МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуягтай ярилцлаа.
-Төмөр замчдын энэ онд мөрдөх Хамтын гэрээ хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Хагас жилийн байдлаар Хамтын гэрээний хэрэгжилт ямар байна вэ гэдгээс яриагаа эхэлье?
-Юуны түрүүнд нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. 2024 оны хагас жилийн ажлуудаа дүгнэж байна. Замын даргын хаврын үзлэгт МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны даргын хувьд биеэр оролцож, бодлого шийдвэрүүд газар дээрээ хэрхэн хэрэгжиж, нөхцөл байдал ямар байгаа талаар танилцаад ирлээ. МТЗ-чдын ҮЭ-ийн холбооноос их ач холбогдол өгсөн ажил бол шинэ Хамтын гэрээг батлуулах байсан. Тэгээд хоёрдугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст бүртгүүлснээр хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Энэ удаагийн Хамтын гэрээг хэрэгжүүлэхэд 70.9 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардаж байгаа. Гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэнтэй хамтын ажиллагааны төлөвлөгөө баталж, гуравдугаар сард ажил эхэлсэн. Өөрчлөлт орсон заалтууд Замын даргын тушаалаар хэрэгжиж байна. Тухайлбал, хоол, унааны хөнгөлөлт, албан томилолтын зам хоногийн мөнгийг нэмэгдүүллээ. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж буй ажилтнуудын нэмэгдлийг өгч байна. Энэ нь өмнөх Хамтын гэрээгээр цаг тутамд 120 төгрөг байсан бол одоо тухайн сард жинхэнэ ажилласан хугацаанаас нь хамаараад 64 мянга, хортой болон халуун нөхцөлд ажиллаж буй ажилчдад 74 мянган төгрөг олгох тухай Замын даргын тушаал шийдвэр гарсан. Мөн ахлахын болон доктор, мэргэшсэн нягтлан бодогч, мэргэшсэн инженер, эмнэлгийн ажилтнууд, цэцэрлэгийн багш нар, мастер тогооч зэрэг олон мэргэжлийн нэмэгдлийг өсгөсөн. Одоо холбогдох дүрэм, журмуудад өөрчлөлт оруулах ажлын хэсгүүд ажиллаж байна. Төлөвлөгөөний дагуу эхний хагас жилийн байдлаар биелэлт 90 орчим хувьтай явна. Энэ олон асуудлыг шийдсэнд талархаж буйгаа үзлэгийн үеэр төмөр замчид илэрхийлж байна билээ.
-Хамтын гэрээг хэрэгжүүлэхэд нэмэлтээр 70.9 тэрбум төгрөг шаардлагатай гэж та хэллээ. Тэгэхээр энэ нэмэлт мөнгийг олоход Замын захиргаанд амаргүй байгаа болов уу?
-Замын удирдлагын зүгээс авч хэрэгжүүлж буй тарифын зөв бодлогын үр дүнд төмөр замын орлого нэмэгдэж байна. Хамтын гэрээ гэдэг нь нэг талдаа ажилтны хүсэл, шаардлага, хэрэгцээ байдаг. Нөгөө талдаа энэ хэрэгцээг хангахын тулд ажил олгогч талд эдийн засгийн боломж шаарддаг. Бид Хамтын гэрээнд мөрөөдлийн, маш өндөр дүнтэй заалтуудыг тусгаж болох ч бодит байдалд тэр асуудлыг шийдвэрлэх санхүүгүй л бол зүгээр нэг тунхаг бичиг болно. Тиймээс хүндээ илүү хүрсэн бодит асуудлуудыг үе шаттай шийдвэрлэх шийдвэр чухал байдаг. Энэ утгаараа төмөр замын тээврийн тарифын бодлого хэрэгжүүлснээр ашиг нэмэгдсэнтэй холбогдуулж хоёр зүйлд нэн тэргүүнд хөрөнгө оруулалт хийхээ Замын дарга хэлсэн. Нэгдүгээрт, төмөр замын техникийн шинэчлэл хийж, тээх нэвтрүүлэх, боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх. Хоёрдугаарт, ажилтны нийгмийн асуудалд илүү сайн анхаарна гэсэн. Нийгмийн асуудал гэдгийн цаана цалин хөлс, эрүүл мэнд, орон сууц, хувь хүний хөгжил боловсрол гээд олон зүйл бий. Замын удирдлагууд ийм зорилт тавьж буй учир энэ удаагийн Хамтын гэрээний холбогдох заалтуудыг хэрэгжүүлэхэд одоогийн байдлаар ямар нэгэн хүндрэл гараагүй.
