Шинэ оны босгон дээр ахмад төмөр замчин Б.Цэгмэд гуай “Монгол Улсын гавьяат тамирчин” цол хүртлээ. Пауэрлифтингийн тив, дэлхийн олон удаагийн дээд амжилтыг эзэмшигч энэ эрхэм хүн төмөр замын мэргэжлийн инженерүүдээс төрсөн анхны “Гавьяат тамирчин” гэдгээрээ түүхэнд нэгэн шинэ мөрийг бичлээ.

-Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэнд тань олон хүн баярлалаа. Таны уйгагүй хөдөлмөр, мятрашгүй хичээл зүтгэл энэ эрхэм шагналд хүргэлээ. Танд баяр хүргэе?

-Баярлалаа. Ерөнхийлөгчөөс энэ өндөр дээд шагналыг авахдаа ах нь дотроо “Төмөр замын инженер болсны минь гавьяа” гэж бодсон шүү. Яагаад гэвэл энэ спортод ийм амжилт гаргахад төмөр замын, төмөр замчдын дэмжлэг, туслалцаа маш их байлаа. Үе үеийн Замын дарга, удирдлагууд, төмөр замчид маань дэмжиж, урам өгч байсанд гүнээ талархаж байна.

Ахмад тамирчдын буюу мастер ангиллын тив, дэлхийн аваргын тэмцээнүүд 1995 оноос нээгдсэн байсан. Би 2001 онд тэтгэвэрт гармагцаа энэ спортод өөрийгөө бүрэн зориулах зав чөлөөтэй болсон. 2002 онд Австралид болсон Дэлхийн мастеруудын наадамд анх явсан. Тэр болтол ийм том наадамд Монголоос ерөөсөө хүн оролцож байгаагүй юм билээ. Би санаачлаад хамт явах хүмүүсээ бэлтгэл хийлгээд явж байлаа. Тухайн үед Замын орлогч дарга В.Отгондэмбэрэл надад замын зардлыг маань шийдэж өгсөн юм шүү дээ. Тэгтэл Замын нэгдүгээр орлогч дарга А.И.Черных гуай таараад “Та тэмцээнд явах гэж байна уу?” гэнэ. “Тиймээ. Надад төмөр зам маань замын зардал гаргаж өглөө” гэтэл “Би бусад зардлыг нь гаргаж өгнө” гээд 850 ам.доллар цохож өгч билээ. Ингээд Австралид бүх зардлаа төмөр замаасаа шийдүүлчихсэн данагар баян хүн хамт явсан нөхдөө хоолонд даасан шиг... явсан даа.

2004, 2009 оны Дэлхийн мастеруудын наадамд мөн л төмөр зам дэмжсэн. 2004 онд Австрийн Венад болсон Дэлхийн аваргын тэмцээнд, 2010 онд Чех болон Польшид болсон тэмцээнд, 2011 онд Канадад, 2013 онд Чехэд, 2014 онд АНУ-д болсон тэмцээнүүдэд явахад төмөр замаас замын зардал гаргаж өгч байлаа.

ОХУ-ын нутгаар галт тэргэнд улаан тасалбартай явчихна. Бусад тамирчид маань бараг нийтийн вагонд шахуу явж байхад би нэгдүгээр зэрэглэлийн зөөлөн вагонд ганцаараа тухалчихсан данайгаад л явж байна шүү дээ. Энэ мэтчилэнгээр олон удаа намайг дэмжиж тусласан

Р.Раш, В.Отгондэмбэрэл Л.Халтар, А.И.Черных, В.В.Магдей, Д.Жигжиднямаа, И.А.Домбровский, Т.Очирхүү, Санхүү албаны дарга П.Г.Колдаева, орлогч дарга Б.Ариунаа нарт үнэхээр баярлаж явдаг.

-Таныг тив дэлхийн дэвжээнд Монгол Улсынхаа нэрийг гаргаж, төрийн дууллаа эгшиглүүлж байхад төмөр зам таны найдвартай ар тал байжээ?

