МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуягтай Хамтын гэрээний талаар ярилцлаа.

 

-Төмөр замчдын энэ онд мөрдөж ажиллах Хамтын гэрээ саяхан батлагдлаа. Энэ гэрээ өмнөх оныхоос юугаараа онцлог болов?

 

-Юуны түрүүнд нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2024-2025 онд хэрэгжих Хамтын гэрээнд энэ оны хоёрдугаар сарын 8-нд гарын үсэг зурж, 14-ний өдөр нь Баянгол дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд бүртгүүлснээр хүчин төгөлдөр дагаж мөрдөх эрх зүйн орчин бүрдлээ. Энэ удаагийн гэрээ нэлээд онцлогтой болсон. Нэгдүгээрт, боловсруулахын тулд өнгөрсөн оны 8-10 дугаар сард би шугам замаар явж төмөр замчидтай уулзсан. Төмөр замчдын хувьд яг өнөө үед ажиллаж амьдрахад цалин хөлс, нийгмийн асуудал, орон сууц, эрүүл мэнд, аюулгүй байдал, сургалт, хөдөлмөр зохион байгуулалт гээд бүх чиглэлээр хүндрэлтэй ямар асуудал байгааг нэг бүрчлэн саналыг нь авахад давхардсан тоогоор 2349 санал ирсэн. Хоёрдугаарт, салбар нэгж байгууллагууд болон анхан шатны ҮЭ-ийн хороодод Замын дарга болон холбооны даргын хамтарсан цахилгаан явуулж ажилчдаас санал авсан. Гуравдугаарт, хөрш орнуудын ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй төмөр замын байгууллагуудын Хамтын гэрээг судалсан. Тухайлбал, Орос, Беларусь, Казахстан, Япон, Солонгосын төмөр замын Хамтын гэрээнд онцлог ямар зүйл заалт байна гэдгийг харсан. Мөн олон жил яригдсан тогтмол нэмэгдлүүдийг өөрчилж чадлаа. Жишээ нь, хэвийн бус нөхцөлд ажиллаж буй ажилтны нэмэгдэл 2022 оны Хамтын гэрээнд нэг цагт 100, 2023 онд 120 төгрөг байсан. Харин энэ удаагийн гэрээнд хөдөлмөрийн халуун болон хортой нөхцөлд ажиллаж буй бол 64 мянга, хүнд нөхцөлд 74 мянган төгрөгийн нэмэгдэл тооцож олгохоор тусгалаа. Үндсэндээ гурав дахин нэмэгдсэн.

 

-Хэвийн бус нөхцөлд ажилладаг олон мянган хүн бий байх. Харин нэмэгдлийг нь гурав дахин өсгөх ямар боломж байв?

 

-Замын хэмжээнд хэвийн бус нөхцөлд ажилладаг 8000 гаруй ажилтан бий. Эдгээр ажилтны нэмэгдлийг гаргахад ҮЭ-ийн байгууллагаас Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэн батлагдсантай холбогдуулж үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн төлбөрийг бууруулах талаар сүүлийн гурван жилд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо /ХАБЭАҮХ/ энэ асуудлыг Хөдөлмөрийн яаманд тавьж байсан. Өмнө нь, Зүтгүүрийн депод ажиллаж байгаа бүх ажилтан эрсдэл өндөртэй гэдэг утгаараа 2.5 хувиар төлдөг байсан. Одоо бидний санаачлан хөөцөлдөж хийсэн ажлын үр дүнд яг эрсдэл өндөртэй ажлын байраар нь буюу Үндэсний ажил, мэргэжлийн лавлах 08-аар үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийг төлөхөөр болсон. Жишээ нь, өртөө, зам, хүүхдийн байгууллага, эмнэлгийн гээд бүх салбарын нягтлан бодогч ижил орчинд ажилладаг. Харин депод ажилладаг гэдгээрээ тэдний нягтлан өндөр төлөх ёсгүй. Энэ нь ажил олгогчийн төлбөл зохих хувийг хөнгөрүүлж байгаа юм. Зөвхөн энэ ажил олгогчийн даатгалын сангийн ажил мэргэжлийн зөрүүгээс л гэхэд бид дөрөв орчим тэрбум төгрөг хэмнэсэн. Харин энэ хэмнэлтээ хүнд нөхцөлд ажиллаж буй ажилтнууддаа нэмэлт болгож олгохоор тохирсон. Мөн шинжлэх ухааны, боловсролын докторуудад олгодог мөнгө, үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй бригадын даргын тогтмол нэмэгдэл, мэргэшсэн нягтлан бодогч, зөвлөх инженерийн эрүүл мэндийн байгууллагад гээд бүгдийнх нь олгох мөнгийг 1-2 дахин нэмж чадлаа. Энэ удаагийн Хамтын гэрээнд мэргэшсэн инженер болон СӨБ-ын багш нарынх шинээр нэмэгдсэн.

