Сайн хүний үр, сүүт гүүний унага

 

Хүний ерөнхий хөгжил удмын чадал, нийгмээс авах мэдлэг боловсрол гэсэн хоёр гол зүйлээс бүрддэг байна. Тодруулбал, судлаачид хүний хөгжлийн хүч чадал, оюун, ур чадварын 60 хувь нь төрмөл буюу удмаас заяагддаг бол 40 хувийг нь нийгмээс олж авдаг гэсэн дүгнэлтийг хийжээ. Товчхондоо Монголчууд “Сайн хүний үр, сүүт гүүний унага” гэдэг нь ийм л учиртай байж. Энэ удаагийн зочин маань дээрх хэлцийг эрхгүй бодогдуулсан юм.

Дохиолол холбооны II ангийн шугамын III хэсгийн механикч, Замын мэргэжлийн аварга Дашцэрэнгийн Лхагванямыг уншигчдадаа танилцуулъя.

Өдгөөгөөс 75 жилийн тэртээ УБТЗ гэх их айл ханаа дугуйлж, тулгаа тулахад шинелиэ тайлсан цэрэг эрс, шилбүүрээ орхисон малчин залуус төмөр замчин гэдэг ажил мэргэжлийг эзэмшихээр эх орны өнцөг булан бүрээс цугласан гэдэг. Д.Лхагванямын аав, ээж хоёр ч тэдний нэг байж. Түүний аав Баянбалын Дашцэрэн Ховд аймгийн Чандмань сумаас, ээж Самандын Мааниа нь Буянт сумаас илгээлтээр ирж төмөр замчин болцгоосон улс. Аав нь замчин болж, улмаар Өргөн, Улаан-Уулд замын хэсгийн бригадын дарга, мастераар ажиллаж байгаад хотод шилжин ирж жолооч болжээ. Харин ээж нь Замын II ангид гармын жижүүрээр олон жил ажиллахдаа анги, алба, Замын мэргэжлийн аваргаар удаа дараа шалгарч, үндсэн ажлын хажуугаар олон нийтийн байцаагчаар ажилладаг, нийгмийн идэвхтэй нэгэн байж.

Үүнээс гадна түүнд бахархан дээдэлж, эрхэмлэх удам угсааных нь нэр төр гэж бий. Учир нь, Монгол Улсын баатар, хилчин Баянбалын Тэгшээ бол аавынх нь төрсөн ах юм. Эх орныхоо төлөө алтан амиа өргөсөн эрэлхэг баатрын тухай жич өгүүлэх болно.

 

Тосгоны булан тохой бүрт түүний багын дурсамж бий

 

Тэрбээр бага насныхаа тухай “Аав минь хот руу шилжиж ирээд төмөр замын Намын хорооны н.Чулуундорж даргын жолоочоор ажиллаж байсан. Тэр үед Намын хороон дарга улаан номертэй тэрэг унадаг байлаа. Би чинь тэр тэрэгний кабинд л явж байх. н.Чулуундорж дарга намайг мэргэжилтнүүдийн дэлгүүр рүү дагуулж ороод чихэр жимс авч өгнө. Амттанд бялуурсан эрх хүүхэд байсан даа. Ээж минь намайг дунд сургуулийн гуравдугаар ангид, аав минь долдугаар ангид байхад бурхан болцгоосон. Би арван ах дүүсийн хамгийн бага нь. Ах эгч нар минь намайг хайр халамжаар дутаагаагүй ээ, эрхлүүлж өсгөсөн” хэмээн хуучиллаа.

Төмөр замын тосгонд өнгөрсөн түүний бага нас адал явдлаар дүүрэн байсан нь лавтай. Наад зах нь ерөнхий боловсрол эзэмших гэж 38, 20, 73, 51 гээд тосгон дахь бүх сургуулийг тойрч гүйцээсэн байх юм. Багын сэргэлэн, хөдөлгөөнтэй хүү хичээл номд шамдахаас илүү урлаг, спортод хорхойсож, уралдаан тэмцээн гээд хичээлээс чөлөөлөгдөх нь олонтаа. “Хурд” хамтлагийн Д.Отгонбаяр, хоёр Наранбаатар нарын хамт 20 дугаар сургуулийн “Ган зам” хамтлагт дуулж, хуурдаж хэсэг “манаргав”. Тэгснээ спорт руу хэлбийж, хөл бөмбөг, бокс, ушу, сагсан бөмбөг, волейбол гээд юм юм л оролдож гүйжээ.

