Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд цахим тоглоом буюу “И-спорт”-ын төрөл хүрээгээ тэлж буй билээ. Манай улсын хувьд саяхан л цахим тоглоомын газарт тоглодог хүүхэд залуусаа “PC-д донтогчид” хэмээн үзэж, тэр бүү хэл тоглоомын төвүүдийг хүртэл хааж, бараг тэднийг гэмт хэрэг хийсэн мэт аашилдаг байв. Гэвч өнөө цагт тэр донтогчдын зарим нь дэлхийн аварга болж, улс орныхоо нэрийг өндөрт өргөж байна. Энэ нь “И-спорт” сонирхогч олон залууст хэн ч амжилт гаргах боломжтой гэсэн итгэл төрүүлэв. УБТЗ-ын хувьд ч салбар нэгжүүд залуусынхаа сонирхлыг дэмжиж, орчин цагтайгаа хөл нийлүүлэн “И-спорт”-ыг зохион байгуулдаг болжээ. Тиймээс энэ удаагийнхаа дугаарт тус спортоор хичээллэгч Б.Баярцогттой ярилцлаа. Тэрбээр, 2015 онд Дохиолол холбооны III ангид ээлжийн механикч, 2018-2019 онд Замын-Үүд өртөөнд операторч, 2019 оноос Дохиолол холбооны II ангийн тетра өгөгдлийн сүлжээ хариуцсан инженерээр ажиллаж байгаа аж.
-Та “И-спорт”-оор хэзээнээс хичээллэв. Яг аль төрлөөр нь тэмцээнд оролцдог вэ?
-МУИС-д оюутан болж ирсэн цагаас ангийнхаа найзуудтай PC тоглож эхэлсэн. Тухайн үед аав ээжүүд, ер нь Монгол даяараа зүгээр л нэг цахим тоглоом гэж боддог байсан шүү дээ. Бид ч спортоор хичээллэж байна гэж мэддэггүй байж. Мөн ажилтан болоод хамт ажилладаг залуустайгаа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх үүднээс 14 хоногт нэг удаа ч юм уу тоглодог байлаа. 2022 онд Дохиолол холбооны III анги анх тэмцээн зохиосноос хойш манай алба жил бүр болдог олон төрөлт спартакиаддаа оруулсан. Ингэхдээ DOTA1 төрлөөр орсон. Саяхан энэ оныхоо тэмцээнийг манай алба Эрчим хүч, ус хангамжийн төв, СИРДП-Е хэлтэстэй хамтран спортын зургаан төрлийн нэг болгон зохион байгууллаа. Үүнээс гадна өнгөрсөн нэгдүгээр сард Тээврийн дохиолол холбооны мэргэжлийн холбоо ТББ-аас зохион байгуулсан тэмцээнд “МТЗ” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХК зэрэг бусад төмөр замын байгууллагуудын дохиолол холбооныхон гээд нийт есөн баг оролцсон. Энэ тэмцээнд манай баг гуравдугаар байрт шалгарсан. Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм билээ.
-Нэг баг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй тоглодог вэ?
-Таван хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Манай ангийн хувьд залуучуудаасаа шигшээд нэг баг гаргаж тэмцээнд оролцдог. Албаны анхны буюу 2022 оны тэмцээнд бид дэд байр эзэлсэн. Гэхдээ багийн хүмүүс дараа дараагийн тэмцээнд яг хамт байх боломжгүй юм. Учир нь, зарим залуус гарч, өөр анги руу шилжих нь бий. Тиймээс шинээр ажилд орсон залуусаар багаа сэлбээд л оролцож байгаа.
-Аав, ээжүүд хүүхдүүдээ утас ухлаа, компьютер тоглолоо гээд л дургүйлхдэг байсан. Одоо харин дэмждэг эцэг эхчүүд олширч байх шиг?