 

-Төмөр замчид үндсэн цалин энэ онд хэдэн хувиар нэмэгдэхийг сонирхож байгаа болов уу?

 

-Замын санхүүгийн нөхцөл байдал, инфляцийн түвшинтэй уялдуулаад 10-аас доошгүй хувиар III улиралдаа багтаан нэмэхээр тусгасан. Өөрөөр хэлбэл, цалин нэмэх хамгийн цаад хугацаа нь есдүгээр сарын 30. Хэрэв энэ оны тээврийн нөхцөл сайжран орлого нэмэгдэж, мөн зардал хэмнэж, алдагдалгүй, зурмагийн тасалдалгүй сайн ажиллавал 10-аас дээш хэдэн ч хувиар нэмэх боломж гарч болно. Ер нь, ҮЭ-ийн байгууллагын гол барих цалингийн бодлогод үндсэн цалинг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаардаг. Үүнээс шалтгаалж сарын ажлын үр дүн, удаан жил гэхчлэн бусад нэмэгдэл хөлс тооцогддог шүү дээ. Мөн нийт төмөр замчдад хамааралтай хоол, унааны хөнгөлөлтийг нэмэгдүүлсэн. Ердийн цагаар ажилладаг хүмүүстээ өдөрт 4500, ээлжээр бол найман цаг тутамд 5000 төгрөгөөр олгохоор тусгасан. Ирэх жил ч мөн инфляцитай уялдуулаад нэмнэ. Унааны хөнгөлөлт цөөнгүй жил 15 мянган төгрөг байлаа. Одоо энэ хөнгөлөлтийг өдрийн 1000, сард 21000 төгрөг олгохоор болсон. Энэ нь хоол, унааг бүрэн даах биш, үнийг хөнгөлж байгаа асуудал. Харин албан томилолтыг 15000 төгрөг болголоо. Томилолт гурван өөр хэлбэрээр явдаг. Нэгдүгээрт, өдрийн найман цагаар ажилладаг ажилтнууд өөр цэг рүү буюу хэсэглэлээс гарч ажилладаг. Ирсэн, явсан хугацааг нэг хоног гэж тооцоод шугам замд ажилласан хоногуудаа нэмнэ. Хоёрдугаарт, суудлын болон зүтгүүрийн бригадууд байна. Тэдэнд зам хоног буюу томилолт олгоно. Гуравдугаарт, их барилга, их засвараар энд тэнд очиж удаан хугацаанд ажилладаг хүмүүс байдаг.

 

-Орон сууцны хөнгөлөлтийг нэмсэн байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

 

-Өмнө нь 50 ажилтанд тус бүр таван сая төгрөг олгож байсан шүү дээ. Харин энэ удаагийн Хамтын гэрээгээр 60 ажилтанд тус бүр зургаан сая төгрөг олгохоор боллоо. Ирэх онд бүр 70 хүнд олгоно. Харин мөнгөн дүн нь хэвээрээ байна. Сүүлийн жилүүдэд энэ хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэй гишүүдийн тоо эрс өсөж, бид эрэлтийг бүрэн хангаж чадахгүй байгаа. Замын даргын тушаалд заасан шалгуур үзүүлэлтээр шалгаруулахад цаана нь зайлшгүй шаардлагатай хүн олон үлддэг. Тиймээс гишүүдийн зүгээс “Мөнгөн дүнгээ биш хүнийхээ тоог нэмээч” гэсэн хүсэлтийг тавьдаг. Гэвч бид хэлэлцээд мөнгөн дүнгээ ч, хүнийхээ тоог ч нэмж чадлаа. Харин цаашид хүнийхээ тоог аль болох нэмж явахыг хичээнэ. Анх энэ нь 20 хүнд хоёр сая төгрөг олгохоор 2014-2015 онд тусгаж байсан заалт шүү дээ. Улам сайжруулсаар өнөөгийн түвшинд хүрлээ. Энэ мэт олон асуудлыг нэгэн зэрэг хөдөлгөж чадсанаараа өмнөх Хамтын гэрээнүүдээс хамгийн онцлог боллоо. Заалт бүрийн цаана эдийн засаг, санхүү л яригддаг. Ингэж олон заалтыг шинэчилж, олговруудыг нэмэгдүүлж чадсан нь Замын удирдлагуудаас авч хэрэгжүүлсэн тээврийн тарифтай холбоотой бодлогын үр шим юм. Өмнө нь, бидэнд нэмье гэсэн ч шийдвэрлэх санхүүгийн эх үүсвэргүй байсан учраас зарим заалтуудаа тогтвортой барьдаг байлаа. Мэдээж тээврийн хэмжээ нэмэгдэж байж орлоготой ажиллана. Орлого нэмэгдсэн бол ашиг өсөж, үүнийгээ дагаад цалин хөлс, нийгэм хангамжийн баталгаагаа дээшлүүлэх боломж бүрддэг.

