Замын даргын намрын үзлэгийн комисс Баянтүмэн тасагт энэ сарын 15-18-нд ажиллалаа. Тасгийн хувьд замын дэрийн аж ахуй муудсантай холбогдуулан галт тэрэгний хурдыг бууруулсан байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гологдлыг тав, дутагдлыг зургаан нэгжээр тус тус бууруулсан үзүүлэлттэй угтав. Гарсан гологдол, дутагдлыг авч үзвэл ихэвчлэн зам дээр мал байсантай холбоотой аж. Тус тасгийн хувьд замын хамгаалалт тор хангалтгүй учир төмөр зам руу мал орох, галт тэргэнд дайруулах асуудал жил бүр гардаг. Замчид мал бүхий иргэдэд төмөр зам руу малаа оруулахгүй байх талаар шаардлага тавьдаг ч тэд хүлээж авдаггүй гэнэ. Тиймээс зам арчлахынхаа хажуугаар мал хариулах, замаас холдуулах зэргээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангадаг талаар шугам замынх нь замчид хэлж байлаа. Замын хэсгүүдийн хувьд ихэнх нь баллын төлөвлөгөөг бууруулан ажиллаж буй ч II хэсэг 52, Чингисийн далан дахь III хэсэг 81-тэй буюу хамгийн хүнд нөхцөлтэй байв. Энэ жил нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэх чиглэлээр тасгийн хэмжээнд нийт 9014 модон дэр, 6156 төмөр бетон дэр, 454 дүнзээр хангагдсан ч дөрөв дараалсан тэнцэхгүй дэрийн тоо буурахгүй байгаа аж.

Он гарсаар арван сарын байдлаар Эрээнцав-Соловьевск хооронд 214 галт тэрэг, 3787 вагон, Баянтүмэн-Эрээнцав хооронд 443 галт тэрэг, 5379 вагон аялсан байна. Аялсан галт тэрэгний тоо өссөн ч ачаа тээврийн хувьд ачилтын хэмжээ нь буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, олон улсын ачилт 63744 тонн болж төлөвлөгөөг 84.9, өмнөх оны мөн үетэй харьцуулбал 87.3, орон нутгийн ачилт 8803 тонн болж төлөвлөгөөг 65.9, оны мөн үетэй харьцуулбал 60.4 хувиар гүйцэтгэжээ. Энэ нь, “Шинь шинь” ХХК-ийн ачилт буурсантай холбоотойг тасгийн удирдлага танилцуулав. Харин олон улсын буулгалтын төлөвлөгөөг 35.6 хувиар давуулсан үзүүлэлттэй байна.

Тус тасгийнхан жил бүр чихэнд чимэгтэй мэдээлэл дуулгадаг нь бүтээн байгуулалтын хувьд аж ахуйн аргаар орон сууц барих юм. Энэ жил ч ҮЭ-ийн холбоотойгоо хамтран Замын II хэсэг буюу Хөх нуурт хоёр айлын орон сууц барьснаа тасгийн удирдлагууд Үзлэгийн комисстой тууз хайчлан нээлт хийлээ. Түүнчлэн, Эрээнцав өртөөний тэгш, сондгой талд иж бүрэн гэрэлтүүлэг, Эрээнцав-Соловьевск хоорондын технологийн холбооны кабелийн ажлыг гүйцэтгэсэн зэрэг хийж бүтээсэн ажил багагүй харагдав. Мөн Замын VIII хэсгийг эрчим хүчинд холбох ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ ажлыг яаравчлан эрчим хүчинд холбох зөвшөөрлийг холбогдох газраас даруйхан гаргуулахыг Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн үүрэг болгосон юм. Түүнчлэн, тус тасгийнхны хамгийн том аюул нь ой хээрийн түймэр байдаг. Тиймээс Улсын онцгой комиссын болон аймгийн Засаг даргын албан даалгавар, Замын даргын тушаалын дагуу ой, хээрийн түймрээс хамгаалах зурвасыг Эрээнцав өртөөний 20 дугаар км-ээс Хэрлэн өртөөний 185 дугаар км хүртэл хоёр талдаа нийт 330 км газарт 1.5 метрийн өргөнтэй татсан байна. Энэ мэтчилэн сайшаах ажил зөндөө байгаа ч комиссынхоос зэмлэл хүртэл асуудал ч цөөнгүй байлаа.

