-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Таныг Гадаад харилцааны албаны даргаар томилогдсоноос хойш анх удаа уулзаж байна. 2023 он “УБТЗ” гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр өрнүүн ажилтай жил байлаа гэж харсан. Та энэ талаар хэрхэн дүгнэж байна вэ?

 

- Та бүхэнд болон сонины нийт уншигчдад юуны өмнө шинэ оны мэнд хүргэе. Миний бие олон улсын харилцаа, олон улсын логистик тээврийн удирдлага мэргэжилтэй. УБТЗ-ын Гадаад харилцааны албанд 2009 оноос хойш ажиллаж байна. 2023 оны гуравдугаар сарын 01-нээс Замын даргын тушаалаар Гадаад харилцааны албаны даргаар томилогдон ажиллаж байна. “УБТЗ” ХНН-ийн хувьд тэр тусмаа Гадаад харилцааны албаны хувьд 2023 он амжилт бүтээлээр дүүрэн жил болж өнгөрлөө. Би Нийгэмлэгийн гадаад харилцаа хамтын ажиллагааны талаар гурван хэсэгт хувааж яримаар байна. Намайг ажлаа авахад буюу өнгөрсөн оны эхнээс дэлхий даяараа Ковид-19-ийн цар тахлыг даван туулаад ямар нэгэн хорио цээргүй, хэвийн амьдралд шилжиж байсан. Тиймээс хөрш төмөр замуудтайгаа хамтын ажиллагаагаа буцаан сэргээх, өргөжүүлэн хөгжүүлэх ажлыг нэн тэргүүний зорилго болгож ажилласан. Үүний үр дүнд “Хятадын төмөр замууд” корпорацийн удирдлагын урилгаар Замын дарга анх удаа Хятадын төмөр замд зочилж уулзалт хийсэн. Хөрш төмөр замуудын хилийн өртөөдийн ажлыг дүгнэж, цаашдын харилцааг гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны төлөвлөгөөг гаргасан маш үр дүнтэй уулзалтуудыг “Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирал болон Хөх хотын төмөр замын ТУЗ-ийн дарга нартай хийсэн. Олон улсын зорчигчийн харилцаанд нийт зургаан улстай галт тэрэг солилцдог БНХАУ одоогоор хоёрхон улстай зорчигч харилцааны хөдөлгөөнөө нээгээд байгаагийн нэг нь Монгол Улс болсон. Энэ бол дээрх уулзалтуудын үр дүн юм. Мөн хилийн өртөөдөөр солилцох галт тэрэгний тоо түүхэн дээд амжилтыг тогтоосон, хилийн өртөөдийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг урагшлуулсан зэрэг олон нааштай үр дүн гарсан.

Хоёрдугаарт, хөрш төмөр замуудаас гадна гуравдагч орны төмөр замуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа сэргээсэн жил байлаа. УБТЗ нь ОХУ, БНХАУ-ын төмөр замуудаас гадна ТЗХАБ болон ОУТЗХ-ны гишүүний хувьд Японы Зүүн төмөр зам, Солонгосын төмөр замын корпораци, Казахстаны төмөр зам, Якутын төмөр зам болон бусад төмөр замын байгууллагуудтай ажил хэргийн уулзалт, сургалт зохион байгуулж, төсөл, хөтөлбөрүүд дээр нягт хамтран ажиллалаа.

Гуравдугаарт: Нийгэмлэгийн цаашдын үйл ажиллагаанд нэн шаардлагатай эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулж батлах ажилд манай албаны хамт олон гар бие оролцож нааштай үр дүнгүүд гарсан. Үүний нэг тод жишээ нь, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны зээлээр хэрэгжсэн “Төмөр замын тээврийг сэргээн сайжруулах төсөл”-ийн МОН-П1, МОН-П2 дугаартай дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний төлбөр, хүүг барагдуулах, Нийгэмлэгийн Дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлаар Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар, “УБТЗ” ХНН болон “Оросын төмөр замууд” НХН-ийн хамтарсан ажлын хэсэгт орж ажиллан энэ ажил амжилттай шийдвэрлэгдсэн.