-Хэлээд юу гэх вэ. Нэг явдал санаанаас ер гардаггүй юм. Бас л гадаад руу тэмцээнд явах гээд Замын нэгдүгээр орлогч И.А.Домбровский даргын үүдэнд сууж байтал Санхүү албаны дарга П.Г.Колдаева таараад “Та ямар хэргээр явна вэ?” гэж байна. Би “Тэмцээнд явах гээд замын зардал хүсэх гэсэн юм” гэвэл “Алив өргөдлөө надад өгчих” гээд даргын өрөө рүү орчихлоо. Удалгүй миний өргөдлийг цохуулчихсан “Би И.А.Домбровский даргаас “Та 70 настайдаа 70 кг-ын штанг өргөж даах уу?” гэж асууж байгаад таны өргөдлийг цохуулчихлаа” гээд инээж билээ.

2002-2016 онд тив дэлхийн олон арван тэмцээнд явахад төмөр замаас надад 20 гаруй сая төгрөгийн зардал гаргаж өгсөн байдаг юм. Ийм дэмжлэгтэйгээр би тив, дэлхийн тавцанд амжилт гаргаж явж ирсэн. Энэ хугацаанд дэлхийн мастер ангилалд би дэлхийн рекордыг 89 удаа тогтоосон. Одоо гуч гаруй рекорд эвдэгдээгүй байгаа. Хамгийн гол нь, би өөрийнхөө рекордыг өөрөө эвдэж, шинэчлэн тогтоосон юм. ОХУ-д зохиогдсон Дэлхийн цомын тэмцээнд 6-7 удаа оролцсон. Дэлхийн аваргаас ес, Дэлхийн цомоос 12, Азийн аваргаас 11 алтан медальтай. Төмөр замынхаа буянаар л ах нь ийм амжилтад хүрлээ шүү дээ. Ямар сайн даа, ийм хүндтэй шагнал хүртсний дараа сэтгэл хөдлөөд

“...Тэтгэврийн муу хөгшин

Тээврийн зардлаа

Төмөр замаараа төлүүлчихээд

Тив дэлхийн дэвжээнд даналзаж явлаа...” гэдэг дөрвөн мөрт орж байхав. Баярласан сэтгэл л юм даа, тиймээ . . .

-Тийм шүү, тив, дэлхийн дэвжээнээс алтан медаль зүүж, дэлхийн рекорд тогтоогоод ирээд байхаар тань таныг дэмжилгүй яахвэ?

-Би чинь дандаа ч ганзага дүүрэн явсангүй. Гурван ч тэмцээнд амжилт үзүүлж чадалгүй төмөр замынхаа мөнгийг үрчихсэн хүн шүү дээ /инээв/. Амжилт гаргаагүй ирсэн үед төмөр замын минь дарга нараас намайг зэмлэж загнасан хүн байгаагүй ч ер нь өөртөө бол сэтгэл их дундуур, нэг л гэмшингүй. Юу гэмээр юм, төмөр замынхаа мөнгийг дэмий үрчихлээ гэж бодогдоод байж билээ. Медальтай, тэр дундаа шинэ рекорд тогтоовол их нүүр бардам ирнэ шүү дээ. Ер нь, тэгээд 2014 оноос хойш надад алтан медаль сонин биш ер нь рекорд тогтоох л гол зорилго болсон доо. Дэлхийн 40-өөс дээш насны мастеруудын ангилалд бол миний хувьд би өөрөө өөрийнхөө өрсөлдөгч, өмнө нь тогтоосон рекордоо эвдэж, шинэчлэн тогтоох нь гол зорилго болсон.

-Та дунд сургуульд байхаасаа энэ спортоор хичээллэсэн гэдэг. Оюутан байхдаа энэ спортоо хөөгөөд явсан бол энэ цолыг их эрт хүртэх байсан байх даа?

