баталгаажуулаад, компани байгуулаад, гадны оронд захиалж үйлдвэрлүүлээд, татваргүй бүсээс нь Америкийн зах зээлд хүргээд, тухайн зах зээлээс нь хятад хүмүүс худалдаж аваад Бээжинд байгаа гэр бүлдээ явуулах нь “Made in Mongolia”-ийн нэг хэлбэр юм. Тэгэхээр зохион байгуулалтын л асуудал байна гэсэн үг. Улсынхаа эдийн засгийг зөвхөн ДНБ-ээр хэмжих нь ч өрөөсгөл юм. Дэлхий дахинд ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын нийт иргэний бүтээж байгаа баялаг, тэдний эх орон руугаа илгээж байгаа мөнгө, хөрөнгө оруулалт, но-хао, технологийн үзүүлэлтүүдээр илэрхийлэх ёстой. Улс бүр өөрийн гэсэн индексийг зохиож, түүнийгээ мөрддөг. Жишээ нь Скандиновын орнуудаас эхлэлтэй “Аз жаргалын индекс” гэж бий. Иргэдийнхээ сэтгэл хангалуун байдлаар улс орныхоо хөгжил, эдийн засгийн өсөлтийг илэрхийлдэг болчихлоо. Бид ч гэсэн ийм үзүүлэлт зохиох, аль эсвэл хуулбарлан хэрэгжүүлэх шаардлагатай гэж би боддог.

 

-БНХАУ-ын худалдааны хэтийн төлөвийг та судлаач хүнийхээ хувьд хэрхэн харж байна вэ. Бид “Ази Европыг холбосон хамгийн дөт зам бол манайх” гэж ярьсаар багагүй хугацаа өнгөрлөө. Гэтэл өмнөд хөрш маань манай энэ давуу талыг сонирхож байна уу?

 

