УБТЗ-ын Их барилга, хөрөнгө оруулалтын албаны дарга Б.Баярмагнайтай ярилцлаа.
-Энэ жил нийгэмлэгийн 75 жилийн ойн хүрээнд хичнээн ажил төлөвлөн хийж байна вэ?
-Түүхт ойн хүрээнд болон энэ жил төлөвлөгөөнд тусгасан их барилгын нийт 90.4 тэрбум төгрөгийн төлөвлөгөөтэй 61 ажил төлөвлөсөн. Эдгээрээс 42 ажлыг хийсэн, тендер болон санхүүгийн асуудлаас шалтгаалан 19 ажил эхлээгүй, биелэлт 70 хувьтай байна. Нийт төсөвлөсөн 90 гаруй тэрбум төгрөгөөс одоогийн байдлаар 42 тэрбум төгрөгийн зардлыг хянаж баталгаажуулсан. Оны эцэс рүү зардлын гүйцэтгэл нэмэгдэнэ. Их барилгын ажлыг Зам болон Дохиолол холбооны алба, Эрчим хүчний төвийнхөн өөрсдийн хүчээр маш сайн гүйцэтгэснийг хэлэх нь зүйтэй. Их засвараар 204 ажил төлөвлөсний 172 ажил хийгдсэн. Харин 32 ажил эхлээгүй нь хийцлэлийн төвөгтэй байдал болон тендер, санхүүгээс шалтгаалан зарим ажил эхлээгүй, 85 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Их засвараар нийт 51.7 тэрбум төгрөг төлөвлөснөөс одоогоор 14.4 тэрбум төгрөгийн санхүүжилтыг хянаад тооцсон. Их засварын төлөвлөгөөт ажлыг БОС-ны албаны харьяа ангиуд, Дохиолол холбоо болон Замын ангиуд сайн биелэлттэй байна.
-Өмнөх онд дуусаагүй, одоо үргэлжлүүлж байгаа их барилга, их засварын ажлууд бий юу?
-Байгаа. Ер нь, их барилгын ажлыг дутуу орхино гэдэг их сул, сөрөг талтай. Байгууллагын эдийн засагт ч тэр, хүн хүчний хувьд ч тэр. Дараа жилдээ шинэ ажил хийж байх ёстой шүү дээ. УБТЗ-ын 2030 он хүртэлх стратеги төлөвлөгөөнд тусгасан гурван өртөө, зөрлөгийн өргөтгөл байна. Хангай зөрлөгийн өргөтгөл долдугаар сард бүрэн дууссан. Цайдам зөрлөгт замын ажил дууссан. Одоо зорчигчийн тавцан, үер усны байгууламж барих ажлыг хийгээд явж байна. Дохиолол холбооны тоног төхөөрөмжийг суурилуулж дууссан. ОХУ-аас мэргэжилтнүүд ирээд программ хангамж, тохируулгын ажлыг хийж байна. 36 дугаар зөрлөг буюу Сайншандын хэсэглэлийн алсын удирдлагатай зөрлөгийн зам, эрчим хүчний ажлууд бүрэн дууссан. Дохиолол холбооны тоног төхөөрөмжүүдийг нь суурилуулсан. ОХУ-аас ирсэн мэргэжилтнүүд Цайдам зөрлөгийн ажлыг дуусгаад 36 дугаар зөрлөгийн ажил руу орно. Мөн ноднин зам төмрийн нийлүүлэлт оройтсоноос зам шинэчлэлийн ажил өвөлтэй золгож, үе хуулрахгүй болсон тул Мааньт-Агуйтын 14 км-ийн ажлыг дутуу орхисон. Энэ ажлаа өнгөрсөн долдугаар сард бүрэн хийж дуусгасан. Энэ жилийн төлөвлөгөөт Хонхор, Бумбат, Хоолтын 27 км зам шинэчлэлийн ажилтай нийлээд 41 км замыг энэ жил шинэчиллээ.
-Тендерээс шалтгаалан ажил хойшиллоо гэдэг тайлбарыг их сонсдог. Тендертэй холбоотой хүндрэлүүд юунаас болж гарч байна. Цаашид үүнийг яах ёстой вэ?