-Замын захиргаа, ҮЭ-ийн байгууллага хооронд байгуулдаг Хамтын гэрээгээр төмөр замчдад олон таатай нөхцөлийг бий болгодог. Гэвч төмөр замчдын олонх нь үүнд ҮЭ-ийн байгууллагын ач тус байгааг ойлгодоггүй юм шиг санагддаг. Та саяхан шугам замаар явж төмөр замчидтай уулзахад Хамтын гэрээний талаарх ойлголт хэр байна вэ?
-Ажил олгогч, ҮЭ-ийн байгууллага хоёрын хамтын ойлголцлын хүрээнд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж буйг төмөр замчид маш сайн ойлгох хэрэгтэй. ҮЭ-ийн байгууллага байгаагийн хамгийн чухал тэргүүлэх ажил бол Хамтын гэрээ байгуулан нийт төмөр замчдын цалин урамшуулал, нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ, ирэх жилд ямар байх вэ гэдгийг тодорхойлдог чухал бичиг баримт шүү дээ. Өнгөрсөн оны сүүлчээр болсон МТЗ-чдын гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар ҮЭ-ийн хороод төмөр замчдадаа мэдээлэл өгөх, сонин хэвлэлээр ярилцлага өгч ажил үйлчилгээ, шийдвэрүүдээ танилцуулах, цахимаар мэдээлэл гаргах, цаг үеийн асуудлаар уулзалт зөвлөгөөн хийж, сургалт зохион байгуулах зэрэг нэлээд асуудлыг ярилцсан. ҮЭ-ийн байгууллага үр дүнд хүрсэн тодорхой ажил хийж буй ч гишүүн ажилтнуудад мэдээлэл нь хүрдэггүй учраас мэддэггүй. Тиймээс ҮЭ-ийн байгууллагын талаарх ойлголт дутуу байдаг нь үнэн. Иймээс энэ оноос сургалтын төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, төмөр замчдад мэдээлэл өгөхөд анхаарч байна. Үзлэгээр явж байхад харьцангуй эерэг үр дүнгүүд гарч буй нь ажиглагдсан. Өмнө нь, төмөр замчдын олонх нь Хамтын гэрээнээс II бүлэг буюу цалин хөлстэй холбоотой заалт, III бүлгийн нийгэм ахуйн хөнгөлөлт зэрэгт л ач холбогдол өгч уншдаг байсан. Одоо бол Хамтын гэрээнд ажилтны нийгмийн асуудал, сургалт, ХАБЭА, ажил амралтын дэглэм, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж буй ажилтнуудын эрх ашиг гээд маш олон асуудлыг шийдвэрлэдэг чухал баримт бичиг гэдгийг ойлгож, хандлага нь өөрчлөгдөж байна. Хамтын гэрээний заалт яг ажлын байрны анхан шатанд буюу цех, тасаг, нэгжийн ажилтанд хэрэгжихэд ямар үг, заалт нь хэрхэн боломж өгч байна. Харин ямар эрхийг нь хязгаарлаж, ямар зүйлтэй давхцаад байна гэдгийн үр өгөөжийг анхан шатны ажилчид хамгийн сайн мэддэг. Тэдний санал хүсэлтийг маш сайн сонсож байж сайжруулах, зарим зүйл заалтыг тусгах, өөрчлөх зэргээр ажилладаг.
-Төмөр замчид Хамтын гэрээг уншиж судлах, ҮЭ-ийн байгууллагын үйл ажиллагааг мэддэг байх нь Замын хэмжээний анхан шатны ҮЭ-ийн хороодын дарга, тэргүүлэгчдийн ажилтай шууд холбоотой байх. Тэгэхээр ҮЭ-ийн хороодын дарга нарын чадавх ямар байна гэж та дүгнэх вэ?