-Монгол Улс нь хөгжиж байгаа орнуудын нэг учраас том гүрнүүдийн геополитикийн нөхцөл байдал яалт ч үгүй нөлөөлж байна. Орос Украйны дайн, АНУ БНХАУ-ын худалдааны дайн гээд олон саад бэрхшээл бидэнд бий болж байгаа. Гэхдээ том утгаараа эерэг өөрчлөлтүүд ч ажиглагдаж байна.  Өнгөрөгч арваннэгдүгээр сард л гэхэд “Хятадын импортын үзэсгэлэн” зургаа дахь жилдээ Шанхай хотноо зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэнд АНУ-ын холбооны засгийн газрын 17 төлөөлөгч, мужийн 20 захирагч оролцсон. Ивээн тэтгэгчээр нь  АНУ-ын Худалдааны яам Анчан буюу АНУ-д төвтэй худалдааны тахим оролцсон.  Залгуулаад БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жин Пин  Жой Байдентай уулзлаа. Үр дүн нь хоёр улсын худалдааны дайныг зогсоох явдал. Манайд хамгийн ихээр нөлөөлдөг нь ОХУ БНХАУ-ын болон АНУ БНХАУ хоорондын харилцаа. Хэдийгээр дайн болж байгаа ч ОХУ БНХАУ хоорондын харилцаа улам ойртож байна. Дээрээс нь АНУ БНХАУ улсын худалдаа таатай байдлаар шийдэгдэх нь бидэнд хэрэгтэй. Гэхдээ энэ боломжуудыг яаж ашиглах вэ гэдэг нь зөвхөн биднээс хамаарна. Хамгийн бодит зэвсэг нь үнэн бодит мэдээ мэдээлэл, судалгаа шинжилгээ. БНХАУ-ын ялангуяа тав таван жилийн төлөвлөгөөг нь маш сайн анзаарч, түүнд хамтран ажиллах бодлогоо тусгуулах нь маш чухал. Тухайлбал, 2013 оноос хойш хэрэгжүүлж байгаа “Бүс ба зам” санаачилгын хүрээнд эх газраар явж байгаа хуучин “Торгоны зам”-аа сэргээж, “Эдийн засгийн торгоны замын бүс” гэж нэрлэсэн. Бүх төлөвлөлтөө үүний дагуу хийж байна. Хоёрдугаарт, далайгаар явах тээвэр, ложистик худалдаагаа “XXI зууны далайн торгоны зам” гэж нэрлэсэн. Энэ хүрээнд эхний төлөвлөлтдөө эдийн засгийн хуурай газрын зургаан коридор байгуулна. Хамгийн том коридор нь Жиансу мужаас Голланд хүртэл 10 гаруй км байх юм. Үүний хүрээнд Евроазийн авто зам, төмөр замын сүлжээг төлөвлөж байна. Жиансу-Недерландаар дамжаад Шинжан руу орж цаашаагаа Станы орнуудаар явах төлөвлөлтийг хийсэн. Сэхээ-Шивээхүрэнгийн төмөр замын холбох гээд яаравчлаад байгаа нь дээрх хуурай замын төлөвлөлттэй л холбохыг зорьж байгаа юм. Хамгийн гол нь тухайн төлөвлөлтийг хийж байгаа Хятадын төрийн зөвлөл, Засгийн газар, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороотой төр засгийн хэмжээнд хэрхэн харьцах вэ. Манайхаар эдийн засгийн яам буюу Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооных нь дэргэд судалгаа шинжилгээний 27 хүрээлэн байдаг. Тэдэнтэй харьцдаг төрийн болон хувийн “Think tank”-ууд, мэргэшсэн судлаачид хэр байна вэ. БНХАУ хил дамнасан цахим худалдааны 165 бүсийг төлөвөлсөн байдаг. Манай Далайн захиргааны газраас Монголд хуурай газрын найман боомт байгуулна гэж яриад байгаа. Тухайн бодлогыг БНХАУ-ын дэвшүүлсэн бодлогуудад хэрхэн уялдуулж байна вэ гэхчлэнгээр нарийн мэдээлэл төлөвлөгөө хэрэгтэй. Тэгэхээр хамгийн чухал нь шийдвэр гаргаж байгаа болон бизнесийг газар дээр нь хийж байгаа хүмүүсийг үнэн бодит хэрэгтэй мэдээллээр хангах шинжээч судлаачдын бүтэц нь өөрөө байхгүй учраас ажиллахгүй. Энэ бол бидний өмнө байгаа хамгийн том бэрхшээл. Хүний нөөцийн хувьд маш их дутагдалтай. Өмнө нь гадаад худалдааны салбарын мэргэжилтнүүдийг ЗХУ-ын гадаад худалдааны академид явуулж бэлтгэдэг байлаа. Бүр хятад судлалын секторын мэргэжилтнүүдийг явуулж бэлтгэдэг байсан. Одоо бол МУИС, ХҮИС, СЭЗДИС-иудад дийлэнх нь нягтлангуудыг л бэлтгээд байдаг. Зарим хүмүүс надтай адилхан л сайн дураараа явж боловсрол эзэмшлээ шүү дээ. Олж авсан мэдлэгээрээ төр засагт зүтгэе гэхээр хүлээж авах нь ховор. Хүлээж авсан ч цалингийн сангаас эхлээд учир дутагдалтай зүйл олон гардаг. Түүнээс гадна сургууль төгсөөд ирсэн залуус ажлын талбартаа академик, практик мэдлэгийг хослуулах ёстой атал дийлэнх нь практик тал руугаа явчихдаг. Эсвэл тухайн төгссөн орондоо өндөр цалинтай ажиллаж байна. Зарим нь томоохон компанийн маркетингийн албанд нь орчихдог. Академик хэмжээний судалгаа хийх боломж бидэнд олдохгүй байгаа юм. Миний хувьд аль алиныг нь хослуулахын төлөө зүтгэж яваа нэгэн төлөөлөл учраас хүмүүс зарим тохиолдолд арай илүү анзаараад байгаа юм. Би аливаа дэмжлэгт дургүй. Сайн судлаач өөрөө л тодорч гарах ёстой шүү дээ. Гэхдээ хүн бүр ижилхэн чадвартай биш учраас ядаж л чиглүүлэхээс эхлээд бойжуулах үйл явц бас хэрэгтэй байгаа юм.

