БНСУ-ын Дунян их сургуулийн магистрант, Төмөр замын дэд бүтцийн судалгааны хүрээлэнгийн ажилтан Б.Банзрагчгаравтай цахимаар холбогдон ярилцлаа.

 

-Юуны түрүүнд энэ өдрийн мэнд хүргэе. Анх хэдэн онд ямар шугамаар БНСУ-д сурахаар явсан бэ гэдгээс яриагаа эхэлье?

 

-Баярлалаа, би 2017 онд дунд сургуулиа төгсөн ТЗДС-ийн холбооны ангид элссэн. Тэгээд III курсээсээ БНСУ-д оюутан болсон. Тэр үед ТЗДС Дунян их сургуультай хамтран ажиллахаар болж, оюутан солилцоогоор би ирсэн. Солонгост иртэл коронавирус гараад буцаж чадаагүй. Тиймээс хэлээ бие даан сураад, ТЗДС-д үзсэн мэргэжлийн хичээлүүдээ дүйцүүлэн шууд III курст нь орж суралцсан.  Ингээд 2023 оны гуравдугаар сард төмөр замын менежментийн чиглэлээр бакалавраа дүүргэсэн. Төгсөх үедээ Дунян их сургуулийн Төмөр замын дэд бүтцийн судалгааны хүрээлэнд судлаач оюутнаар ажилд орсон. Магистртаа одоо төмөр замын дэд бүтэц болон тоног төхөөрөмжийн аюулгүй байдлын инженерээр суралцаж байгаа. Ажлын таван өдөрт судалгааны багт шууд ороод БНСУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалттайгаар хөрсний чиглэл болон AI, BIM чиглэл, дэд бүтцийн судалгаан дээр ажилладаг.

 

-Судалгааны хүрээлэнд ажиллахад өөрийн улсынхаа төмөр замд нэвтрүүлчихмээр зүйлс олон байна биз?

 

-Төмөр замын хөгжлөөрөө БНСУ дэлхийд нэлээд дээгүүрт ордог шүү дээ. Манай улсын төмөр замын хөгжлийн шатнаас бараг 10 дахин урд яваа гэж ойлгож болно. Солонгос улс Засгийн газраасаа тусдаа эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр сантай байдаг. Тэр хөрөнгөнөөсөө олон улсад хэрэглэгдэж байгаа сүүлийн үеийн стандартыг нутагшуулах болон маш олон судалгаа хийхэд гаргаж өгдөг. Үүн дээр салбар салбарын олон хүрээлэнгийн шинжлэх ухааны суурь судалгааны үндэслэл дээр шинэ техник, технологи үйлдвэрлэгдэж, аюулгүй байдлын түвшин ч өндөр болж ирдэг. Тэгэхээр судалгааны чиглэлээр явахад ямар чухал ач холбогдолтой вэ гэдгийг маш сайн ойлгож авч байна. Мэдээж өөрийн улсдаа нэвтрүүлмээр зүйл олон байлгүй яах вэ.

 

-Ажлынхаа талаар илүү дэлгэрэнгүй танилцуулж болох уу?

 

-Манай судалгааны хүрээлэн улсдаа эхний тавд багтдаг. Хөрсний болон дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хүрээлэндээ нэг профессорын удирдлагад судлаач хоёр профессор, хоёр доктор, зургаан магистр гэхчлэн 13 хүн ажиллаж байна. Жилдээ монгол төгрөгөөр тооцвол 5.8 тэрбум төгрөгийн судалгаа шинжилгээ хийдэг. Төмөр замын Корэйл корпораци, Зам тээврийн яам, Солонгосын үндэсний төмөр зам болон үндэсний судалгааны хүрээлэн тэргүүтэй маш олон том байгууллагатай хамтран ажилладаг. Бидний судалгаа шинжилгээгээр гарсан үр дүнг нь стандарт болгон баталж хэрэгжүүлдэг юм. Манай судалгааны хүрээлэнгийнхэн жилд SCI, KCI гээд олон улсын сэтгүүлд хэвлүүлдэг 150 орчим судалгааны ажил болон диплом бичдэг. Ямар төрлийн сэдвээр диплом бичсэнээр тухайн хүний чадамжийг нь үнэлдэг. Тиймээс судалгааны ажил хийнгээ тухайн сэдвээр гарсан үр дүнгээр нь бид үргэлж диплом бичдэгээрээ онцлогтой. Олон улсын эрдэм шинжилгээний хурал Герман, Италид ч юм уу болоход нь очиж илтгэлээ хэлэлцүүлдэг. Солонгост ч олон улсын эрдэм шинжилгээний хурал бараг улирал бүр болдог юм. Хамгийн сүүлд гэхэд манай хүрээлэн Корэйлтэй хамтран Солонгосын олон улсын буцалтгүй тусламжийн хүрээнд 32 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг авч Вьетнам улсад хийж байгаа. Корэйл дэд бүтцийн чиглэлийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт хөрөнгийг үнэгүй өгч, тус улсад сургалтын төв бааз барьсан. Бид зам төмрийн холболт болон хөрсний бүх судалгааг нь гаргах сургалт хийж байгаа. Энэ төсөл намайг яг магистрт ороход эхэлж байсан.

