МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуягтай уулзаж, сонгуульт ажлаа авснаас хойш хийж хэрэгжүүлсэн ажлын талаар цөөн асуултад хариулт авснаа уншигч танаа хүргэж байна.

 

 

-Уншигчдынхаа өмнөөс танд энэ өдрийн мэнд хүргэе. МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны даргаар сонгогдоод гурван сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямар ажил хийв, бага хурлаас хойш ҮЭ-д юу өөрчлөгдөв гэсэн асуулт гишүүдийн дунд яригдаж байна?

 

-За баярлалаа. Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны ээлжит XXVII Бага хурлаар миний бие 72.9 хувийн саналаар МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны даргаар сонгогдсон. Ажлаа авсан даруйдаа буюу зургадугаар сарын 22-ны өдөр "УБТЗ" ХНН болон МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо хоорондын 2022-2023 оны хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлтийг амжилттай үзэглэсэн. Энэ удаагийн хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтөөр бид цалингийн системийн шинэчлэлийг хийлээ. Өмнө нь тухайн оны нийгэм, эдийн засаг болон тээврийн үр ашиг орлогоос хамааруулаад төмөр замчдын баяраар тушаал гаргаж үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлж, есдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөөд хэрэгжүүлээд явдаг байсан. Энэ жилийн хувьд зургаадугаар сарын 22-нд хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж долдугаар сарын 1-нээс цалин хөлсийг нэмэгдүүлсэн. Бид цалингийн системийн шинэчлэлийн хоёр болон гуравдугаар шатлалын эхний хэсгийг нь амжилттай хийж чадсан. Хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтөөр төмөр замчдын өмнө тулгамдаж буй цалин хөлсний талаарх таван асуудлыг шийдсэн. Нэгдүгээрт, үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлсэн. Хоёрдугаарт, сарын ажлын үр дүнгийн шагналын 10 хувийг үндсэн цалин руу шилжүүлж нэмэгдүүлсэн. Гуравдугаарт, удаан жилийн нэмэгдлийг шинэ ажилтан хоёр дахь жилээсээ авах боломжтой болгосон. УБТЗ-д ажилласан хоёр дахь жилээсээ эхлэн 11 дэх жилийг дуустал үндсэн цалингийн нэг хувиар, 11 дэх жилээс 26 дахь жилийг дуустал үндсэн цалингийн 0.5 хувиар жил бүр нэмэгдүүлж, дээд хэмжээг 17.5 хувьд хүргэв. Дөрөвдүгээрт, Улаанбаатар хотоос алслагдсан зайд ажиллаж, амьдарч байгаа төмөр замчдад тухайн бүс нутагт ажиллаж амьдарсных нь төлөө олгодог бүсийн нэмэгдэл. Энэ бүсийн нэмэгдлийг шударга ёсны зарчим руу нийцүүлж тогтмол дүн рүү шилжүүллээ. Ингэснээр хөдөлгөөнтэй холбоотой болон холбоогүй байгууллагад ажиллаж байгаа эсэхээс үл хамаарч мөн албан тушаалын ялгаанаас хамаарч харилцан адилгүй олгогддог байсан нэмэгдлийг арилгаж тогтмол олгодог болгосон. Тавдугаарт, тогтвортой ажилласны урамшууллыг тооцож олгохоор боллоо. Тасралтгүй таван жил УБТЗ-д ажилласан ажилтанд 500 мянган төгрөг, 10 жил тасралтгүй ажилласан бол нэг сая төгрөг гэх мэтээр олгохоор болсон. Одоо журмыг нь боловсруулж байна. Цаашид цалингийн системийн шинэчлэлийг боловсронгуй, үр өгөөжтэй болгох, ажилтны хөдөлмөрийг шударга, зохистой, бодитой үнэлэх зарчмын байр суурийг МТЗ-чдын ҮЭ-ийн холбооноос барьж ажиллаж байгаа. Одоогийн байдлаар, 2024-2025 оны хамтын гэрээний төсөл төслийг боловсруулж байна. Түүнчлэн, ажил авснаас хойш шугам замын өртөө, зөрлөгт ажиллаж амьдарч байгаа төмөр замчидтайгаа уулзаж санал бодлыг нь сонслоо. Энэ үеэр бага хурлын шийдвэрийг танилцуулж, долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн цалингийн системийн мөн чанарыг ойлгуулах, 2024-2025 оны хамтын гэрээнд санал авах, ҮЭ-ийн байгууллагаас хүсэж буй хүлээлтийг сонсож ажиллалаа. Уг ажилд багагүй хугацаа зарцуулсан. Мөн ажил авснаас хойш гадаад харилцаа маань нэлээд өргөжлөө. Бид Солонгосын төмөр замын үйлдвэрчний эвлэлийн байгууллага, Бүх Японы төмөр замын үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж хамтын ажиллагааныхаа гэрээг шинэчилж байгуулсан.