Тэрбээр энэ тухайгаа “Манай дээд ангийнхан волейбол сайн тоглодог байсан. Тэднийг дагаад явдаг байлаа. Миний тоглох гэж юу байх вэ. Ихэвчлэн сэлгээнд гарна. Сүүлдээ сагсан бөмбөгөөр дагнаад хэсэг явсан. Би ер нь багын сэргэлэн, юм юм руу үсчсэн хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Намайг сахилгагүй л гэдэг байсан. Гэхдээ буруу талын сахилгагүй байгаагүй” гэв.

 

Амьдралын хамгийн чухал сонголт

 

Түүний ах дүүсээс удам залгасан төмөр замчид бий. Том ах Д.Лхагвасүрэн нь Налайхын уурхайд ажиллаж байгаад уурхай хаагдахад Улаанбаатар Зүтгүүрийн депод цахилгаанчнаар ажилд орж, улмаар цехийн мастераар дэвшин ажиллаж байгаад тэтгэвэрт гарчээ. Мөн Д.Лхагвацэрэн ах нь Багануурт машинчаар тэтгэвэрт гартлаа он удаан жил ажилласан бол Д.Лхагважав ах одоо ч Улаанбаатар Зүтгүүрийн депогийн ТНТС цехийн мастераар ажиллаж байгаа. Харин Д.Лхамбаяр эгч нь Дохиолол холбооны ангийн Шугам аппаратын тасгийн ахлах инженерээр ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан байна. Мөн хүргэн ах Д.Шагдарсүрэн нь төмөр замын зураг төслийн инженер. Ингээд бодвол тэр төмөр замтай гүн бат хүйн холбоотой. Гэхдээ түүнд мэргэжил сонгох хоёр зам байв.

Д.Лхагвадорж ах нь ЦИС-ийг онц дүнтэй, улаан дипломтой төгсөж, “Улаан-Од” сонинд аав, ах хоёр минь ярилцлага өгч байлаа. Түүний дараа Ж.Ёндон генерал аав, ах хоёрыг хүлээн авч уулзаж, Улсын баатар Б.Тэгшээгийн төрсөн дүү хэмээн аавд нь бугуйн цаг дурсгаж, Улсын баатрын ач дүү ЦИС-ийг онц төгслөө хэмээн тусгайлан баяр хүргэж байсан сайхан дурсамж цэргийн хүн болох зам руу татаж байв. Нөгөө талд нь, аав, ээж, ах эгч нар шигээ төмөр замчин болох ч бас муугүй сонголт.

Тэр хавар тэдний сургууль дээр элсэлт авахаар ирсэн ЦИС-ийн багш нараас Д.Лхагваням “Танай сургуулийн хамгийн гоё анги нь аль вэ? Цэргийн дарга бэлтгэдэг анги байна уу?” гэхэд нь “Ерөнхий цэргийн команд штабын офицерын анги” байна гэж. Энэ тухайгаа Д.Лхагвадорж ахдаа дуулгажээ. Ах нь цэргийн 120 дугаар ангид Улс төрийн орлогч, ЦИС-д багш зэрэг ажлыг хийж байгаад армиас гарч Эрдэнэтэд белазийн жолооч хийж байсан үе л дээ. Түүний шийдвэрийг сонсоод ах нь эсэргүүцсэнгүй. Харин “Аавынхаа мэргэжлийн дагуу ЦИС-ийн автын инженерийн ангид орсон дээр” гэж зөвлөжээ. Ахын зөвлөгөөний дагуу шийдвэрээ эргэж харахаар болж, элсэлтийн шалгалтад бэлтгээ эхлэв. Гэтэл ангийн найзууд нь “Чи цэргийн хүн болоод гэрийн бараа харахгүй, хөдөө хөөгдөнө. Дэмий. Төмөр замын коллежид хамт орцгооё” гэж ятгацгаана. Юу ч гэсэн найзуудтайгаа Төмөр замын коллежид шалгалт өг үзье гэж бодож. Гэтэл тэнцэж, вагоны ангийн хуваарь авчээ. Тэр үед аав, ээж хоёроос нь хойш асарч өсгөсөн Д.Лхамбаяр эгч нь түүний ирээдүйд тун няхуур ханджээ.