 

-Би чамайг УБТЗ-ын ТЗДС, ПТК гэлтгүй Дунян их сургуулийг Монгол Улстай хамтран ажиллах гүүр болж байна гэж хардаг. Яагаад гэвэл, захирлуудтайгаа үе үе орчуулагчаар ирж, бас оюутнуудыг ч тэтгэлгээр элсүүлснийг сонссон. Сонирхоод асуухад Вьетнамд оруулсан шиг буцалтгүй хөрөнгө оруулалтыг нааш нь татах боломж ер нь байна уу?

 

-Анх УБТЗ-ын Хүний нөөцийн албаны дарга болон ПТК-ийн захирал зэрэг хүмүүс Ёнжү хотод ирэхэд Дунян их сургуулиас намайг орчуулагчаар холбож өгсөн. Тэд манай сургуультай танилцаж, тэр цагаас хойш өөрийнхөө хэмжээнд гүүр болохыг хичээж байна. Монголоос энд зөвхөн төмөр зам гэлтгүй бусад мэргэжлээр оюутнууд сургах боломжтойг олж хараад хувиараа 20 гаруй оюутныг ирэхэд нь тусалсан. Цахимаар мэдээлэл өгч, сурах сонирхолтой хүүхдүүдийн бүх бичиг баримтыг нь бүрдүүлж өгдөг. ТЗДС-д суралцаж байсан гурван ч хүүхдийг III курсээс нь сургаж байна. Би Эрдэнэт хотын V сургуулийг төгссөн. Өнгөрсөн жил Дунян их сургуулийн захирлуудтайгаа ирэхдээ нутагтаа уриад, сургуулийнхаа таван хүүхдийг хэлний бэлтгэлд 100 хувийн тэтгэлгээр Солонгост авчран орууллаа. Дунян их сургууль дотроо таван сургуультай. Тэр дундаа төмөр замын мэргэжлээр сурдаг оюутнуудад тэтгэлэг гэхчлэн илүү давуу тал олгодог юм. Хэдхэн хоногийн өмнө V сургуулийнхаа удирдлагуудыг Солонгост урьж танилцуулсан. Ер нь, Солонгост сурангаа ажил хийгээд төлбөр, хэрэглээний зардлаа бүрэн олох боломжтой. Таны асуусанчлан Вьетнамд буцалтгүй хөрөнгө оруулсан шиг хэмжээний хөрөнгийг УБТЗ-ын зүгээс жаахан анхаарал хандуулчихвал би холбож өгөөд Монголдоо оруулах боломж байгаа.

 

-Өөрийн чинь ярилцлагыг уншаад хүүхдээ явуулах сонирхолтой олон хүн гарч магадгүй. Ер нь, элсэлтийг хэзээ, хэрхэн авдаг вэ?

 

-Гурав, есдүгээр сард хоёр удаа элсүүлдэг. XII анги төгссөн хүүхдүүд есдүгээр сард ирж хэлний бэлтгэлдээ зургаан сар суучихаад гуравдугаар сард I курстээ шууд элсэх боломжтой. Хугацаа алдахгүй, эргэж буцаж хөрөнгө зарахгүй гэсэн үг. Манай сургуулийн гадаад харилцаатай, эсвэл надаар ч дамжуулан холбогдож болно. Миний хувьд хэдийгээр сургуулийнхаа гадаад харилцааны ажилтан биш ч гэлээ хүмүүст мэдээлэл өгөх үүднээс цахим хуудастаа элсэлтийн мэдээллийг оруулчихдаг юм. Цаашид манай улсын төмөр замын сүлжээ нэмэгдэхийн хэрээр хүний нөөц дутагдана. Тиймээс зөвхөн ОХУ гэлтгүй Солонгост мэргэжилтэн бэлтгэхэд салбар яам, УБТЗ, “МТЗ” маш анхаараасай гэж боддог. Ер нь, хэн ч 10 сая төгрөгтэй л байхад Солонгост ирээд манай сургуулийн хэлний бэлтгэлд зургаан сар сурах бүрэн боломжтой. Энэ нь хоёр семестрийн болон дотуур байрны төлбөр гээд бүгд багтдаг. Материалаа манай сургууль руу явуулахад энд 1-2 сарын дотор танилцаж, ярилцлагад оруулаад болно гэж үзвэл Гадаадын иргэн харьяат /имэгрэйшн/-д өгөөд цахим виз гаргуулчихдаг болсон. Тэгээд кодыг нь тухайн хүнд явуулна. Кодоо гадаад паспорттайгаа Монголын ГХЯ-нд аваачиж өгөнгүүт виз долоо хоногийн дотор л гарна. Үүнийг Дунян их сургуульд сурах гэж байгаа хүмүүс мэдэхгүй зуучлалын байгууллагаар яваад байдаг юм билээ. Харин зуучлалын байгууллагад битгий очоорой гэж энэ ташрамд хэлье. Илүү мөнгө зарцуулж, цаг хугацаа ч их алддаг.