 

-Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн зүгээс ихэвчлэн ямар санал хүсэлт тавьж байна вэ?

 

-Бүх гишүүдтэй хийх уулзалт, сургалтыг Монголын хүний нөөцийн ассоциацитай хамтарч зохион байгуулсан. Энэ үеэр нийт ажилтнуудын нэр, албан тушаал зэрэг тухайн ажилтны хувийн мэдээллийг нууцалж судалгаа авсан. Мөн 2024-2025 оны хамтын гэрээний санал авсныг түрүүн дурдсан. Гишүүдийн зүгээс цалингийн системийн шинэчлэлийг илүү боловсронгуй болгох асуудал дээр маш их анхаарч ажиллахыг хүсэж байна. Ялангуяа өдрийн найман цагаар ажиллаж байгаа ажилчдын хувьд илүү цаг, баяр ёслолын асуудал хөндөгдөж байна. Мөн ажлын хувцас хамгаалах хэрэгслийн чанарын асуудал яригдаж байна. Завсрын өртөө, зөрлөгт ажиллаж амьдарч байгаа төмөр замчдын орон сууцны тав тух, тэдний үр хүүхдүүдийн сурах, боловсрол эзэмших боломж, залуучуудынх нь хөгжих боломж, сургалтыг зохион байгуулах, ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар тодорхой ажлуудыг зохион байгуулах саналуудыг өгсөн. Харин ажилтнуудын зүгээс үйлдвэрчний эвлэлийн байгууллага  тодорхой үр дүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа боловч үүнийгээ нийтэд сурталчлах, ажилтнуудыг мэдээллээр хангах боломж хязгаарлагдмал байгаа учраас ойр ойрхон уулзаж байхыг хүслээ.

 

-Мөнхийн гэж хэлж болохоор анхаарал татсан сэдэв бол цалингийн нэмэгдэл байдаг. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг цалин гүйцэхгүй байна. МТЗ-чдын ҮЭ-ийн холбооноос цалингийн бодит нэмэгдэлд ямар бодлого баримтлан ажиллаж байгаа вэ?

 

-Тийм ээ. Таны хэлдгээр цалин бол мөнхийн сэдэв. Цалинг хэдэн хувиар яаж ч нэмсэн ирэх жил нь дахиад л цалингийн асуудал яригддаг. Яригдах ч ёстой. Яагаад гэвэл, инфляцийн түвшинтэй уялдуулж цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо үздэг. МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны тэргүүний бодлого чиглэл нь хуримтлалтай төмөр замчин бий болоход чиглэгдэж байна. Хийсэн ажлаа шударгаар үнэлүүлдэг энэ тогтолцоог бий болгох нь л бидний нэгдүгээр зорилго юм. Энэ тогтолцоог улам боловсронгуй болгосноор ажилтны цалин хөлс нэмэгдэнэ. Ингэснээр ажилтны цалин зээлд зарцуулагдаад дуусдаг байдал арилна. Байгууллагадаа тогтвор суурьшилтай ажиллах урам зоригийг энэ цалингийн тогтолцоо бүрдүүлэх ёстой. Эрүүл, зөв, шударга оновчтой ийм л систем байх ёстой гэж үзэж байгаа юм. Бид цалинг механикаар шууд л 10, 20, 30 хувь нэмэгдүүлнэ гэхээс илүүтэй, өнөөдөр яг ямар ажлын байран дээр ямар үүрэг гүйцэтгэж байна, ажлын байрны давхцал нь ямар вэ, бүтээмж нь хэр байгаа юм гэдгийг цалин хөлсний тогтолцоогоор шийднэ. Ингэснээр ажилтан хүн хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж цалин хөлс нь бодитоор нэмэгдэх боломжтой болно. Цалин хөлс тооцох аргачлалын суурийг нь нэлээд сайн тавьж өгнө гэсэн үг л дээ. Он гарсаар УБТЗ-ын удирдлагууд тээврийн тарифаа хоёр удаа нэмэгдүүлж чадсан. Энэ нь цалингийн системийн шинэчлэлийг хийх боломжийг бидэнд бий олгож байна. Тарифаа нэмэгдүүлж чадлаа гэдэг маань алдагдалтай тээврийн хэмжээг багасгана. Төмөр замд орж ирэх орлого нэмэгдэж, цалингийн системийн шинэчлэлийг хийх хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж чадаж байгаа юм. Хөрөнгийн эх үүсвэр бүрдсэнээр хамтын гэрээгээр хамгийн эхэнд тохирсон асуудал болох ажилчдынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх тухай асуудал биелнэ. Төмөр замын үнэт баялаг бол төмөр замчид. Байгууллагын үнэт капитал болсон ажилтнууд маань ажилдаа тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бололцоо нь бүрдэх юм. Тогтвортой хүний нөөцтэй байгууллагын ирээдүй тогтвортойгоор хөгжинө шүү дээ.