-Тийм ч байж магадгүй. Анх 1957 онд хүндийн өргөлтийн Хүүхдийн секц байгуулагдахад нь орсон юм шүү дээ. Хотын дөрвөн 10 жилийн сургуулиас жаахан бяртай хүүхдүүдийг цуглуулж байгаад хэдэн хүүхэд шалгаруулж авч байсан юм. Анхны тэр Хүүхдийн секцээс одоо би л үлдэж, гавьяат цолонд хүрлээ дээ.

1959 онд сурагч байхдаа анх Москвад болсон олон улсын тэмцээнд явж байлаа. Оюутан болоод Москвагийн төмөр замын дээд сургуульд сурч байхдаа сургуулийн гурван удаагийн аварга болсон. 1961 онд оюутан байхдаа спортын мастерын болзол хангасан. 1966 онд дэлхийн аваргад манайхан явахад би оролцсон.

Би ер нь азтай одонд төрсөн хүн юм болов уу, мэдэхгүй. Гавьяат багш Г.Далхжав гэж хүн байсан юм. Тэр хүний хүү Д.Базар “Динамо” багийн мундаг дасгалжуулагчаас намайг “Энэ хэр ирээдүйтэй тамирчин болох бол?” гэж асуусан юм байна л даа. Тэгэхэд тэр дасгалжуулагч “Хөл сайтай хүүхэд” гэсэн юм гэдэг. Хойтон жил нь уулзаад намайг танилцуулж, тэр жилдээ их сайхан бэлтгэл хийж байснаа эхнэр хүүхдээ санаад зуны амралтаараа бэлтгэл сургуулилтаа орхиод хүрээд ирсэн юм. Хэрэв тэр үед тэгж орхиогүй бол магадгүй илүү амжилтад хүрэх байсан байх гэж бодогддог л юм. Гэхдээ би төмөр замчин болсон доо. Тэр дундаа вагоны инженер болсондоо үргэлж баярлаж бахархаж явдаг юм шүү. Яагаад дарга нар намайг ингээд дэмжиж тусалж байв? Магадгүй, би төмөр замд ажиллахдаа хариуцсан ажилдаа үнэнч, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхийн төлөө бүхнээ зориулж, чин сэтгэлээсээ хичээж зүтгэж байсныг минь дарга нар ингэж үнэлсэн юм болов уу. Тиймгүй, ажлаа хийсэн болоод л өдөр хоног аргацаасан амьтан байсан бол намайг тэгж дэмжээ ч үү, үгүй ч үү.

Сургууль төгсөж ирээд 1967 онд Улаанбаатар ТҮГ-т слесариэр ажлын гараагаа эхэлж байлаа. Дараа нь, Удирдах газарт Олон улсын хэлтэст нэг жил ажиллаад тэгээд Суудлын вагон депогийн дарга, Хөдлөх бүрэлдэхүүний албаны харьяа Вагоны хэлтсийн дарга болсон. Би Вагоны хэлтсийг бие даалгахын тулд хөөцөлдсөөр байгаад 1979 онд бие даасан хэлтэс, 1981 онд бие даасан алба болгосон. Одоо тэр алба маань Вагоны аж ахуйн алба, Зорчигч тээврийн алба гээд бие даасан албад болчихлоо. Вагоны инженер техникчдийг бие даахад өөрийнхөө хувь нэмрийг оруулсан. Намайг Вагон депогийн дарга байхад манайх гуравхан вагон багтдаг жижигхэн засварын цехтэй байсан юм. Түүний нэг, хоёрдугаар өргөтгөлийг хийж, Москва-Улаанбаатарын галт тэрэгний бэлтгэлийг хийлгэж, аяллыг нь эхлүүлсэн шүү дээ. Мөн Улаанбаатар Бээжингийн нэг вагоныг анх явуулахад Н.Цэрэнноров дарга бид хоёр вагоныг нь Москвагаас олж ирж, тэргэнцрийг нь би нарийн царигт тааруулж засварлуулаад явуулж эхэлсэн. Дараа нь, 1986 оноос Улаанбаатар-Бээжингийн галт тэрэгний бүх зөвшөөрөл, тогтоол шийдвэрийг нь гаргуулаад би өөрөө удирдаж, санаачилж явуулсан юм. Улаанбаатар-Бээжингийн галт тэрэг найман вагоны бүрэлдэхүүнтэй явж байлаа. Бид Германаас вагонууд авч байсан.

