Вагон ашиглалтын депогийн дарга Б.Азжаргалтай ярилцлаа.
-Он гарсаар өнөөгийн байдлаар танай байгууллага төлөвлөгөөгөө хэрхэн биелүүлэн ажиллаж байна в гэдгээс яриагаа эхэлье?
-Манай депо Замын даргын нэгдсэн А01 тоот тушаалын хүрээнд хоёр, хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр ес, ХАБЭА-н чиглэлээр тав, хүний нөөц сургалтын чиглэлээр гурван ажил гээд нийт 19 ажил төлөвлөсөн ажилласан. Энэ сарын 1-ний байдлаар 72 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Вагон ашиглалтын депогийн үндсэн чанарын үзүүлэлт бол галт тэрэг хүлээн авах, явуулах байдаг. Явуулсан галт тэрэг 41640-д хүрч, 117 хувиар биеллээ. Мөн 39003 галт тэрэг хүлээн авч төлөвлөгөөг 105, зорчигчийн 89552, ачааны 3256944 вагон үзэж төлөвлөгөөг 110 хувиар биелүүлж ажиллалаа. Ачилтад 316909 вагон бэлтгэж 114 хувиар биелүүлсэн бол салгалтгүй урсгал засвараар 22702 вагон засаж өмнөх оны мөн үеэс 54 хувиар, салгалттайгаар 2282 вагон засварлаж 73 хувиар тус тус бууруулж ажилласан. Энэ нь хилээр хүлээн авч буй галт тэргэнд тавих хяналт сайжирсантай холбоотой. Мөн Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депод хийдэг засварын чанар сайн байгаа нь нөлөөлж байна.
Манай депо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс ОХУ-ын Наушки өртөөнд техникийн агентуудаа гаргаж ажиллуулдаг болсон. Энэ хүрээнд дөрвөн агент 24 цагаар ажил үүрэг гүйцэтгэж байгаа. Тэд хилээр орж ирэх галт тэрэгний урьдчилсан үзлэгийг Наушки өртөөнд хийж, гэмтэлтэй вагон байвал засварлуулан хүлээж авч байна. Энэ сарын 1-ний байдлаар 1167 галт тэрэг буюу 41602 вагонд хүлээн авах урьдчилсан үзлэг хийж 8812 вагонд салгалтгүй 9882 засвар хийлгэлээ. Ингэснээр Сүхбаатар өртөөнд хийгддэг засварын ажлын тоо 41 хувиар, техникийн гэмтлээр буцдаг вагоны тоог 34.8 хувиар бууруулаад байна.
-Оросын вагонуудад ихэвчлэн ямар гэмтэл гарсан байдаг вэ?
-Гэмтэл вагоны техyикийн байдал, хийцээс шалтгаалаад янз бүр байдаг. Ер нь, гэмтэл улирлын онцлогоос шалтгаалж үүсдэг. Өөрөөр хэлбэл, дулаанаас хүйтэнд шилжих намар оройн энэ үед уулзваргүй замаар явж байсан вагонууд манай улсын уулзвартай зам дээр доргиж чичрээд ирэхээрээ Эрээсгүй холболтоор холбосон вагонуудын трубанууд буудах, боолтын ревза алдагдан хоорондын замд галт тэрэг зогсох эрсдэл үүсдэг. Далд ноцтой гэмтлүүд ч илэрдэг. Ялангуяа, транзит чингэлгийн галт тэргүүд маш олноор явж байгаа. Үүнтэй холбоотой төрөл бүрийн тавцант вагонуудад гарах гэмтэл харилцан адилгүй байдаг. Ихэвчлэн ачилт, буулгалтын үед нугас маш их хэмжээгээр тасарч байна. Ачаа буусан үед Замын-Үүд өртөөнд орж ирэхэд нь ТҮГ-таа засварлан ОХУ руу явуулдаг.
-Аюулгүй байдлыг бий болгох, төлөвшүүлэх талд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Замын даргын А-02 тушаалын дагуу аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх ажлыг улирал бүр зохион байгуулдаг. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт депогийн хэмжээнд “Аюулгүй байдлын соёлын өдрүүд”-ийг зохион байгууллаа. Дөрөвдүгээр улиралд гарч болзошгүй эрсдэл, өмнөх онуудад гарч байсан эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх сургалт, зааварчилгааг өгч ажиллалаа.
-Тэгш, сондгой аль ч талдаа хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн галт тэрэгний тоо өссөн гэв үү?