-Тендерийн үндсэн захиалагч алба нь Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албатай маш сайн хамтарч ажиллах шаардлагатай. Өмнөх онуудад гарч буй хүндрэлийн учир шалтгааныг харахад төлөвлөлт дээр их алддаг. Өөрөөр хэлбэл, манай байгууллагууд зураг төсөв гараагүй байхад, мөн хөрөнгө оруулалтаар худалдаж авах зүйлсийнхээ үнийг сайн судлалгүй таамаг баримжаагаар үнийн дүн тавьдаг. Энэ нь бодит зах зээлийн үнэтэй нийцэхгүй байгаагаас тендерт компаниуд оролцдоггүй тохиолдол их байдаг. Ийм байтал захиалагч алба, нэгж нь төсөв, үнэ, тоо хэмжээгээ өөрчлөхгүй тендер дахин дахин зарлуулж, хугацаа алдаж, ажил хойшилдог. Зарим алба эхний тендер амжилтгүй болмогц хоёр дахь тендерээс өмнө тоо хэмжээгээ бууруулах, төсвөө бусад ажлаасаа авч нэмэх байдлаар холбогдох албадтай шуурхай хамтарч ажиллаад тендерээ дахин зарлуулж, амжилттай болоод ажлаа эхлүүлээд явж байгаа. Цаашдаа тендерийг амжилттай болгоё гэвэл бүрэн төсөв гарсны дараа тендер зарлах, босго үнээ тооцоо судалгаатай тогтоож байх шаардлагатай. Хэрэв төсөв нь өмнөх онуудад гарсан дүнгээр байгаа бол зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Нөгөө талд нь, зураг, төсөв оройтсоноор их барилгын зарим ажлууд оройтож эхлэх, хойшлох тохиолдол байгаа.
-Дээрх шалтгаанаар хойшилсон ямар ажлууд байна вэ?
-Тендертэй холбоотойгоор дохиолол холбооны кабель нийлүүлэгдээгүй. Үүнээс шалтгаалан хээрийн байгууламжийн кабелийн ажлууд зарим газар хийгдээгүй, нүхээ ухчихаад хүлээж байна. Мөн эрчим хүчний бетон шон оройтдог тохиолдол байна. Зам төмрийн тендерийг бид хэчнээн удаа зарлав даа. Дээр нь зүтгүүрийн татах цахилгаан хөдөлгүүр болон зүтгүүрийн засваруудыг олон удаа зарлалаа. Одоо тендерийн шинэ хуулиараа гурван удаа зарлаад үнийн комиссоор ордог заалт байхгүй болж, эцсийг нь хүртэл тендер зарладаг болсон. Үүнтэй холбоотой зөвхөн зүтгүүрийн аж ахуй дээр 16 тэрбум төгрөгийн ажил хүлээгдэж байна. ОХУ-аас нийлүүлдэг компаниуд тендерт оролцохгүй байна. Заримтай нь гэрээ хийлээ гэхэд Оросын засвар, үйлдвэрлэл, нааш нь явуулах зэрэг нь оройтоод дараа жилийг хүлээдэг. Дараа жил нь эх үүсвэр нь байхгүй, өмнөх оны төлөвлөгөөнд байсан учраас гэхчлэн олон асуудал үүсдэг. Замын-Үүдийн 108 айлын орон сууцны төсөл 2023 онд эхлэх байсан боловч зураг төсөл оройтож энэ онд оройтож зарлагдсан.
-Эхний тендер амжилтгүй болоход л дараагийн удаа яавал амжилттай болгох вэ гэдгийг танай албанаас зөвлөдөг үү?
-Замын ерөнхий инженер дээр улирал, манай албан дээр долоо хоног бүр эдгээрийг дүгнэж ярьж байгаа. Албадад чиглэл, зөвлөмж өгдөг. Зөвлөмжийн дагуу тухай бүрд нь шийдвэрлээд амжилттай болсон ажил олон бий. Алба, салбар нэгжүүдэд төлөвлөгөөгөө өөрчлөх, тоо хэмжээг нь бууруулах эрх мэдэл өөрсдөд нь байдаг тул манай зүгээс зөвхөн зөвлөдөг. Бид өмнөөс нь шийдэх боломжгүй.
-Хөрөнгө оруулалт, засварын төлөвлөгөөг хийхдээ эрсдэлийн үнэлгээнд суурилж, хамгийн өндөр эрсдэлтэй, нэн шаардлагатай ажилдаа зарцуулахаар хийж чадаж байна уу, үгүй юу. Хөрөнгө оруулалтын үр дүн хэр байна вэ гэдгийг эргэж тооцдог боллоо шүү дээ. Энэ талаар?
