Вагон ашиглалтын депогийн орлогч дарга Б.Азжаргалтай ярилцлаа.

 

 -Тээврийн хэмжээ өмнөх оноос өссөн. Үүнийг дагаад олон ч аж ахуйн нэгж, хувь хүн өөрийн хөдлөх бүрэлдэхүүнээ тээвэрт оролцуулж, УБТЗ-ын ачааллаас хуваалцах боллоо. Магадгүй энэ утгаараа тээврийн хэмжээ өсөж байгааг хувийн хэвшлийнхний оролцоотой ч холбон тайлбарлаж болох юм. Өнөөдөр УБТЗ-д хувийн хэвшлийн хэчнээн хөдлөх бүрэлдэхүүн байна. Тэд цаашдаа юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Тийм ээ. Таны хэлдэг зөв. Өнөөдөр УБТЗ-д хувийн хэвшлийн маш олон хөдлөх бүрэлдэхүүн тээвэрт үйлчилж байна. Энэ бол цаг үеэ дагасан зүй ёсны үзэгдэл. Төмөр замчид маань мэдэх байх. УБТЗ экспортын захиалгынхаа 30-40 хувийг л хангадаг шүү дээ. Цаана нь, үлдэж буй маш их тээврийн захиалгыг харамсалтай нь авч чаддаггүй. Энэ орон зайг хувийн хэвшлийнхэн соргогоор анзаарч, тээвэрт өөрийн хөдлөх бүрэлдэхүүнээ түрээсээр оролцуулах болжээ. Мэдээж, сайн хэрэг. Гэхдээ өнөөгийн УБТЗ-ыг өргөтгөж, шинэчлэхгүйгээр вагон л оруулж ирээд байвал тээвэр нэмэгдээд байна гэсэн үг биш. Одоогийн байдлаар, УБТЗ-д хувийн хэвшлийн 1370 вагон түрээсээр ашиглагддаг. Үүнийг дагаад Вагон ашиглалтын депод ирж буй хариуцлага ч өндөр болсон гэдгийг хэлэх нь зүй. Учир нь, бид эдгээр компанитай бүгдтэй нь засвар үйлчилгээний гэрээтэй ажилладаг юм. Нэг ноцтой асуудал нь хувийн хэвшлийнхний оруулж ирж буй хөдлөх бүрэлдэхүүнүүдэд хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц далд ноцтой гэмтлүүд ихээр илрэх болсон явдал. Би хэн нэг байгууллага, аж ахуйн нэгжийг гүтгэж, харлуулах гэсэнгүй. Бүгд тооцоо судалгаатай. Бас бүртгэлтэй. Нийтэд нь ангилаад харахаар гүүшингийн буюу хос дугуй, авто угсрааны ан цавын гэмтлүүд ихээр илэрдэг. Мөн ОХУ-аас орж ирж буй вагонуудын ноён нуруунд их хэмжээний ан цав илэрч байгаа. Яагаад гэхээр, шинэ хийцийн вагонууд нь ноён нуруу цутгалтын алдаатай байх шиг анзаарагдсан. Харин гүүшингийн гэмтэл шууд засварын чанартай холбоотой байдаг. Тиймээс ОХУгэлтгүй урд хөршөөс хөдлөх бүрэлдэхүүн оруулж ирэхээр төлөвлөж байгаа аж ахуйн нэгжүүд дээрх асуудлыг нарийн сайн судалж байж худалдан авалт хийх хэрэгтэй. Эсрэгээрээ УБТЗ-ын эзэмшлийн вагонуудад илрэх гэмтэл буурсан. Өмнөх онтой харьцуулбал, бүр 55.5 хувиар шүү. Ингэж огцом буурсан шалтгаан нь 50 жилээс дээш ашигласан вагонуудыг ашиглалтаас хассантай холбоотой.

 -Таны хэлснээр хувийн хэвшлийн хөдлөх бүрэлдэхүүний тодорхой хувьд далд ноцтой гэмтэл илэрдэг юм байна. Төмөр замын тээврийн аюулгүй байдал талаасаа энэ олон хувийн хэвшилтэй хэрхэн хамтран ажиллах нь үр дүнтэй юм бэ?