-Тиймээ, оны эхний есөн сарын байдлаар ОХУ-аас болон БНХАУ-аас хүлээн авах, хүлээлгэн өгсөн галт тэрэгний тоо нэлээд нэмэгдсэн. Урд хөрштэй өргөн царигаар 4218 галт тэрэг хүлээн авсан нь өмнөх оноос 238 нэгжээр өсөж 106 хувиар биелсэн. Нарийн царигаар 2019 галт тэрэг хүлээн авсан нь мөн 50 нэгжээр нэмэгдэж, 103 хувиар биелсэн байна. Түүнчлэн, явуулсан галт тэрэг өргөн царигаар 106 хувиар, нарийн царигаар 103 хувиар тус тус биелээд байна. Манай вагончид нарийн царигаар 217252 вагон үзэж 103, өргөн царигаар 374162 вагон үзэж 101 хувиар төлөвлөгөөгөө биелүүлэн ажиллаж байна. Тээврийн хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой хоорондын замд галт тэрэг олноор хаягддаг. Тиймээс депогийн хэмжээнд дуудлагын вагон үзэгч гэсэн шинэ орон тоо бий болсон. Ээлжинд амарч байгаа вагон үзэгч нар хоорондын замд дуудлагаар ихэвчлэн ажилладаг. Судлаад үзэхэд хойд замд Баруунхараа, урдаа Цомог өртөөнд дуудлагаар маш их очиж ажилласан байсан. Энэ гарч буй хүндрэлүүдийг Замын даргын өнгөрсөн хаврын үзлэгээр уламжилж, үзлэгийн мөрөөр шийдвэрлэх ажлын жагсаалтад орсны дагуу Цомогт дөрөв, Баруунхараад нэг үзэгчтэй хэсэг байгуулах тушаал гарч, вагон үзэгчдээ авсан. Ингэснээр Цомог өртөөнд Айраг, Бор-Өндөр, Чойр өртөө рүү ачилтад галт тэргийг бүрэн бэлтгэж явуулдаг болж, тухайн өртөөнд хийгдэх ажилбарууд багассан. Айраг өртөөнөөс зогсоо чөлөөгүй вагон үзэгч дуудагдах шаардлагагүй, илүү цаг гарах нь багассан. Энэ тулгамдсан асуудлыг шийдвэрлэж өгсөн Замын удирдлагууддаа энэ ташрамд талархал илэрхийлье.
-УБТЗ-ын хэмжээнд ачааны хэчнээн вагон явж байна вэ?
-УБТЗ-ын эзэмшлийн 3201 вагоны дээр “МТЗ” ТӨХК, “Тавантолгой төмөр зам”, “БТЕГ”, “Монголиан транс ложистик”, “Монголиан транс лорд”, “ТЗЗТИ”, “Хөтөл цемент шохой”, “Талын хишиг транс”, “Мак цемент”, “Монцемент билдинг материалс”, “Илинк Жей Ви ложистик”, “Эм Жи Эл Икс” зэрэг 30 шахам байгууллагын 7000 орчим гээд нийт 10270 вагон тээвэрт явж байна. Дээр нь, 10 гаруй байгууллага ОХУ-аас 1131 вагон түрээслэн явуулдаг. Ингэснээр УБТЗ-д өнөөгийн байдлаар 11301 вагон тээврийн үйлчилгээнд тасралтгүй явж байна. Зам, тээврийн сайдын тушаал болон Монгол Улсад хөдлөх бүрэлдэхүүн нэвтрүүлэх журамд ашиглалтын хугацаа гуравны нэг гэж заасан байдаг. Үүний дагуу хувийн хэвшлүүд ихэнх нь шинэ вагон оруулж ирж байгаа.
-Ачааны вагоныг өвлийн тээвэрт бэлтгэх үзлэг, засварын ажил хэдэн хувьтай биелж байна вэ?
-Ачааны вагоныг өвлийн тээвэрт бэлтгэх тухай Замын даргын наймдугаар сарын 14-ний өдрийн А671 тоот тушаалаар батлагдсан. Энэ тушаалаар УБТЗ-ын 1815, хувийн хэвшлийн 3886 вагоныг өвлийн тээвэрт бэлтгэх үзлэг засварыг есдүгээр сарын 15-наас ирэх сарын 1-нийг хүртэл хийхээр зохион байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар УБТЗ-ын 1353 вагонд үзлэг засвар хийж 74.6, хувийн хэвшлийн 2709 вагон буюу 76.7 хувийн биелэлттэй явж байна. Эрүүлжүүлэх засварын ажилд ИТА-нууд, хэсэглэл хариуцсан орлогч дарга нар хуваарийн дагуу долоо хоног бүр хяналт шалгалтыг хийж байгаа. Засварын чанартай холбоотой гарсан үл тохирлуудыг газар дээр нь арилгуулж, тухайн ТҮГ-т илэрсэн зөрчлийг бусад ТҮГ-уудад мэдэгдэж, тийм дутагдал гарахгүй байх хариу арга хэмжээг цаг тухайд нь авдаг.