- Замын хэмжээнд эрсдэлийн үнэлгээг барилга байгууламж, тоног төхөөрөмж гээд бүх чиглэлээр хийсэн. Алба, салбар нэгжүүд эрсдэлийн үнэлгээг хийхдээ, эрэмбэлж, хийх ажлаа төлөвлөж байгаа. Өгдөг мөнгө нь хязгаарлагдмал учир албад хамгийн өндөр эрсдэлтэй, нэн шаардлагатай гэсэн ажлаа оруулж ирэх ёстой. Бид түүнийг нь эрсдэлийн үнэлгээтэй нь тулгаад тохирч байвал шууд баталж өгдөг. Зарим байгууллага эрсдэлийн үнэлгээтэйгээ уялдуулахгүй шинэ ажлууд оруулж ирдэг л дээ. Тиймээс хяналтыг заавал хийдэг. Үзлэгийн үеэр зарим байгууллага нэн шаардлагатай байна гэж санал оруулж ирээд, үзлэгийн тушаалд оруулдаг. Тэгснээ түүнийгээ биелүүлж чадахгүй болчихоороо үзлэгийн тушаалд оруулсан нь эргээд өөрсдөд нь төвөг удаад байгаа юм шиг хандлага гаргадаг. Зарим нь ч тухайн ажлаа тэр дор нь хийчихсэн байдаг. Манай хөрөнгө оруулалтын хэлтсээс үр дүн, өгөөж өгөх төсөл, ажлуудыг сонгож хэрэгжилтийн мониторинг хийж байгаа.
-Энэ оны томоохон бүтээн байгуулалтын ямар ажлууд байгаа вэ. Жишээ нь Цомог зөрлөгийг Олон-Овоотой хоёр дахь замаар холбох ажил яригдаж байсан.
-2024 онд хийсэн томоохон ажлуудаас дурдвал Замын дарга замын нөхцөл байдлыг сайжруулах, үер усны эрсдэлийг бууруулах чиглэлээр онцгой анхаарч саналуудыг дэмжиж, үүрэг өгч, санхүүжилтийг нь шийдвэрлэсэн. Энэ ажлын хүрээнд энэ онд 11 хоолой шинэчлэхээс наймыг нь Замын аж ахуйн алба өөрсдийн хүчээр хийж дууссан. Үлдсэн гурвыг нь 10-11 дүгээр сард дуусгана. 559 дүгээр км-т сүүлийн жилүүдэд байнга зам угаагдаж байгаа тул гүүрийг шинээр барих шийдвэр гаргаж, тендерт “Туулын гүүр далай” ХХК шалгарч, газар шороо, түр зам, баганын суурийн ажлууд хийгдэж байна. Гэрээ ёсоор 12 сардаа дуусах боловч 11 сарын 25 нд дуусгахаар ажиллаж байна.
Улаанбаатар Зүтгүүрийн депод Цахилгаан машины цех байгуулах ажил олон жил яригдсан. Үүнд Замын дарга Х.Хэрлэн, Замын хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр нарын шийдвэрээр эхлүүлж, “Мото блок” ХХК гүйцэтгэгчээр шалгарч, газар чөлөөлөх ажлаа дуусаад суурийн ажилдаа орсон. Энэ цехийг байгуулснаар жил бүр 10 гаруй тэрбум төгрөгөөр гадаадад хийлгэдэг байсан засварыг дотооддоо хийдэг болох юм. Цомог-Олон-Овоо хоорондын холбох зам барих ажил нь газар чөлөөлөлт, хиймэл байгууламж газрын хэвгий нөхцөл хүнд учир багадаа 40 орчим тэрбум төгрөгийн зардал гарах тул дахин ТЭЗҮ-г нарийвчлах асуудал гарч хойшилсон.
Нийгмийн чиглэлээр Улаанбаатарт “Ганзам” 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг эхлүүлсэн боловч гүйцэтгэгч компанид санхүүгийн асуудал үүссэн тул гэрээг нь цуцлаад үлдсэн ажлыг нь манай БОС-ны БЗАҮ-ний анги үргэлжлүүлэн хийж дуусгахаар ажиллаж байна. Энэ жилдээ битүүлээд, гадна шугам сүлжээг хийгээд ирэх жил засал, тохижилтын ажлыг нь хийж дуусгана.