Тухайн үед төмөр замчны хүүхэд Төмөр замын сургуульд орсон үед байгууллагууд төгсөхөд нь ажлын байраар хангана гэсэн гэрээ хийдэг байв. Вагоны ангийн хуваарь авсан тул эгч нь дүүгээ дагуулаад Суудлын вагон депо орж уулзвал “Бид ажилчдынхаа хүүхдүүдтэй гэрээ хийчихсэн. Төгсөөд орон тоо гартал удаан хүлээнэ шүү” гэжээ. Тиймээс эгч нь хөөцөлдсөөр хуваарийг нь холбооны ангийнхаар солиулжээ.

Ингэж эгч нь дүүгээ ирээдүйн амьдралд нь чиглүүлж өгчээ. Д.Лхагваням “Би эгчийнхээ зааж зөвлөснөөр явсаар байгаад өдийг хүрлээ дээ. Миний эгч бол ёстой ээжийн энтэй эгч шүү” хэмээн ярилаа. Хүн амьдралдаа маш олон чухал сонголтыг хийдэг. Сонголт зөв бол амьдрал тэгшрээд, буруу бол будилж төөрсөөр насыг барах нь ч бий. Д.Лхагванямын хувьд эгчийн шийдвэр, сэтгэл зүтгэл түүнийг нэгэн насных нь амьдралтай ийнхүү золгуулж өгчээ.  

 

Амьдралын анхны алхам

 

Д.Лхагваням “1996 онд сургуулиа төгсөхөд албанаас Дохиолол холбооны  III ангид хуваарилагдсан. Сайншандад ирээд Б.Зоригтбаатар даргатай уулзахдаа хоёр бодолтой орж байгаа юм. Нэгд, Замын-Үүдэд хуваарилагдах, хоёрт, холбооны чиглэлээр ажиллах.  Учир нь, оюутан байхдаа найз нартайгаа Орос руу ганзагын наймаанд хэд яваад үзчихсэн. Замын-Үүдэд очвол бас ажлынхаа хажуугаар арилжаа наймаа хийх тухай бодоод байна шүү дээ. Эгч маань холбооны чиглэлээр ажилладаг учраас мэргэжлийнхээ дагуу надад жаал жуул зааж өгсөн хэрэг /инээв/. Ангийнхаа хоёр охинтой хамт хуваарилагдаж очсон юм. Зоригтсайхан дарга  

Д.Болорхандыг Сайншандын холбооны байшинд, Б.Дэлгэрсуурь бид хоёрыг Улаан-Уулд хуваарилав. Ингэхдээ Б.Дэлгэрсуурийг холбооны байшинд, намайг СЦБ-д ажилла гэх нь тэр. Багын сэргэлэн зан цухалзаад болдоггүй ангийн хоёр охиноо гаргачихаад Б.Зоригтбаатар даргад “Би холбоогоор ажиллая” гэтэл “Юу яриад байгаа юм. Эмэгтэй хүүхэд СЦБ-ээр ажиллуулах нь уу. Гарч чи” гэж билээ. Ингээд хувь тавилантайгаа эвлэрэхээс яах вэ. Улаан-Уулд очсон доо.

Шөнө вагоноос буухад их хүндтэй, чухал хүн тосож байгаа юм шиг хамт олон маань эгнээд зогсчихсон хүлээж байсан нь санаанаас гардаггүй юм. Миний ачаа тээш гэж юу байхав дээ. Тээшнээс нэг цагаан ор, хөгжим, ойр зуурын сав суулга л буусан. Тэгээд л болоо. Манайхан өөр юм байхгүй юу гээд л... Бүхэл бүтэн айл нүүж ирнэ гэж бодсон юм шиг байгаа юм.

Шөнө амрах өрөөнд ороод унтчихсан. Нэг мэдсэн хаалга тогшоод “Миний хүү босоорой. Хоол идээрэй” гээд дуудаж байна. Юу билээ гээд харсан чинь бүр үд өнгөрчихөж. Улаан-Уулд холбооны мэргэжлээр төгсөөд очсон анхны хүүхэд нь би байсан юм билээ. Ингээд Замын-Үүдийн шугамын дөрөвдүгээр хэсгийн Улаан-Уул дахь холбооны механикч болж байгаа юм. Холбооны байшингийн дарга н.Жаргалсайхан, инженер н.Бат-Эрдэнэ, н.Тунгалагтуяа, механикч н.Энхцэцэг гээд сайхан хүмүүс намайг угтаж авч байсан даа.

 

Анхны өдрийн “шок”

 

Эхний өдөр нэг их ном дэвтэр сугавчилсан сүрхий хүн ажилдаа очив оо. Ном дэвтрээ дэлгээд харахаар өнөөх тоног төхөөрөмж нь шал “танихгүй”. Шууд л “Яадаг билээ” гэж бодогдсон. Их хөгтэй.