-Сэлбэг, материалын хангалтын хувьд асуудалгүй юу?
-Ачааны вагоныг өвлийн тээвэрт бэлтгэхтэй холбогдуулан Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албанд шаардлагатай 17 нэр төрлийн сэлбэг, 34 төлийн материалын захиалгыг зургадугаар сард өгснөөр худалдаж авч, наймдугаар сараас бэлтгэлээ бүрэн хангасан. Энэ талд бидэнд тулгарах хүндрэл байхгүй.
-Байгууллагын хувьд өвлийн бэлтгэлээ хэрхэн базааж байна даа?
-Өвлийн бэлтгэл хангах төлөвлөгөөт ажил 96 хувийн биелэлттэй байна. Тухайлбал, урсгал засвараар Сүхбаатар ТҮГ-ын барилгын сантехникийн 100 метр урт шугамыг засварлаж, зорчигчийн вагон усаар зэхэх худагт үзлэг хийж, дулаалсан. Мөн Ерөө ТҮГ-ын Цагаан хаалганд байрлах ээлжийн байранд болон Дархан-2 Вагон засварын газрын барилгын гадна сантехникийн шугамд урсгал засвар хийлээ. Эрдэнэт ТҮГ-ын агуулахын дээвэр, Багахангай ТҮГ-ын сургалтын байрны дээвэр, Чойр ТҮГ-ын Шивээ-Овоо хэсгийн дөрвөн айлын орон сууцны үүдний тамбар гээд нийт 29 ажлыг бүрэн хийж дуусгасан. Бусад олон ажил төлөвлөснөөс 140 ширхэг фонарь худалдаж авч тараасан. Мөн Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албанд нэмж фонарь авах хүсэлтээ тавиад байна. Депогийн хэмжээнд СА-37 загварын найм, 4ВУ-1 загварын хоёр хийн суурин төхөөрөмж буюу компрессор ашиглаж байгаа. Тэдгээрийн хэрэгцээнд агаарын болон тосны шүүлтүүрүүдийг “Альфа филтерс" ХХК-иас худалдан авч түгээсэн. Суудлын тав, ачааны бага оврын гурван автомашин бүртгэлтэй байдаг. Түүнчлэн, депогийн хэмжээнд зэхэлт бэлтгэлийн Бонго автомашины хөдөлгүүр, шуурхай ажлын автомашины явах анги, цахилгааны тоноглол зэргийг засварласан. Энэ мэтчилэн өвлийн бэлтгэлээ төлөвлөсөн хугацаандаа багтаж бүрэн гүйцэтгэхээр ажиллаж байна.
-Танай депо Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депотой засварын ажил дээр нягт уялдаатай ажиллах ёстой байдаг. Энэ талаар?
-Вагон ашиглалтын депогийн хэмжээнд Менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх хүрээнд Ачааны вагон засварын депотой ажлын нягт уялдаатай ажилладаг. Бидний дунд үүрэг хариуцлагын гэрээ байдаг. Уг гэрээний дагуу улирал бүр тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцдэг. Ашиглалтын явцад вагоны далд ноцтой гэмтэл илэрвэл бид цаг тухайд нь акт баримт үйлдэн явуулдаг. Далд ноцтой гэмтэл илрүүлж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлсэн вагон үзэгчдийг маань тус депогоос нэрэмжит шагналаараа шагнаж урамшуулдаг. Энэ нь вагон үзэгчдийн ажилдаа хандах хандлагыг нэлээд өөрчилж, улам идэвхжүүлдэг.
-Хөрш улсуудын хилийн вагончидтой хэрхэн хамтран ажилладаг вэ?