 

-Та судлаач хүний хувьд одоо хэрэгжиж байгаа шинэ төмөр замын төслүүдийн үр дүн нь хэр байгаа гэж хардаг вэ?

 

-Өнгөрөгч зургадугаар сарын 27-29-нд Монгол Улсын Ерөнхий сайд Бээжинд айлчиллаа. Тяньжинд зургаан улсын Ерөнхий сайдыг урьсны нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд байлаа. Энэ үйл явдлын дараагаас хил, гааль, төмөр зам, боомтын сэргэлтийн бодлого нь өмнөх төлөвлөлттэйгөө уялдах нь уу дээ гэсэн хандлага ажиглагдаж байна. Нэг үеэ бодвол судлаачдынхаа санаа бодлыг сонсохыг эрмэлзэж байх шиг. Бид нэн тэргүүнд дэд бүтцээ маш сайн болгох хэрэгтэй. Ямар нэгэн айдас байж огт болохгүй. Дэд бүтэц бэлэн болсны дараа бид өөрсдөө эцсийн худалдан авагчидтайгаа харилцана. Яагаад вэ гэхээр ложистик, тээвэр аль аль нь хүндрэлтэй байгаа учраас тэрхүү эрсдэл рүү дундын зууч л орж ирж байна шүү дээ. Эцсийн худалдан авагчид ийм эрсдэл үүрэхийг хүсэхгүй. Ложистик тээвэр, хил боомтын гацаагүй тохиолдолд л тэд орж ирнэ. Парисын хэлэлцээрт БНХАУ ч нэгдэн орлоо. Тэгэхээр Монгол Улс болон БНХАУ-ын харилцааны хамгийн том агуулга нь “Байгаль орчны нөхөн сэргээлт, хамтын ажиллагаа” болоод байгаа юм. Энэ ч агуулгаараа манай Ерөнхий сайд өнгөрөгч аравдугаар сард “Бүс ба зам” уулзалтад оролцохдоо Ниншиа мужид очиж цөлжилтэй хэрхэн тэмцэж байгаатай биечлэн танилцлаа. Уул уурхайн нөхөн сэргээлтийг хэрхэн хийж байгаа туршлагыг судаллаа. Эсийн худалдан авагчийн хамгийн том шалгуур нь юу байна вэ гэхээр хариуцлагатай уул уурхай буюу нөхөн сэтгээлт хийдэг, үүнд зориулсан тодорхой хөрөнгийг төсөвлөдөг бол буцаад байгаль орчны төслүүд манайд орж ирэх боломжтой юм. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж үг бий. Бидний хувьд сав нь дэд бүтэц юм. Ирэх буцах дэд бүтэц нь аюулгүй байгаа тохиолдолд урсгал нь зогсохгүй Евроазын эдийн засаг утгаараа өргөжин тэлэх юм. Дайн бол мөнх үргэлжлэхгүй, хэзээ нэгэн цагт дуусна. Тэр үед эдийн засаг сайжирна. Аль аль талдаа энэ дайныг сунжруулж, эдийн засаг худалдааг зогсонги байдалд оруулахыг хүсэхгүй шүү дээ.  Тэгэхээр Орос Украйны дайн дуусах үед бид орц гарцаа хэдийнэ бэлэн болгочихсон байх ёстой.

 

-Цар тахлын  нөхцөл байдал бидэнд Турктэй худалдаа хийж болох юм байна гэсэн шинэ ойлголтыг нээж өгсөн. Улсын бодлого гэхээсээ илүү энэ гарцыг худалдаачид бараг л өөрсдөө нээх шиг боллоо. Энэ мэтээр өөрсдийн хүчин чармайлтаар бий болгож болохуйц боломж бидэнд хэр их байна вэ?