Олон Улсын гадаад харилцаа, тарифын хэлтэс байгуулаад төмөр замын тээврийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлого боловсруулж, хэрэгжүүлж байлаа. Жилдээ 40-50 сая төгрөгөөр тээврийн орлого нэмэгдэж байсан. Иймэрхүү ажил хийж явсан. Мөн төмөр замын залуу инженерүүдийг өөрийнхөө хэр чадлаар дэмжиж, ажиллахыг хичээдэг байлаа. Тэгж хичээж зүтгэж ажилласныг минь төмөр замын удирдлага үнэлж, спортын амжилтад хүртэл минь дэмжиж ирсэн л гэж бодож, баярлаж явдгаа “Ган зам” сониноороо дамжуулан хэлье.

-Та одоо бэлтгэлдээ явж байна уу. Хэд хүртлээ штангаа өргөнө гэж боддог вэ?

-Он гараад 82 хүрлээ. Цагаан сар болохоор 83 хүрнэ дээ /инээв/. Бэлтгэлдээ явж байгаа.

-Хүндийн өргөлтийн тамирчдад хувь хүний бие бялдар, байгалиас заяасан өгөгдөл заавал байх юмаа даа. Бас хүч чадал, бяр тэнхээ бол удамшдаг гэдэг?

-Тэгэлгүй яах вэ. Мэдээж нөлөөлнө. Миний хувьд эцэг эхээс заяасан бие бялдрын онцлог бий. Нөгөө талаар, миний аав бас тэнхээтэй хүн байсан даа. Аавыг минь 16 настай байхад нэг ноёных нүүж явж. Нүүдлийн замд нь таарсан том чулууг өргөөд хавтгай чулуун дээр тавьсан хүнд байдас өгнө гэж л дээ. Нутгийн бөхчүүд өргөж дийлэхгүй байхад аавын санаанд багтаад байсан тул “Би нэг оролдоод үзье” гэхэд нь өнөө бөхчүүд шоолцгоож. Тэгэхэд нь ноён ““Эрийг бүү бас, далайг бүү янд” гэдэг үг бий. Оролдоод үз” гэжээ. Аав суугаад өнөө чулууг тэвэрч босоод хавтгай чулуун дээр тавьчихаж. Тэгэхэд нь өнөө ноён амласан байдсаа өгөөгүй ч тавын данх дүүрэн мөсөн чихэр өгсөн юм гэдэг. Тэгэхээр бяр тэнхээний хувьд ааваас удамшсан байх.

Ах нь, Хангайн нурууны Отгонтэнгэрийн өмнө талд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутагт төрж, өссөн хүн. Хавар, намар хөл нүцгэн, намрын хяруунаар үхрийн шээсэнд хөлөө бүлээцүүлчихээд гүйнэ. Зургаан настайгаасаа найман нас хүрч сургуульд ортлоо өвөл хонь хариулсан. Тэгж хатуужил сууж, өлчиржсөн минь миний өнөөдрийн амжилтын үндэс ч юм билүү. Тэр эрүүл агаар, цэнгэг ус намайг өдий болтол тэтгээд явж байна гэж боддог.

-Тамирчдын амжилтад сайн дасгалжуулагчийн гол нөлөө их шүү дээ?