 

-Хоёр хөршийн төмөр замтайгаа сайн хамтран ажилласны үр дүнд ачаа  тээврийнхээ түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон нь хамгийн бодит үр дүн гэж харж байна?

 

-Гадаад харилцааны албаны зүгээс хөрш төмөр замуудтайгаа өдөр тутам хамтран ажиллаж хилийн өртөөний үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр олон ажлыг энэ жил хийсэн. Үүний үр дүнд “УБТЗ” ХНН байгуулагдсан ойн өдөр буюу зургадугаар сарын 06-ны өдөр хилийн Замын-Үүд – Эрээн гарцаар өргөн царигаар 18 галт тэрэг, наймдугаар сард хилийн Сүхбаатар–Наушки гарцаар 10 галт тэрэг солилцож түүхэн дээд амжилтыг тогтоосон. Эдгээр ажил дээр Гадаад харилцааны албаны зүгээс холбогдох албадтай болон хөрш төмөр замуудтай нягт хамтран ажиллаж түүхэн дээд амжилтуудыг үзүүлсэн. 

 

-Өнгөрсөн онд танай албаны хэмжээнд зохион байгуулагдсан онцлох уулзалтаас дурдвал?

 

-Өнгөрсөн онд Замын удирдлага болон алба хэлтсийн хэмжээнд олон уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Ярилцлагын эхэнд дурдсан Замын даргын БНХАУ-ын төмөр замын корпораци, Хөх хотын төмөр замын компанитай хийсэн уулзалтаас гадна Нийгэмлэгийн Ерөнхий хороо болон Хувь нийлүүлэгчдийн ээлжит болон ээлжит бус хурлууд, жил бүр болдог хилийн төмөр замын төлөөлөгчдийн зөвлөгөөн, ТЗХАБ-ын гишүүн төмөр замуудаар тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн, Олон улсын төмөр замчин залуусын II форум, Монгол-Хятадын цахим мэдээлэл солилцооны ажлын хэсгийн уулзалт зэргийг дурдаж болно. Эдгээр уулзалтыг зохион байгуулсны үр дүн эхнээсээ ажил хэрэг болон хэрэгжиж нийт төмөр замчдад үр өгөөжөө өгч эхлээд байгааг харах таатай байна.  

 

-УБТЗ-ын гол замын хувьд Ази Европыг холбосон хамгийн дөт зам гэдэг нь бидний давуу тал. Гэхдээ давуу талаа харилцан ойлгуулж, хамтран ашиглах хүртэл багагүй хугацаа шаарддаг бололтой юм?

 

-УБТЗ-ын хувьд Ази-Европыг холбосон хамгийн дөт зам гэдэг ойлголтыг олон нийтэд түгээгээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэхүү ойлголтыг хөрсөн дээр буулгаж ажил хэрэг болгох нь гадаад харилцааны албаны нэгэн чухал хэсэг гэж миний хувьд үздэг.  Олон улсын тээврийн салбарт УБТЗ-ын гол замын хүчин чадлыг сурталчилах, түүгээр тээвэр хийх давуу талыг ойлгуулах талаар олон улсын хэмжээнд зохион байгуулж байгаа хурал, зөвлөгөөн семинар, форумд УБТЗ-аас оролцож байгаа төлөөлөгчид сурталчилан таниулах талаар ажлуудыг зохион байгуулах шаардлагатай юм. Энэхүү давуу талаа ашиглан тээврийн үр ашгийг сайжруулах, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, олон улсын түвшинд байгууллагын нэр хүндийг дээшлүүлэх боломжийг эрэлхийлж цаашид олон улсын чанартай семинар, форумыг жил тутам зохион байгуулах нь зүйтэй болов уу гэж үзэж байна.

 

-2023 онд Монгол, Орос, Хятад улсын төрийн тэргүүнүүдийн олон жилийн яриа хэлэлцээр бодит ажил хэрэг болж эхэлсэн нь яах аргагүй онцлох үйл явдал байлаа. Үүнд УБТЗ-ын удирдлагын үүрэг оролцоо хэр байв?