-Цаг үеэ дагаад нийгэм, соёл өөрчлөгдөж байна шүү дээ. Монгол залуус “И-спорт”-ын DOTA-гаас гадна CS:GO, Pubg, Mobail, FIFA20, Heartstone гэхчлэн бүх төрлөөр нь хичээллэж, мэргэжлийн түвшинд тоглож эхэллээ. Дотоодод төдийгүй дэлхийн тэмцээнд оролцон амжилт гаргаж байна. Үүнийгээ дагаад мэргэжлийн тоглогч нар доллароор цалинжих боломж бүрдлээ гэж харж байгаа. Зарим төрөл нь хаанаас ч дэлхийн том багт ороод тоглох боломжтой шүү дээ. Тиймээс эцэг, эхчүүд цахим тоглоомыг спорт гэдэг утгаар нь харж эхэлсэн юм шиг санагддаг. Ер нь, манай улсын CS:GO, DOTA-ийн тамирчид гадны улсын том багийн нэрийн өмнөөс дэлхийн тэмцээнд оролцож буй тохиолдол олон байна.
-“И-спорт”-ын чиглэлээр Монголын электрон спортын холбоо гэж байгуулагдсан байдаг. Улсын аварга шалгаруулах тэмцээн ч зохион байгуулдаг юм билээ. Тэдгээр том тэмцээнд нь манай төмөр замчин залуусын баг хэр оролцдог вэ?
-Миний хувьд зөвхөн байгууллагаа төлөөлөөд төмөр зам дотроо тэмцээнүүдэд оролцож үзсэн. Ер нь, гадуур энэ спорт маш их хөгжиж байна. Төмөр замд дээр хэлсэн төрлүүдээс ихэвчлэн DOTA1 төрлөөр зохиогддог. Үүнээс өмнө 2021 онд санагдана, ICT буюу харилцаа холбооны бүх салбар, манай Дохиолол холбооны алба оролцсон тэмцээнд DOTA2, CS:GO, PUBG, MOBILE LITE гэх мэт төрлөөр болж байсан. Манай алба тэр тэмцээнээс PUBG төрлөөр хүрэл медаль авсан. Тэр үед үзэгчийн хувиар харахад төмөр замын баг тамирчдын ур чадвар, арга барил, хурд харилцаа холбооны бусад байгууллагын багаас дутахааргүй, бараг илүү гэхээр санагдсан. Тэгэхэд бага зэрэг тактикийн алдаа гаргаснаас хүрэл медаль хүртсэн л дээ. Учир нь, манай тамирчид тал бүрээс цугларан ганц хоёрхон өдөр тоглоод л оролцсон учир атгасан гар шиг баг болж чадсангүй дээ гэж би дүгнэсэн. Ер нь, багаа сайн бэлтгээд орвол төмөр замчин залуус хаана ч амжилт гаргаж чадна.
-Энэ спортоор хичээллэснээр хүүхэд, залууст ямар ач тустай вэ?
-“И-спорт” бол моментын буюу агшин зуурт шийдвэр гаргадаг онцлогтой. Агшин зуурт зөв шийдвэр гаргаж чадвал өрсөлдөгч багаа буулгаж авах боломжийг бүрдүүлдэг. Нэг секунд алдаж шийдвэр гаргаснаас болж тухайн өрсөлдөгч надад скиллээ хийчихвэл би үхэх магадлалтай. Тиймээс богино хугацаанд сэтгэн бодож, шийдвэр гаргах чадвар нэмэгддэг ач холбогдолтой спорт гэж хардаг. Мөн тогтвортой сууж, аливаад төвлөрч сурна. Хэрэв буруу шийдвэр гаргалаа гэж бодоход тухайн тэмцээний дараагийн үедээ дахин төрж буруу шийдвэрээ засаад явах боломжтой байдаг. Ер нь, энэ спортод насны хувьд залуу байх тусмаа л сэтгэн бодох чадвар өндөр, хурдтай, хариу үйлдэл үзүүлэх чадвар сайн гэж үздэг юм билээ. Гэхдээ 40 хүрсэн ч амжилттай тоглож буй залуус байдаг. Ер нь, залуус нэг сонирхолтой байна гэдэг нь ажлын орчинд ч эерэг уур амьсгал бүрддэг. Бусад салбар нэгжийн ижил сонирхолтой залуустай чөлөөт цагаараа тоглодог болсон. Төмөр замын бүх л салбар нэг зорилготой, хамтын ажиллагаатай шүү дээ. Залуус сонирхлоороо нэгдсэнээр бие биеэ илүү сайн ойлгож, түүгээрээ үндсэн ажлын үзүүлэлтэд ч сайнаар нөлөөлнө гэж хардаг. Мөн эмч, багш, барилгачин, төмөр замчин, хуульч... гээд мэргэжил харгалзахгүй энэ спортоор хичээллэх боломжтой учир олон талын танил, найз нөхөдтэй болдгоороо сайхан.