-Замын хэмжээнд өнөөгийн байдлаар Баянбуурал амралт, Ган зам пресс хоёр ҮЭ-ийн хорооны даргагүй байна. Тиймээс комисс байгуулсан, удахгүй дарга сонгохоор ажиллаж байна. Анхан шатны ҮЭ-ийн хорооны дарга нарыг мэргэшүүлэх асуудал бол зогсолтгүйгээр явж байх ёстой. Хүний эрх ашгийг хамгаалж ажиллахын тулд ҮЭ-ийн хорооны дарга маш сайн мэдлэг, мэдээлэлтэй байх хэрэгтэй. Харин мэдээллээр хангах, чадавхжуулах сургалт зохион байгуулах нь МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны өмнөө хүлээж буй үүргүүдийн нэг. Энэ хүрээндээ хороодын дарга нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд олон талт арга хэмжээ зохион байгуулдаг. ХАБЭА-н сарын аяны хүрээнд хороодын дарга нарыг хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт болон Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж гарах дүрэм, журмын өөрчлөлтүүдийн сургалтад хамруулж, мэдээллийг цаг тухайд нь өгч байгаа. Шинээр гарч буй тушаал, шийдвэрүүдийн талаар Мягмар гараг бүр цахимаар анхан шатны бүх ҮЭ-ийн хороотойгоо хуралддаг. Пүрэв гараг бүр мөн хурал хийж төр засаг, холбогдох яамдаас гарсан цаг үеийн асуудал, тушаал шийдвэр, мэдээллийг өгдөг. Хороодын дарга нар ч үргэлж өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй.
-Төмөр замчдын зүгээс санал гомдол хэр ирж байна вэ?
-Хөдөлмөрийн хүрээний маргаан янз бүр. 2022 оноос хойш мөрдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хөдөлмөрийн эрхийн маргаан гэж нэрлэж байгаа. Хуучнаар бол ганцаарчилсан маргаан гэж байсан. Нэг ёсондоо ажилтан, ажил олгогчийн хооронд үүсэж буй саналын зөрүүг эхлээд байгууллагын Хөдөлмөрлөх эрхийн маргаан таслах комисс авч хэлэлцэнэ. Тэгээд эвлэрлийн журмаар шийдвэрлэж чадаагүй бол харьяа аймаг, сум, дүүргийн Хөдөлмөрлөх эрхийг шийдвэрлэх гурван талт хороогоор орно. Хэрэв шийдвэрлээгүй бол шүүхэд гомдол гаргана гэсэн гурван үе шаттай болсон. Манай холбооны хувьд хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор УБТЗ ХНН-ийн хэмжээнд гарч буй хөдөлмөрийн маргааныг зохицуулах Хөдөлмөрлөх эрхийн маргаан таслах комиссыг Замын захиргаатай хамтран байгуулсан. Ажил олгогч, ҮЭ-ийн байгууллагаас тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэй. Өнгөрсөн онд нийт 52 өргөдөл гомдлыг хүлээн авч 47-г нь эцэслэн шийдвэрлэж, бүгд ажилтны талд буюу хохирсон эрх ашгийг нь сэргээсэн. Үлдсэн таван маргаан нь дараагийн шатаар дамжин шүүхэд шилжсэн. Ер нь, УБТЗ ХНН-ийн хэмжээнд гарч буй асуудлыг дотроо анхан шатны комиссоор шийдвэрлүүлснээр ажилтнуудад чирэгдэлгүй, өмгөөллийн хөлсгүй, шүүхийн хаалга татахгүй байх зэрэг давуу тал бий болсон. Нөгөө талдаа ажил олгогч магадгүй алдаатай шийдвэр гаргасан бол илүү их эрсдэл, хохирол амсахгүйгээр асуудлыг бага дээр нь шийдвэрлэх эерэг үр дүн гарч байна. Хоёрдугаарт, УБТЗ ХНН нутаг дэвсгэрийн хувьд Баянгол дүүрэгт хамаардаг. Дүүргийн Хөдөлмөрлөх эрхийг шийдвэрлэх гурван талт хороонд МТЗ-чдын ҮЭ-ийн холбооноос хоёр төлөөлөл шууд орж ажилладаг. Өнгөрсөн хугацаанд миний бие комисст ажиллаж байсан. Харин холбооны дарга болсон учир энэ ажлаа хүлээлгэн өгч холбооны эрх зүй, сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.Тэмүүлэн, Замын II ангийн ҮЭ-ийн хорооны дарга П.Жаргалсайхан хоёр дүүргийн комисст шууд төлөөлөл болон ажиллаж байгаа. Төмөр замын маргааныг илүү ойлгодог, онцлог, нөхцөл байдлыг нь мэддэг мэргэшсэн хүмүүс тэнд ажиллана гэдэг нь төмөр замчдад том давуу тал болдог. Шүүхийн шатанд очсон тохиолдолд ч манай холбооноос орон тоогоор нэг хуулийн зөвлөх, нэг эрх зүйч ажиллуулдаг. ҮЭ-ийн холбоо хохирсон гишүүдийнхээ эрх ашгийг бүх шатанд нь ямар нэгэн үнэ хөлс, өмгөөллийн төлбөргүйгээр хамгаална.