 

-Гурван улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтаар тохиролцсон асуудлуудын нэг нь төмөр замын тээврийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх байсан. Энэ ажлын хүрээнд анх удаа УБТЗ-ын удирдлага БНХАУ-ын төмөр замын байгууллагын удирдлагын урилгаар ажил хэргийн уулзалт хийж, УБТЗ-ын зүгээс хилийн өртөөдийн өргөтгөлийн ажлыг цогцоор нь хамтран хийж хэрэгжүүлэх ажил эхлээд байна.

Монгол улс бол далайд гарцгүй орны хувьд төмөр замын тээвэр нь хамгийн боломжит, өртөг багатай тээвэрт тооцогдож байна. Гурван улсын төрийн тэргүүний санаачилсан эдийн засгийн коридороор тээвэрлэх ачааны урсгалын урьдчилсан шатны таамаглалыг гаргаад байна. Энэ мэдээллүүдийг үзвэл 2030 он гэхэд Монгол Улс руу чиглэсэн ачаа тээврийн хэмжээ цаашид ч нэмэгдэх хандлагатай. Импортын гол ачаанд нефтийн бүтээгдэхүүн, металл, барилгын материал, машин механизм, химийн ачаа, хөнгөн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн зэрэг багтаж байна. Эдийн засгийн хувьд уул уурхайн бүтээгдэхүүн, химийн ачаа зэрэг нийгэм эдийн засгийн гол тулгуур болсон ачаа нэмэгдэх хандлагатай байна.

 

-Бодитоор хэрэгжих, мөн ойрын хугацаанд хэрэгжих магадлалтай байгаа УБТЗ-ыг чиглэсэн ачаа тээврийн дур зургийг ажиглавал?

 

-УБТЗ-ын хувьд 2024 онд гол замын өргөтгөлийн ажил, хилийн өртөөдийг цогцоор нь өргөтгөх, шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ ажлын үр дүнд ачаа тээврийн хэмжээ нэмэгдэх, хилийн өртөөдийн ачаа боловсруулах чадамж нэг дахин нэмэгдэх боломжтой. Хилийн өртөөдийг шинэчлэх ажлын хүрээнд Замын даргын цогц төлөвлөгөө гарч байгаа. Дан ганц ачаа тээвэр бус бусад чиглэлээр мөн өргөтгөн сайжруулах төлөвлөгөөг хийж байна. Гадаад харилцааны албаны гол ажил бол тухайн төлөвлөгөө, хэрэгжүүлэх ажлуудыг хөрш төмөр замуудын хөгжлийн төлөвтэй уялдуулан хэрэгжүүлэх юм.

 

-УБТЗ-д ачаа тээврийн захиалга хэдийгээр их байлаа ч ялангуяа Эрээн өртөөний хүлээн авах чадварын асуудал бидэнд олон жил тээг саад болж ирсэн нь нууц биш. Энэ талаар БНХАУ-ын талтай ямар шийдэлд хүрч байна вэ?

 

-Эрээн өртөөг өргөтгөх, шинэчлэх талаар 2025 он хүртэл төлөвлөгөө гарсан байгаа тухай УБТЗ болон Хятадын төмөр замууд корпорацийн удирдлагууд 2023 оны тавдугаар сард болсон уулзалтын үеэр мэдээлсэн. 2024 онд Эрээн өртөөний өргөн царигийн хоёр дахь гол замын ажлыг хийхээр төлөвлөсөн тухай бидэнд мэдэгдээд байна. Ингэхдээ Хятадын тал Замын-Үүд өртөөний нарийн царигийн хоёр дахь гол замын ажилтай уялдуулан хамтад нь хийх нь зүйтэй гэж үзсэн. УБТЗ-ын зүгээс Замын-Үүд өртөөнд нарийн царигийн хоёр дахь гол замын барилгын ажлыг хийж дууссан. Одоо байгаа гар суман шилжүүлгийг цахилгаан төвлөрүүлэлтэд холбохоор БНХАУ-ын зураг төслийн компанитай хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар, техникийн шийдлүүдээ тохирох, харилцан судалгаа хийх шатанд яваа.

