Зүтгүүрийн аж ахуйн албаны Ерөнхий инженер Б.Баттулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

- Зүтгүүрчдийн өнөө жилийн ажлын үзүүлэлтээс хоёулаа  яриагаа эхлэх үү?

-Өнгөрсөн оны мөн үед зорчигчийн галт тэрэг цөөн явж байсан учраас бид зүтгүүрийн паркийг ачаа, зорчигч, зөөвөртэй нийлээд 48 илчит тэргээр бариад байсан. Энэ жилийн тухайд харин нэлээд онцлогтой жил болж байна. Учир нь, ОХУ-ын Наушкиас Сүхбаатарын хооронд зөөврийн хөдөлгөөнд гурав, Замын-Үүд-Эрээний боомтод тав, нэг илчит тэргийг Тавантолгойн төмөр замд түрээсээр ажиллуулж байна. Ингээд бодохоор бид РЖД-ээс гурван илчит тэргийг түрээсээр авсан хэдий ч ачааны хөдөлгөөндөө ойролцоогоор 49-50 илчит тэрэг, суудлын хөдөлгөөнд гурван жижиг, 4-5 том тэрэг барьж байна. Товчхондоо, өнгөрсөн оны мөн үеийнхээс зүтгүүрийн паркийг 6-8 илчит тэргээр илүү барьж байгаа. Нэгдүгээр улиралдаа манай хамт олон 8.1 сая тонн/км-ийн ажил гүйцэтгэсэн. Ажлын үзүүлэлт энэ хэмжээндээ явж, БНХАУ-ын талд хоногт 16 галт тэрэг хүлээлгэж өгөөд байвал оны төгсгөлд 32-33 сая тонн/км-ийн ажил гүйцэтгэх бүрэн боломжтой.

-Түлш,  шатах тослох материалын үнэ огцом өсөж байна. Үнийн энэ  өсөлт тээврийн ажил гүйцэтгэлд  хүндрэл учруулж байгаа нь тодорхой ч, зардлыг  бууруулах ямар ажил  хийж, төлөвлөж байна вэ?

-Тээврийн ихэнх зардлыг эзэлдэг түлшний үнэ эрс нэмэгдсэн. Бид  хоногт ойролцоогоор 268-280 тонн түлшийг зарцуулж байна. Ялангуяа, хаврын улиралд салхины эсэргүүцэл нэмэгдсэн, дээр нь урт бүрэлдэхүүндтэй чингэлэг тээврийн галт явж байгаатай холбогдуулаад хоногийн дундаж зарцуулалт өндөр гараад байна. Нэг цистернд 60 тонн түлш багтдаг гээд бодохоор хоногт дунджаар 4.2 шахам цистерн түлшийг зарцуулж байна гэсэн үг. Ер нь, Замын хэмжээнд хамгийн ашиггүй зардал нь түлшний зардал шүү дээ. Түлшний зарцуулалт хэдий чинээнд нэмэгдэнэ  тэр хэрээр Замын алдагдал өсдөг. Үүнтэй холбогдуулаад илчит тэргүүдээ цаг тухайд нь засварт оруулах, түлшний зарцуулалт ихтэй илчит тэрэгнүүдийг хавар, намрын комиссын үзлэг, бусад төлөвлөгөөт засварт нь хурдан барьж оруулах, рестатын туршилт хийх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа.

-Албаны хэмжээнд хэтийн төлөвлөгөөгөө хэрхэн гаргаж байна вэ?