 

-Тэгэлгүй яах вэ. Худалдаачид нээсэн. Хятад ба АСЕАН дээр жишээ авъя. АСЕАН нь Зүүн өмнөд Азийн эдийн засгийн холбоо юм. Энэ холбоо цар тахлын үеэр Хятадын худалдааны хамгийн том түнш боллоо. Би өөрөө  Веьтнам тэргүүтэй Зүүн Өмнөд Азийн орнуудаар тодорхой хэмжээнд явж судалгаа хийдгийн хувьд Вьетнамчуудтай найрсаг харилцаатай. Манай хувийн компани л гэхэд тус улсын хамгийн томд тооцогдох “Ратрако” хэмээх төр хувийн хэвшил хамтарсан групптэй хамтын ажиллагаатай. Тус группийн 50 чингэлэг Монгол Улс руу хүнсний бүтээгдэхүүн оруулж ирж байгаа. Тэдгээр чингэлэг одоогоор хоосон буцаж байна. Үүнийг ашиглах боломж нь хэнд ч нээлттэй байх жишээтэй. УБТЗ-ын орлогч дарга асан Д.Ганболд хэсэг хугацаанд манай компанийн зөвлөхөөр ажиллаж байсан.Тухайн үед бид хоёр Веьтнамын төмөр замынхантай уулзахад тэдэнд манай талын мэдээлэл маш үнэ цэнэтэй байсан. Тэгэхээр төмөр замын шинэ коридор нээх боломж нь бидэнд бас байна гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл Хятадын хуурай газрын коридор бидэнд нээлттэй байна. Үүнийг ашиглаж АСЕАН-ны орнууд руу экспорт хийх, буцаагаад импорт хийх хэрэгтэй. Саяхан манай Ерөнхий сайд л гэхэд цагаан будааг 50 хувь хямдралтайгаар нийлүүлэх хэлцэл хийлээ. Түүнийг яг юугаар авах юм бэ. Төмөр зам гэдэг чинь хамгийн хурдан бөгөөд найдвартай тээвэр. Хамгийн хямд нь далайн тээвэр ч гэлээ бүх бараагаа зөөж чадахгүй. Жининь-Эрээний нарийхан урсгал ачааллаа дийлэхгүй байна. Энэ мэтчлэнгээр гарц, боломжууд бидэнд маш олон байна. Гэвч үүнийг нэг хүрээлэл юм уу нэг хүн судлаад нэг бүрчлэн хэлж өгнө гэдэг маш хэцүү. Хоорондоо өрсөлддөг, хамтардаг, түншилдэг төрийн болон хувийн хэвшлийн “Тhink tank”  буюу судалгааны хүрээлэнгүүд олноороо төрж, тэдний ажлыг төр хувийн хэвшлүүдээ ивээн тэтгэж, санхүүжилт оруулж байж ашиг маань өснө.

 

-Монгол Улс Зүүнхойд Азийн бүс нутгийн интеграцид гишүүнчлэлтэй. Үүний давуу тал нь юу вэ?

 

-Яг үнэндээ энэ интеграци нь өөрөө эдийн засгийн холбоо биш юм. Умард, хойд хоёр Солонгос, Япон, Хятадын хойд бүс, ОХУ-ын Алс дорнод тав нийлээд холбоо болдог. Гэтэл Япон, Өмнөд Солонгос, Хятад гэсэн гурван том улс “АСЕАН+3” нэртэй холбоог байгуулсан. Үүгээрээ татварын хөнгөлөлттэй чөлөөт худалдааны хэлэлцээртэй, ложистикийн хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр яваад байна. Бид харамсалтай нь тэр тойргоос гарчихсан. Бид газар нутгийн байршлаас эхлээд АСЕАН-д шууд нэгдэх боломж хомс. Энэ холбоо нь өөрөө газар нутгийн хувьд Зүүн Өмнөд Азийнх, дээрээс нь хэл соёл, хил залгаа байх гэхчлэнгээр олон бэрхшээлтэй. Миний дэвшүүлж байгаа санаа бол бид яагаад “АСЕАН+4”, бүр эсвэл “АСЕАН+6” гээд орчихож болохгүй гэж. Яагаад вэ гэхээр “АСЕАН+3”-аас гадна АСЕАН+5” гэсэн платформ байгаа. Тэр нь Шинэзиланд Австрали хоёр Япон, БНСУ, БНХАУ-тай нийлээд  “АСЕАН+5”  буюу чөлөөт худалдааны хэлэлцээрийг хийсэн. Хэрэв бид энэ холбоонд нэгдэж чадвал өнөөдрийн үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг шийдэхээс гадна дээрх гааль татварын хөнгөлөлтийг эдлэх бүрэн боломжтой. Тэгэхээр энэ чиглэл рүү манай төр засаг, бизнесийнхэн лоби хийх шаардлагатай байгаа. Монголын нүүрс яагаад гуравдагч орон руу гарч болдоггүй юм бэ. Гэтэл Вьетнамчууд манай нүүрсийг авах маш их сонирхолтой байна шүү дээ. Үүнээс гадна АСЕАН-ын орнуудын хүчин чадлыг ашиглаад хятадтай хэлэлцээр хийж, жил бүр зохион байгуулдаг тээврийн хэмжээ тохиролцох хурлаар өөрт ашигтай шахалтыг үзүүлээд явах бүрэн боломжтой. Товчхондоо чиглэл өгөх буюу мэдээлэл солилцоо гэдэг маш чухал юм гэж судлаач хүний хувьд боддог доо.