-Тийм шүү. Ерөөсөө Монгол хүн гэдэг уг гарвал, удам угсаа сайтай. Айхтар тэнхээтэй улсууд юм. Ямар ч спортод амжилтад хүрч чадна. Гэхдээ сайн дасгалжуулагч маш ховор. Миний багш бол “Олон улсын пауэрлифтинг фитнесийн холбооны тэргүүн С.Жаргалсайхан гэж их сайхан хүн бий. Багш маань энэ спортын төлөө бүх зүйлээ зориулчихсан хүн байгаа юм. Энэ хүний хүчээр би дэлхийн түвшний тамирчин болсон.

Би нэг судалгаа хийж үзлээ. Монголчууд 2013-2014 онд ердөө хоёр жилийн дотор энэ спортод дэлхийн 91 рекорд тогтоосон амжилтаар дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэж байсан. Манай урд Орос, АНУ, Канад л байна. Тэгэхээр ийм өндөр түвшинд хүргэсэн байна шүү дээ. Ийм гавьяатай хүнд “Гавьяат дасгалжуулагч” цолыг нь өгөхгүй л байгаа юм. Сайн дасгалжуулагч бол тамирчин хүнийг дэлхийн дэвжээнд хүргэдэг юм шүү дээ.

-Хүнд байгалиас заяасан нөөц боломж хязгааргүй гэдгийг та өөрөөрөө харуулж, баталж чадлаа. Хэдий хүүхэд байхаас хөл тавьсан спортыг ажил амьдралын шаардлагаар идэр залуу насандаа хойш тавьсан ч тэтгэвэрт гараад хүссэн амжилтуудаа гаргаж чадлаа. Амьдрал баялаг юм даа?

-Хичээж л явна. Дэлхийн мастеруудын наадамд 100 настай хүн хүртэл гүйж л явдаг. Тэгж хурдан гүйхгүй ч, алхах төдий явсаар барианд орчихно. Гэхдээ 100 нас гарчихаад тэмцээнд оролцоод гүйж байна гэдэг нь өөрөө бахархал юм шүү. Ер нь, хүн хэдэн ч настай байсан өөртөө зорилго тавиад түүндээ хүрэхээр хичээх хэрэгтэй.

Амьдрал гэснээс нэг зүйлийг ярья. Би авга ахаараа овоглож, дунд сургуульд авга ахындаа амьдарсан. Авга ах маань Мал аж ахуйн яамны газрын дарга байлаа. Би чинь нэг үе даргын хүүхэд гээд хойморт сууж, 24-ийн чихэр идсэн амьтан явав. Гэтэл авга ах маань намайг зургадугаар ангид байхад хүнд өвдөөд ажил хийх боломжгүй боллоо. Тэр үед манайх хоногийн хоолгүй шахам үе ч таарна. Би өглөө босоод зуухан дээр хөнгөн цагаан түмпэнд өөхөн тос хайлуулаад бор талх дүрж идчихээд хичээлдээ гүйчихнэ. Тэгсэн гээд надад муудсан зүйлгүй. Харин ч бага залуудаа хүн амьдралын дээд, доод ялгааг үзчихвэл амьдралын үнэ цэнийг илүү мэддэг болдог байх. Надад тэгж бодогддог. Ухаандаа, яаж явлаа ч барьц алдахгүй, хүнээрээ байх л хэрэгтэй дээ. Бас хүн өөрийн эзэмшсэн ажил мэргэжилд мэргэших нь их чухал. Түүнээс дарга, цэрэг байх нь яах вэ. Мэргэших л хэрэгтэй дээ. Үүнийг би залууст захимаар санагддаг.

-Ингэхэд та герман хэлийг бие дааж сурсан гэдэг билүү?