-Зүтгүүрийн аж ахуйн хэмжээнд стратеги төлөвлөгөөгөө бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлж байна. Нэн тэргүүнд Хөөт-Бичигт  чиглэлийн төмөр замын ажил эхэлбэл бид зүүн талаараа буюу Баянтүмэн тасгийнхаа ажлыг эрчимжүүлэх тал дээр гол анхаарлаа төвлөрүүлж байна. Бид өнгөрсөн жил газар дээр нь очиж судалгаа хийсэн. Тус судалгааны үр дүнд хоёр сувагтай, зэхэлтийн байгууламжтай депо барих төлөвлөгөөг гаргасан. Эхний ээлжинд зураг төслийг нь Техникийн бодлого, зураг төсөл, инженерийн албанд өгсөн. Түүнээс гадна Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орсонтой холбоотойгоор Сайншанд татах хэсгийн ачаалал үндсэндээ гурав дахин нэмэгдсэн. Тэгэхээр бид энэ онд тендер зарлаад Сайншандад  ахуйн байр барих ёстой. Нэг үгээр хэлбэл, тэнд ажиллаж байгаа засварын ажилчдын орон тоо, ажлын  байр хүрэлцэхгүйтэй холбогдуулаад хуучин депо дотор байрлаж байсан зарим ахуйн чанартай албан тасалгаануудыг Засварын цех рүү шилжүүлж, шинэ ахуйн байрыг барихаар төлөвлөж байна. Замын даргад энэ тухай илтгэх хуудсаа өгчихсөн байгаа. Дараагийн нэг асуудал нь, 2019 оноос хойш Сайншанд татах хэсгийг өргөтгөх ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн боловч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод өнөөг хүртэл хойшилж ирлээ. Зураг төсөл нь бүгд бэлэн болсон. Нөгөөтэйгүүр нийгэм эдийн засгийн байдлаас шалтгаалж, хүмүүсийн шилжилт хөдөлгөөн ихэссэн. Тэгэхээр депогийн өргөтгөлийг хийлээ гэж бодоход 1000 хүнийг ажлын байраар хангах уу, тэнд 1000 хүн ажиллах уу гэдэг нь эргэлзээтэй болоод байна. Тийм учраас  Замын Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт эрхэлсэн орлогч даргын шийдвэрийн дагуу Их засварын депогоос Цахилгаан машины цехийг Улаанбаатар татах хэсэг дээр барихаар төлөвлөөд газрын зөвшөөрлийг нь хөөцөлдөж байна. Бүх зураг, техникийн нөхцөл, дотор нь хэрэглэгдэх техник хэрэгслийн жагсаалтууд бүгд бэлэн болчихсон. Техникийн бодлого, зураг төсөл, инженерийн алба зураг төслийг нь ойрын хугацаанд гаргачихвал бид архитектурынхаа загварыг батлуулна. Ирэх долдугаар сарын дунд үеэс барилга байгууламжийн бүтээн байгуулалт нь эхэлчих болов уу гэж бодож байна.

-  Төмөр замын салбарын бүтээн байгуулалт, тээврийн өсөлт Зүтгүүрийн аж ахуйд ачаалал өгөх нь мэдээж. Харин энэ ажлын хэмжээг хэрхэн хуваарилж, зохицуулж байна вэ?

-Сүүлийн үеийн илчит тэрэгнүүдэд цахилгаан машиных нь тоо нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор засварын зам талбай хүрэлцэхгүй байгаа нь гол хүндрэл болсон. Тиймээс дээр дурдсанчлан Цахилгаан машины цехийг Улаанбаатарт барихаар төлөвлөн ажиллаж байна. Үүнээс гадна Сайншандын ажлын ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулаад Замын-Үүд эргэлтийн депог Дөрөвдүгээр татах хэсэг болгох судалгааны ажлыг бүрэн хийсэн. Одоогоор бүтэц зохион байгуулалтыг нь гаргаж, цаашид засварын баазаа өргөтгөх, мөрөө хуваах зэрэг цаашдын ажлын төлөвийг  ярилцаж байна. Жишээ нь, Сайншанд татах хэсгийн илчит тэрэг Замын-Үүд орж байгаа. Замын-Үүд эргэлтийн депо цаашаа хилийн өртөөнд ажиллах таван илчит тэрэг, дээрээс нь найман илчит тэргийг сэлгээнд барьж ажиллуулдаг. Үүний дээр бид гол замын илчит тэрэг нэмж тавыг өгье гэсэн урьдчилсан төлөвлөгөөтэй байна. Оны төгсгөлөөр шийдвэр нь гарчих байх. Товчхондоо, сүүлийн үед төмөр замын хөдөлгөөний эрчимжилт ихэссэнтэй холбогдуулаад зүтгүүрчдийн ажил илт нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ бидний хийх ажил маш их байна.