 

-Та энэ оны дөрөвдүгээр сард УИХ-ын нэгдсэн чуулганаар ЭМД-ын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр томилогдож сонгогдсон. Энэ хугацаанд төмөр замчдыг төлөөлж ямар ажлыг хийсэн бэ?

 

-Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь есөн хүний бүрэлдэхүүнтэй, Засгийн газар, ажил олгогч, эзэд, даатгуулагчдыг төлөөлж тус тус гурван хүн сонгогдон ажилладаг. Даатгуулагчдыг төлөөлж МҮЭХ-ноос гурван хүн сонгогдсон. ЭМД-ын Үндэсний зөвлөлийн гишүүнээр сонгогдоод долдугаар сард реформын шинжтэй томоохон тогтоолуудыг баталсан. Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр яригдаж байгаа ЭМДҮЗ-ийн 08 тоот “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” тогтоол бол олон талаараа даатгуулагчдад ээлтэй тогтоол болж чадсан. Тухайлбал, яг ямар төрлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалтуудыг хэрхэн батлах болон түүнд төлөх даатгалын төлбөрийн хэмжээ нь, ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж үйлчилгээг санхүүжүүлэх төлбөрийн арга, уг сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний суурь, тариф, бүсчлэлийн коэффициент, тусламж үйлчилгээний нэгжийг тооцох тохиолдлыг ЭМД-ын сангаас санхүүжүүлэх журам ямар байх гэх мэтчилэн асуудлыг шийдсэн. Төмөр замчдын хувьд бол есдүгээр сарын 8-ны өдрөөс хойш 13А маягтыг шаардахгүй болсон. Энэ хүрээнд ялангуяа тусгай чиг үүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Цэргийн төв эмнэлэг, Төмөр замын эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гэсэн эмнэлгүүд дээр одоо 13А маягтыг шаардахгүй болж байгаа юм. 13А маягт шаардах нь манай төмөр замчдад тодорхой хугацаанд бухимдал төрүүлсэн байхыг үгүйсгэхгүй.

 

-Та мөн Хөдөлмөрийн аюулгүй байдлын үндэсний хорооны гишүүнээр ажилладаг. Ялангуяа, төмөр замчдын зарим ажлын байрыг хүнд хортой нөхцөлд тооцуулахаар ажиллаж байгаа тухай сонсож байсан. Энэ тухай мэдээлэл өгөөч?

 

-Төмөр замын нэг номерт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ордог. Ажилтан хүн өглөө гэрээсээ гараад орой нь эрүүл, бүрэн бүтэн, гэр бүлдээ аз жаргалтайгаар харих ёстой. Энэ бол манай төмөр замын гол бодлого. Сүүлийн хоёр жил Менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг "УБТЗ" нэн тэргүүний зорилт болгон тавьсан. 2023 оныг менежментийн нэгдсэн тогтолцоог баталгаажуулах жил болгосон. Менежментийн нэгдсэн тогтолцоог баталгаажуулах жилтэй холбогдуулж ISO45001:2018 стандартыг бүх шатанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн Нийгмийн даатгалын багц хуулийг өнгөрсөн долдугаар сард баталсан. Хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр нийгмийн даатгалын багц хуультай уялдаж гарах, УИХ, Засгийн газар, Үндэсний зөвлөлүүдийн тогтоолуудыг шинэчлэх ажлын хэсгүүд гарсан. Үүнд хамгийн их анхаарал татаж байгаа нэг асуудал бол 2004 оны алдарт 77 дугаар тушаал буюу хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохтой холбоотой, газрын дор болон хөдөлмөрийн халуун, хортой, хүнд нөхцөлд ажиллах ажил мэргэжлийн жагсаалтыг баталдаг ийм тушаал байгаа. Энэ 77 тоот тушаалыг шинэчлэх ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. Хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд ордог төмөр замын ажил мэргэжлийн жагсаалтыг хэрхэн яаж боловсронгуй болгох вэ, мөн дээр нь 2021 онд ХАБЭА-н Үндэсний хороогоор дэмжүүлээд 2022 оны аравдугаар сарын 15-нд ХНХ-ын сайдын 185, 186 гэсэн хоёр тушаалаар төмөр замын таван ажил мэргэжлийн жагсаалтуудыг хүндээс хортой руу шилжүүлсэн. Одоогийн байдлаар, хэвийнээс хүнд рүү шилжих дөрвөн ажлын байр бол хүлээгдэж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлүүлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлага бий.

 

-Цаг гаргаж бидэнтэй ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсье.

 

-Баярлалаа. Уншигч нартаа болон “Ган зам” сонины редакцын хамт олон та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.