Энэ оны долдугаар сарын 8-нд Тында (БАМ-ын нийслэл) хот өвөрмөц тээврийн маршрутыг барьж эхэлсний хагас зуун жилийн ойг тэмдэглэв. 1974 оны энэ өдөр “Байгаль-Амурын төмөр зам барих тухай” тогтоол гарчээ. Уг төмөр замыг цаг уурын хамгийн хүнд нөхцөлд барьсан байна. Уулархаг нуруу, гол мөрөн, мөнх цэвдэг газар нутгаар дайран өнгөрдөг аж. БАМ бол Восточный полигоны нэг хэсэг бөгөөд Номхон далай руу хүрэх хамгийн дөт зам юм. Байгаль-Амурын гол замын бүтээн байгуулалтын төсөл нь газрын доод давхарга, ус дамжуулах хоолой, гүүр барихад тусгай арга барил, хөрөнгө оруулалт их шаарддаг, технологийн нарийн түвэгтэй үйл ажиллагааны бүхэл бүтэн цогцолбор юм. Одоогийн байдлаар БАМ нь дэд бүтцийг хөгжүүлэх чухал талбай төдийгүй орчин үеийн зүтгүүр, шинэлэг хөдлөх бүрэлдэхүүнийг ажиллуулах зэрэг тээврийн өвөрмөц технологийг нэвтрүүлэх сүлжээн дэх хамгийн том платформ. Галт тэрэгний жин, уртыг нэмэгдүүлэх, хоосон вагон, ашиглагдаагүй хөдлөх бүрэлдэхүүнийг үр дүнтэй удирдах нь БAM дагуу ачаа тээвэрлэх ажлыг зохион байгуулахад хамгийн сайн үр дүнг өгдөг. Өнөөдөр Байгаль-Амурын гол зам нь Зүүн Сибирь, Оросын Алс Дорнодыг бүхэлд нь дайран өнгөрдөг. Түүний нийт урт нь 4324 км бөгөөд үүнээс мянга гаруй км нь мөнх цэвдэг буюу газар хөдлөлтийн өндөр бүсээр дамждаг. Чиглэл нь 11 гол, долоон уулыг дайран өнгөрдөг аж. Өнгөрсөн жилүүдэд БАМ-ын нийт уртын дагуу найман туннель, 142 гүүр, 200 гаруй төмөр замын өртөө, зөрлөг, 60 гаруй хот, суурин барьсан байна. Өнгөрсөн хавар БАМ болон Транссибирийн төмөр замын дэд бүтцийг шинэчлэх гурав дахь шатны паспортыг батлах тухай Засгийн газрын тогтоолд гарын үсэг зуржээ. Восточный полигоныг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ гурван их наяд 738 тэрбум рубль болж буй юм.