 

-Хамтын гэрээнд ажилтнуудад таатай олон өөрчлөлт оржээ. Ер нь, нийтээр нь авч үзвэл хэчнээн төгрөгөөр нэмэгдсэн байна вэ?

 

-Энэ удаагийн Хамтын гэрээг хэрэгжүүлэхэд нэмэлтээр 70.9 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Өмнө нь, зарцуулж байсан мөнгөн дээр нэмэгдээд шүү дээ. Өмнөх Хамтын гэрээнүүдтэй харьцуулахад 08-1.2 дахин нэмэгдсэн. Харин нийт зарцуулсан мөнгө нь Хамтын гэрээ дүгнэхэд тодорхой гарна.

 

-Энэ бүхэн Замын хүний нөөцийн тогтвор суурьшлыг хадгалахад чиглэсэн гэж ойлгож байна. Ер нь, хүний нөөцтэй холбоотой зүйл заалтуудаасаа танилцуулбал?

 

-Ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах, хөдөлмөр зохион байгуулалттай холбоотой асуудлыг бид оруулсан. Ээлжийн хуваариар ажлын цаг нь зохицуулагддаг ажилтнуудын хамгийн их асуудаг зүйл нь илүү цаг, баяр ёслолын нэмэгдэл байдаг. Илүү цаг, баяр ёслолыг хуульд ч, Хамтын гэрээнд ч нэн тэргүүнд нөхөн амраа гэдэг. Хүмүүст мөнгө хэрэгтэй учраас бүгд л мөнгөөр авахыг хүсдэг л дээ. Бүгд зээлтэй юм чинь, аргагүй. Гэвч мөнгөөр өгөх нь хүнээ бодсон асуудал биш юм. Та нэгдүгээр улиралд 100 цаг илүү ажилласан гэж бодъё. Танд харин мөнгийг нь өгөөд хаачихвал дараагийн улиралд ядарсан ч ажиллах л болно. Энэ нь, урт хугацаандаа хүнийхээ эрүүл мэндэд хортой гэж үздэг учраас биеэр амраахыг шаарддаг. Хүний эрүүл мэндийг юугаар ч сольшгүй. Илүү цагийг амраагаагүйгээс ажлын бүтээмж буурна, хөдөлмөрийн болон хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж ч болзошгүй. Тиймээс нөхөн амраахдаа амарсан өдөрт цалинг нь бүтэн олгоно гэсэн үг. Илүү цагийн хувьд тухайн сарын цалингийн фондод чинь танай байгууллагад байгаа тохиолдолд олго. Үүнийг эдийн засагч төлөвлөх ёстой. Хэрэв биеэр амраана гэж төлөвлөсөн бол амраа. Гэхдээ улиралдаа л багтах ёстой. Харин илүү цаг юунаас болж гарсан талаар ҮЭ-ийн хорооны тэргүүлэгчид болон Захиргааны хамтарсан хурлаараа хэлэлц. Цаашид илүү цаг гаргахгүй байх талаар зөв хөдөлмөр зохион байгуулалт хийхэд юуг анхаарах вэ гэдэгт бүх хүчин зүйл, шалтгааныг олж шийдвэрлэх ёстой. Ер нь, сүүлийн хэдэн жилд хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн, дутагдалтай холбоотой илүү цаг их гарч байгаа. Зөвхөн төмөр замд гэлтгүй улсын хэмжээнд энэ асуудал байна. Манай улсын 3.4 сая иргэнээс өндөр настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдээ хасахаар идэвхтэй ажиллах хүч нэг сая болж байгаа. Ирэх таван жилд Монгол Улсын мал аж ахуй буюу ХАА-гаас бусад бүх салбарт нийт 40-50 мянган хүний орон тоо дутна гэсэн судалгаа тооцоолол гарсан. Энэ нь, ардчилал гарснаас хойш буюу 1990-2005 оны хооронд төрөлт огцом буурсантай шууд холбоотой. Тиймээс байгаа хүний нөөцөө хэрхэн тогтвор суурьшилтай ажиллуулах талаар сайн ярилцаж, Хамтын гэрээндээ үе шаттайгаар шийдвэрлэх нь чухал байгаа юм.