Манай шугамын ахлах инженер Ш.Боря гэдэг сайхан хүн байсан. Ажлын талбарт тосож авсан хамгийн анхны багш минь тэр хүн. Ш.Боря ах надад их зүйл заасан. Ажлынхаа эхний гарааг би сайхан хүмүүстэй эхлүүлсэн. Тэр дундаас М.Чимэдбаатар гэдэг хүнтэй хамт ажиллаж байснаараа бахархдаг. Чимэдбаатар гуай ангийн диспетчерээр ажиллаж байгаад хожим ангийн даргаар олон жил ажилласан хүн.

Үе үе гэмтэл гарна. Туршлагагүй залуу хүн сандарна. Юугаа ч мэдэхгүй ангайгаад зогсох үе зөндөө. Галт тэрэг барина. Тийм үед тал талаас хүмүүс гарч ирээд “Яав юу болов” гэцгээгээд улам сандаргана.

Чимэдээ диспетчер рүү залгаад “Ийм юм боллоо. Би одоо юу хийх вэ?, Яах вэ?” гэхэд “За миний хүү наад хүмүүсээ битгий тоо. Зөвхөн надтай ярь. Тэнд нь тийм юм байгаа. Тэрийг тэг, одоо ингэ...Тэгж шалга” гээд нүдэнд харагдтал гоё зааж өгнө. Би өөрөө схемээ хараад тоног төхөөрөмжөө харахаар л нэг л учраа олохгүй. Чимэдээ диспетчерээр утсаар заалгаад ажиллахаар учрыг олчихно. “Гэмтлээ олчихлоо” гэхэд “За миний хүү, энэ чинь чамд нэг сургалт боллоо. Цаашдаа ингээд ажиллаарай” гэнэ.

Ямар нэг юм болохгүй л бол түүн рүү шууд залгаад асууна. Чимэдээ ах “За миний хүү юу юуг нь үзэв?” гэнэ. “Тэрийг нь үзлээ” гэвэл “Чи буруу үзсэн байна” эсвэл “Зөв байна. Одоо тэг, ингэ...” гээд зөвлөнө. Түүний зөвлөгөө тэр чигээрээ сургалт байдагсан. Ингээд Улаан-Уулд ажиллаж байтал Замын-Үүдийг цахилгаан төвлөрүүлэлт рүү шилжүүлэх боллоо. Анхны МРЦ байгуулах болж байгаа юм. Тухайн үеийн манай албаны ерөнхий инженер Г.Сэрээнэндорж (Замын дарга асан) удирдаж хийлгэсэн. Тэр багт манай шилдэг инженерүүд орж ажилласан. Тэр шилдгүүдтэй хамт ажиллах завшаан надад олдсон юм даа. Би нэг их айхтар хийж гийгүүлээгүй ч тэднээс асар их зүйл сурсан. Манайхан тэр үед өдөр нь нүх ухна. Орой нь дотор монтаж дээрээ ажиллаж, шөнийн 02.00-03.00 цаг хүргээд амарна. Өглөө 06.00 цагт босоод ажилдаа орно. Тэр дунд манай ангийн даргаар олон жил ажилласан н.Ядамсүрэн гуай хүртэл мөр зэрэгцээд ажиллаж байсан. Ядамсүрэн гуай “Энэ кабелийг зам төмөр хэлхээний хайрцагт ингэж холбоно” гээд л зааж өгч байсансан. Би 1999 онд хотод шилжиж ирсэн.

 

Би төгс биш, суралцсаар л байна

 

“Шугам замд гурван жил шахам ажиллаад, дээр нь том бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцоод нэлээд туршлагажаад ирсэн биз дээ” гэхэд “Би өөрийгөө нэлээд юм сураад ирлээ гэж бодсон. Гэхдээ бас л болоогүй байсан юм билээ.

Улаанбаатарын шугамын хэсэг Баян хүртэл хариуцдаг байлаа. Хэсгийн инженер Ж.Сүхбаатар, ахлах механикч Г.Содномдаржаа гэж хоёр гайхалтай хүний гар дээр ирлээ. Энд ирээд монтёроор ажиллаж эхэлсэн шүү дээ. Шинэ багш нар минь “Чи монтёр байж болно. Гэхдээ Улаанбаатар шугамын хэсгийн монтёр шугам замын нэгдүгээр зэргийн механикчтай адилхан мэдлэг, чадвартай байх ёстой” гэдэг шаардлага тавьж байсан. Энэ хоёр хүний гараас олон шилдэг инженерүүд гарсан даа. Хамгийн ойрын жишээ нь манай ангийн дарга Ц.Цэнгэлжаргал байна. Нэрлэвэл олон доо.