-Төмөр замаар тээвэр хийж буй хувийн хэвшлийнхэнтэй манай депо засвар үйлчилгээний гэрээ хийдгийг би түрүүнд дурдсан. Тэр гэрээнд вагон ашиглалтын явцад гарсан хөнгөн эвдрэл гэмтлийг бид засварлах үүрэгтэй. Харин хүнд гэмтлүүд буюу хос дугуй, авто угсраа, тодорхой хэмжээний мөнгөн дүн шингэсэн деталь эд ангиудын нөөцийг бүгдийг нь хувийн хэвшлийнхэн өөрсдөө бүрдүүлдэг. Тэд эргэлт хийж буй бүх ТҮГ-ууддаа ийм нөөц бүрдүүлэх ёстой юм. Ямар ч тохиолдолд УБТЗ-аас сэлбэг тавьж өгдөггүй. Яагаад гэвэл УБТЗ Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг гэдэг утгаар татваргүй сэлбэг оруулж ирдэг. Ийм сэлбэгийг хувийн хэвшлийн вагонуудад тавьдаггүй ээ.

-Ашиглалтын явцад УБТЗ-аас үл хамаарах шалтгаанаар эвдрэл, гэмтэл гарвал засвар, үйлчилгээг нь хэн хариуцаж, төлбөр тооцоог хэрхэн хийх үү?

-Эрээнд бууж байх үед гэмтсэн вагоныг “Хавсралт-3” буюу гэмтлийн маягтад бүртгэдэг. Түүний дагуу гэмтлийг арилгах арга хэмжээ авна. Шаардлагатай гэж үзвэл Замын-Үүдэд салгаж засварладаг. Харин төлбөр тооцоо нь Вагон ашиглалтын депогоор дамжина. Манай бүх ТҮГ-ын дарга нар тухайн өртөө, салбар, салаа замд ачилт хийж буй компаниудад вагоны бүрэн бүтэн байдлын тухай “30.84.2016” стандартыг сурталчлах, танилцуулах, сургалт зохион байгуулах хуваарьтай. Үүнийхээ хүрээнд ч салаа, салбар зам эзэмшигч компаниудад улирал бүр сургалт зохион байгуулдаг. Хэрвээ та санаж байгаа бол Толгойт өртөөний Дархан төмөрлөгийн үйлдвэрийн салбар замд манай вагонуудад төмөр ачих үедээ хөдлөх бүрэлдэхүүнд ноцтой гэмтэл учруулж болохуйц үйлдэл гаргасныг мэдэх байх. Харахад төмөр эд анги ч гэсэн дээрээс нь хүчтэй цохилт өгснөөр хос дугуйн өнхрөх холхивчинд хортон үүсч ашиглалтын үед хос дугуйн өнхрүүлгүүд гацах, түүнээс шалтгаалаад голын хүзүү хугарах гэх мэтчилэн маш олон ноцтой эрсдэл отож байдаг. Иймэрхүү үйлдлийг таслан зогсоох үүднээс тухайн компанид бид сургалт хийж, зааварчилгаа өгсөн. Цаашид ачилтад нь хяналт тавихаар тухайн газар камер байршууллаа. Ер нь, төмөр замаар тээвэр хийж буй компанийнхан вагоны бүрэн бүтэн байдлын чиглэлээр техникийн мэдлэг хангалтгүй байдаг нь нууц биш. Энэ чиглэлээр манай депо сургалт, заавар зөвлөгөө өгч ажилласнаар салаа, салбар зам дээр гардаг вагоны гэмтлийн тоо буурсан.

-Таны хэлж буйгаар ирээдүйд хувийн хэвшлийнхэн хөдлөх бүрэлдэхүүнээ оруулж ирээд, суурь бүтэц эзэмшигч нь хөдөлгөөнийхөө аюулгүй байдлыг хангуулаадажиллахнь зөв гэж хэлэх гээд байна. Тийм үү?