-16 мянган ажилтантай, маш олон аж ахуйн нэгжтэй УБТЗ-д жилд 52 маргаан гэдэг нь бага тоо юу?
-Ер нь, Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор маш олон дүрэм, журам, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, дээр нь яамдаас олон журам гарсан. Энэ хүрээнд өмнө нь шийдвэрлэж чаддаггүй байсан олон асуудлыг шийдвэрлүүлж чадсан. Нэг жилд 52 маргаан гэдэг нь ажилтны болон аж ахуйн нэгжийн тоотой харьцуулахад харьцангуй бага. Гэхдээ ийм маргааныг бүр гаргахгүй байх нь ҮЭ-ийн байгууллагын гол үзэл баримтлал. Ажилтны эрхийг зөрчсөний дараа сэргээх гэж араас нь явах биш, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд ямар бодлого, арга хэмжээ авах вэ гэдэгт анхаарч ажилладаг. Дээрх 52 маргааныг аваад үзвэл сахилга хариуцлага, технологи, шуурхай зөвлөгөөнөөс гарсан тушаал шийдвэрүүд болон хувь хүнтэй холбоотой асуудал их гарч ирсэн. Хууль зүйн хувьд бодит нөхцөл байдал нь хэрхэн нийцэж байгаа юм, хууль, дүрэм журамд зааснаар хариуцлагыг үнэн зөв ногдуулсан уу. Эсвэл тухайн хүнийг хэлмэгдүүлэн хууль бус арга хэмжээ авсан уу гэдэгт анхаардаг. Ер нь, цаашид Хөдөлмөрлөх эрхийн маргаан таслах комисс ийм төрлийн маргааныг төмөр замдаа ингэж шийддэг юм байна гэдэг ойлголт тодорхой болно. Тиймээс байгууллагуудын удирдлагууд тушаал шийдвэр гаргахдаа өмнө нь гаргасан алдааг дахин давтахгүй байхад эерэг нөлөө үзүүлнэ.
-Зарим ажил мэргэжлийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд оруулсан гэж сонслоо. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-ХНХ-ийн сайдын 2004 оны 77 тоот тушаалыг манай төмөр замчид сайн мэднэ. Хөдөлмөрийн хүнд болон хортой, халуун, газрын гүнд гэсэн тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох ажил мэргэжлийн жагсаалтыг баталдаг тушаал шүү дээ. Энэ тушаал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр ХНХ-ийн сайдын А-221 тоот тушаалаар шинэчлэгдсэн. Шинэчлэгдэх болсон шаардлага нь өнгөрсөн онд батлагдсан Нийгмийн даатгалын багц хуультай холбоотой. Энэ их онцгой тушаал гарсан. Яагаад гэвэл, дээрх ажил албан тушаалын мэргэжлүүд нь Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт буюу бидний хэлж заншснаар “YAMAT-08” руу кодлолын хувьд шилжиж байгаа. Мөн энэ А-221 тоот тушаалыг хэрхэн хэрэглэх вэ гэдэг журам хоёрдугаар хавсралтаар нь батлагдсан. Бодит байдалд хортой нөхцөлд тав, хүнд нөхцөлд долоон жил ажилласан байтал аль алинаар нь тэтгэвэрт гарч чаддаггүй байсан бол үүнийг хэрхэн коэффициентлэх юм. Түүнчлэн, “YAMAT-08”-ын ангиллын хүрээнд код зөрсөн бол яах юм бэ гэхчлэн хэрэглэх журмыг маш тодорхой болгож баталсан. Харин А-221 тоот тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал оны өмнөөс яригдаж эхэлсэн шүү дээ. Миний хувьд МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга болсноор хэд хэдэн зөвлөл байгуулан ажиллаж байна. Үүний нэг нь ХАБЭА-н орон тооны бус зөвлөл. Энэ орон тооны бус зөвлөлийг холбооны дарга өөрөө ахалж, нарийн бичгийн даргаар Улаанбаатар өртөөний ҮЭ-ийн хорооны дарга, гишүүдээр Замын II анги, Зорчигч тээврийн төв, Замын-Үүд Шилжүүлэн ачих анги, Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо, Барилга ашиглалт үйлчилгээний анги зэрэг байгууллагын ҮЭ-ийн хороодын дарга нар ажилладаг. Бид дээрх нэмэлт өөрчлөлтөд оруулахаар таван ажлын байрны асуудлыг ярьж, бүгд дэмжигдсэн. Үүнд ачаа вагон хүлээлцэгч орсон. Хуучин 77 болон 221 тоот тушаалд ачаа вагон хүлээлцэгч нарыг Шарын гол, Шивээ-Овоо, Хөтөл, Айраг, Бор-Өндөр, Өргөн, Багануур өртөөнийх орно гэж хязгаарладаг. Өөрөөр хэлбэл, уул уурхайн баяжмал, нунтаг бүтээгдэхүүн ачдаг өртөөдийнхийг л оруулдаг байсан. Харин ХНХ-ын сайдын өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулсан А-87 тоот тушаалаар дээрх өртөөдөөр хязгаарлахгүйгээр Замын хэмжээний бүх ачаа вагон хүлээлцэгч хүнд нөхцөлд орохоор болсон. Ингэснээр энэ ажлын байранд ажиллаж буй эрэгтэй 55, эмэгтэй 50 нас хүрээд тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэж байгаа юм. Мөн тасалбарын явуулын нярав, тээш түгээгч, Мод боловсруулах үйлдвэрийн мод цавчигч, хураагч, мод бэлтгэлийн туслах ажилтнууд хүнд нөхцөлд орлоо. Тушаалыг Хууль зүйн яам тавдугаар сарын 16-ны өдөр албан ёсоор бүртгэж хүчин төгөлдөр болгосон. Үүгээр УБТЗ ХНН-ийн 500 гаруй ажилтны асуудлыг шийдвэрлэлээ. Энэ ажлын байруудад ажиллаж буй ажилтнууд хэвийн бусын нэмэгдэл 64 мянган төгрөг авна. Хамтын гэрээний дагуу нэмэгдэл амралтын хоног эдэлнэ. Дээр нь тэтгэврээ таван жилийн наана тогтоолгох боломж бүрдэж байгаа юм. Ер нь, энэ ажлыг манай холбоо 2016 оноос хойш хөөцөлдөж, маш олон тооцоо судалгаа хийж, олон шатны хурлуудад хамгаалж ажилласны үр дүн. Үүнд ХАБЭА-н зөвлөлөөс гадна УБТЗ-ын холбогдох мэргэжлийн албад их дэмжлэг туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлье. Энэ бол бидний хамтын ажлын үр дүнгээр бий боллоо. Гэхдээ нөгөө талаар ажилтнуудаа бид ийм нөхцөлд ажиллуулаад байх нь сайн зүйл биш. Тиймээс хүнд, хортой нөхцөлийг бий болгоод буй хүчин зүйлийг бууруулах талд зайлшгүй анхаарч ажиллах шаардлагатай. Энэ оны ажлын байрны нөхцөлийн үнэлгээ хийх, нөхцөлийг сайжруулах ажил мэргэжлийн жагсаалтыг Замын ерөнхий инженер баталсан. Үүнд ҮЭ-ийн байгууллагын тодорхой оролцоо байна. Бид ажилтнуудынхаа амь нас, эрүүл мэндийн төлөө бол ажил олгогчтой бүхий л зүйл дээр хамтран ажилладаг.