 

-УБТЗ бол хоёр улсын хувь нийлүүлсэн нийгэмлэг. Энэ ч утгаараа хөгжлийн бодлогоо дангаараа ярихаас илүү Оросын талтайгаа нэгдсэн шийдэлд хүрч, нэг цонхоор харах нь чухал байдаг. Оросын тал УБТЗ-тай хамтын ажиллагааны чиглэлээр ямар бодлого, зорилт дэвшүүлж байна вэ?

 

-Тиймээ, хоёр талын хувь нийлүүлэгчид нэг цонхоор харж байж л “УБТЗ” ХНН-ийн хөгжил шат ахина. Замын удирдлагын уйгагүй хичээл зүтгэл, хувь нийлүүлэгчдийн хамтын ажиллагааны үр дүнд олон жил яригдсан МОН-П1, МОН-П2 дамжуулан зээлдүүлэх гэрээ, нийгэмлэгийн дүрмийн сан нэмэгдүүлэх асуудал, алдагдалтай тээврүүдийн тариф индексжүүлэх асуудлууд шийдэгдсэн. Цаашдаа ч үргэлжлүүлэн нийгэмлэгийн ажилчдын нийгмийн асуудлыг сайжруулах, замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх зэрэгт чиглэсэн олон чухал шийдвэрийг нэг цонхоор харж гаргаж чадна гэж үзэж байна.  

 

-УБТЗ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагааны ажил тэр бүр ил байдаггүй. Үр дүн нь гагцхүү тээврийн хэмжээ гурван улсын хоорондох таатай харилцаагаар илэрдэг юм шиг. Эрхэлсэн албаныхаа жаргал зовлонг элдэв чимэг зүүлтгүйгээр илэрхийлье гэвэл?

 

-Гадаад харилцаа гэдэг бол байгууллагын нэг тулгуур гэж би үздэг. Энэ ч утгаараа холбогдохгүй, харилцахгүй салбар гэж үгүй. Гадаад, дотоодын төрөл бүрийн ажил хийдэг маш олон хүнтэй харьцдаг. Тухай бүрд нь байгууллагынхаа харилцаа хамтын ажиллагааг гадаад улс орнуудад сурталчилж, хөгжлийн нэгээхэн хэсэг болж ажиллахыг зорьдог. Мэдээж өнгөрсөн жил олон түүхэн амжилтыг тогтоосон жил байсан. Үүнтэй манай албаны ажил салшгүй холбоотой. Нэг жишээ хэлэхэд нэн тэргүүнд хилийн гарцууд хооронд тухайн жилд солилцох галт тэрэгний тоо, технологийг тохиролцсон байх ёстой. Энэ ажлыг ЗТХЯ-наас олгосон эрхийн хүрээнд Замын даргын удирдсан ажлын хэсэг Хилийн төмөр замын төлөөлөгчдийн зөвлөгөөнд оролцон хөрш төмөр замуудтайгаа тохиролцдог. Тухайн зөвлөгөөний бүх бэлтгэл ажил, зохион байгуулалт, хэлэлцээрийн үг үсэг болгоны ард манай алба ажиллаж яриа хэлэлцээрийн нарийн чимхлүүр ажил гүйцэтгэдэг. Ер нь, хэлэлцээр амжилттай болох эсэх нь бидний ажлаас шууд хамааралтай гэж хэлж болно. Мөн хэлэлцээрийн дараа түүний үг, үсэг бүрийг хэрэгжүүлэх чиглэлээр өдөр тутмын ажлууд ундарна. Ерөнхийд нь хэлбэл, чөлөө зав багатай, нарийн мэдрэмж шаардсан ажил. Зовлон гэхээсээ илүү ажлаа хийгээд аз жаргал мэдэрдэг. Аз жаргалтай ажиллаж байж л ажил урагшилна шүү дээ.    

 

-УБТЗ-ын гадаад харилцаа цаашид ямар цар хүрээнд гарч ажиллах шаардлагатай байна гэж та хардаг вэ?