-Тийм, тийм. Ерөөсөө л энэ шүү дээ.

-УБТЗ-ын ихэнх вагон төрийн өмчтэй томоохон компаниудын тээвэрт яваад байгаа харагддаг. Цаашдаа эдгээр аж ахуйн нэгжүүд өөрийн хөдлөх бүрэлдэхүүнээр тээвэр хийх тал дээр та ямар бодолтой байдаг вэ. Хэрэв ингэвэл эндээс суларсан вагонуудаараа экспортын тээврийн захиалгаа хангачих бололцоотой юм шиг. УБТЗ чинь өнөөдөр нийт экспортын захиалгын 30-40 хувийг л хангадаг гэсэн байхаа?

-Таны хэлсэнчлэн, УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүний ихэнх нь орон нутгийн буюу алдагдалтай тээвэрт явдаг. Экспортынхоо чиглэлд УБТЗвагон хангалтаа хийж чадахгүй байгаагаас шалтгаалаад хувийн хэвшлийн компаниудын хөдлөх бүрэлдэхүүн маш ихээр оруулж ирсэн талаар түрүүнд та бид хоёр ярилцсан. Энд орхигдуулсан нэг зүйлийг нэмж хэлэх хэрэгтэй. Монгол Улсын хилээр оруулж ирэх вагоны стандарт нэлээд өндөр тавигдсан. Иймд орж ирж буй вагонууд ч бас сүүлийн үеийн шинэ, инновацийнх болсон. Яах вэ, шинэ вагон гэдэг утгаараа эвдрэл гэмтэл гарах нь бага байдаг. Депо засварт орсноос хойш эхний гурван жил ямар ч асуудалгүй тээвэрт явдаг учраас цаг хугацаа, зардал гардаггүй давуу талтай. Хөдлөх бүрэлдэхүүн оруулж ирж буй хувийн хэвшлийнхэндээ хандаж хэлэхэд аль болох шинэ вагонууд авбал хөрөнгө, мөнгө, цаг зав хэмнэнэ шүү. Хуучин вагонууд ихээхэн гэмтэлтэй, салгалттай засварууд хийх шаардлагатай болдог гээд тээвэрт өгч байгаа өгөөж нь буурчихдаг. Тэгэхээр цаашид аль болох сүүлийн үеийн шинэ вагонууд оруулж ирвэл сул зогсолт нь багасна, эргэлт нь ч түргэснэ гээд тээвэрт ихээхэн ашигтай байдгийг зөвлөе.

-Хувийн хэвшлийнхэн ихэвчлэн ямар төрлийн хөдлөх бүрэлдэхүүн оруулж ирж байна. Экспорт, транзит тээвэр хөгжиж байгаа гэдэг утгаараа магадгүй энэ төрлийнх нь арай илүү байгаа шиг анзаарагддаг уу?

-Ихэвчлэн уул уурхайн нурмаг ачаа тээвэрлэх зориулалт бүхий хагас вагонууд оруулж ирэх нь элбэг байна. Хагас вагонууд тээвэрт ихээр нэмэгдснээр манайд гагнуур, кузовын ажил харин нэмэгдсэн шүү.

-Зориулалтын бус вагонууд оруулж ирэх, түүнийг нь та бүхэн засаж янзлах тохиолдол гарах юм уу?

-Үгүй ээ. Одоохондоо бүгд зориулалтынхыг оруулж ирж байгаа.

-Сүүлийн үед задгай чингэлгээр нүүрс тээвэрлэж, экспортлодог болсон. Цар тахлаас үүдээд урд хөрш ч ийм шаардлага тавиад байгаа. Чингэлгээр нүүрс тээвэр хийх сонирхолтой байгууллага, хувь хүн, аж ахуйн нэгж хэр их байна вэ?