-Цалингийн сүлжлийг системийн эхний үе шатыг танай албаны хэмжээнд түрүүлж нэвтрүүлсэн шүү дээ. Гол нь, цалин хөлсийг нэмэгдүүлсний үр дүн бодитоор гарч чадаж байна уу?

-Ялангуяа говийн бүсэд ажиллаж байгаа хүмүүс маань их хэмжээгээр хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч байна. Үүнтэй холбоотойгоор хүнээ яаж нөхөх вэ гэдэг асуудал нэн тэргүүнд тулгамдаад байгаа. Эхний ээлжинд бид Дархан татах хэсэг дээр 23 хүнд чадамжийг гэрчилгээ олгох ажлыг ТЗДС болон Политехник коллежтой хамтран зохион байгуулж байна. Цалин хөлсний тухайд бид өмнө нь хоёр ч удаа нэмэгдүүлэх арга хэмжээг авсан. Гэвч өнөөгийн зах зээлийн үнийн өсөлттэй холбоотойгоор хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаа. Хөдөлмөрийн гэрээ цуцлаад байгаа хүмүүсээс бид санал асуулга авдаг. Тэд “Миний авч байгаа цалин амьжиргаанд минь хүрэлцэхгүй байна” гэх ганцхан л тайлбарыг хэлдэг. Тэгэхээр цалин хөлснийхөө системийг нэн даруй шинэчлээд өгвөл аль аль талдаа хэрэгтэй л болов уу. Хүн хүчний шилжилт хөдөлгөөнийг сүүлийн гурван жилээр авч үзэхэд 101 хувиар өөрчлөгдсөн байх жишээтэй. Зүтгүүрийн өндөр зэрэгтэй засварчдыг бэлтгэхэд бид 4-5 жилийг зарцуулдаг. Дээрээс нь, оны өмнө ХНХ-ын сайдын тушаал гарсантай холбогдуулаад Засварын цехэд ажиллаж байгаа ажилчдыг “Халуун, хүнд нөхцөл”-д оруулсан учраас тухайн ажилтнууд маань 50 настай тэтгэвэрт гарч байна. Үүнтэй холбоотойгоор засварын чанар, засварын төлөвлөгөөний биелэлт, ХАБЭА гээд олон асуудал тулгарч байна. Ажилд сургах, амьдралд нь дадуулахад цаг хугацаа шаардана. Ер нь, улсынхаа хөгжлийг бодвол зүтгүүрчид рүүгээ чиглэсэн анхаарал хандуулах бодит шаардлага бий болоод байна.

-Зүтгүүрийн паркийн насжилтын хувьд ямар хэмжээнд байна вэ?

-Одоо тээвэрт явж байгаа илчит тэрэгнүүд маань хэвийн байна. Сүүлийн жилүүдэд УМ, КМ серийн илчит тэрэгнүүд ороод ирлээ. Дээр нь, ТЭ26 серийн нэг секцийн илчит тэргийг зорчигчийн хөдөлгөөнд зориулан шинээр үйлдвэрлүүлэх төлөвлөгөөг гаргасан. Эдгээртэй холбоотой техникийн бичиг баримтуудыг боловсруулж, үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж байна. Бид энэ мэтээр техникийн шинэчлэлийг зохих түвшинд хийж байна. Жил бүр  УБТЗ-ыг хөгжүүлэх хэтийн төлөвлөлтийнхээ дагуу яваад байвал илчит тэрэгний насжилттай холбоотой асуудал гарахгүй. Өмнө ажиллаж байсан зарим илчит тэрэг ачаалалгүй орчинд байгаа тал бий. Тухайлбал 2М62мм серийн илчит тэрэгнүүдийг хилийн бүсэд буюу богино мөрөнд ажиллуулж байна. Мөн 2ЗАГАЛ илчит тэргэнд шаардлагатай засвар үйлчилгээг зохих шатанд хийж байна. Зүтгүүрийн техникийн хувьд хамгийн хүндрэлтэй асуудал нь цахилгаан машин. Түүний дотроос татах цахилгаан хөдөлгүүрийн гэмтэл. Үүнтэй холбоотойгоор хоорондын замд галт тэрэг зогсож, гологдол дутагдал гаргах асуудал их гардаг. Цахилгааны машины асуудлыг албаны хэмжээнд бодлого болгон дэвшүүлж Улаанбаатарт цахилгаан машины цехийг барих гээд байгаагийн гол зорилго нь энэ юм.