 

-Таны харж буйгаар БНХАУ-аас манайд ашигтай худалдааны хувилбар нь юу байна вэ?

 

-Өнгөрөгч аравдугаар сард “БНХАУ-ын хөрш орнуудтайгаа харилцах төрийн бодлого” гээд шинэ баримт бичиг гарсан. Дэлхий нийтээс тус улсын “Бүс ба зам” бодлогыг “Танай улс өрийн хавх үүсгэж байгаа юм бишүү. Дээрээс нь танай улсын эдэн засаг өсөөд байхад хөрш орнуудын чинь эдийн засаг өсөхгүй байна” гэдэг шүүмжлэл их ирж байгаа учраас тухайн баримт бичгээрээ дамжуулан хариу тайлбар өгөхийг хичээж байна. Ялангуяа, Монгол Улстай хамгийн урт хуурай газраар хиллэдэг мөртөө хөршийнх нь эдийн засаг өсөхгүй байна гэдэг тэдний хувьд ичгэвтэр явдал юм. Үүнээс гадна Ши Жинь Пин дарга нэгдүгээрт, бүс нутгийн хөгжлийн, салбар хоорондын ашгийн, хүн амын орлогын, халамжийн зөрүү гэсэн дөрвөн зөрүүг арилгана гэдгээ мэдэгдсэн. Бүс нутгийн хөгжлийн зөрүүг арилгана гэдэг нь далайн эргийн зургаан муж нь өндөр хөгжсөн учраас төвийн болон баруун хойд, хойд мужуудаа тухайн зургаан мужтай жигд хөгжилтэй болгоно гэсэн үг. Хуучин бол Австрали, Индонезийн нүүрс далайн эрэг дээр буугаад тэр орчмынхоо аж үйлдвэрүүдэд борлуулагдаад байсан. Одоо харин аж үйлдвэрүүдээ  төвийн муж болох Жянсу, Ниншя, Шинжан руу шилжүүлж байна. Эдгээр нь манайтай хиллэдэг нутаг шүү дээ. Уул уурхайн бүтээгдэхүүнийг маань авах асар том орон зай байна гэсэн үг. Нөгөө талдаа саяхан болсон Хятадын импортын олон улсын үзэсгэлэнгийн үеэр нэг тэрбум ам.долларын хэлэлцээр тэнд үзэглэгдлээ. Гаднаас бүтээгдэхүүн авъя гээд байна. 400 сая дундаж давхрагын хэрэгцээг зөвхөн дотоодоосоо хангах боломжгүй учраас инноваци, технологи шингэсэн дараагийн түвшний бараа бүтээгдэхүүнийг авах сонирхлоо илэрхийлээд байна. Яагаад хил дамнасан цахим худалдааны 165 чөлөөт бүсийг зарлаад байгаа юм бэ. Сүүлийн хоёр гэдэг нь уул уурхайн бүтээгдэхүүний импорт биш юм. Инноваци шингэсэн буюу эцсийн бараа бүтээгдэхүүнийг дотооддоо оруулах бодлогыг хэлээд байгаа юм.

 

-Тэгэхээр бид ямар бодлогоор ажиллах нь чухал вэ?