-Ачаа вагон хүлээлцэгч, тээш түгээгч, мод цавчигч, хураагч гэхчлэн дээрх ажил мэргэжлүүдийг эрхэлдэг улсын хэмжээний бүх хүн хамрагдана гэсэн үг үү?
-Эдгээр нь төмөр замын гэсэн ангилалд нь багтаж байгаа. Тиймээс төмөр замын байгууллагад ажилладаг тээш түгээгч, мод цавчигч нар л хамрагдана гэсэн үг. Ачаа вагон хүлээлцэгч, тасалбарын явуулын нярав бол зөвхөн төмөр замд л байдаг. Харин тушаалд өөрчлөлт орсон нь УБТЗ төдийгүй бусад төмөр замын байгууллагад ажиллаж буй ачаа вагон хүлээлцэгч нар ч багтана.
-Та Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл /ЭМДҮЗ/-д багтдаг. Энэ зөвлөлөөс төмөр замчдын эрх ашигт нийцсэн ямар ажил хийж байна вэ?
-ЭМДҮЗ-ийн гишүүнээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард УИХ-ын чуулганаас төмөр замчдын төлөөлөл анх удаагаа томилогдсон. Таван жилийн хугацаатай ажилладаг. Нэг жил боллоо. Энэ хугацаанд багагүй ажил хйилээ. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард бусдаар ангилагдаагүй оношийн хамааралтай зургаан бүлгийн өвчлөлийн асуудлыг шийдвэрлүүлж чадлаа. Энэ нь зөвхөн төмөр замын Төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт л хэрэгжинэ. Үүнд ялангуяа мэдрэлийн өвчлөлүүд, нүд, анхдагч даралт ихсэлт, хоол боловсруулах тогтолцоо, яс булчингийн тогтолцоо руу холбох эдийн бусад өвчлөл, шээс бэлгийн замын тогтолцооны бусад эмгэгүүд гэсэн зургаан оношийн хамааралтай бүлгээр манай төмөр замчид төмөр замынхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх бүрэн боломжтой болсон. Нэмэлт өөрчлөлт ороогүй байхад эдгээр өвчлөлөөр өвдсөн хүмүүсийг хэвтүүлэхгүй, өдрийн эмчилгээгээр эмчилнэ гэж ЭМДҮЗ-ийн 08 тоот тогтоолоор шийдвэрлэсэн байсан. Өнгөрсөн гуравдугаар сард төмөр замын эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай ЭМДҮЗ, ЭМДЕГ, анхан шатны ҮЭ-ийн хороодын дарга нар уулзаж хамтран ажилласан. Энэ үеэр дээрх асуулт төмөр замчдаас нэлээд гарсан. Ялангуяа, бөөрний хурц үрэвсэлтэй хүн халуураад “Эмнэлэгт хэвтэе” гэхээр хэвтэн эмчлүүлэх оношийн хамааралтай бүлэгт байхгүй гээд өдрийн эмчилгээ хийнэ гэдэг. Шугам замын завсрын өртөө, зөрлөгт байгаа хүн өдрийн эмчилгээ хийлгэх гээд Улаанбаатар хот руу ирвэл байр сууцнаас эхлээд хүндрэлтэй байсан. Тиймээс энэ хүндрэлтэй байдлыг бид олж тогтоон дээрх зургаан оношийн хамааралтай бүлгээр ангилагдаагүй бусад гэдэг ангилалд орууллаа. Одоо төмөр замчид маань хэвтэн эмчлүүлэх бүрэн боломжтой. Ирэх жилүүдэд Хамтын гэрээнд заасны дагуу мэргэжлээс шалтгаалсан өвчний асуудлыг Төв эмнэлэгтэй хамтран судалж шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Үүнд эхлээд маш сайн тооцоо судалгаа хийж, бодит гарч буй өвчлөлийн тоо, жишээнүүдийг тодорхой гаргаж ажиллах ёстой. Ингэж байж энэ талд ямар шийдэл гаргахаа тодорхой болгон шийдвэрлэх түвшний байгууллагуудад уламжилна. Мөн төмөр замын ахмадууд, ар гэрт нь чиглэсэн тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
-Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!
М.Наранболд