-Үйлдвэрлэгч талтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-Шинэ зүтгүүрүүдийг ашиглаж эхэлснээс хойш техникийн гэмтлүүд дээр үйлдвэрлэгч талтай нягт уялдаатай ажиллаж, олон сайжруулалт хийсэн. Агаарын шүүрүүдийг нь л гэхэд манай нөхцөлд тохируулсан хэлбэрээр нийлүүлж байна. Мөн ОХУ-д үйлдвэрлэсэн турбинууд манай шаардлагыг хангахгүй байгаа учраас Шведийн “Хедморг” компанийн пурбинуудыг тавьж байна. Дизелийн хувьд 69 дүгээр групп буюу бүх цахилгаан машинд эргэлт өгдөг редукторын гэмтэл их гарч байгаатай холбоотойгоор 2ТЭ116УМ08 илчит тэрэгнүүдийн цахилгаан машины ачааллыг багасгах туршилт хийж байна. Хөргөлтийн хөдөлгүүрүүд шатсантай холбоотойгоор гадны контакт тавьж байгаа. Цаашид түлшний зарцуулалтыг багасгах, орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаас нь бид сүүлд ирж байгаа илчит тэрэгнүүдийн түлшний системийг нь электронжуулж байгаа. Харамсалтай нь, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад сүүлийн 3, 4 тэргэнд энэ өөрчлөлтийг авч чадаагүй. Цаашид бол ийм төрлийн өөрчлөлтийг аваад явна.

- Зүтгүүрийн бүхээгний аюулгүй байдлын систем дээр нэлээд дэвшилттэй ажиллаж байгаа шүү дээ. Энэ талаар тодруулна уу?

-Одоо манайд бүхээгний аюулгүй байдлын системээр тоноглогдсон 2ТЭ116УМ серийн 19, 2Загал серийн нэг тэрэг явж байгаа. Ирэх долдугаар сараас эхлээд нэмээд 12 илчит тэрэг буюу 24 секцэнд энэ системийг нэвтрүүлнэ. Систем бүрэн жигдэртэл тодорхой хэмжээний хүндрэл үүсэх л байх. Гэхдээ замын урд хэсэглэлийн ачаалал эрс нэмэгдсэн энэ үед өртөө зөрлөг бүрт хүлээгээд явбал нэвтрүүлэх чадвар маань хүрэлцэхгүй. Тэгэхээр тухайн системийг Замын хэмжээнд бүрэн нэвтрүүлэх шаардлагатай гэж бид үзэж байгаа. Замын захиргааны хувьд хоёр дахь замынхаа эхлэлийг тавилаа. Өртөө, зөрлөгийн замыг уртасгаж байна гэхчлэнгээр бүтээн байгуулалт руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг ихээр хийж байна. Гэвч энэ нь нөгөө талдаа бидний гол үзүүлэлтийн нэг болох техникийн хурдыг унагаачихдаг. Энгийн үед манай зүтгүүрчид 800 метрээс 2 км-ийн зайд яваад нэг өртөөнөөс гарчихдаг бол бүтээн байгуулалт өрнөж байгаа үед хажуугийн замаар 2-4 км явж байна. Техникийн хурд буурна гэдэг нь галт тэрэгний нэвтрүүлэх чадвар буурч байна гэсэн үг шүү дээ.

-Геополитикийн зөрчилдөөнтэй холбоотойгоор сэлбэг материалын нийлүүлэлтэд хүндрэл гарч байна уу?

