“Хамтын гэрээ”-нд орсон  өөрчлөлтийн талаар МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраагаас тодрууллаа.

 

 -2022-2023 оны “Хамтын гэрээ”-ний үйлчлэх хугацаа ирэх жил дуусна. Нэг үгээр хэлбэл, шинэ батлагдсан бус одоо мөрдөгдөж байгаа “Хамтын гэрээ”-нд нэмэлт өөрчлөлтүүд орж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Уг гэрээнд байгаа зарим нэг заалтуудыг эргэж харах, дээрээс нь цалингийн системийн шинэчлэлийн хоёрдугаар үе шатыг эхлүүлэх зорилгоор энэ удаагийн хэлэлцээрийг хийсэн.

  -Нэмэлт өөрчлөлтөөр ямар асуудлыг шийдвэрлэв?

-Хамгийн түрүүнд “Тасралтгүй” гэх нэр томъёог “Хамтын гэрээ”-нээс хаслаа. Энэ бол төмөр замчдад өндөр үр өгөөжийг авчирна. Технологит ажлын явцад  хүн алдаа мадаг гаргана. Үүнийхээ улмаас хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулж ганц хоёрхон сарын дараа буцаад өөр аж ахуйн нэгжид ажилд ороход удаан жил нь тасардаг байсан. Мөн түүнээс гадна өрхийн орлогынхоо чадамжийг дээшлүүлэхийн тулд хэсэг хугацаанд гадны оронд ажиллаж, амьдарна. Эсвэл шинэ төмөр замын төсөл рүү түр явах зэрэг амьдралын  хэрэгцээ шаардлага гардаг. Ийм тохиолдолд удаан жил нь тасарсан учраас тухайн хүнд буцаж УБТЗ-даа ирэх хүсэл эрмэлзэл нь унтардаг байсан. Энэ нь хүний нөөцийн бодлогод ч ээлтэй шийдвэр. “Тасралтгүй” гэдэг үгийг авсны бас нэг чухал дэвшил нь өөр байгууллагад шилжин ажиллах тохиолдолд холбогдох сургалтад суух шаардлагатай болдог. Үүний тулд хуучин ажлаасаа сайн дураар гарах өргөдөл бичиж өгөөд сургалтад суух үед нь мөн л удаан жил нь тасардаг байсан нь ариллаа. Ялангуяа, хөдөлгөөнтэй шууд холбоотой аж ахуйн нэгжид хүний нөөцийн хомсдол бий болсон энэ үед тухайн шийдвэр маш өгөөжтэй юм. Миний мэдэхийн сүүлийн зургаан “Хамтын гэрээ" дамнан энэхүү “тасралтгүй” гэдэг үгийг хасах санал дэвшүүлэгдсэн ч шийдэгдэж чадаагүй байсан юм.

-Цалингийн нэмэгдлийг төмөр замчид төдийлөн ойлгохгүй байх шиг?

