Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаковын ахалсан Замын даргын хаврын үзлэгийн комисс Баянтүмэн тасгийн төмөр замд өнгөрсөн сарын 25-26-нд ажилласан билээ. Улаанбаатараас 24-ний өглөө эртлэн хөлгийн жолоо залсан комиссынхон үдэш Баянтүмэнд очоод галт тэргээр Монгол-Оросын хилийн зааг Эрээнцав өртөөг зорьсон юм. Замын даргын үзлэг уламжлал ёсоор хилийн өртөөнөөс Баянтүмэн тасаг хүрэхээр ийн унагаа юүлсэн хэрэг.

Замын даргын  үзлэгийн комиссынхон хилийн зурвас хүртэл замын арчилгаа сайн байсан ч дэр мод муудсаны улмаас дөрөв, тавдугаар замыг хаасан байв.  Үзлэгийн комиссын ахлагч дэр модыг шинэчилж, зам нээх үүрэг өглөө. Энэ өртөөнд замчдын орон тоог нэмэх шаардлагатай байгааг  Тээврийн хяналтын албаны  зам хариуцсан байцаагч тодотгов. Ялангуяа тор засагч, замчин нэн түрүүнд шаардлагатай байгаа аж. Комиссоос уурын зуухны хоёр галчийг галлагаа зогссон үед замчнаар сурган ажиллуулахыг зөвлөлөө. Эрээнцав өртөө бол ОХУ-ын Соловьевск өртөөтэй галт тэрэг солилцдог хилийн хариуцлагатай өртөө. Тиймээс Монгол Улсын хилийн нүүр царай болдог өртөө гэдэг утгаар нь тус өртөөний төмөр замчдад ажил үйлчилгээ сайтай, өнгө үзэмжтэй байх шаардлага бий. Энэ удаа ч зорчигчдын бууж, суух ая тухыг хангасан үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ өнгө үзэмжээ дээшлүүлэхийг чухалчлан захив. Мөн энэ өртөөний ОО-ийн асуудлыг шийдэхийг Барилга орон сууцны албаны даргад даалгаснаар, 210 метрт байгаа худгаас ус татаж, насосны хүчин чадлыг нэмэгдүүлэн, гүйцэтгэхээр боллоо. Үзлэгийн комисс тус өртөөний төмөр замчдыг байцаагчдаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь бүрэн биелүүлж намрын үзлэгийн үеэр илтгэхийг даалгаад цааш Замын V ангийн хоёрдугаар хэсэг рүү хөдөлсөн юм. Энэ хэсэгт Монгол Улсын хамгийн нам дор цэг буюу далайн түвшнээс дээш 552 метрт орших Хөх нуур оршдог. Замын хоёрдугаар хэсгийг 2024 онд тогтой болгох Их барилгын зураг төсөл хийгдсэн аж. Улсын эрчим хүчний шугам уг хэсгээс 12 км-ын зайд байгаа юм байна. Замчин залуус цахилгаантай цаашлаад интернэт сүлжээтэй болохыг хүлээж байгаагаа Замын удирдлагуудад хэлжсэн. Харин Чингисийн далан өртөөний Замын гуравдугаар хэсгийн 67-76 дугаар км-ын замын балл өндөр, дэр модны хангалт дээр анхаарах хэрэгтэй байгааг хариуцсан байцаагч анхаарууллаа. Замын аж ахуйн албаны байцаагч уулзварууд дээрх муудсан дэр модыг солих хэрэгтэйг анхааруулснаас гадна замчдын зэргийн асуудлыг хөндсөн юм. Замын ангийн удирдлагыг замчдынхаа зэргийг ахиулах тал дээр анхаарах хэрэгтэйг сануулав. Тус хэсгийн замчдаас нэг хүн л  III зэрэгтэй, бусад нь II зэрэгтэйгээр ажиллаж байгаа аж. Зэрэг ахихаар замчдын цалин нэмэгдэхээс эхлээд олон талын ач холбогдолтойг тайлбарласан юм. Комиссынхон тус өртөөний байшингуудад хаяавч хийж, айлуудын тоосгон пийшинг солих, төслийн зуухны үнэ өртгийг судлахыг үүрэг болголоо. Үзлэгийн комисс цааш хөдөлж энэ сарын эхээр Дорнод аймагт гарсан түймэрт өртсөн  Замын дөрөвдүгээр хэсэгт очлоо. Замын удирдлагууд юуны өмнө байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй тэмцэж, хариуцсан ажилдаа үнэнчээр зүтгэсэн тус хэсгийн төмөр замчдад талархал илэрхийллээ. Тус хэсгийн хариуцсан 12 км зам түймэрт өртсөнөөр сольсон 1949 дэрний 1340 нь модон, 609 нь төмөр дэр юм байна.