-Таван хүнтэй л бол нэг нь ахлаад хаана ч тэмцээнд орох боломжтой юу?
-Болно л доо. Гэхдээ олон улсын хэмжээний том тэмцээнд тухайн багт дасгалжуулагч, менежер гэсэн хүмүүсийн орон тоо байдаг. Таван хүн суугаад тоглоход ахлагч нь бүгдийг удирдаад явахад хүндрэлтэй. Тиймээс тэмцээн дээр дасгалжуулагч ард нь суугаад хэн яахыг зохицуулдаг.
Энэ ташрамд хэлэхэд манай байгууллагын захиргаа ҮЭ-ийн хороо хамтран залуучуудаа бүрэн дэмждэгт талархаж явдгаа илэрхийлье. Биднийг тэмцээнд оролцох боломжоор хангаж, ажлаас чөлөөлж, санхүүгээр дэмжиж, хувцсаар хүртэл жигдлүүлж өгсөн. Цаашид Замын хэмжээнд жил бүр зохион байгуулдаг тэмцээн бий болно гэдэгт итгэлтэй байгаа. Энэ спорт бол цаашид улам илүү хөгжинө. Үүнийгээ дагаад шагнал урамшуулал нь ч нэмэгдэх байх.
-УБТЗ-д аль байгууллагын баг илүү сайн байна вэ?
-Дохиолол холбооны III ангийн баг хэд хэдэн удаа аварга болсон. Маш сайн тоглодог, ур чадвар өндөр залуустай баг бий. Ер нь, бэлтгэл сайтай бол өөр олон ч чадварлаг баг бусад салбар нэгжээс гарах боломжтой гэж хардаг.
-УБТЗ-д энэ төрлийн мэргэжлийн холбоо байгуулагдсан байх аа?
-Тиймээ, 2022 онд байгуулагдсан. Тэргүүнээр нь Дохиолол холбооны албаны дохиолол хариуцсан ахлах инженер М.Эрдэнэбаяр ажилладаг. Дэд тэргүүн нь СИРДП-Е хэлтсийн дарга Б.Гантулга. Мөн удирдах зөвлөлийн есөн залуу бий. Үе тэнгийн, ижил сонирхолтой залуус энэ төрийн бус байгууллагыг байгуулсан юм.
-Энэ спортоор төмөр замчин эмэгтэйчүүд хэр хичээллэж, тоглодог вэ?
-Миний оролцсон DOTA-гийн төрлийн тэмцээнүүдэд эмэгтэй хүн орсныг би л лав хараагүй. Харин гар утсаар тоглодог PUBG, MOBILE LITE төрлүүдэд эмэгтэйчүүд байдаг юм билээ. Манай анги дотроо ковидын үеэр нэг удаа PUBG тэмцээн зохиоход дөрөв, таван эмэгтэй оролцож байсан.
-Сонирхолтой ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. Танд амжилт хүсье!
М.Наранболд