Энд ирээд эхлээд тэгш, дараа нь сондгой бэлчирт ажиллаж, Довын механикчаар ч ажилласан. Мөн Б.Оюун, Ё.Нямсүрэн гэж хоёр хүнтэй хамт ажиллаж байсан. Тэд ч миний багш нар. Улаанбаатарт ирээд бүх газар нь ажиллаж үзлээ. Залуу байхад загнуулаад л гүйдэг байлаа. Мэдэхгүйгээ асуугаад л... Нэг л мэдсэн би өөрөө залуучуудад “Миний дүү тэнд тийм юм байгаа...” гэдэг насан дээрээ ирчихсэн байна даа гээд инээв.

“Та энэ мэргэжлийг одоо л гартаа орууллаа даа гэж хэзээ мэдэрсэн бэ?” гэхэд  “Одоо ч болоогүй л явна. Радио хориглол, СИРДП-Е систем гээд шинээр сурах зүйлс гарч ирээд байна. Яг үнэндээ би цаг үеэсээ хоцорчихгүй юмсан гэж хичээн суралцаад л явж байна. Залуучууд маш мундаг болжээ. Манай ерөнхий инженер, орлогч дарга гээд шижигнэсэн залуус бий. Тэдэнтэй механикч байхад нь хамт ажиллаж байлаа. Тэр үед л тэд өөрсдийгөө дайчилдаг, толгой маш сийрэг хүүхдүүд байсан. Тийм хүн л амжилтад хүрдэг юм байна. Залуустаа мэдэх зүйлээ хэлж өгнө, зөвлөнө. Мэдэхгүйгээ бас асууна. Би төгс хүн биш шүү дээ. Би залуустайгаа ах дүү шиг, найзууд шиг л байдаг.

 

Хамт олныхоо тусыг сайн ажиллаж хариулна

 

Та гэр бүлээ танилцуулаач гэхэд “Хамгийн инээдтэй нь би найз нараа гэр бүлтэй болоход хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүн хэрнэ өөрөө их хожуу 33 хүрч байж гэрлэсэн. Намайг арай сэргэлэн болохоор найз нар маань таалагддаг охидтойгоо уулзахдаа урдаа барьдаг байлаа. Тэнд ч нэг найзынхаа үерхдэг охины орцонд нь очиж гитартай дуулаад, энд ч нэг найзынхаа таалагддаг охины цонхон дор “сонс” эргээд их хөгтэй. Турник дээр бэлэн байдалд байж байгаад нөгөө охин нь цонхон дээрээ гараад ирлээ гэхээр нь сэнс шиг эргэж өгнө дөө. Цонхноосоо холдтол нь сэнсэртлээ эргэнэ. Уг нь би биш найз маань тэр охинтой үерхэх гээд байгаа хэрэг шүү дээ. Хүүхэд байхад энэ мэт хөгтэй зүйл их болсон. “Тэгээд та өөрөө яагаад ийм орой гэрлэв” гэхэд Хотоос анх цав цагаан, нүд нь эргэлдсэн сэргэлэн залуу яваад говьд хоёр жил гаруй ажиллаад ирэхдээ бүр хүмүүжээд ажлаас өөрийг боддоггүй даруухан, бүрэг, бов бор хүн болоод ирсэн дээ гээд инээв.

Д.Лхагваням 33-тайдаа шүдний их эмч Н.Эрдэнэчимэг гэх бүсгүйтэй ханилж, өдгөө гурван хүүхэдтэй болжээ.

Тэрбээр, “Амьдрал сайхан байна. Энэ ташрамд байгууллага хамт олондоо баярлаж явдгаа хэлмээр байна. Өвчин зовлон гэдэг хэлж ирдэггүй, хийсэж ирдэг гэдэг. Эхнэр маань бага хүүгээ төрүүлсний дараа хөхний хорт хавдраар өвдсөн. Төрсөн хүний хорт хавдар эрчимтэй тархдаг юм байна. Хавдар нь дөрөвдүгээр шатандаа орчихсон ёстой “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” үед хамт олон, найз нөхөд минь их тусалсан. Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн тухайн үед манай ангийн дарга байсан. Ш.Нямсүрэн дарга мөн ч их тус хүргэсэн дээ. Би хамт олондоо сэтгэлийн өртэй. Одоо би хамт олныхоо тусыг сайн ажиллаж л хариулъя гэж боддог. Хамт олон, найз нөхдийн минь сайхан сэтгэлийн тус дэмээр гэргий минь эдгэрч гэр бүл минь элэг бүтэн сайхан амьдарч байна. Үүн шиг тус гэж хаана байх вэ. Баярлаад баршгүй. Үргэлж л хамт олондоо талархаж, тэднийхээ төлөө сэтгэлдээ залбирч явна даа.