Энэ хэсэгт замчны хоёр орон тоо дутуу байгаа бөгөөд ажиллаж байгаа найман замчны нэг нь тав, хоёр нь гурав, үлдсэн нь хоёрдугаар зэрэгтэй аж. Үзлэгийн үеэр Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков хэлэхдээ “Гал түймэр гарч гэнэтийн хүндрэл учрахад Замын захиргаа яаралтай арга хэмжээ авч, Замын ангиудад байсан бүх дэр модыг та бүхэнд илгээсэн. Холбооны шугам сүлжээг богино хэгацаанд, шуурхай сэргээн босгоход  тусаллаа. Цаашид шар өвсөө хадах, сонор сэрэмжээ дээшлүүлж, болзошгүй аюулаас сэргийлэх талаар өөрсдийн зүгээс хийх боломжтой бүхнээ гүйцэтгэж ажиллаарай” гэв.

 

Тус тасагт ажилласан Замын даргын хаврын үзлэгийн комиссын гишүүд дүнгийн хурлын үеэр дүгнэлтээ танилцуулав. Тухайлбал, Тээврийн хяналтын албаны Замын аж ахуй хариуцсан хяналтын байцаагч Д.Даваажав “Замын ангиуд нийт 20 мянган дэр солих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогоор 6558 дэр солиод байгаа. Эдгээр дэрний дийлэнхийг саяны түймэр гарсан хэсгүүдэд сольсон. Тиймээс үлдэж байгаа 13442 тооны модон болон бетон дэрийг яаралтай хангах шаардлагатай. Замын балл өндөр байна. Жишээлбэл, гуравдугаар хэсэгт л гэхэд замын балл дундажаар 12 нэгжээр хэтэрсэн байна. Уг хэсэгт дэр модыг нэлээд хэмжээгээр солих хэрэгтэй. Ялангуяа уулзварын дэрүүд илүү мууджээ” гэлээ. Харин Тээврийн хяналтын албаны Харуул хамгаалалт хариуцсан хяналтын байцаагч Б.Гансүх “Хамгаалалтын зурвас татах болон тулгуур шонгуудаа хамгаалж зурвас татах ажлыг хийгээгүй байна. Энэ нь түймрээс хамгаалах наад захын ажил. Аюултай бүсийн дэглэмийг сахих талаар Төмөр замын цагдаа болон орон нутгийн цагдаагийн газартай хамтарч ажиллах зөвлөмжийг нэгдүгээр сард өгсөн боловч биелүүлэхгүй байна” гэж  онцлон анхааруулсан юм.

    Хүний нөөцийн бүрдүүлэлт, ажилчдын тогтвор суурьшилтай ажиллах тал дээр онцгой анхаарах шаардлагатай байгаа талаар очсон  газар болгонд яригдав. Үзлэгийн үеэр Баянтүмэн тасгийн төмөр замчдын хүүхэд дунд сургуулиа төгсөөд ТЗДС-д суралцаж мэргэжил эзэмшин Баянтүмэн тасагтаа эргэн ирж ажиллах тохиолдолд Замын захиргаанаас дэмжлэг үзүүлэх юм байна.