 

Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн:

 

-Баянтүмэн бол УБТЗ-ын харьяа шүү. Замын хэмжээнд мөрддөг тушаал, шийдвэрийг та нар мөрдөх л ёстой. Өртөөний дарга ажлаа мэдэхгүй байна. Жижүүр дутагдалтай, хүнээ амраахгүй ажиллуулж буйг хөдөлмөр зохион байгуулалтаар удирдлага шийдэх ёстой. Өртөөний дарга өөрөө жижүүрийн пультэд ажиллаж сур. Өмнө нь сурах үүрэг өгсөн байтал одоо ч огт мэдэхгүй хэвээр байна. Цаашид тасгийн дарга энэ хүнээ туслах жижүүрээр дагалдуулан сурга. Тэгж байж энэ хүн чинь ажилтнуудаа удирдаж, хаана нь алдаа гараад, юуг нь буруу хийгээд буйг мэддэг болно. Жижүүрийн ажлыг огт мэдэхгүй дарга яаж хяналт тавьж, үүрэг даалгавар өгөх юм бэ. Ашиглалтынхаа үндсэн үйл ажиллагааг мэддэг байх хэрэгтэй.

 

 

 Тээвэр зохион байгуулалт хариуцсан хяналтын байцаагч Д.Пүрэвдорж:

 

  -Өмнөх үзлэгээр найман үүрэг даалгавар өгсний гурав нь хангалтгүй байна. Галт тэрэгний хөдөлгөөн зохион байгуулалтад анхаарахгүй бол болохгүй нь. Техник ашиглалтын дүрэм, журамд заасан заалтуудыг зөрчиж, зурмаг хөтлөлт нь хангалтгүй байна. Замын I орлогч даргын баталсан Зурмаг хөтлөх журмыг мөрдөх шаардлагатай. Тухайлбал, энэ сарын 7-ны 622 дугаар галт тэрэг Баянтүмэнд 93 минут хоцорч ирсэн байна. Мөн 9-нд 621 дүгээр галт тэрэг Эрээнцавд 106 минут хоцорч очсон. Энэ мэтчилэн дурдвал график огт мөрддөггүй нь харагдана. Энэ нь удирдлагын зохион байгуулалт сул байгаатай холбоотой. Түүнчлэн, хоногийн ажлын төлөвлөгөөт зурмаг гаргаад батлуул гэсэн үүрэг биелээгүй байна. Хэвгий өндөртэй замуудад хөдлөх бүрэлдэхүүн орхидог асуудал эргээд бий болжээ. Үүнийг таслан зогсоох ёстой. Маш том эрсдлийг бий болгож байна.

 

 Зүтгүүрийн засвар хариуцсан хяналтын байцаагч Г.Мөнгөнхуяг:

 