-Ялангуяа, эхний ээлжинд манайд нийлүүлэгдсэн зүтгүүрүүдийг Украйны Луганскийн заводод үйлдвэрлэсэн байдаг. Тухайн үйлдвэрийг одоо ОХУ-ын Брянскийн үйлдвэрт шилжүүлэн барьсан байгаа. Тэнд дараагийн загвар буюу 2ТЭ25КМ28 серийн зүтгүүрийг үйлдвэрлэж байгаа юм билээ. Хуучин үйлдвэр дээр нь тэргэнцрийн эд анги, пурш зэргийг хийдэг байсан. Мөн цахилгаан машиныг бүгдийг нь Харьковийн Электриктехмашт хийдэг. Үүнтэй холбоотойгоор худалдан авалт оройтож байна. Гэрээ контракт байгуулах, нийлүүлэлт хийх хугацаа зэрэг үйл явц удааширсан. Удахгүй улс төрийн нөхцөл байдал тогтворжих болов уу гэсэн хүлээлттэй л байна.

- Зүтгүүрийн мэргэжлийн хүний зүгээс дүгнэхэд УБТЗ-ын хөгжил дэвшлийн дүр зураг хэрхэн тодорхойлогдож байна вэ?

-ОХУ-аас БНХАУ руу нэвтэрч байгаа ачаа тээврийн хэмжээ, Хятадын хүлээн авах чадвар зэргийг харьцуулан харахад яг өнөөгийн нөхцөлдөө болоод байна. Гэхдээ шинэ төмөр замын үйл ажиллагаа эрчимжээд эхэлбэл бид зүтгүүрийнхээ паркийг 15-20 хувиар нэмэхээс аргагүй. Багаар бодоход нэг жилд 3-4 ачааны зүтгүүр нэмж аваад байвал энэ хэрэгцээ шаардлагыг бүрэн хангана гэж харж байгаа. Зорчигчийн хөдөлгөөний илчит тэрэг хүндэрснийг та бүхэн мэднэ. 2020-2030 оны стратеги төлөвлөгөөндөө нийт 15 зүтгүүр авахаар төлөвлөөд байгаа. Ирэх жилээс тав, таваар нь ч болов авахгүй бол суудлын хөдөлгөөнд явж байгаа илчит тэрэгний насжилт хязгаартаа тулсан. Ер нь, зүүн босоо чиглэлийн төмөр замын төсөл бодит ажил болохын хэрээр зарим төрлийн зүтгүүрийг улсын төсвөөр худалдан авах асуудлыг хөндөх нь зүйтэй гэж бодож байгаа. Угаасаа л Тавантолгой-Зүүнбаян, Хөөт-Бичигтийн төмөр замууд бүгд стратегийн төмөр замууд шүү дээ. Засгийн газрын бодлогын хүрээний ажилд УБТЗ дангаараа ачаалал аваад байх нь зохимжтой бус шийдэл. Зөвхөн зүтгүүр ч биш замын машин механизмыг ч улсын төсвөөр шийдээд явах боломжтой гэж хардаг.

-Технологийн дэвшлийн тухайд та юуг онцлох вэ?

-Бид гуравдугаар үеийн илчит тэрэгтэйгээ зууралдаад байж болохгүй. Дэлхийд тавдугаар үеийн зүтгүүр гараад ирчихсэн шүү дээ. Засвар үйлчилгээ, сэлбэг материал, шатах тослох материал бага зарцуулдаг, дээрээс нь байгаль орчинд ээлтэй төрлийн техникийн дэвшил рүү бид орох ёстой.

-Аливаа салбарт судалгаа шинжилгээний ажил өргөн хүрээнд байж гэмээнэ хөгжил дэвшил нь илүү тодорхой болдог талтай. Танай албаны хувьд эрдэм шинжилгээний ажлыг хэр хэмжээнд хийж байна вэ?