-Сар бүр хилийн уулзалтыг Дорнод Сибирийн төмөр замын ВЧД-10 буюу Вагон ашиглалтын депо, түүний харьяа Наушки ТҮГ-тай уулзалт зохион байгуулдаг. Уулзалтаар хилийн өртөөнд болон гарч буй хүндрэл, хилээр гарч ажилладаг агентуудын тулгамддаг асуудал зэргийг ярилцан асуудлыг шийдвэрлэдэг. Үүний үр дунд Наушки өртөөнд манай агентуудад амрах байр бэлтгэж өгсөн. Мөн радио станцуудаар хангаж, ажлын өрөөг нь засварлаж, агааржуулагч, хөргөгч тавьж өгсөн. Энэ мэтчилэн манай агентуудын нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж өгч байна. Хятадын талтай ч бид сар бүр уулзалт хийдэг. Ер нь, хятад талд гардаг хүндрэл харьцангуй бага. Буулгалтын үед вагоны кузов гэмтээх асуудал их гардаг байсныг хагас жилийн хилийн уулзалтаар ярилцсанаар энэ төрлийн гэмтэл бараг байхгүй болсон.
-Агентууд хойшоо хил гарахдаа дугаарлаж хугацаа их алддаг талаар хаврын үзлэгийн үеэр яригдсан шүү дээ. Энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна уу?
-Манай агентууд өглөө 08.00 цагт зааварчилгаа аваад гардаг. Хил дээр бусад зорчигч шиг дугаарлаж байгаад нэвтэрч ажлын байрандаа 11.00 цаг өнгөрөөж очдог. Энэ хүндрэлийг шийдвэрлэхээр Сүхбаатар өртөө, Хил хамгаалах газартай хамтран ажиллаж, ОХУ-ын Хиагтын Гаалийн газар руу гадаад харилцаагаараа дамжуулаад хандсан. Гэвч ОХУ-ын дайны улмаас гарсан хоригтой холбогдуулан агентуудыг шууд гаргах боломжгүй, бусад зорчигч шиг л дугаарлаж хил нэвтэр гэсэн шаардлага тавьсан. Тиймээс ажлын 12 цагийнхаа ихэнх хугацааг хил дээр өнгөрөөж, ажлын бүтээмж нь буурч байсан агентуудаа бид ҮЭ-ийн хороотойгоо хамтран 24 цагаар гаргадаг болгосон. Энэ хүрээнд ОХУ-ын тал амрах байр гаргаж өгсөн талаар дээр дурдсан шүү дээ. Хилийн цаана ээлжийн ахлах нь ажлыг удирдан зохион байгуулж, ажил амралтыг нь зохицуулаад явж байгаа. Ингэснээр гэмтэлтэй вагон хилээр орж ирдэг асуудал 43.6 хувиар буурч, Сүхбаатар өртөөнд хийх үзлэг, засварын чанар маш дээшилсэн. Үүнийгээ дагаад гол замд явуулсан вагонууд хоорондын замд саатах харьцангуй буурч байна.
-ОХУ-аас орж ирсэн хойноо хоорондын замт гэмтсэн вагонуудын эд ангийг манайхан солиод явуулдаг шүү дээ. Харин тухайн эд ангийг хойноос нөхөж ирүүлэхдээ хэр шуурхай ханддаг вэ?
-Бид хоорондын замд гэмтсэн эд ангийг баримтжуулаад, эд ангийнх нь хамт Наушки ТҮГ руу явуулдаг. Тэднийх манай бүрдүүлсэн материалд үндэслээд шинэ сэлбэгээ зөрүүлээд өгдөг. Харин нэг үе шинэ сэлбэг хилээр нааш нь нэвтрүүлэх асуудлыг шийдэж өгөхгүй, их удааж байсан. Гэвч бид сэлбэг ирээгүй гэдэг шалтгаанаар галт тэрэг зогсоож болохгүй шүү дээ. Тиймээс нөөцөд байгаа сэлбэгээсээ сольж тавиад баримтжуулан явуулж, нөхөж авдаг болсон.
-Төмөр замын аль ч байгууллагад ажиллах боловсон хүчний дутагдал, залуучуудын тогтвор суурьшлын асуудал яригддаг болжээ. Танай депогийн хувьд ямар байна вэ?
-УБТЗ-ын хэмжээнд шинэ залуу ажилтнууд ажилдаа дасан зохицохгүй байна уу, эсвэл ачааллаас шалтгаалдаг уу тогтвор суурьшил нь их тааруу байна. Ажиглаад байхад төмөр замд ажиллан зургаан сар нийгмийн даатгал төлчхөөд Солонгос гаръя гэсэн хандлагатай залуус ч олон орж ирж байна. Эхний есөн сарын байдлаар Вагон ашиглалтын хэмжээнд 51 ажилтан орж гарлаа. Зарим нь дагалдах хугацаандаа шантраад гарчихдаг. Үүнээс шалтгаалж илүү цагийн асуудал их хэмжээгээр гарч байгаа. Ялангуяа, Замын-Үүд, Чойр, Айраг ТҮГ-т залуус тогтохгүй байна. Тиймээс нутгийн залуусыг сургаж ажлын байраар хангах бодлого барин ажилладаг. Дунд сургуулиа төгсөж буй хүүхдүүдэд мэргэжил сурталчлах өдөрлөгийг хоёр жил амжилттай зохион байгуулсан. Үүний үр дүнд тодорхой хэмжээний хүүхдүүдийг дотоодын ПТК болон бусад сургалтын байгууллагын богино хугацааны сургалтад хамруулан авч байна. Тухайлбал, хамтын ажиллагааны хүрээнд Сайншанд дахь МСҮТ, Дархан хот дахь хойд бүсийн Сургалтын төв зэрэг байгууллага өөрсдөө зар түгээн элсэлт авч сургадаг.
