Одоогоос арав гаруй жилийн өмнө би төвийн өөр хэвлэлд ажиллаж байхдаа хамт олноороо Баянбууралд очиж амарсан юм. Тэр үед амралтын газрын талх бидэнд маш их таалагдаж, “Ямар ч хольцгүй идэхэд амттай юм байна. Талхчин нь ямар хүн байдаг бол. Болдогсон бол хөрөнгөнөөс нь жаахан авчих юмсан” гэцгээж байв. Харин төмөр замын сонины сэтгүүлч болсноор тэр талхыг идэх боломж үе үе тохиож, бүр талхчин нь Т.Саранзаяа гэж бүсгүй байдгийг ч мэдэж авсан билээ. Олон удаа очиж талхыг нь идэж, бүр захиалж хүртэл авдаг болсон. Харин ярилцлага авна гэсээр хэдэн ч жилийг үдэв. Тиймээс саяхан нэг очихдоо түүнтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр, “Миний бага нас Улаанбаатар хотод өнгөрсөн. Манайх вокзалын арын 47 дугаар байранд байлаа. Аавыг минь П.Тогоо гэдэг. БОС-ны уурын зууханд слесарь. ээж З.Зояа/ Сүхбаатар дүүргийн 68 дугаар цэцэрлэгийн багшаар ажилладаг байсан. 1984 онд Баянбуурал амралт уурын зуухтай болж, аавыг механикчаар нь явуулсан юм. Зун байсан болохоор бид дагаад ирж билээ. Аавд хоёр жилийн томилолт өгсөн ч намар нь аав “Энэ сайхан газар байна. Эндээ суурьшицгаая” гэсэн. Тэгээд л ах бид хоёр Батсүмбэр сумын сургуульд шилжиж, би 1991 онд аравдугаар анги төгссөн. Анх Баянбууралд ирэхэд 10 гэр, зуны хэдэн шовгорт амрагч хүлээж авдаг байлаа. Ээж маань төдөлгүй тогоочТ.Маахүү эгчийг дагалдаж талхчин болсон юм. Энэ сайхан нутагтаа шилжиж ирээд би 39 жил болжээ. Хүүхэд байхаасаа л ээждээ тусалдаг байсан. Дунд сургуулиа төгсөн, гэр бүл болж, хүүхэд төрүүлсний дараа 1996 онд ээжийн маань бие өвдсөн. Тэгээд л би ээжийнхээ ажлыг авч талхчин болсон доо” хэмээн хуучлав. Т.Саранзаяа 20 гаруй жил тасралтгүй амрагчдын талхыг барьсан байна. Анх талх барьж байх үед нэг удаад хамгийн багадаа л 40 литрийн хоёр коструль гурил гараараа зуурдаг байж. Хоёр сав зуурмагаас өдөрт 48 талх гарна. Амрагч олон ирвэл 150 хүртэл талх барина. Үүгээр зогсохгүй цайны боорцог, булочка ч хийж, амрагчдын цайнаас илүү гарсан бүтээгдэхүүнээ худалдана. Нэг хүн өдөрт гараар гурилаа зуурч, ийм их талх, боорцог хийдэг гэхээр санаанд багтамгүй санагдав. Тэр “Ээж маань амрагч олонтой үед амарч чаддаггүй байлаа. Жижиг пийшинтэй байсан болохоор нэг удаад 20 талх л гардаг.Өдрийнхөө ажлыг дууссан ч маргаашийн талхаа шөнөжин барина. Аав шөнийн ээлжид гарвал ах бид хоёр ээжийн дэргэд сандал дээр унтчихна. Арай том болсон хойноо ээждээ аль болох туслахыг хичээсэн. “Талх барихад хөрөнгө л маш чухал” гэж ээж хэлдэг сэн. Зарим үед би хөрөнгийг нь тавьдаг болсон.Сүүлд энэ гол барилгыг барьж, том пийшинтэй болсноор нэг удаадаа 63 талх гардаг болж билээ. Гурил зуурдаг жижиг машин авсан ч гараар зуурсан нь илүү сайхан амттай байх шиг санагддаг. Ээж минь “Талхны амтанд хүний сэтгэл санаа ч нөлөөлдөг” гэдэг. Би талх барьж эхэлсэн эхний үед ээжийн сэтгэлд нийцэхгүй. Тэгсээр дөрөв, таван жил болсны дараа ээж “Одоо л жигдэрч байна даа” гэж үнэлж билээ. Төмөр замчид ч ам сайтай байдаг” гэв. Т.Саранзаяа анх аавыгаа дагаад ирж байхад амралтын газрын дарга нь Н.Хаянхярваа гэдэг хүн байжээ. Дараа нь улирлын зөөгчөөр ажилд ороход дарга нь С.Додной, ерөнхий тогооч нь Н.Цэрэндэжид гэж хүн байсан гэнэ. Удалгүй Д.