-Дан ганц цар тахал гэлгүйгээр байгаль экологийн асуудлаа бодсон ч чингэлгийн тээвэр алсдаа хөгжих боломжтой. Ашиглалтын зардал ч багатай. Нэг зүйлийг та бүхэн маань зөвөөр ойлгоорой. Өнөөдөр хөдлөх бүрэлдэхүүн оруулж ирээд зах зээлд нийлүүлэх сонирхолтой байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн маш их бий. Гэтэл манай төмөр замын багтаамж юу билээ. Энэ зам тээх, нэвтрүүлэх хүчин чадлынхаа чинээнд тулаад зам парк нь хөдлөх бүрэлдэхүүнээр дүүрчихсэн байна шүү дээ. Хэт их вагон тээвэрт яваад эхэлбэл тээвэр нэмэгдэх биш эсрэгээрээ тээврийн гацаа үүсэх магадлалтай. Үүнийг тээвэр зохион байгуулалтын албаныхан ч хэлдэг. Бид вагон байвал их л тээвэр хийнэ гэсэн ойлголттой байж болохгүй. Одоо байгаа хөдлөх бүрэлдэхүүнээр тээврийг маш зөв зохион байгуулах нь чухал. Тэр тусмаа Монгол Улсад ашиг тусаа өгөх экспортын тээврийг оновчтой зөв зохион байгуулбал манай улсын эдийн засагт тустай гэдгийг хэн бүхэн мэдэх байх аа.

-Вагон ашиглалтын хувьд Замын хэмжээнд хаана илүү ачаалал байх шиг байна. Экспортын тээвэр нэмэгдсэнтэй холбоотой Сэлэнгэ, Чойр гэх мэт ачилт ихтэй газруудад ачаалал өндөр байгаа нь ойлгомжтой. Тэдний ачааллыг жигд хуваарилах үүднээс юу хийх шаардлагатай байна вэ?

-Ачаалал хамгийн ихээр нэмэгдэж буй газрууд гэвэл хилийн өртөөд. Тэнд байгаа ТҮГ-ууд. Дан экспортын тээвэр нэмэгдсэн юм биш. Транзит ч нэмэгдсэн. Ялангуяа, транзит чиглэлийн галт тэрэг урт мөрөнд аялж байгаатай холбоотой Дархан, Зүүнхараа, Толгойт, Улаанбаатар, Сайншандын ТҮГгээд Замын хэмжээнд ажлын ачаалал жигд нэмэгдсэн. Тээх, нэвтрүүлэх хүчин чадал Замын хэмжээнд харилцан адилгүй байдгаас маш олон өртөө, зөрлөгт хөдлөх бүрэлдэхүүн хаягддаг. Энэ болгонд манай вагон үзэгчид тогтмол дуудлагаар ажиллана. Экспортын хувьд урд чиглэлдээ Олон-Овоод ачилт ихтэй байгаа нь үнэн. Энд хүн, хүчний зохион байгуулалт хийж, Сайншанд ТҮГ-аас вагон үзэгч мөн дуудлагаар ажилладаг болсон.

-Транзит гээд ярьсных энэ чиглэлийн галт тэргийг аль болох шуурхай, богино хугацаанд дамжин өнгөрүүлэхийн тулд үзлэгийг хэрхэн зохион байгуулах шаардлагатай байна. Ажлын ачаалал нэмэгдсэнтэй холбоотой ТҮГ-ын технологиудад өөрчлөлт орсон уу?

-Вагон ашиглалтын депогийн “Нэгдсэн технологийн горим”-ыг тавдугаар сарын 30-нд шинээр батлан мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ТҮГ-уудын технологийн процесст зарим нэг өөрчлөлт орлоо. Тухайлбал, Толгойтын ТҮГ-т ажлын ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан гурван группийн аргад шилжүүлсэн. Ингэснээр Толгойт өртөөнд галт тэрэг боловсруулах хүчин чадал тодорхой хэмжээгээр нэмэгдэж, вагон эргэлт түргэссэн. Урд нь, хоёр группээр ажилладаг байхад нэг галт тэргэнд ээлжилдэг, А, Б паркийн хооронд явахдаа 30-40 минут алддаг байсан бол энэ хугацаа хэмнэгдэж, тэр хэмжээгээр галт тэрэгний эрчимжилт нэмэгдэв. Мөн Улаанбаатар ТҮГ-ын технологид вагон үзэх дэр нэмж өгснөөр шурган үзэгч авто тоормосын үзлэгээ ч зэрэг хийгээд явчихдаг болсон.