-Манайх судалгаа шинжилгээний чиглэлийн мэргэжилтнүүдээ Техникийн бодлого, зураг төсөл, инженерийн алба руу өгчихсөн шүү дээ. Зарим лабраторуудаа ч тийш нь шилжүүлсэн. Тийм учраас энэ чиглэлийн ажлыг тухайн алба хийх ёстой. Миний шүүмжлээд байгаа зүйл бол энэ.  Ажлын хажуугаар олон төрлийн судалгаа авдаг. Судалгааныхаа үр дүнд үндэслэн эрдэм шинжилгээний ажил боловсруулаад, дараа нь үйлдвэрт нэвтрүүлж байж энэ албаны үр дүн гарна. Яг Зүтгүүрийн аж ахуйн албаны хэмжээнд ажиллаж байгаа 18 хүн үнэндээ бичиг цаасны доороос босдоггүй. Бид амралтын өдрөөр бүтэн амарч чаддаггүй. Ялангуяа, сүүлийн үед манайхан хурлаас хурал, цааснаас цаасны хооронд л гүйж байна. Өглөө 06.00 цагаас 18.40 цаг хүртэл бидэнд амрах тухай ойлголт байдаггүй. Яг одоогоор албаны хэмжээнд эрдэм шинжилгээний ажил хийдэг хүн байхгүй. Тийм хүнийг сургах боломж ч алга. Манай 18 хүнээс нэг нь  амарчихвал нэг хүнд очих ачаалал маш өндөр болдог. Депод ажиллаж байгаа ИТА-нууддаа барьж чадах уу үгүй юу гэдэг хэмжээнд ирээд байна. Жаахан дөртэй болоод ирэхээрээ л “За уучлаарай. Миний цалин амьдралд хүрэлцэхгүй байна” гээд яваад өгдөг.

-  Зүтгүүрчид шинэ санаачилга их гаргадаг. Ойрын үед  зардал хэмнэх, гар ажиллагааг хөнгөвчлөх чиглэлээр ямар шинэ санаачилга байна вэ?  

- ШБАЗ-ын чиглэлээр манай алба Замын хэмжээндээ тэргүүлэгчид нь. Сүүлийн жилүүдэд ШБАЗ-ын уралдааны тэргүүн байрыг дараалан авсан. Жишээ нь, энэ онд бид 51 бүтээл гаргаж тэргүүн байрыг эзэлсэн. Бид жилд 1-2 цехэд бүрэн шинэчлэл хийж байна. Гадны орноос өндөр өртгөөр авдаг зарим төрлийн тоног төхөөрөмжийг өөрсдөө хийж байна. Хамгийн сүүлд гэхэд л засвар хийчихээд туршиж чаддаггүй жижиг цахилгаан хөдөлгүүрүүдэд зориулсан туршилтын станц барилаа. Үүний өмнө хос дугуйн гүүкс???, татах цахилгаан хөдөлгүүрийн холхивчуудад нэг, хоёрдугаар шатны үзлэг хийх??  цех барьсан. Тус цехтэй холбоотойгоор угаалгын машинаас эхлээд хадаас халааж давтах зэрэг тоног төхөөрөмжүүдийг өөрсдөө хийсэн гэхчлэнгээр ШБАЗ-ын чиглэлээр хангалттай ажиллаж байгаа.

-Төв засварын үйлдвэртэй хэрхэн уялдаж ажиллаж байна вэ?

-18Д серийн хөдөлгүүр ашиглагдаж байх үед бид Төв засварын үйлдвэр дээр бүх зүйлээ сэргээж, хийдэг байсан. Тухайн үед тус үйлдвэрийг удирдаж байсан Ж.Дагва гуай нэлээд өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлсэн шүү дээ. Гэвч тэр үед ашиглагдаж байсан хөдөлгүүр хэрэгцээнээс гарч, Д.Дагва инженер ч гавьяаны амралтдаа гарсантай холбоотойгоор үйл ажиллагаа нь хумигдсаар бидний хамтын ажиллагаа зогссон. Өнөөдрийн тухайд хамтарч хийж байгаа зүйлгүй байна. Яг хамтраад ажиллая, хийж бүтээе гэвэл хийх зүйл бидэнд их бий. Сүүлийн үеийн технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд хамтдаа хөгжье, дэвшье гээд ирвэл бид ямагт баяртайгаар хүлээн авах болно. Бид тус үйлдвэрээс колодокоос л авч байна.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

 

ЯРИЛЦСАН Б.ДЭЛГЭРХИШИГ