Бидний ажил их онцлогтой. Шөнө унтаж байтал гэнэт дуудагдана. Шөнө гараад шууд шугам зам руу ч явах үе бий. Заримдаа бүр 2-3 удаа ч дуудагдана. ГТХАБ-ыг хангахад холбоочдын үүрэг маш их. Тиймээс бид зурмагт ажлыг цаг хугацаанд нь чанартай, технологийн дагуу хийх ёстой. Ахмадууд бидэнд “Цусаар бичигдсэн дүрэм”-тэй ажил шүү гэж заадаг байсан. Тэр нь бидний мах цусанд шингэчихэж. Хоёр утас солиод холбоход асар том аюул нүүрлэх эрсдэлтэй.

Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал маш чухал. Улаанбаатар өртөөнд олон сэлгээ зэрэг ажилладаг. Зэрэгцээ хөдөлгөөн ихтэй үед хаанаас галт тэрэг ирж яваа нь сонсогдохгүй. Тэгэхээр маш сонор сэрэмжтэй, өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой. Надад ч хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой том сургамж тохиолдож байсан. Тиймээс би залуучуудад хамгийн гол нь аюулгүй байдлаа нэгд тавьж ажиллаарай гэж захьдаг. Хүн өөрийнхөө алдаанаас сургамж авч, ахиж алдахгүй байх нь чухал. Бас бусдын алдаанаас суралцах хэрэгтэй. Одоо цаг үе сайхан болсон байна. Албаны хэмжээнд групп нээчихсэн. Түүн дээр бүх л төрлийн мэдээлэл орж ирдэг. Тэндээс овсгоотой хүн бол бусдын алдаан дээр дүгнэлт хийгээд өөрийн ажлыг шалгаж нягтлаад алдаа дутагдал гаргахгүй явах боломжтой болжээ. Бүх юм нээлттэй сайхан цаг ирж байна даа” гэснээр бидний яриа өндөрлөлөө.

 

      Шигтгээ:

 

БНМАУ-ын Улсын баатар, хилчин Баянбалын Тэгшээ 1946 онд цэрэгт татагдан Ховдын отрядод алба хаасан ба цагийн байдал нэн хурцадсан тул олон удаагийн тулгаралт, байлдаанд оролцож тагнуулын үүрэг даалгаврыг удаа дараа сайн гүйцэтгэж байжээ.

1948 онд ахлах дэслэгч Г.Хаянхярваагийн удирдлагад арвуул Бүдүүнхаргайтад хилийн манаанд гарч байхдаа Гоминданы цэргийн миномёт, хүнд хөнгөн пулемётоор зэвсэглэсэн 130 гаруй хүнтэй давуу хүчний эсрэг алтан амиа өргөжээ. Тасгийн дарга Б.Гиваан, туслах наводчик Л.Даваадорж хамт хойд өндөрлөгт хориглон дайсанд хохирол учруулсан ч, газрын бартаа хүний олон, зэвсгийн хүчний давуугаар дайсан хилчдийг бүслэн амьдаар нь барихаар дайрахад нь эцсийн гранатаа тэслэн хамт амь үрэгджээ. Түүний баруун хөл нь миномётын суманд өртөн тасарч, яс нь ёрдойн гарч газар зурагдсаар мөлийж чөмгөнд нь шороо чулуу чихэгдсэн, 15х15 м газар цусаа гоожуулан тулалдсан байдалтай, пулемётын сум нь дууссан тул буугаа хад саван эвдээд амь үрэгдсэн байсан гэдэг.

Түүнийг БНМАУ-ын Улсын баатар цолоор 1949 онд нэхэн шагнаж, Хилийн цэргийн 65 жилийн ойг тохиолдуулан Засгийн газрын 1998 оны 169 дүгээр тогтоолоор хилийн 0130 дугаар ангийн ...-р заставыг түүний нэрэмжит болгожээ.

 

Б.Гүнжинлхам