Цэвээндолгор тогооч болж байжээ. Мөн ээжийг нь сургасан Т.Маахүү болон С.Оюунгэрэл, Т.Оюунгэрэл, Ж.Баасанцэрэн, Л.Оюунчимэг, В.Тогоо, А.Алтантуяа, Д.Насанжаргал... зэрэг олон чадварлаг тогоочтой хамтран ажиллаж, үлгэр дуурайлал авснаа дурсав. Түүнчлэн, Г.Гантуул, М.Оюунцэцэг, Т.Наранцацрал нарын үеийнхэнтэйгээ олон жил ойр дотно нөхөрлөж, хамтран ажиллаж, зовлон жаргалаа хуваалцаж явдаг аж. “Үе үеийн дарга нар бүгд л чадварлаг хүмүүс Д.Пэлжээ, Д.Даяндорж, Ц.Цэрэндорж, Ч.Энхээ нарын удирдлгад ажилласан. Өнөөгийн Д.Ганбат дарга гэхэд маш хөдөлмөрч хүн. Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт их хийлээ. Би үе үеийн удирдлага, хамт олондоо маш их баярладаг. Ер нь, нэг дор олон жил ажиллаж, амьдрахаар сүүлдээ нэг гэр бүл шиг болчихдог. Хүний амьдралд тохиодог зовлон, жаргал бүрийг хуваалцдаг. Цагаан сараар тойрч шинэлээд сайхан шүү. Ахмадуудаас Баянбууралд олон хүн амьдардаг. Биднийг орж гарахгүй, очиж золгохгүй бол гомдчих гээд л байдаг юм /инээв/. Ажил ихтэй үед ахмадууд маань ирж тусалдаг. Манай залуус ч чадварлаг. Ялангуяа, барилга засварынхан шинэ сайхан байшингууд өөрсдөө барьж, өрөө тасалгаануудыг орчин үеийн шинэлэг шийдлээр засан тохижуулж байна. Би хамт олноороо их бахархдаг” гэлээ. Т.Саранзаяагийн аав П.Тогоо уурын зуухны механикч, амралтын жижүүр, ҮЭ-ийн хорооны даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч чадалгүй бурхан болсон гэнэ. Ээж нь ч хоёр жилийн өмнө 73 насандаа бурхан болжээ. Түүний нөхөр М.Гансүх төмөр замын мэргэжил эзэмшин Толгойт өртөөний жижүүрээр ажиллаж байгаад хоёр жилийн өмнөөс Тавантолгойн төмөр зам руу шилжсэн байна. Тэд нэг охинтой. Одоо гурван зээтэй өнөр бүл болжээ. Харин төрсөн ах Т.Болд нь уурхайд, бэр В.Жавхланчимэг нь амралтын газрын үйлчлэгчээр ажилладаг аж. Т.Саранзаяа талх барих ажлаа Ч.Отгонтуяа гэх бүсгүйд хүлээлгэн өгч, бас сургажээ. Өөрөө амралтын газрын дэлгүүрийн худалдагч болоод гурван жил болж байгаа юм. Энэ талаар “Ч.Отгонтуяа маань талхаа маш сайхан барьдаг болсон. Баянбууралыг талхны амт хэвээрээ л байгаа. Амрагчид нар “Ямар сайхан талх вэ, баярлалаа” гэхийг сонсох сайхан шүү. Ер нь, манай тогооч нар бүгд талх барьчихна. Нэгийгээ ээлжийн амралт авсан хойно хэн нь ч орлоод ажиллачихдаг. Дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байхад амрагчдын талархлын үгийг өдөр бүр л сонсож байна. “Ямар сайхан хоолтой амралт вэ” гэцгээнэ. Тэр урмын үгийг нь би хамт олондоо дамжуулж хэлдэг. Таньдаг ахмадууд “Ээжийнхээ ажлыг маш сайн үргэлжлүүлж яваа охин доо. Талхны амт чанар яг л хэвээрээ байна. Удам дамжсан сайн талхчин” гэдэг байсан. Хүнээс урмын үг сонсох сайхан. Би ч насаараа л сайхан үг сонсож явна даа” гэв.
Дээхнэ үед амрагч нар Баянбууралд ихэвчлэн зун л очдог байсан бол одоо улирал харгалзахгүй цувдаг болжээ. Тиймээс тус амралтын газар хүн хүчээ нэмснээс гадна хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, бүтээгдэхүүний амт чанар нь улам сайжирч байгааг төмөр замчид төдийгүй тогтмол зорин очиж амардаг гаднын байгууллагынхан ч ярьдаг. Харин амрагчдыг ийнхүү татдаг гол хүчин зүйлүүдийн нэг нь талхчин Т.Саранзаяагийн ээжээсээ өвлөж үлдсэн талхны жор яах аргагүй мөн дөө хэмээн боддог юм.
М.Наранболд