 -Зүтгүүрийн депогийнхон өмнөх үзлэгээр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн байна. Харин зүтгүүрүүд зуны түлштэй явж байна. Хэрэв зүтгүүр хөлдвөл яах вэ. Үүнээс гарах үр дагаврыг хэн хариуцах юм. Тиймээс яаралтай өвлийн түлшээ татаж авах хэрэгтэй. Мөн түлш түгээлтийн хажууд хуванцар савтай түлш ямар зорилгоор тавьсан нь тодорхойгүй байна. Маслын агуулахад ч савтай бензин тавьж. Асуутал бензинээр цэвэрлэгээ хийдэг гэж тайлбарлалаа. Галын аюултай бүсэд маш том зөрчил шүү. Үүнийг яаралтай таслан зогсоох хэрэгтэй. Тууз орчуулагч зэрэг олон ажил хавсарч хийдэг учир туузын дутагдлыг илрүүлж чадахгүй байна. Яаралтай тоормоз болон хоорондын замын графикийн бус зогсолтыг бүртээгүй. Тиймээс тууз орчуулагчийн ажлыг салгах шаардлагатай. Түүнчлэн, Баянтүмэн тасгийн эмчийн ажиллах цаг замбараагүй байна. Өглөө 08.00 цагаас ажил нь эхэлж шөнө ч, амралтын өдрөөр ч хүмүүсээ үзэж л байдаг. Амрах байранд амарч буй хүмүүсийг үзлэгт оруулах хэрэггүй. Аяллын өмнө л үзэх ёстой. Мөн үзлэгт орсон хүмүүсийн цаг хөтлөлтийг буруу бүртгэж байна. Бүх хүн өглөө 07.30, орой 19.30 цагт эмчийн үзлэгт орсон мэт харагдаж буй нь буруу. Бүгдийг нь нэг цаг, нэг минутад зэрэг үзнэ гэж байхгүй. Үүндээ эмч анхаарах хэрэгтэй.

 

Зорчигч тээвэрлэлт хариуцсан хяналтын байцаагч Б.Азжаргал:

 

-Зорчигч тээвэр, вагоны аж ахуйн ажлыг шалгалаа. Вагон үзэгч нарт далд ноцтой гэмтэл илэрсэн тохиолдолд хэмжих багаж алга. Вагон үзэгчийн цүнхэнд байх ёстой багажийн жагсаалт байдаг. Гэтэл эндэхийн үзэгч нарын цүнхэнд томруулдаг шил, шохой, шүгэл, яаралтай үед солих эд анги гэх мэт олон зүйл дутуу байна. Мөн технологийн горим боловсруулах ажил нь удаашралттай явж байна. Ажлыг технологийн картгүй гүйцэтгэж байгаа нь харагдлаа. Тиймээс үүнд удирдлагууд анхаарах хэрэгттэй.

 

Замын аж ахуй хариуцсан хяналтын байцаагч Д.Даваажав:

 

-Зам хэмжигч вагоны тэжээлийн батарейны хугацаа нь дууссан. Үүнийг зайлшгүй солих шаардлагатай. Замын анги зам дагуух хуучин дэрүүдээ татаж аваагүй байна. Яаралтай татаж аваад ангилж ялгаарай. Мөн зам төмрийн уулзварын зай хөөх, өртөөдийн суман шилжүүлэг, духны сөртөсийг авах шаардлагатай байна. Намрын паспортын үзлэгээр гурав, дөрөв дараалсан тэнцэхгүй дэртэй цэгүүдийг арилгаж чадаагүй. Дөрөв дараалсан нийт 162 цэг байна. Тиймээс ирэх хавар газар гэсэхээр яаралтай солиорой. Замын дагуу цаснаас хамгаалах шит, судалгааны ажил Замын ангид алга. Цас их орсон үед зам хаагдаж, зүтгүүр, вагон цасанд суух тохиолдол их гардаг. Тиймээс үүнд тасгийн удирдлага анхаарах хэрэгтэй.

 

 

Энэ мэтчилэн комиссын ахлагч болон Тээврийн хяналтын албаны байцаагч нар чиглэл бүрээрээ үл тохирлуудыг илрүүлж, үндсэндээ Баянтүмэн тасаг хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талдаа хангалтгүй байна гэж үзэв. Тиймээс байцаагч нарын илрүүлсэн үл тохирлуудыг цаг хугацаанд нь арилгаж, хүний нөөцөө сургаж дадлагажуулахад анхаарч, өвлийн бэлтгэлээ бүрэн хангах үүргийг Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн  өглөө.      

 

М.Наранболд