Мөн төмөр замчдыг 2022-2025 онд орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 2022 онд эхлүүлсэн Зүүнхараа зангилаанд эхний 40 айлын орон сууцыг өнгөрсөн гуравдугаар сард ашиглалтад оруулсан. Одоо хоёр дахь 40 айлын орон сууцны барилгын ажил 70 гаруй хувьтай явж байна. Энэ орон сууцны нэг ам метрийн үнэ 1 сая 950 мянган төгрөг гэдэг бол зах зээлээс хамаагүй хямд байгаа. Тус орон сууцны үнийг хямдруулах үүднээс УБТЗ ХНН-ээс 1.2 тэрбум төгрөгөөр гадна шугам сүлжээний ажлыг хийсэн. Багахангайд мөн 40 айлын орон сууц барих тендерийг энэ онд гурван удаа зарлаж байж гүйцэтгэгч компани тодорсон. Тухайн компани нэг ам метрийн үнийг 2 сая 50 мянган төгрөгөөр барихаар гэрээ байгуулж байгаа. Энд мөн УБТЗ ХНН-ээс 660 сая төгрөгөөр гаднах инженерийн шугам сүлжээг нь хийж өгнө. Энэ нь 1м2 -д 293 мянган төгрөг замаас хөнгөлж байгаа гэсэн үг. Замын-Үүдэд есөн давхар хоёр блок 108 айлын орон сууц барина. Зураг төслийг нь саяхан дуусаад тендер зарлалаа. Нэг ам метрийг 2.7 сая төгрөгөөр барих санал ирсэн. Орон сууцны төв комиссоос ажилчдаас санал авахаар зангилаа руу нь албан бичиг явуулсан. Энэ барилга металл фасадтай, доогуураа холбоотой автомашины дулаан зогсоолтой, гадуураа хашаатай, инженерийн шугам сүлжээнд холбогдсон, хос лифттэй орчин үеийн шийдлээр баригдана. Зах зээл дээр ийм орон сууцны нэг ам метр талбайн үнэ 3.5-4.0 сая төгрөг, түүнээс ч өндөр байгаа. Энд мөн УБТЗ ХНН-ээс 800 гаруй сая төгрөгөөр гадна инженерийн шугам сүлжээний ажлыг нь хийж өгнө.
Сайншандад мөн 168 айлын орон сууц барина. Х.Хэрлэн дарга Дорноговь аймгийн Засаг даргатай тохиролцож, төмөр замын тосгон дахь аймгийн хуучин эмнэлгийн барилгыг буулган 4700 ам метр газарт барилга барих гэрээг хийж чадсан. Зөвшөөрөл, итгэмжлэлийг нь авчихсан. Эскиз зураг нь хянагдаад явж байна. Тендер зарлаж, хавар барилгын ажлыг нь эхлүүлэхээр төлөвлөж байна. Хуучин барилгыг төмөр замын хөрөнгөөр буулгаж газар чөлөөлөх үү гэдэг асуудал бас бий.
Дараагийн орон сууцыг Улаанбаатарт барихаар төлөвлөж байна. 73 дугаар сургуулийн хажууд, Удирдах газрын урд байдаг 27 айлын нийтийн байрыг буулгаж, суурин дээр нь 95 айлын 12 давхар ипотекийн орон сууц барих эскиз зураг нь батлагдсан.
Тендерийг тав дахь удаагаа зарлаж байна. Энд байгаа 27 айлд ногдох үнийн 40-90 хувийн хөнгөлөлтийг шингээж байгаа учраас барилгын компаниуд төдийлөн сонирхохгүй байсан тул нөхцөлөө эргэж хараад барилгын компанид ашигтай байхаар босгыг бууруулж байгаа. Гэхдээ барилга, газар нь УБТЗ-ын өмч учраас эцсийн шийдийг Ерөнхий хороо гаргана.
-Замын-Үүдэд өмнө нь 66 айлын орон сууц баригдаагүй гэдэг асуудал бий. Энэ асуудал хэрхэн шийдэгдэж байгаа вэ?
-Тухайн үед зангилааны түвшинд ажилчидтайгаа зөвшилцөөд 10 гаруй жилийн өмнө эхлүүлсэн барилга юм билээ. Үүнд Удирдах газраас оролцоогүй. Явцын дунд өртөг нь өсөөд барьж байсан компани, төмөр замчид дунд үл ойлголцол үүсээд ажил нь зогссон байдаг. Гэсэн хэдий ч Замын захиргаанаас төмөр замчдынхаа хүсэлтээр энэ барилгад анхаарал хандуулж байгаа. Хийцийн дүгнэлтийг нь гаргуулахаар эрх бүхий байгууллагад нь хүсэлт гаргачихсан. Хэрэв үргэлжлүүлж барих боломжтой гэдэг дүгнэлт гарвал хэрхэн барих вэ гэдэг асуудлыг цааш нь ярина. Газар нь УБТЗ-ын өмчлөлд байдаг.