-“Говийн төмөр замчин” хөтөлбөр хэрэгжүүлж, цалингийн шинэ систем нэвтрүүлж, шагнал урамшууллыг нэмсэн нь бусад хүмүүст төмөр замыг сонирхох, ажилд орох гэх нь хуучнаасаа нэмэгдэх хандлага ажиглагдаж байна уу?
-“Говийн төмөр замчин” хөтөлбөр дорвитой хэрэгжиж эхлээгүй, цалин, урамшуулал нэмэгдээгүй байхад нэлээд төмөр замчин хувийн төмөр зам руу шилжсэн шүү дээ. Төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, цалин хангамж нэмэгдэж, УБТЗ-ын хэмжээнд Менежментийн нэгдсэн тогтолцоо нэвтрүүлж, байгууллагын удирдлагын арга барил, хандлага, соёлыг түгээх зэрэг ажлыг үе шаттай зохион байгуулснаар гарч явсан ажилтнуудаас эргэж ирсэн тохиолдол олон бий. Замын-үүд, Сайншанд, Айраг өртөөнөөс говийн шинэ төмөр замаас буцаж ирсэн залуустай уулзаад шалтгааныг нь сонирхсон. Тэгэхэд говийн төмөр зам ажлын ачаалал бага, 14 хоног ажиллаад, 14 хоног амарна гэдгийг сонсоод анх явцгаасан байдаг. Олон хоног амраад явах нь эхлээд сайхан байсан ч гэр бүлээсээ хол олон хоног ажиллахад ар гэрийн асуудал их гардаг юм байна. Үүнээс болоод сэтгэл амар тогтвортой ажиллаж чадахгүйд хүрсэн гэх тохиолдол байна. Тэгэхээр гэр бүлдээ ойр, тогтмол ажилтай, ажилтандаа чиглэсэн олон сайн бодлого, арвин туршлагатай байгууллагадаа ажиллах нь зөв юм гэдэг ойлголтыг залуус авчээ гэж харсан. Замын захиргаанаас хэрэгжүүлдэг бодлого хөтөлбөрүүд үүргээ гүйцэтгэж байна гэж бодож байна.
-Вагон үзэгчдийнхээ ажлыг хөнгөвчлөх, урамшуулах талд ямар ажил санаачилж байна вэ?
-Депогийн хэмжээнд долдугаар сарын 8-ны өдрөөс А-607 тоот тушаал батлагдсан. Хуучин мөрдөж байсан технологийн горимд энэ тушаалаар шинэчлэлт оруулсан. Тодруулбал, өртөөнд орж ирсэн галт тэргэнд давхардсан үзлэг хийдэг байсан. Галт тэрэг ирэхэд нь, явахад ч нь бүрэн үзлэг хийснээр үзлэгийн хугацаа уртсан байсныг болиулсан. Орж ирэхэд нь бүрэн үзлэгийг чанартай нэг л хийнэ. Харин явахад нь зөвхөн авто угсраа шалгаж, тоормосны бүрэн туршилт хийж явуулснаар нэг галт тэрэгний үзлэгээс 35-40 минутын хугацаа хэмнэж байна. Ингэснээр бүх өртөөнд галт тэргийг боловсруулах, нэвтрүүлэх чадвар нэмэгдсэн.
Мөн бид вагон үзэгчийн ажлын үнэлэмжийг нэмэгдүүлэх үүднээс “500 мянгатан вагон үзэгч” тэмдгийн загвар гаргаж батлуулан Замын даргын тушаалд оруулсан. Ингээд болзолт уралдаан зарлаж энэ тэмдэг болон мөнгөн шагналаар шагнуулж байх юм. Энэ хүрээнд хэрхэн шалгаруулж байх шалгуур үзүүлэлтийг боловсруулж байна.
-Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын амжилт хүсье!
М.Наранболд