 

-Ийнхүү өмнөд хөрш маань бодлогоо зарлачхаад байхад бид нийлүүлэх бараагаа үйлдвэрлэж, бэлэн байлгаж, тэдэнтэй харилцаа холбоо тогтоож байж нийлүүлнэ шүү дээ. Эцэст нь хэлэхэд тэд юу хүсэж байна вэ гэдгийг бид мэдэж байж харилцаа тогтооно. Түүнээс биш “Бид ийм хүсэлтэй байна” гээд сохроор дайраад байж болохгүй. Дээрээс нь айгаад байж болохгүй. Айдас бол тухайн орныг, ард иргэдийг сул дорой байлгадаг нэгэн хүчин зүйл.

 

-БНХАУ-ын тал Монголын талаас тавьсан саналыг зөвшөөрөхгүй байх. Зөвшөөрсөн ч хэрэгжүүлэх хүртэл хугацаа нь маш удаан үргэлжлэх тохиолдол их ажиглагддаг. Хамгийн бодит жишээ гэвэл Замын-Үүд-Эрээн хоорондын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх тухай хэлэлцээрийг нэрлэж болох юм. Судлаачийн өнцгөөс харахад үүний цаад учир шалтгаан нь юунд оршдог вэ?

 

-Хэлэлцээр гэдэг заавал нэг талынхаа тулгасан шаардлагыг биелүүлэх явдал биш шүү дээ. Хамгийн гол нь өөрсдийнх хэлээр л тэдэнтэй ярих явдал. Танай төрийн бодлого ийм байна. Бид энэ чиглэлд нь оролцоё гэхчлэнгээр санаачилгатай, дээрээс нь овсгоо самбаатай байх хэрэгтэй. Яг л шатар нүүж байгаатай адилхан юм. Шатар бүхэн адилхан хүүтэй шүү дээ. Хятадын тал гэхээрээ гурав, дөрвөн давхар хүү эгнүүлээд байдаггүй гэсэн үг. Гэтэл бид адилхан хүүтэйгээ тооцоолохгүйгээр гараа хумхиад байж болохгүй. Заримдаа бид адилхан мадлаж болно. Өөрөөр хэлбэл, тэдэнтэй эн тэнцүү хэлэлцээр хийх мэргэжилтнүүд манайд байхгүй учраас тэдний аманд ороод байгаа юм. Би танд ганцхан жишээ хэлье. Хятадууд олон улсын хэлэлцээрт орохдоо салбартаа хамгийн багаар бодоход 20 жил ажилласан судлаач шинжээчдийг улсынхаа нэрийн өмнөөс оруулдаг. Улс төрчид зөвхөн гар барьж, гарын үсэг зурдаг. Жишээ нь, би 18 нас хүрээд худалдааны мэргэжилтэн болъё гэвэл 22 настайдаа төгсөнө. Хятадууд бол дахиад 2-3 жил, дахиад нэг жил завсарлаад 25 настайдаа мастерт сурна. Ингээд дараа нь судалгааны хүрээлэнд ороод ажиллахад 30 настайдаа доктор хамгаална. 40 нас хүртлээ жирийн судлаач хийнэ. Сайндаа ахлах мэргэжилтнээр ажиллана. Дахиад таван жил ажилласны дараа буюу 45 хүрч байж хэлэлцээр хийх түвшний түшмэл, мэргэжилтэн, шинжээч болно. Өөрөөр хэлбэл 27-28 жил салбарынхаа гал  тогоонд чанагдаж мэргэшсэн хүмүүс бидэнтэй хэлэлцээр хийж байгаа. Тэд онолоо, практикаа, манай болон өөрийнхөө давуу сул тал гээд бүгдийг мэднэ. Харин манайхан яадаг гээч. Засгийн газар нь хоёр жил, сайд нь 1.8 жил, түүнийг дагалдаж очдог газрын дарга нар нь 1.6 жилийн хугацаатай хүмүүс байдаг. 1.6 жилийн хугацаат үүрэгтэй хүмүүс хэлэлцээрт орж байна шүү дээ. Хамгийн харамсалтай нь тэр хүмүүс мэргэжлийн байж чаддаггүй. Сайдаа дагаж явдаг бүтэцтэй.  Сайд нь барилгын салбарт очвол барилгын салбарын газрын дарга, эрүүл мэндийн салбарт очвол эрүүл мэндийн газрын дарга нар болдог яг л хамелион шиг. Ийм хүмүүс зөвхөн нэг салбарт, нэг сэдэв дээр амьдарлаа зориулчихсан хүмүүстэй ашигтай хэлэлцээр хийж чадах уу. Бид үүнийг хатуу хэлэх ёстой. Бидний гол алдаа ерөөсөө л энэ. Судлаач хүн зөвхөн салбараа судлахгүй. Нэн тэргүүнд түүх судлах шаардлагатай болно, дээр нь улс хоорондын геополитикийн асуудлаа мэдэж байх ёстой. Тухайн улсуудын хөнгөлөлтийн бодлого нь юу болох, пүүсүүд нь юу үйлдвэрлэдэг гээд маш өргөн мэдлэг мэдээлэлтэй байж гэмээнэ цогцоор нь харж чаддаг. Тийм ч учраас Засгийн газрын гишүүн болон газрын дарга нар олон улсын хэлэлцээрт ороход дэндүү жулдана. Жулдаад байгаа учраас бид өнөөгийн нөхцөл байдалтай тулгараад байгаа юм.