-Вокзалын хонгилон гарцны засвар шинэчлэлийн ажил нэлээд сунжирч байна. Энэ юутай холбоотой вэ?
-Вокзалын хонгилон гарцны засвар шинэчлэлийн ажлыг зорчигчийн стандарт, нөхцөлийг хангахаар манайхаас олон жил зорьсон мөн ЗТЯ-ны шаардлагын дагуу хийж байгаа. Тендерт “Таван орд” ХХК шалгараад ажил эхэлсэн. Наймдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан боловч, төлөвлөгдөөгүй хуучин суурийг буулгах ажлын объём их хэмжээгээр ихэссэн хүндрэл гарч вокзалын хонгилон гарц руу том техник оруулах боломжгүй учраас маш их хугацаа зарцуулсан. Үүнд үндсэндээ сар хагасын хугацаа, нэмэлтээр 400 гаруй сая төгрөгийн зардал гарсан. Одоогоор битүүлэх, дотор засал, зургаан элеватор зам суурилуулах ажил 70-80 хувьтай үргэлжилж байна. Арваннэгдүгээр сарын 01-ний дотор ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Томоохон машин механизм, тоног төхөөрөмжийн худалдан авалтууд бий юу?
-Чулуун заводод шинэ бутлуурын шугам, замын ангиудад гурван том оврын эксковатор зэргийг авсан. Эдгээр нь үр өгөөжөө өгөх худалдан авалтууд. ОХУ-ын талаас дүрмийн сан нэмэгдүүлсэн таван шинэ зүтгүүр ирсэн.
-Он дуусахаас өмнө хийх ажлууд хэр үлдэв?
-Баянбуурал амралтын барилгын гадна фасадыг металл хавтангаар бүрэх ажил хийгдэж байгаа. Хүйтнээс өмнө хийх ажлуудыг шахаж дуусгаж байна. Тухайлбал, гадна хийх дохиолол холбоо, эрчим хүчний кабель, зам засвар, шугам сүлжээ, барилгын ажлууд байна. Өвөл дотор хийх боломжтой ажлуудыг ондоо багтаагаад хийх бүрэн боломжтой.
-Ирэх онд ямар томоохон ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?
-2025 онд хийх ажлыг Замын I орлогч дарга дээр хэлэлцээд барилга байшингаас илүү хөдлөх бүрэлдэхүүн, зам шинэчлэлд онцгой анхааръя гээд төсөв хөрөнгийг энэ чиглэл рүү түлхүү тавьсан.
Ирэх жил 34 км зам шинэчлэх, хэрэв санхүүгийн боломж гарвал 80 км хүргэж засахаар зорилт байгаа. Дээр дурдсан, “Ган зам” цэцэрлэгийн барилга, зүтгүүрийн “Цахилгаан машины цех”-ийг дуусгаж ашиглалтад оруулна. Дархан Татах хэсгийн засварын цехийг өргөтгөнө. Сайншанд ГУА-ын барилга актлагдсан, байргүй байгаа тул шинийг нь барина. Оорцог-Энгэр зөрлөгийн зам сумыг уртасгана. Бор-Өндөр өртөөг цахилгаан төвлөрүүлэлтэд бүрэн холбох ажлыг эхлүүлнэ. Толгойт өртөөний зам, гэрэлтүүлгийг нэмнэ.
Эцэст нь хэлэхэд, УБТЗ жилд дунджаар 130 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад, 50 тэрбумыг их засварт зарцуулж байна. Энэ бол хаанаа ч хүрдэггүй. 34 км замыг засахад л 65 тэрбум төгрөг шаардагдаж байгаа. Нийт барилга байгууламж, хөдлөх бүрэлдэхүүн, машин механизм, багаж хэрэгсэл маань 70 орчим хувийн элэгдэл, хорогдолтой байна. Ийм төсвөөр бүрэн засаж шинэчилж чадахгүй. Шинэчлэлтийн хурд удаан болохоор хэдэн жилийн өмнөх шинэчлэл ч хуучирч, дахин нэмэлт засвар, хөрөнгө оруулалтыг шаардаж байна. Хэрэв бид орлого, тарифаа зохих түвшинд хүртэл нэмж чадвал жилийн хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмэгдүүлж, улс эх орны болон орчин үеийн шаардлагад нийцүүлж, хөгжил шинэчлэлийг хурдасгаж чадна.
- Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа.
Сэтгэгдлүүд
Уулзваргүй замд холбоонд цөөн хүн ажилдаг онцлогтой