-Миний ажил Германчуудтай их холбоотой байсан болохоор ажил амьдралын шаардлагаар герман хэл бие дааж сурсан. 1971 оны наадмаар билүү, манай төмөр замд хоёр Герман ирлээ. Тэгэхэд би инженер. Хоёр германы нэг нь оросоор жаахан ярина. Тэр хоёрт үйлчиллээ. Тэгсэн тэд буцахдаа “Хойтон жил манай үйлдвэрийн 20 жилийн ой болно. Чамайг эхнэртэй чинь хамт урина” гэлээ. Тэгэхээр нь би онгироод “Тэр үед чамтай оросоор биш германаар ярина” гэчихлээ. Тэгтэл аравдугаар сард Германаас ирэх оных нь тавдугаар сард болох ойд нь оролцох урилга хүрээд ирлээ. Тэгэнгүүт л герман хэл сурч эхэлсэн. Хэл сурахад ерөөсөө нүдэнд харагдаж байгаа бүхнийг германаар хэлээд л, болж байгаа бүх үйл явдлыг тэр хэлээр хэлж сурах, тогтоох чухал юм билээ. МУИС-ийн герман хэлний дугуйланд хэсэг явсан. Тэгэхэд манай багш нар Монгол ардын үлгэрүүдийг герман хэл дээр орчуулчихсан. Түүнийг их цээжилсэн. Үг их сайн цээжлэх хэрэгтэй. Ажлаа хийж явахдаа л үгээ цээжилнэ. Хамаг л хувцасны халаас болгонд үг бичээд хийчихсэн. Жаахан л завсар зай гарвал түүнийгээ гаргаж ирж харна. Тэгж л хэл сурсан даа. Герман хэл миний ажилд их хэрэг болсон шүү. Германчуудтай эх хэлээр нь харьцахад тэд их дуртай.

Москва-Улаанбаатарын галт тэрэг явуулах болоход нэг вагон ресторан дутаад болдоггүй. Тэгээд Германы нэг вагон үйлдвэрийн заводын даргыг уриад, ирэхээр нь Баянбуурал руу аваад явлаа. Очихоосоо өмнө Баянбууралын даргад “Нэг хонины ууц чанаад бэлтгэчихээрэй. Гэхдээ далд байлгаж байгаарай” гэлээ. Тэгээд Баянбууралд очоод том гэрт хүлээж аваад идээ будаа болж байхдаа “Монголчууд хонины ууцыг хүндэтгэлийн арга хэмжээнд төрийн томчуудыг хүлээж авахдаа тавьдаг” гэх мэтээр баахан ярьж, ярьж л амралтын дарга руу л дохилоо. Тэд ч том сайхан ууц оруулаад ирлээ. Замын нэгдүгээр орлогч М.Санжжав дарга хамт явсан. Тэгтэл Германчууд маань их баярлаж байна. Тэд буцахдаа “Та бүхэн биднийг их сайхан хүлээж авч, хүндэллээ. Бид танайд вагон үйлдвэрлэж өгнө. Гэхдээ вагоны үнээс 10 мянган шилжих рублийг хөнгөллөө” гэж билээ.

Дараа нь би Баянбууралын дарга руу утасдаад “Таны бэлтгэсэн хонины ууц ямар үнэ хүрснийг мэдэж байна уу. 10 мянган рубль хүрлээ шүү дээ” гэж хэлсэн.

-Өнөө цагт ингэж бусдадаа урам өгч, амжилтад хүрэхэд тус болсон нэгнээ мартахгүй байх хүн чанар бараг гээгдсэн шүү дээ?

-Ер нь, энэ бол ажил хийхэд хүний арга эвий голно гэдгийн нэг жишээ. Мөн төмөр замын ажил бол бүх төмөр замчдын хүч хөдөлмөрийн нэгдэл дээр үргэлжилдгийн жишээ шүү дээ. Хүн хүндээ урам өгч, нэг нэгэндээ дэм болох шиг сайхан зүйл үгүй. Өнөөдөр би төмөр замчдынхаа дэмжлэгээр ийм сайхан алдар цолыг хүртээд байна шүү дээ... хэмээгээд Б.Цэгмэд гуай “ Одоо ярилцлагаа дуусгах уу?Ах нь бэлтгэлтэй, манайхан намайг хүлээж байгаа” гэсээр яаран гарсан билээ.

Б.ГҮНЖИНЛХАМ