 

-Өөрийн чинь хувьд төмөр замын мэргэжлийг яагаад сонгох болов?

 

-Аав, ээж маань төмөр замд ажилладаггүй. Уг нь, би төмөр замчин болъё гэж бодоогүй. ТЗДС таван хүүхэд авна гэсэн хуваарь ирэхэд нь би оноогоороо тавд багтаад замын ангид хуваарилагдсан. Тэгээд хичээл эхлэнгүүт холбооны ангиар солиулсан юм. Гэхдээ зөв мэргэжлээ олжээ гэж бодож байгаа.

 

-Магистраа төгсөөд Монголдоо ирэх үү?

 

-Энэ хүртэл сурсан юм чинь илүү ихийг сурч, судалж мэдчихээд ирээдүйд Монгол Улсынхаа төмөр замын гүүр хоолой, дэд бүтэц, хөрсний судалгааны ажилд хувь нэмрээ оруулна гэж боддог. Магистраа төгсөөд цаашид докторт суралцах зорилго тавьсан. Туннелийн чиглэлээр дипломоо бичиж эхэлсэн. Манай Монголд гүүр хоолой, туннелийн чиглэлийн судалгаа, технологи маш дутмаг. Хөрсний чиглэлийн маш том лабораторитой, Монголын нөхцөлд яг тохирсон стандарттай болоосой гэж боддог. Төмөр замын мэргэжлийн хүмүүстэй уулзахад энэ талын мэдээлэл бараг байдаггүй. Өөрийн гэсэн стандарт дутмаг, бүх бүтээгдэхүүнээ гаднаас авдаг болохоор Монголын нөхцөлд таарах, таарахгүй асуудал их гарна шүү дээ. Харин энэ бүхнийг шийдвэрлэж, өөрийн гэсэн бүтээгдэхүүнтэй  үйлдэрлэгч орон болохын тулд эрдэм шинжилгээний хүрээлэнтэй байх шаардлагатай. Тиймээс энэ чиглэлд нь сурч мэдсэнээ зориулахыг хүсдэг дээ. Нөгөө талаар, Монголд ашиглалтын чиглэлийг хамгийн гол гэж үздэг. Харин Солонгос болон төмөр замын өндөр хөгжилтэй зарим улс оронд суурь бүтцэд илүү анхаарч, хамгийн их хөрөнгийг зарцуулж, бодлого хөтөлбөрийнхөө гол болгодог. Миний хувьд энд сурснаар төмөр зам ул шороо,  зам төмөр, зам засвар суурь бүтцээсээ хамгийн их хамааралтайг сайн ойлгосон. Ер нь, зам сайтай байж л хурдан хөгжинө шүү дээ. Манай улс жилээс жилд ачаа тээвэр нэмэгдэж, ашигтай ажиллаж байна л гэдэг. Гэхдээ илүү их тээвэрлэе гэвэл хөрс болон суурь бүтэцдээ л анхаарах хэрэгтэй. Муу замтай хэр нь ачаа тээврээ нэмэгдүүлнэ гээд нэн тэргүүнд зүтгүүр, вагон олноор нь худалдаж аваад байвал нэмэргүй. Мөн манайд замчдын ажил гар ажиллагаатай. Маш хүнд багаж, сэлбэгийг 10, 20 км газар үүрч очоод замаа засварладаг нь хөгжил дэвшлийн энэ эрин үед байж боломгүй зүйл. Солонгост бол тийм биш, бүгд автоматажсан. Галт тэрэгний холболтыг ч удирдлагаар хийж байна.

 

-Цаашид Дунян их сургууль УБТЗ-тай хэрхэн хамтран ажиллахаар төлөвлөж байна вэ?

 

-УБТЗ, Дунян их сургууль, Корэйл корпораци хамтран УБТЗ-ын 16 мянган төмөр замчныг урт, богино хугацаанд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар ярилцаж байна. Мөн буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмж нийлүүлэх тухай ч ярьж байгаа. Хамтын ажиллагааны хүрээнд нэг судалгааны хүрээлэнг 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дунян их сургуульд байгуулаад тун удахгүй нээлтээ хийнэ. Энэ хүрээлэн нь боловсрол, эрдэм шинжилгээ судалгаа, буцалтгүй зээлийн төсөл гэсэн гурван чиглэлээр цаашид үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн. Тэгээд УБТЗ-аас томилолтоор хүмүүс ирж ажиллах юм билээ. Зам, тээврийн хөгжлийн яамнаас ч ирээд хамтарч ажиллах, тэр тусмаа туннелийн стандарт дээр хамтарч ажиллах талд хүсэлт тавьсан.

 

-Цаг зав гарган сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Танд сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!

 

М.Наранболд