 

-УБТЗ нь хоёр улсын хамтарсан нийгэмлэгийн хувьд нэгдүгээрт манай мөнхийн хөршүүд болох ОХУ, БНХАУ-тай харилцаагаа илүү гүнзгийрүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт даяаршиж байгаа дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхах зорилгоор гуравдагч орны төмөр замуудтай харилцаагаа нягтруулах нь чухал. Мөн орчин цагийн техник технологийг УБТЗ-д нутагшуулах чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг гүнзгийрүүлэх, олон улсын тээврийн бусад байгууллагуудтай эрхзүйн баримт бичиг байгуулж, олон улсын түвшинд УБТЗ-ын байр суурийг бэхжүүлэх чиглэлээр ажиллана.

 

-Өндөр хөгжилтэй орнуудын жишгийг харахад гадаад харилцааг гардан гүйцэтгэдэг ажилтнуудынхаа ур чадварт онцгой анхаардаг. Тэр дундаас энэ чиглэлийн албандаа олон улсын харилцааны шинжээч, судлаачдыг маш олон жилийн турш бодлогоор бэлтгэдэг юм билээ. Үүнийхээ үр дүнд аливаа гэрээ хэлцлийг улсдаа ашигтай хэлбэрээр хийдэг гэж үзэх нь бий. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

 

-Манай албаны хувьд мөн адил олон улсын харилцаа, орон судлаач зэрэг мэргэжилтэй хүмүүс түлхүү ажиллаж байна. Олон улсын гэрээ хэлэлцээр, баримт бичгийг боловсруулах ажилд манай албаны хувьд туршлагатай, мэргэшсэн боловсон хүчинтэй гэж үздэг. Энэ ажилд дан ганц ур чадвараас гадна гадаад хэлний өндөр мэдлэг, хувь хүний харилцааны чадвар чухал. Тиймдээ ч манай хамт олон олон жилийн ажлын туршлагатай, мэргэшсэн боловсон хүчнүүдээс цөм нь бүрдсэн. Мөн хойч үе болсон залуу боловсон хүчнүүд манай хамт олны дунд бэлтгэгдэж байгаа. Манай албаны хамт олон бол маш чадварлаг бөгөөд найрсаг хамт олон. Ажил дээр ямар ч хүндрэл бэрхшээл тулгарсан хамтын хүчээр даваад гардаг. Ингэж л бид олон улсын хурал зөвлөгөөнүүдийн бэлтгэл ажил, яриа хэлэлцээрүүд, олон тооны орчуулгыг нугалдаг.

 

-Ер нь, хоёр хөршийн төмөр замууд маань УБТЗ-ыг хэрхэн харж, дүгнэж байна вэ?

 

-Хөрш төмөр замуудтай бид байнга хамтарч, өдөр тутам ажлаа дүгнэн ажилладаг. Манай хөрш төмөр замууд бол дэлхийд тэргүүлдэг. Тэд орчин үеийн техник технологийг ашиглаж үйл ажиллагаагаа явуулж байна. Манай орон газарзүйн хувьд чухал байршилд оршдог, дамжин өнгөрөх тээврийн чухал хэсэг юм. Иймдээ ачаа тээврийн ихэнх хэсгийг УБТЗ-ын гол замаар тээвэрлэж ОХУ, БНХАУ-руу явж байна. Хөрш төмөр замуудын хувьд УБТЗ бол стратегийн хувьд маш чухал, үйл ажиллагаа нь ч найдвартай, шуурхай гэж дүгнэдэг. Үүнтэй би санал нийлдэг ба УБТЗ-ын хувьд гол замаа хос болгох, хилийн өртөөдийн ачаа боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлсэн тохиолдолд стратегийн ач холбогдол нь улам бүр нэмэгдэх нь дамжиггүй.

2024 онд УБТЗ ХНН үүсэн байгуулагдсаны түүхт 75 жилийн ойн баяр болно. Энэхүү түүхт ойг бид Оросын төмөр замууд НХН-тэй хамтран тэмдэглэхээр төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Ингээд нийт уншигчдадаа шинэ ондоо эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.

 

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.

 

Б.Дэлгэрхишиг