    Улсын хэмжээнд өнгөрсөн онд 47 мянган ажилтан ажлаасаа гарсан статистик гарсан. Дээрх тоонд ажлаасаа гарсан, ажлын байраа сольсон, орхисон төмөр замчид багтсан байгаа. УБТЗ-ын Хүний нөөцийн албаны орлогч дарга Б.Энхболд ажилтнуудаа тогтвор суурьшилтай ажиллуулах талд тасгийн захиргаа онцгой анхаарахыг зөвлөөд “Хүний нөөцийг чадавхижуулах, тогтоон барих” хөтөлбөр боловсруулж өгсөн ч тасгийн хэмжээнд уг хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй байна. Баянтүмэн тасаг 234 ажилтны орон тоотой бөгөөд нийт ажилтны 70 хувь нь залуу. Эдгээр залуучуудаа яаж тогтоон барих вэ гэдгээ тодорхой болгох ёстой. Үүнээс гадна эрсдлийн үнэлгээ хийгээгүйгээс олон талын эрсдэл гарч байна” гэдгийг онцолсон юм. Түүнчлэн, Замын Ерөнхий инженер С.П Старцев онцгой нөхцөлд зөв зохион байгуулалттай ажилласан тасгийн хамт олонд талархал илэрхийлээд “Гай гамшиг юунаас болов гэдгийг бид дүгнэж байх ёстой. Тиймээс галын аюулгүй байдлыг хангах талаар урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийх ёстойг үзлэгийн үеэр газар дээр нь зөвлөж ирлээ. Баянтүмэн тасгийн шугамын уртын дагуу хамгаалалтын бүстэй болох ёстой. Харин ямар технолгийн дагуу хамгаалалтын бүс байгуулах вэ гэдгийг яаралтай тогтоох нь зүйтэй. Мөн мал бүхий иргэдтэй хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг тал дээр аймгийн захиргаатай хамтран ажиллахаас гадна  цагдаагийн газар, Цэрэгжүүлсэн хамгаалах албатай хамтран нутгийн иргэдтэй жилдээ хоёроос доошгүй удаа уулзаж, ухуулан сурталчилах  ажил хийх хэрэгтэй байна. Түүнчлэн замын хориг хашаа барих ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх нь чухал. Хүний нөөцийн тал дээр сүүлийн хоёр жилийн хугацаанд тодорхой ажлууд хийгдсэн байна. Харин хүний нөөцийг сайжруулах талаар бидний боловсруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлж, уг хөтөлбөртөө тухайн үед нь өөрчлөлт оруулаад сайжруулаарай. Шугам замд ажиллаж байгаа төмөр замчдынхаа нийгмийн асуудлыг холбогдох алба хэлтэс анхаарч ажиллахыг зөвлөж байна” гэсэн юм. Үзлэгийн дүнгийн хурлын төгсгөлд, үзлэгийн комиссын ахлагч, Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков тодорхой үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал, Баянтүмэн тасгийн хоногийн ажлын үр дүнг аль ч ажлын байрнаас цахимаар хардаг болгох тал дээр анхаарахыг хариуцсан албан тушаалтнуудад даалгав. Мөн тасгийн хэмжээнд, галт тэрэгний зурмагийг чанд сахьж ажиллахыг анхаарууллаа. Түүнчлэн ирэх 2024 онд тохиох Баянтүмэн тасгийн түүхт 85 жилийн ойгоо угтаж хийх ажлуудаа одооноос төлөвлөн гүйцэтгэж, ойгоо ажлын өндөр амжилтаар угтахыг захисан юм. Үзлэгийн явц  болон  төмөр замчдын ярианаас харахад  Эрээнцавын залуу төмөр замчдын нэн түрүүний хүсэл цахилгаан, интернэт сүлжээ юм байна гэсэн бодол тээсээр буцлаа.

 

Б.Золжаргал