-Өнгөрсөн онд баталсан “Хамтын гэрээ”-нийхээ хүрээнд хэд хэдэн удаагийн хэлэлцээрийн үр дүнд эхний ээлжинд нийт төмөр замдынхаа үндсэн цалинг зургаа хүртэлх хувиар нэмүүлэх шийдвэрт хүрснийг төмөр замчид мэднэ. Тэгвэл “6 хүртэлх хувиар нэмэгдүүлнэ” гэсэн шийдвэр нь хөрсөн дээр буухдаа бага хэмжээний цалин хөлстэй нь зургаа, арай ахиу цалинтайд нь түүнээс бага, эсвэл цалингийн суурь нь алдагдчихсан ажил мэргэжлийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг тэнцвэржүүлж, зөв голдиролд нь оруулах зэрэг зохицуулалтыг эхлээд үндсэн цалин дээр нь хийсэн. Дараа нь шагналт цалингийн тодорхой хувийг үндсэн цалин руу нь шилжүүлж байгаа.  Манайхан үүний ач холбогдлыг төдийлөн ойлгохгүй байх шиг. Маш товчхон хэлбэл, бүх шагналт цалинг 20 хувь болгож байгаа. 20 хувиас илүү гарсан цалинг бүгдийг нь үндсэн цалин руу шилжүүлж байгаа. Өмнө нь, адилхан төмөр замчдыг “Хөдөлгөөнтэй шууд холбоотой”, “Хөдөлгөөнтэй холбоотой бус” гэж ангилаад нэгэнд нь 35, нөгөөхөд нь 50 хувиар бодож шагналт цалинг олгодог нь байлаа. Хүн ажил мэргэжлээ өөрөө сонгох эрхтэй. Тэгэхээр энэ нь “Ажил мэргэжлээр ялгаварлан гадуурахгүй байх” гэсэн Үндсэн хуулийн заалтаа зөрчиж байгаа хэрэг. Дээр нь, шагнал урамшил гэдэг ялгаварлал байх ёсгүй шүү дээ. Тиймээс үүнийг жигдэлж байгаа юм. Хоёрдугаарт, шагналт цалингийн хэмжээ өндөр байхын хэрээр ажилтанд очих шийтгэлийн хэмжээ хүндээр тусдаг талтай. Харин шагналт цалин тогтвортой, бага хэмжээнд байх юм бол тухайн хүндээ хүрэх шийтгэлийн хэмжээ ч бага тооцогдоно гэсэн үг. Нэг ёсондоо, хүнээ шийтгэлийн тогтолцооноос хамгаалж байгаа нэг хэлбэр ч гэж ойлгож болно. Ер нь, шагналт цалинг аль болох үндсэн цалин руу нь шилжүүлж л байвал ажилтандаа өгөөжтэй юм. Харин удаан жил, говийн бүсийн нэмэгдэл гэхчлэнгээр өөр төрлийн урамшуулал, хөнгөлөлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй. УБТЗ-д 1-10 жил ажилласан төмөр замчин үндсэн цалингаасаа гадна жил тутамд нэг хувийн  удаан жилийн нэмэгдэл авна. Өөрөөр хэлбэл, шинээр ажилд орсон ажилтан хоёр дахь жилээсээ эхлэн удаан жилийн нэмэгдэл авсаар 10 жилийн дараа гэхэд 10 хувийн нэмэгдэл цалин авах нь. 10 жилээс хойш жил тутамд 0.5 хувиар удаан жилийн нэмэгдэл авна. Ингээд 20 дахь жилдээ 17.5 хувийн нэмэгдэлтэй болно. 20 жилээс хойш ажилласан тохиодолд жил тутам 17.5 хувийн нэмэгдлийг үндсэн цалин дээрээ тогтмол авна. Ингээд үндэс суурь зөв тавигдчихаар дараа дараагийн жилүүдэд тээврийн хэмжээ болон инфляцийн түвшинг харж байгаад боломжтой хувилбараар нэмээд явах боломж бүрдэнэ. Үндсэн цалинд ямар ч хэмжээгээр өөрчлөлт орсон удаан жилийн нэмэгдэл болон шагналт цалинд шууд өгөөж нь очдог болно. Үүнээс аль ажлын байранд нь тогтвор суурьшилтай холбоотой доголдол үүсэж байна тэр бүр нь цалин хөлсний нэмэгдлийг хийх боломж ажил олгогчийн талд бүрдсэн.

-Үнийн өсөлт хөөрөгдсөн энэ үед төмөр замчид магадгүй үүнээс ч илүү үр дүн гаргаасай хүлээж байсан болов уу?

-Өнөөгийн Замын дарга олон жил шийдэгдэхгүй явж ирсэн тарифийн нэмэгдлийн араас уйгагүй хөөцөлдөж бодит үр дүнгүүд эхнээсээ гарч байгаа. Дараа дараагийн шатанд үнэ тариф ахин нэмэгдэнэ гэсэн тооцооллоор л дээрх нэмэгдлүүдийг шийдэж байгаа юм. Мөн  Ерөнхий хорооны шийдвэр ч үүнд чухал. Хамгийн гол нь, бид бодит нөхцөл байдлаа тооцоолох ёстой. Цалингийн нэмэгдлийг хэт өндрөөр шаардах нь буцаад компаниа дампууруулах эрсдэлд оруулна. Цалингийн шинэчлэлийн системийн хоёрдугаар үе шатыг 2023 оны хоёрдугаар улиралд багтаан эхлүүлнэ гэж “Хамтын гэрээ”-нд заасан. Тэгэхээр зургадугаар сарын 30 гэхэд төмөр замчид маань үүний эхний үр дүнг үзсэн байх ёстой гэдэг шаардлагыг бид тавьж байгаа. “Тасралтгүй” гэдэг үг тавдугаар сарын 15 гэхэд бүр мөсөн арчигдсан байх ёстой. Үүнээс өмнө тодорхой журам гарах ёстой юм билээ.  Дээр дурдсан хоёр өөрчлөлтөөс гадна жижиг өөрчлөлтүүд цөөнгүй хийгдсэн. Тухайлбал,“Говийн төмөр замчин” тэргүүтэй төмөр замчдын нийгмийн асуудал рүү чиглэсэн бодлого хөтөлбөрүүд хэн нэгэн дарга хариуцах байдлаар явдаг байсан учраас удаашраад байсан талтай. Тэгвэл тухайн асуудлуудыг “Хамтын гэрээ”-нд тусгаж өгсөн нь том ололт байлаа.

 

Б.Дэлгэрхишиг