-Хилийн өртөөдөд ажлын ачаалал нэмэгдсэн талаар дурдлаа. Замын-Үүдэд үүссэн асуудлаас болж импортын ачаа тээврийг төмөр замаар татах болсон. Импортын тээвэр нэмэгдэж байгаатай холбоотой Замын-Үүд дээр яг ямар технологи хэрэгжиж байгааг та тодруулаач?

-Цар тахлын үед ажиллах түр горимыг боловсруулсан. Эрээн өртөөнд Вагон ашиглалтын депогийн агент ажиллахгүй болсонтой холбоотой өргөн цариг дээр ажилладаг хоёр вагон үзэгчээ ээлжинд оруулсан. Агентууд Эрээн дээрх ажиллагааг наана хийдэг болж, зөвхөн БНХАУ-аас авч байгаа галт тэргэнд ажиллана. Тиймээс урдаасаа орж ирэх галт тэргийг Эрээнд байхад нь эхлээд агент дараа нь хилээр ороод ирсэн хойно вагон үзэгч үздэг байсан бол энэ давхар ажиллагааг болиулснаар технологит хугацаа багассан. Үр дүнд нь, тээх, нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдлээ. Ерөөс Эрээн өртөөний галт тэрэг солилцоо нэмэгдсэн асуудал юу вэ гэхээр хилийн хэлэлцээрийн дагуу Хятадын талаас хоёр зүтгүүр орж ирж галт тэрэг татдаг болсноор нарийн царигаар галт тэрэгний солилцоо өссөн үзүүлэлттэй харагдаж байгаа юм.

-Тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх СИРДП-Е систем замын хэмжээнд бүрэн жигдрээгүй, туршигдсаар байна. Энэ системтэй холбоотой танай дээр ямар бэлтгэл ажлууд хангагдаж байна вэ?

-Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш Вагон ашиглалтын депогийн хэмжээнд галт тэргийг амжилттай аялуулах, вагон үзэгч, засварчдаа сургаж, дадлагажуулах ажлыг үе шаттай зохион байгуулсан. Энэ ажлыг Замын ерөнхий инженерийн орлогч ч багагүй дэмжиж, замын орох, гарах дохионы дэргэд сүүлийн вагоны хагас иж бүрдлийг байршуулах, цэнэглэх боломжтой сууц шийдэж өгсөн. Вагон үзэгчид маань үүнийг ажлын байрнаасаа галт тэрэгний сүүл хэсэгт аваачихад ихээхэн хүндрэлтэй байв. Өнгөрсөн онд бид 10 сууц авч Сүхбаатар, Дархан, Зүүнхараа, Толгойт, Улаанбаатар, Багахангай, Чойр, Сайншандын ТҮГ-т байршуулаад байлаа. Ирэх онд ахиад 10 сууц байршуулахаар төлөвлөгөөнд тусгасан. Энэ тохиолдолд тухайн төхөөрөмжийг вагон үзэгчид маань сууцандаа цэнэглэдэг, тухайн газраасаа зөөгөөд галт тэргэндээ холбодог болох юм. Харин сүүлийн вагоны хагас иж бүрдэл маань вагонд бэхлэгдээд явахдаа унах эрсдэлтэй байсныг засах үүднээс Вагон ашиглалтын депогийнхоо хэмжээнд хоёр ч удаа болзолт уралдаан зохион байгуулж, авто угсрааны аман дээр суух зориулалттай хийцийг бэлдсэн. Өнгөрсөн долоо хоногт туршилтын аялалдаа гараад маш амжилттай яваад ирлээ. Хэрвээ техникийн шийдвэр гарах юм бол бид бүх хагас иж бүрдлийнхээ гадар хийцийг өөрчлөөд найдваржилтыг нь нэмэгдүүлж чадна.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!

ЯРИЛЦСАН Б.МӨРӨН