 

-Энэ оны Хамтын гэрээ албан ёсоор хэзээнээс хүчин төгөлдөр хэрэгжих вэ?

 

-Хамтын гэрээ хэрэгжүүлэх төлөвлөгөө гэж гардаг. Өөрөөр хэлбэл, гуравдугаар сарын 1, 15 гэхэд ямар нэмэгдлүүдээ үе шаттай өгч эхлэх вэ гэдгээ шийддэг. Нэгдүгээр улиралдаа багтааж дуусгана. Энэ нь, эдийн засгийн байдлаасаа шалтгаалж буй асуудал шүү дээ. Байгууллага, анхан шатны хороод ч төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх ёстой. Хамтын гэрээгээр бид хэн нэгнийг нас, хүйс, албан  тушаалаар нь ялгаварладаггүй. Бүгд тэгш эрхтэй оролцоно гэдгийг та бүхэн ойлгож, бүрэн судлаарай гэж хүсье.

 

-Зарим байгууллагын удирдлага, ажилтнууд орон тооны бус ҮЭ-ийн хорооны даргыг үл тоох тохиолдол байдаг. Орон тооны, орон тооны бус ҮЭ-ийн хорооны дарга нарын эрх, үүрэг ялгаатай юу?

 

-Үгүй, адилхан л эрх, үүрэгтэй шүү дээ. 30, 300, 1000 ажилтантай байх нь хамаагүй. Бүх гишүүдийн хурлаар сонгогдсон хорооны дарга нь орон тоогоор уу, орон тооны бус байна гэдэг л ялгаатай. МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо анхан шатны 61 хороотой. Үүнээс 32 нь орон тооных. 29 нь үндсэн ажлынхаа хажуугаар ҮЭ-ийн ажил хийдэг. Эрх хэмжээ нь яг ижил. Засгийн газрын Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээ 370 дугаар тогтоол, мөн Хөдөлмөрийн тухай шинэ хуульд нийгмийн түншлэл гэдэг асуудлыг маш сайн оруулж өгсөн. Ингэснээр ҮЭ-ийн хорооны дарга захиргааны зөвлөлийн хуралд суух, гурван шатны үзлэгт болон сарын ажлын үр дүнг хэлэлцэх хуралд оролцох, ХАБЭА-н зөвлөлд оролцох, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнийг судлах бүртгэх комисст ажиллах, шагнал урамшууллын комисст оролцох гээд бүх асуудал нээлттэй. Шуурхай зөвлөгөөнд ҮЭ-ийн хорооны дарга орох уу, үгүй юу гэдэг асуудал яригддаг. Тэгвэл Хамтын гэрээний 7.9-д “Ажилтны сахилга хариуцлагын асуудлыг хэлэлцэх шуурхай хуралд ҮЭ-ийн холбооны төлөөллийг оролцуулна” гэж заасан. Ажилтнууд өөрсдөө Хамтын гэрээгээ сайн унших хэрэгтэй. Хэрэв шуурхай хуралд орох асуудал гарвал “Би 7.9-д заасны дагуу ҮЭ-ийн хорооны даргатайгаа орно, эрхээ хамгаалуулна” гэж шаардах эрхтэй. Зарим үед хорооны даргыг ээлжийн амралттайд ч юм уу, эзгүйд нь шуурхай хурал хийчихдэг. Тэгээд ажилтнууд “ҮЭ миний эрхийг хамгаалсангүй” гэж гомдсон тохиолдол гардаг. Өөрийн асуудлаа ҮЭ-ийн хороондоо ярьж шийдүүлэлгүйгээр цахим орчинд хэлэлцүүлэг өрнүүлдэг болж. Аливаа асуудал хөөн хэлэлцүүлэх хуулийн хугацаатай. Нэгэнт хугацаа нь өнгөрсөн бол таны талд шийдэгдэх байсан ч нэмэргүй. Гэхдээ дандаа ажилтны зөв байдаггүй шүү дээ. ҮЭ бол хууль тогтоомжийн хүрээнд ажилтны хөдөлмөрлөх эрх, ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Хэрэв ажилтан биднээс хууль бус зүйл шаардвал “үгүй” гэж хэлнэ. Харин аливаа байгууллагын удирдлага ҮЭ-ийн хорооны даргыг хувь хүн гэж харж болохгүй. Тэр хүний тавьж буй асуудлын цаана хамт олны эрх ашиг явж буйг ойлгож, заавал сонсож, шийдвэр гаргахдаа хамтран ажиллах ёстой.