 

-Монгол Улс дэлхий нийтийн хөгжлөөс хоцроод байгаа нь олон зүйл дээр ажиглагдаж байна. Гэхдээ бидэнд алдсан боломжоо нөхөх арга зам байхгүй гэж үү?

 

-Веьтнам гэхэд л өнгөрсөн онд ДНБ нь 400 тэрбум ам.долларт хүрч дэлхийд 19 дүгээр байрт ороод ирлээ шүү дээ. Энэ бол геополитикийн маш том тоглолт хийж чадсаны үр дүн. БНХАУ, АНУ аль алинтай нь сайн харилцаатай ажиллаж, машин тоног төхөөрөмжийг нь нийлүүлж байна. Тэд бол биднээс хол тасраад явчихлаа. Тэд 1970-аад онд АНУ-тай дайтаж, 1980-аад онд БНХАУ-тай маш таагүй харилцаатай байсан улс шүү дээ. Тэр харилцаагаа маш богино хугацаанд гэтэлж чадлаа. Далайд гарцгүй улсуудаас манайтай хамгийн ойрын жишээ гэвэл Лаос байна. Зургаан сая хүн амтай тус улсыг бид маш буурай хөгжилтэй гэж боддог. Гэтэл тэд  бүс нутгийн хэлэлцээр буюу төмөр замын хэлэлцээрт  багтаж Вьетнам, Хятадын аль алиных нь хөрөнгө оруулалтаар төмөр замын том сүлжээ байгуулж байна. Вьентьян хот нь метротой болчихлоо. Магадгүй таван жилийн дараа бид тус улсын өндөр хөгжлийн талаар очиж туршлага судлах байх шүү. Латин Америкийн Парагвай гээд улс бас л манайхтай ойролцоо. Гэтэл дэлхийн худалдааны байгууллагын далайд гарцгүй орнуудын төмөр замын хэлэлцээрийг санаачлаад ямар хурдацтай хөгжиж байна вэ.  Зүүн Европт Серби гэж улс байна гэхчлэнгээр уншиж судлаж, хөгжлийн нууцаас нь суралцах олон жишээ байна. Манайд байгаа маш том давуу тал гэвэл угуул нүүдэлчид учраас хувь хүнийх нь чадвар маш өндөр. Хэл сурах, дасан зохицох чадвар, айж эмээхгүйгээр дэлхийн хаана ч очоод ажиллаж амьдрах боломжтой зоригтой, шийдэмгий байдал зэргээрээ аль ч орны иргэдийг дагуулахгүй. Дээр нь хилийн хойно урд тархан суурьшсан  гэдэг нь Хятадад явж байхад маш том давуу тал болдог. Тэдний тогтоосон бизнесийн судалгааны суваг руу ороход маш дөхөм байдаг.

 

-Цаг зав гарган сонирхолтой ярицлага өрнүүлсэнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 

Б.Дэлгэрхишиг