 

-Үүнтэй холбоотойгоор ҮЭ-ийн хороодын дарга нарын мэдлэгийг дээшлүүлэхэд хэрхэн анхаардаг вэ?

 

-Бид хороодын дарга нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд олон талт арга хэмжээ зохион байгуулдаг. Хамт олны хурлаар сонгогдсон хүн бүр ҮЭ-ийн талаар бүрэн мэдлэгтэй байдаггүй. Мэргэжил хамаарахгүй учир янз бүрийн ажил мэргэжилтэй, арга туршлага өөр, насны хувьд ч янз бүр хүмүүс сонгогддог. Тиймээс Хамтын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд мэргэшүүлэхэд анхаардаг. Өнгөрсөн онуудад гурван ч удаа сертификаттай томоохон кредит цагийн сургалтад хороодын дарга нарыг хамрууллаа. ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтныг 124 цагийн сургалтад ковидын үед хамруулж байсан. Удахгүй энэ сургалтад шинэ дарга нараа хамруулна. Ингэснээр ХАБЭА-н талаар хороодын дарга нар маань инженерийн түвшинд ойлголттой болно. Мэдлэгтэй байж л тухайн ажилтны эрх зөрчигдсөн эсэхийг мэдэж, дүгнэж чадна.

 

-МҮЭ-ийн холбоотой хэрхэн хамтран ажиллаж байна. Та саяхан тэргүүлэгчээр нь сонгогдсон байна билээ?

 

-МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн V хурал энэ сарын 23-нд боллоо. Ер нь, МТЗ-чдын ҮЭ-ийн төлөөлөл нийгмийн түншлэлийн олон талт үндэсний зөвлөл, хороодод ажиллах нь маш сайн. Төмөр замчдын төлөөлөл өнөөдөр ХАБЭА-н үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл /ЭМДҮЗ/, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд ажиллаж байна. Улсын хэмжээнд есөн хүн л байдаг. Тэдний нэг нь төмөр замчны төлөөлөл байна гэдэг бол давуу тал. Шийдвэр гаргах түвшинд төмөр замчдын дуу хоолой шууд хүрэх том боломж юм. МҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн орон тоо гарсныг нөхөх сонгуулиар би сонгогдлоо. Ерөнхий зөвлөлийн V хурлаар өнгөрсөн онд болсон Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой багц хуулийн шинэчлэл, хэвийн бус нөхцөлд ажиллаж буй ажилтнуудын ажил албан тушаалын шинэчлэл, ҮЭ-үүдийн эрхийн тухай хууль шинэчлэгдэхтэй холбоотой зэрэг олон асуудлыг хэлэлцлээ.

 

-Эцэст нь сонирхоод асуухад, нэгэн цагт Монгол Улсад УБТЗ ганцаараа үйл ажиллагаа явуулж байсан бол одоо олон төмөр зам бий боллоо. Тэгэхээр бусад төмөр замынхан МТЗ-чдын ҮЭ-ийн холбоонд гишүүнчлэлтэй болох уу?

 

-Манай холбоо УБТЗ дотроо анхан шатны 57 хороотой. Дээр нь 51, 73 дугаар сургууль, “Монгол транс” ХХК, ГТХЗНТ зэрэг байгууллагын хороо нэмэгдээд 61 болдог. Өнгөрсөн оны сүүлчээр “МТЗ” ТӨХК-д ҮЭ байгуулагдаад манайд эвлэлдэн нэгдэх хүсэлтээ өгсөн. Ер нь, цаашид Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй төмөр замын байгууллага, салбар нэгжийн ажилтнуудын эрх ашгийг бид хамгаалж ажиллах ёстой болж байна.

 

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье!

 

 

Ярилцсан М.Наранболд